Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2025/ШЦТ/54

 

 

       2025            04              11                                                     2025/ШЦТ/54                   

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Намуун,

Улсын яллагч В.Төгсбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Н********* /цахимаар/, 

Шүүгдэгч С.С******** нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******** овогт С*********ын С*********д холбогдох эрүүгийн *********** дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч С.С********* нь 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ***********-р багийн нутаг дэвсгэрт байрлах ****** худалдааны төвийн арын засмал замд ***********улсын дугаартай ************ маркийн тээврийн хэрэгслийг “В” ангиллын жолооны үнэмлэхгүйгээр жолоодож, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 15.1 дэх заалтад заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийн явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө;  гэснийг тус тус зөрчсөнөөс иргэн Д.П*************ыг мөргөж, түүний эрүүл мэндэд баруун шаант, тахилзуур ясны зөрүүтэй их хугарал, баруун шилбэнд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч С.С********** нь 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдөр **********-р багийн нутаг дэвсгэрт байрлах АПУ худалдааны төвийн арын засмал замд ********улсын дугаартай ********** маркийн тээврийн хэрэгслийг “В” ангиллын жолооны үнэмлэхгүйгээр жолоодож, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 15.1 дэх заалтад заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийн явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө;  гэснийг тус тус зөрчсөнөөс иргэн Д.П*********ыг мөргөж, түүний эрүүл мэндэд баруун шаант, тахилзуур ясны зөрүүтэй их хугарал, баруун шилбэнд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэв.    

    1. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал  тогтоогдож байна.  Тухайлбал:

Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-р хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-8-р хуудас/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-13-р хуудас/,

Хохирогч Д.П************ын “...2024 оны 12 дугаар сарын 08-ны өдөр
хүүгийндээ оччихоод буцаад гэр рүүгээ харих гээд ************
сумын ********* худалдааны төвийн ард талын засмал зам дагаад явган хүний гарцаар
зам хөндлөн гарах хоёр тийш харахад хойд талаас нэг машин харагдаж байсан
тэгээд би зам хөндлөн гарахдаа гүйгээд гарсан чинь яг нэг машин явган хүний
гарцын хажууд мөргөсөн нөгөө машин тоормослоод зогссон тухайн машин гулгаад
ороод ирэх шиг болсон. Тэгээд намайг эмнэлэг авч явсан. Тэгсэн миний баруун
талын хөлийн шилбэ хэсгээрээ хугарсан байсан... Тухайн машины жолооч намайг
бүрэн эмчилж намайг байнга асарч тойглож эмнэлэгт хүртэл сахиж хонодог байсан.
Тухайн машины жолооч нь эмэгтэй хүн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-21-р хуудас/,

*************** шинжилгээний төвийн шинжээчийн 2025
оны 01 дүгээр сарын 30-ний өдрийн 82 дугаартай: ************ын биед баруун шаант, тахилзуур ясны зөрүүтэй их хугарал, баруун шилбэнд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл. ***********ын биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаанд
сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.25-
т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт /хх-ийн 26-28-р хуудас/,

Шинжээч *********ын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 52-
19/56 дугаартай: Хэргийн материалд авагдсан нотлох баримттай танилцахад
**********
 улсын дугаартай автомашины жолооч С.С************ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" мөн дүрмийн 15.1 "Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө" гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч **********ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. ************* улсын дугаартай автомашины жолооч С.С********** Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.А, 15.1 дэх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна. Нэмж тусгах саналгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 91-93-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч С.С********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний  аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч С.С********** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргасан байна. Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хүсэлтийг хангаж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй, хууль буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдлыг хянаж үзээд шүүгдэгч С.С*********г “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5. Хохирол, хор уршиг

Шүүгдэгч С.С*********** нь хохирогч, иргэний нэхэмжлэгч ***********т эмчилгээний зардалд 578,250 төгрөг төлсөн. Хохирогч, иргэний нэхэмжлэгч ********** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хохирлын зэргийг тогтоолгохгүй тухайгаа мэдүүлсэн байх тул шүүгдэгч С.С***********г бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар /оршин суух газар,  ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх/ үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай байна...” гэх саналыг шүүгдэгч С.С********** нь хүлээн зөвшөөрсөн байна.

            2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч С.С************д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад заасан нөхцөлийг хянаж үзээд мөн зүйлийн 5 дахь заалтад зааснаар прокурорын гаргасан саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.

2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Т********* овогт С*********ын С*********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч С.С*******ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг  3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/-н сарын хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч С.С********д /оршин суух газар,  ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх/ үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С********** нь тэнссэн хугацаанд тогтоосон үүргийг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С***********д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хассан ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.  

 6. Шүүгдэгч С.С********* нь хохирогч *********т хохирол төлбөрт 578,250 төлсөн. Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч С.С*********г бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.С***********ийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гардаж авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.С*********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.БАТТУЛГА