Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/67

 

 

     2025            04              25                                                  2025/ШЦТ/67                  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Намуун,

Улсын яллагч В.Төгсбаяр,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.М************,

Шүүгдэгч Д.Т*********, Х.Э***********, Т.Ц********* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Т*********, Х.Э***********, Т.Ц********* нарт холбогдох ************дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

/Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Д.Т*********, Х.Э***********, Т.Ц********* нар нь бүлэглэн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд “**********” ХХК-аас итгэмжлэн хариуцуулж өгсөн шатахууныг завшиж, 14,940,120 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч Д.Т*********, Х.Э***********, Т.Ц********* нар нь бүлэглэн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд “***********” ХХК-аас итгэмжлэн хариуцуулж өгсөн шатахууныг завшиж, 14,940,120 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.    

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А********ын “...Би *********** ХХК-ны Баруун цанхи хариуцсан төслийн менежер ажилтай юм. Манай түлшний агуулахад түлш ирэхгүй байгаа юм чинь түлшний агуулахаа хоослоод жилийн эцэс болж байна нэг тооцоо гаргаа үзье гэж яриад тооцоо гаргасан чинь түлшний агуулахаа хоослоод жилийн эцэс болж байна нэг тооцоо гаргаад үзье гэж яриад тооцоо гаргасан чинь 4 тонн 78 литр түлш огт дутаад болохгүй байсан. Тэгээд удирдлагуудад мэдэгдээд бүх данс блансаа шалгаж үзээд яагаа дутав гээд сайтар үзтэл яах аргагүй 4 тонн 78 литр түлш дутаад байсан. Тэгээд түлшний агуулахын нярав Т**********, түлшны машины жолооч Э*********** нар тухайн үед амарч байсан болохоор би шууд утас руу нь залгаад та хоёрын ээлж дээр түлш дутсан байна гэж хэлсэн чинь нөгөө хоёр утсаар үнэнээ хэлье бид хоёр авсан нь үнэн гэж хэлсэн тэгэхээр нь би та хоёр утсаар хэлэх биш тайлбараа гараар бичээд над руу явуул гэж хэлсэн тэгээд би тайлбарыг нь бичүүлж аваад дарга нарт танилцуулсан юм. Тэгээд манай дарга нар ********* ХХК-ны жолооч нартай хуйвалдсан байна илэрсэн нь энэ байгаа юм чинь өмнө чадаг байсныг мэдэхгүй тул хуулийн байгууллагаар шалгуулъя гэж хэлээд өргөдөл гаргасан... гэсэн мэдүүлэг /хх-ийн213-214-р хуудас/,

2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 024-2024tp дугаартай газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ, /2-р хх-ийн 103-106-р хуудас/,

2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 20180006 дугаартай хөдөлмөрийн гэрээ, /2-р хх-ийн 72-80-р хуудас/,

2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 002/2022012 дугаартай хөдөлмөрийн гэрээ, /2-р хх-ийн 88-99-р хуудас/,

“Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 02 сарын 14-ны өдрийн 01/10 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 227-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Д.Т*********, Х.Э***********, Т.Ц********* нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Д.Т*********, Х.Э***********, Т.Ц********* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргасан байна. Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3-т зааснаар хүсэлтийг хангаж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдлыг хянаж үзээд  шүүгдэгч Д.Т*********, Х.Э***********, Т.Ц********* нарыг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

1.5. Хохирол, хор уршиг

Шүүгдэгч Д.Т*********, Х.Э***********, Т.Ц********* нар нь хохирогч “**************” ХХК-д хохирол төлбөрт 14,940,120 төгрөг төлсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А********** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мэдүүлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3-т заасан шаардлагыг хангасан гэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч Д.Т*********, Х.Э***********, Т.Ц********* нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...Шүүгдэгч Д.Т*********, Х.Э***********, Т.Ц********* нарт тус бүрд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,00,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэх саналыг шүүгдэгч нар хүлээн  зөвшөөрсөн ....” гэв.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Д.Т*********, Х.Э***********, Т.Ц********* нарт нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөлийг хянаж үзээд мөн зүйлийн 5 дахь заалтад зааснаар прокурорын гаргасан саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.  

Шүүгдэгч Д.Т*********, Х.Э***********, Т.Ц********* нарт торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй. 

2.3. Бусад асуудлын талаар  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д.Т*********, Х.Э***********, Т.Ц********* нарыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу хөрөнгө завших”  гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т*********, Х.Э***********, Т.Ц********* нарыг  тус бүр 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Т*********, Х.Э***********, Т.Ц********* нарт оногдуулсан 3,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш сард 500,000 төгрөгөөр 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

  5. Шүүгдэгч Д.Т*********, Х.Э***********, Т.Ц********* нар нь хохирогч “***********” ХХК-д хохирол төлбөрт 14,940,120 төгрөг төлсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А********** нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.

  6. Энэ хэрэгт эд мөрийн баримаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Т*********, Х.Э***********, Т.Ц********* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТТУЛГА