Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 0218

 

                                       

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

        Улсын яллагч Б.Жавхлантуяа

          Шүүгдэгч Г.Төгсбилэгийн өмгөөлөгч Б.Сүхээ

        Шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Р.Бямбажав

        Шүүгдэгч Г.Төгсбилэг, Ц. Мөнх-Эрдэнэ

        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

          Орхон аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1.д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Төгсбилэг, Ц.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн 201614000431 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

          Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 02-ны  өдөр Орхон аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл-1, Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-1-64 тоотод оршин суудаг,  урьд ял шийтгүүлж байгаагүй, энгийн хэлбэрийн шизофрени өвчтэй, хэрэг хариуцах чадвартай Битүүхээ овгийн Гаваапансангийн Төгсбилэг /РД: ФМ88010274/

 

           Монгол улсын иргэн, 1999 оны 03 сарын 02-ны өдөр Орхон аймагт төрсөн, 18 настай,  эрэгтэй ,  бүрэн бус дунд боловсролтой , мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл-2, эхийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум Дэнж баг Зүүн дэнжийн 2 дугаар гудамж 10 тоотод оршин суух бүртгэлтэй, тус сумын Дэнж багийн баруун дэнжийн 10-14 тоотод оршин суудаг, урьд нь 2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, хэрэг хариуцах чадвартай Онгод овгийн Цолмонгийн Мөнх-Эрдэнэ /РД: ФБ99030272/

            

Шүүгдэгч Г.Төгсбилэг нь 2016 оны 8 сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвецын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий каннабис гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамлыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч биедээ хадгалсан,

 

Шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнэ нь насанд хүрээгүй байхдаа буюу 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн Баруун дэнжийн гудамжнаас Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвецын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий каннабис гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамлыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн олж авч, 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баруун дэнжийн 10 дугаар гудамжны 14 тоот гэртээ болон биедээ хадгалсан гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

 

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 08 дугаар сарын 26-ны орой 3-12 дугаар байрны тэнд Буяннэмэх ахтай уулзсан. Намайг тамхинд явуулсан. 3-17 орж тамхийг нь аваад ирэхэд Буяннэмэх ах Тиби 2 байж байсан. Намайг тамхийг нь өгөхөд надад цаасаар ороосон зүйл өгөхөөр нь сорсон. Тэгж байтал цагдаа ирэхээр нь сандраад өөрт байсан гялгар ууттай өвсийг шидсэн. Би сонирхоод сорж үзсэн юм. Би урьд нь ургамал түүж халаасандаа хийсэн байсан. Энэ ургамлыг хориотой гэдгийг мэддэггүй байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна  гэсэн мэдүүлэг,

 

-Шүүгдэгч Г.Төгсбилэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тэр өдөр намайг явж байхад Төгөлдөр дуудсан. Буяннэмэх гэдэг залуу хамт байсан. Очиход тэр 2 пиво ууж байсан. Би пивоноос уучихаад байж байхад Мөнх-Эрдэнэ тамхи бариад ирсэн. Буяннэмэх Мөнх-Эрдэнэ хоёрыг таньдаггүй байсан. Би өвс татаж байгааг нь мэдээгүй. Гэтэл хашааны гаднаас нэг хүн дуудсан. Тэр үед Мөнх-Эрдэнэ нэг жижиг ууттай зүйл шидсэн. Тэгээд би асуудалд орж магадгүй гээд яваад өгсөн. Би энэ хэрэгт буруугүй гэсэн мэдүүлэг,

 

    -Гэрч Б.Эрдэнэ-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Орос цэцэрлэгийн хашаан дотор сааданд 3 залуу тойроод зогсож байсан. Хашаанд зогсож байсан 3 залуугийн голд гал гараад утаа болсон. Тэр үед 3 залуу түлэгдэж үхлээ гээд хойшоо болоход голоос нь цаас газар унасан. ...Би хараад дуудахад тэр 3 залуу халааснаасаа юм хаях шиг болсон. Хашаанд Эрдэнэбат цагдаагийн хамт ороод юм хаяад байсан гэх газар очиж үзэхэд цэнхэр өнгийн гялгар ууттай өвс, цагаан өнгийн гялгар ууттай өвс байхаар нь би гэрэл зургаар бэхжүүлээд авсан. Уг өвсийг нөгөө 2 залуугийн хамт цагдаагийн газар дээр авч ирээд тухайн өдөр гарч байсан жижүүр Одбаярт хүлээлгэн өгсөн гэсэн мэдүүлэг/1 хх 13, 2 хх 17-18 ху/,

 

    -Гэрч Б. Эрдэнэбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр ойролцоогоор 18-19 цагийн үед дэд ахлагч Эрдэнэ-очир над руу утсаар залгаад Орос цэцэрлэгийн хашаанд өвс хэрэглэж байсан хүүхдүүдийг бариад авсан. Чи хүрээд ир гэж дуудсан. Намайг яваад очиход цэцэрлэгийн хашааны баруун хойд талд хашааны гадаа байсан. Эрдэнэ-Очир 2 залууг барьчихсан зогсож байсан ба хөдөлгөөнт эргүүлийн машин ирсний дараа Эрдэнэ-Очир бид 2 хашаа давж ороод уг залуучуудын сууж байсан саравчинд очиход ямар нэгэн эд зүйл байгаагүй. Эрдэнэ-Очир хэлэхдээ тэд нарын явсан замаар нь алхаж үзье гээд хамт эд зүйл хайгаад алхтал цэцэрлэгийн баруун хойд булангийн хашаанаас дотогш нь нэг алхам зайд 2 тусдаа ууттай өвс хаясан байсан. Уг 2  өвс нь хоорондоо нэг алхам зайтай байсан. Мөн А4 хэмжээтэй бичгийн цаас байсан бөгөөд дугуйлж тогоо хэлбэрт оруулсан, шарлаж шатсан шинж тэмдэгтэй байсан. Тэрийг Эрдэнэ-Очир бид 2 хурааж аваад цагдаагийн газар ирсэн. Нэг ууттай өвс нь бол цэнхэр өнгөтэй байсан нөгөөдөх нь цагаан өнгөтэй байсан санагдаж байна. Цэнхэр өнгөтэй нь нилээн нунтаглачихсан нөгөө ууттай өвс нь арай өөр том ширхэгтэй байсан гэсэн мэдүүлэг /2 хх 16 ху/,

 

      -Гэрч Н. Буяннэмэхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Тиби гэх нэртэй хүүхэдтэй орос цэцэрлэгийн хашаан дотор сууж байгаад хатаасан өвсийг цаасанд ороон нэг тамхины хэмжээтэй татсан юм. Тэгтэл миний танил Мөнх-Эрдэнэ гэх хүүхэд саадан дотор татдаг нэг хайрцагийг авч ирсэн. Мөнх-Эрдэнэ нөгөө өвснөөс 3-4 удаа сороод байж байтал цагдаа ирсэн. Өвсны ургамал нь надад байгаагүй, харин Тибид л байсан. Хаанаас олж авсан талаар мэдэхгүй. Тиби бид 2 саадан дотор пиво уугаад сууж байтал Тиби нэг гялгар ууттай юм гаргаж ирээд энэнээс татаж үзэх үү гээд өөрөө түрүүлж нэг сорсон. Тэгээд дараа нь би сорсон. ...Мөнх-Эрдэнэ бас өвснөөс сороод байсан. Мөнх-Эрдэнэ бид 2 цагдаад баригдсан. Тиби татаж байсан өвсөө цэцэрлэгт үлдээгээд явчихсан байсан. Тибигийн цаасанд ороосон ургамалыг зурагтаар гардаг хар тамхи байна гэж бодож байгаад татсан. Уг өвсийг Тиби гаргаж ирсэн, хаанаас авч ирсэн, яаж хатаасан талаар мэдэхгүй байна. Тэр өвснөөс сороод цагдаад баригдсан. Мөнх-Эрдэнэд өөрт нь өвс байсан талаар цагдаагийн газарт ирээд мэдсэн гэсэн мэдүүлэг /хх 8, 11-1 ху/,

