Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2021/ДШМ/11

 

Ж.*******д холбогдох  

                                              эрүүгийн хэргийн тухай

 

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч, ерөнхий шүүгч              Д.Буянжаргал

                                  Шүүгчид                                       Г.Давааренчин

                                                                                       Б.Эрдэнэхишиг

                               

                                  Оролцогчид

                                    Прокурор                                    Г.Энхмаа

                                   Шүүгдэгч                                    Ж.******* /цахим/                            

                                      Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нарыг оролцуулав.

******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/07 дугаартай шийтгэх тогтоолыг эс  зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийн дагуу ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сумъяа бэйс овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2031003010186 дугаартай, 175/2021/0007/Э индекстэй, 1 хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1972 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хот, ******* дүүрэгт төрсөн, 48 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ******* аймаг, ******* сум, 8 баг, Буур хээр гэх газар оршин  суух хаягтай, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, Сүүлд 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, ялаа эдлээгүй Сумъяа бэйс овогт *******ийн ******* /РД:УВ72091808/

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ж.******* нь 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 18 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын 5 баг 5 хэсгийн 039 тоотод оршин суух иргэн Ц.*******ын гэрт Ц.*******ын хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа 1 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх Ж.*******д холбогдох хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/07 дугаартай шийтгэх тогтоолоор:

“1. Шүүгдэгч Сумъяа бэйс овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******д 06 /зургаа/-н сар, 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, 30 /гуч/ хоног хорих ялаар сольсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар 06 сар 10 хоногийн хугацаагаар хорих ял дээр 30 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгээд нийт эдлэх ялыг 07 /долоо/-н сар 10 /арав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******гийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Ж.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай” гэж, эрх бүхий этгээд хувийг гардан авсан өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

******* аймгийн  Прокурорын газрын хяналтын прокурор 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаартай эсэргүүцэлдээ: “...ШИЙТГЭХ ТОГТООЛ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, энэ хуулийн заалтыг ноцтой зөрчсөн байна.

Тухайлбал шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4 дүгээр заалтаар шүүгдэгч Ж.*******д хорих ял оногдуулсан атлаа уг хорих ялыг хэзээнээс эхэлж эдлүүлэх нь тодорхойгүй, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх эсэх тухай заагаагүй байна. Анхан шатны шүүх хуралдаанаас шүүхийн шийдвэрийг уншиж сонсгох үед шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс гэсэн атлаа, бүрэн эхээр, бичгээр үйлдэж оролцогч нарт гардуулсан шийтгэх тогтоолд хэзээнээс эхэлж хорих ялыг эдлүүлэх нь тодорхойгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 1.9 дахь заалтуудыг зөрчжээ.

Улсын яллагчаас 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 14 цаг 35 минутанд Ж.*******д холбогдох хэргийн шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцахаар анхан шатны шүүхэд хүрэлцэн очиж хэргийн материалыг шүүгчийн туслахаас шаардахад шүүх хуралдааны тэмдэглэл гараагүй атлаа 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/07 дугаартай шийтгэх тогтоолд шүүх хуралдааны тэмдэглэлээс иш татав гэж бичсэн нь Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7, 11.8 дугаар зүйлийг мөн ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд ******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/07 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичив гээд давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор эсэргүүлийг дэмжиж оролцов.

 

Шүүгдэгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..Хэлэх зүйлгүй, гаргах санал хүсэлтгүй.” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

******* аймгийн Прокурорын газраас Ж.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 07 /долоо/ сар, 10 /арав/ хоногийн хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн байна.

 

Прокурорын давж заалдсан эсэргүүцлийн дагуу Ж.*******д холбогдох эрүүгийн 2031003010186 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь  хянавал:

Шүүгдэгч Ж.******* нь 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 18 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын 5 баг 5 хэсгийн 039 тоотод оршин суух иргэн Ц.*******ын гэрт  архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа 1 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллаганы явцад хуулийн дагуу бэхжүүлж цуглуулсан нотлох баримтуудаар нотлогджээ.

Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв тогтоосон, шүүгдэгч Ж.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуулинд заасан ял шийтгэл эрүүгийн хариуцлагыг оногдуулсан байна.

Харин шүүгдэгч Ж.******* нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхээс өмнө хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдэж шүүхээс гэм буруутайд тооцогдон 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлжээ.

