Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2025/ШЦТ/53

 

 

      2025           04              11                                                      2025/ШЦТ/53             

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Намуун,

Улсын яллагч В.Төгсбаяр,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.М********** /цахимаар/,

Шүүгдэгч Б.Х**********, Н.Б*********** нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б*******ын Х**********, Н**********ийн Б*********** нарт холбогдох эрүүгийн ************* дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Б.Х*********** нь *************-р багийн нутаг дэвсгэрт 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр "******* гэх газар саахалт айлын хүн агсам тавиад намайг зодчихлоо" гэх хэрэгт тухайн үед гомдол мэдээлэлд дуудлагын дагуу очиж, албан үүргээ гүйцэтгэж байсан хууль сахиулагч буюу Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын ********** сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн цагдаа жолооч, цагдаагийн ахлагч ************, жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч ************ нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан маргалдан цохиж, хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж хүч хэрэглэсэн,

Б.Х********, Н.Б********** нар нь бүлэглэн 2025 оны 02 дугаар сарын 17-ны шөнө Н.Б*************тай бүлэглэн ************-р багийн нутаг дэвсгэр “********” гэх газар иргэн Д.А*********тай маргалдан улмаар түүний эрүүл мэндийн халдашгүй байлдан зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний доод зовхи, 2 хөлийн шилбэний цус хуралт, хүзүү, 2 мөр, нуруу хэсгийн  зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Б.Х********** нь ***********р багийн нутаг дэвсгэрт 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр "******** гэх газар саахалт айлын хүн агсам тавиад намайг зодчихлоо" гэх хэрэгт тухайн үед гомдол мэдээлэлд дуудлагын дагуу очиж, албан үүргээ гүйцэтгэж байсан хууль сахиулагч буюу Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын ********** сум дундын Цагдаагийн хэлтсийн цагдаа жолооч, цагдаагийн ахлагч Б.Ш************, жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Б***********нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан маргалдан цохиж, хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж хүч хэрэглэсэн,

Б.Х*********, Н.Б********* нар нь бүлэглэн 2025 оны 02 дугаар сарын 17- ны шөнө Н.Б*********тай бүлэглэн Өмнөговь аймгийн ************-р багийн нутаг дэвсгэр “*********” гэх газар иргэн Д.А*********тай маргалдан улмаар түүний эрүүл мэндийн халдашгүй байлдан зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний доод зовхи, 2 хөлийн шилбэний цус хуралт, хүзүү, 2 мөр, нуруу хэсгийн  зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.    

    1. Нотлох баримтын үнэлгээ 

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/,

Цогтцэций сумын сум дундын цагдаагийн хэлтсийн цагдаа жолооч,
цагдаагийн ахлагч *********ын илтгэх хуудас /хх-ийн 37-р хуудас/,

Цогтцэций сумын сум дундын цагдаагийн хэлтсийн жижүүрийн мөрдөгч,
цагдаагийн дэслэгч ********ын илтгэх хуудас /хх-ийн 37-р хуудас/,

Цогтцэций сумын сум дундын цагдаагийн хэлтсийн цагдаа жолооч,
цагдаагийн ахлагч *********ын энгэрийн камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17-19-р хуудас/,

Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ ХХК-ийн шинжээчийн 2025 оны 02 сарын 17-ны
өдрийн 01/11 дугаартай дүгнэлт /хх-ийн 14-р хуудас/
зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Б.Х*********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, “Хууль сахиулагчийг эсэргүүцэх”, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг, шүүгдэгч Н.Б***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Б.Х*******, Н.Б********** нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргасан байна. Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3-т зааснаар хүсэлтийг хангаж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй, хууль буруу хэрэглээгүй байна.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдлыг хянаж үзээд шүүгдэгч Б.Х**********ыг “Хууль сахиулагчийг эсэргүүцэх”, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг, шүүгдэгч Н.Б************ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.Х***********, Н.Б********** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

1.5. Хохирол, хор уршиг

Шүүгдэгч Б.Х***********, Н.Б*********** нар нь  цагдаагийн алба хаагчид 170,000 төгрөг, хохирогч Д.А*********** 530,000 төгрөгийг хохирол төлбөрт төлсөн бөгөөд хохирогч нь гомдол саналгүй тухайгаа бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Х***********, Н.Б********** нарыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.          

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...Шүүгдэгч Б.Х********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялын нийт хэмжээг 3,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,200,000 төгрөгөөр тогтоож, уг ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч Н.Б**********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох   саналтай байна...” гэх саналыг шүүгдэгч Б.Х**********, Н.Б********** нар нь тус тус хүлээн зөвшөөрсөн байна.

            2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Б.Х**********, Н.Б********** нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөлийг хянаж үзээд мөн зүйлийн 5 дахь заалтад зааснаар прокурорын гаргасан саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Х*******, Н.Б*********** нарт торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй. 

2.3. Бусад асуудлын талаар  

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Н********ийн Б***********ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг, Б**********ын Х**********ыг “Хууль сахиулагчийг эсэргүүцэх”, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б***********ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар,

- Шүүгдэгч Б.Х**********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус  шийтгэсүгэй.  

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х*********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 3,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,200,000 төгрөгөөр тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Х********д оногдуулсан 3,200,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч Б.Х************, Н.Б***********нар нь  цагдаагийн алба хаагчид 170,000 төгрөг, хохирогч Д.А*********д 530,000 төгрөгийг хохирол төлбөрт төлсөн бөгөөд хохирогч нь гомдол саналгүй тухайгаа бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Х*********, Н.Б**********нарыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.  

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Х**********, Н.Б*********** нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Х**********, Н.Б********* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.БАТТУЛГА