 

    -Гэрч Г.Гүнбилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Гэр бүлийн гишүүд найз нөхөд нь Төгсбилэгийг Тиби гэж дууддаг гэсэн мэдүүлэг /2 хх 14-15 ху/,

 

      -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний хэлтсийн химийн ахлах шинжээчийн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 7621 дугаартай дүгнэлт, 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 1346 дугаартай дүгнэлтүүдэд: Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн найрлаганд дельта-9 тетрагидроканнабинолын агууламж илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын сэтгэцэд нөлөөт бодисын тухай жагсаалтад багтдаг Дельта-9 тетрагидроканнабинол  болно гэсэн дүгнэлтүүд /1хх 17-18, 129-134 ху/,

 

      -Шүүх сэтгэц гэм судлалын 113 тоот дүгнэлтэнд: Г.Төгсбилэг нь  “Энгийн хэлбэрийн шизофрени” хэмээх сэтгэцийн эмгэгтэй байна. Төгсбилэг нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байсан байна. Г.Төгсбилэг нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байсан байна. Г.Төгсбилэг нь одоо сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна гэсэн дүгнэлт /хх 120-124 ху/,

 

     -Илтгэх хуудас /хх 6ху/

 

     -Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх 91 ху/

 

     -Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2 хх 4-7 ху/

 

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /172 ху/

 

-Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 21 тоот шийтгэх тогтоол,

 

-Ц.Мөнх-Эрдэнэ, Г.Төгсбилэг нарыг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 139-150 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Г.Төгсбилэг нь 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвецын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий каннабис гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамлыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч биедээ хадгалсан, шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнэ нь насанд хүрээгүй байхдаа буюу 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн Баруун дэнжийн гудамжнаас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвецын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий каннабис гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамлыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн олж авч, гэртээ болон биедээ хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Б.Эрдэнэ-Очир /1 хх 13, 2 хх 17-18 ху/, Б. Эрдэнэбат /2 хх 16 ху/, Н. Буяннэмэх /хх 8, 11-1 ху/, Г.Гүнбилэг /2 хх 14-15 ху/ нарын мэдүүлгүүд, дельта-9 тетрагидроканнабинолын агуулга илэрсэн болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний хэлтсийн химийн ахлах шинжээчийн 7621, 1346 дугаартай дүгнэлтүүдэд  /1хх 17-18, 129-134 ху/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Төгсбилэг “...Буяннэмэх Мөнх-Эрдэнэ хоёрыг таньдаггүй байсан. Би өвс татаж байгааг нь мэдээгүй. Гэтэл хашааны гаднаас нэг хүн дуудсан. Тэр үед Мөнх-Эрдэнэ нэг жижиг ууттай зүйл шидсэн. Тэгээд би асуудалд орж магадгүй гээд яваад өгсөн. Би энэ хэрэгт буруугүй” гэж мэдүүлж байгааг буруутгах үндэслэлгүй, шүүгдэгч нь өөрийнхөө эсрэг мэдүүлэх буюу хэргийн болон өөрийнхөө гэм буруутайг нотолж мэдүүлэх үүрэггүй юм.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Төгсбилэг нь энгийн хэлбэрийн шезофрейны өвчтэй, өөрийгөө ойлгуулах чадваргүй, Бусдын нөлөөнд орсон, Хар тамхины хамаарал байхгүй. Иймд гэм буруугүй. Түүний үйлдэл нь хэлбэрийн төдий үйлдэгдсэн” гэж тайлбарлан түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна.