Дээрх торгуулийн ялыг шүүгдэгч шүүхээс тогтоосон 6 сарын хугацаанд биелүүлээгүй байсныг анхан шатны шүүх хорих ялд шилжүүлэн 30 хоногийн хорих ялыг хулгайлах гэмт хэрэгт оногдуулсан 06 сар 10 хоногийн хорих ял дээр нэмж биечлэн эдлэх ялын хэмжээг 07 сар 10 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдийг хамтатган баримталж шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн зөрчил болжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д “...Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж заасан байдаг.

Энэ тохиолдол нь шүүгдэгч өмнө нь шүүхээр шийтгүүлээгүй үедээ хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд шүүхээс түүний үйлдсэн гэмт хэрэг бүрт ял шийтгэл оноосны эцэст ялуудыг хооронд нь нэмж нэгтгэх үед хэрэглэх заалт юм.

Мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д “...Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж тус тус заасан байна.

Харин энэ тохиолдолд шүүгдэгч өмнө нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор гэмт хэрэг үйлдэж гэм буруутай нь тогтоогдож ял шийтгэл хүлээсэн, тухайн ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн  тул өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан  ялыг сүүлийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж биечлэн эдлэх ялын хэмжээг тогтоох үед хэрэглэгдэх юм.

Түүнчлэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Ж.*******д хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдэрлэсэн атлаа ялыг хэзээнээс хэрхэн эдлүүлэх түүнд ямар төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх эсэхийг шийдвэрлэлгүй орхигдуулсан  нь буруу болжээ.

Прокурорын эсэргүүцэлд дурьдсан “...Улсын яллагчаас 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 14 цаг 35 минутанд Ж.*******д холбогдох хэргийн шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцахаар анхан шатны шүүхэд хүрэлцэн очиж хэргийн материалыг шүүгчийн туслахаас шаардахад шүүх хуралдааны тэмдэглэл гараагүй атлаа 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/07 дугаартай шийтгэх тогтоолд шүүх хуралдааны тэмдэглэлээс иш татав гэж бичсэн нь Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7, 11.8 дугаар зүйлийг мөн ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна” гэх эсэргүүцлийн агуулгыг хянаж үзвэл:

Хэдийгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.7 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүх хуралдааны тэмдэглэл албан ёсны нотлох баримтад тооцогдох боловч шүүгдэгч Ж.*******гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг ёсчлон гаргаагүй шүүх хуралдааны тэмдэглэлээс иш татаж шийтгэх тогтоолд тусгасан нь мөн хуулийн 11.8 дугаар зүйлийг зөрчжээ.

Гэвч энэ нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, өөрчлөх хууль зүйн  үндэслэл болохгүй, шүүгдэгчийн гэм бурууг тогтоож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шүүхийн шийдвэрт нөлөөлөөгүй  гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 1-д  ...шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 7 хоногийн дотор гаргаж шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар гарын үсэг зурж, прокурор, оролцогчдод танилцуулна... гэсэн хуулийн заалтын дагуу шүүх хуралдааны тэмдэглэл 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гэхэд ёсчлогдож, оролцогчдод танилцуулагдах байтал 02 дугаар сарын 10-ны өдөр бүрэн эхээрээ үйлдэгдэж ёсчлон гарсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлийн боловсруулсан, нийлсэн дардасаар нотлогдож байгааг цаашид анхаарч энэ төрлийн зөрчлийг гаргахгүй байхад шүүх хуралдаан даргалагч болон Тамгын газрын зүгээс онцгойлон анхаарч ажиллахыг даалгав.

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/07 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 4, 6 дугаар заалтуудыг дараах байдлаар өөрчлөн найруулсугай. Үүнд:          

 

4 дүгээр заалтыг:

“4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар 06 сар 10 хоногийн хорих ял дээр 30 хоногийн хорих ялыг нэмж биечлэн эдлэх ялын хэмжээг 07 /долоо/-н сар 10 /арав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.” гэж,

 

6 дугаар заалтыг:

“6. Шүүгдэгч Ж.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.” гэж тус тус өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн  үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                   Д.БУЯНЖАРГАЛ

 

                            ШҮҮГЧИД                                    Г.ДАВААРЕНЧИН

                                                                                

                                                                                Б.ЭРДЭНЭХИШИГ