 

          Шүүгдэгч Г.Төгсбилэгийн дээрхи мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнийн “...3-17 орж тамхийг нь аваад ирэхэд Буяннэмэх ах Тиби 2 байж байсан. Намайг тамхийг нь өгөхөд надад цаасаар ороосон зүйл өгөхөөр нь сорсон. Тэгж байтал цагдаа ирэхээр нь сандраад өөрт байсан гялгар ууттай өвсийг шидсэн” гэсэн, мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Б.Эрдэнэ-Очирын “...Хашаанд зогсож байсан 3 залуугийн голд гал гараад утаа болсон. Тэр үед 3 залуу түлэгдэж үхлээ гээд хойшоо болоход голоос нь цаас газар унасан. Би хараад дуудахад тэр 3 залуу халааснаасаа юм хаях шиг болсон. ...Хашаанд Эрдэнэбат цагдаагийн хамт ороод юм хаяад байсан гэх газар очиж үзэхэд цэнхэр өнгийн гялгар ууттай өвс, цагаан өнгийн гялгар ууттай өвс байхаар нь би гэрэл зургаар бэхжүүлээд авсан” /1 хх 13, 2 хх 17-18 ху/, Б. Эрдэнэбатын “...Эрдэнэ-Очир хэлэхдээ тэд нарын явсан замаар нь алхаж үзье гээд хамт эд зүйл хайгаад алхтал цэцэрлэгийн баруун хойд булангийн хашаанаас дотогш нь нэг алхам зайд 2 тусдаа ууттай өвс хаясан байсан. Уг 2  өвс нь хоорондоо нэг алхам зайтай байсан. Мөн А4 хэмжээтэй бичгийн цаас байсан бөгөөд дугуйлж тогоо хэлбэрт оруулсан, шарлаж шатсан шинж тэмдэгтэй байсан” /2 хх 16 ху/, Н. Буяннэмэхийн “...2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Тиби гэх нэртэй хүүхэдтэй орос цэцэрлэгийн хашаан дотор сууж байгаад хатаасан өвсийг цаасанд ороон нэг тамхины хэмжээтэй татсан юм. Тэгтэл миний танил Мөнх-Эрдэнэ гэх хүүхэд саадан дотор ирээд татдаг нэг хайрцагийг авч ирсэн. Мөнх-Эрдэнэ нөгөө өвснөөс 3-4 удаа сороод байж байтал цагдаа ирсэн” /хх 8, 11-1 ху/ гэсэн мэдүүлгүүд болон дельта-9 тетрагидроканнабинолын агууламж илэрсэн болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний хэлтсийн химийн ахлах шинжээчийн 7621, 1346 дугаартай дүгнэлтүүдэд  /1хх 17-18, 129-134 ху/, мөн шүүгдэгч Г.Төгсбилэгийг  хэрэг хариуцах чадвартай болохыг тогтоосон шүүх сэтгэц гэм судлалын 113 тоот дүгнэлт /хх 120-124 ху/ зэргээр няцаагдаж байна.

 

Иймд Г.Төгсбилэг, Ц.Мөнх-Эрдэнэ нарыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх ургамлыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

   Шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэргийг ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

   2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.т оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дэрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэсэн тул шүүгдэгч  Г.Төгсбилэг, Ц.Мөнх-Эрдэнэ нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 191.1.д зааснаар баривчлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

   Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 27 грамм мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх ургамлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                   ТОГТООХ нь:

 

1.  Битүүхээ овгийн Гаваапансангийн Төгсбилэг, Онгод овгийн Цолмонгийн Мөнх-Эрдэнэ нарыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх ургамлыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1.д зааснаар шүүгдэгч Г.Төгсбилэг, Ц.Мөнх-Эрдэнэ нарыг тус бүрийг 6 /зургаа/ сарын баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

3. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1.д зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчилан эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6.д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 27 грамм мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх ургамлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

5.  Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнэ, Г.Төгсбилэг нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ж.БАЙГАЛМАА