Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 0248

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Т.Ганзориг

Шүүгдэгч Б.Б-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 1725000920040 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Орхон аймагт төрсөн, эрэгтэй, ** настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн Ус хангамж цэвэрлэгээний ангийн ** дүгээр курст сурдаг, ам бүл 4, аав, ээж дүүгийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** баг ** тоотод оршин суух хаягтай, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Х овогт Б-гийн Б- /РД: хх**********/,

 

Шүүгдэгч Б.Б- нь 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн ** тоотод дуудлагын дагуу очсон Цагдаагийн албан хаагч Х.М-ын тавьсан шаардлагыг эсэргүүцэн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Б.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би гэрийнхэнтэйгээ маргалдсан байсан. Тухайн үед би фитнесээр хичээллэж байсан бөгөөд уураг авах мөнгөнөөс болж дүүтэйгээ маргалдсан. Үүнээс болж цагдаа дуудсан. Дуудлагаар ирсэн цагдаа руу дайрсан. Энэ үйлдлээ хүлээн зөвшөөрнө. Маргах зүйлгүй. Хийсэн хэргээ ойлгож, гэмшиж байна. Цаашдаа спортоор хичээллэж сурах хүсэлтэй байна. Дахин хэрэг төвөгт холбогдохгүй байж чадна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулна уу гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Х.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Дуудлагаар ** багийн ** тоотод очиход хашаан дотор Б- гэгчийн аав нь болох Б- охины хамт зогсож байсан, тэгээд байшин дотор яваад ороход байшингийн цонх нь хагарчихсан байдалтай Б- гэгчийн гар цус болчихсон байсан учраас уг этгээдэд хууль ёсны шаардлага тавин гэрээс авч гарах үед миний биед халдан толгойн араас 3-4 удаа цохиж хоолой хэсгээс заамдан авсан. Тэгээд ахлагч Г.Г- тухайн этгээдийн аюултай хөдөлгөөнийг таслан зогсоож хөдөлгөөнт эрүүлийн машинд суулган авч эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн. Б- нь миний толгойн араас хүчтэй цохисны улмаас биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан. Надад гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг /хх 18-20 ху/,

 

-Гэрч Г.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Х.М-ын хамт ** багийн ** тоотод дуудлагаар очиход хашаан дотор Б- гэгчийн аав нь болох Б.Б- нь охины хамт зогсож байсан. Байшин дотор яваад ороход байшингийн цонх хагарсан байдалтай байсан учраас уг этгээдэд хууль ёсны шаардлага тавин гэрээс авч гарах үед ахлах ахлагч Х.М-ын толгойн тус газар гараа атгаж байгаад 3-4 удаа цохиж хоолой хэсгээс нь заамдан авсан. Тэгээд тэр этгээдийн аюултай хөдөлгөөнийг нь таслан зогсоож хөдөлгөөнт эргүүлийн машинд суулгасан гэсэн мэдүүлэг /хх 22 ху/,

 

-Гэрч Б.С-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тэр орой Б- ах гэртээ ирэхгүй байж байгаад 2017 оны 07 дугаар сарын 29-ний өглөө 05 цагт гаднаас согтуу орж ирээд та нар яагаад намайг ойлгохгүй байгаа юм бэ гээд над руу уурлаад байхаар нь байшингаас гарч нойл орж бие засаж байхад байшингийн шил хагарах чимээ гарахаар нь би эргээд байшинд ороход аав уурлачихсан, Б- ах аавтай маргалдаж байхад аав цагдаад дуудлага өгсөн. Тэр үед би гэрээс гараад явчихсан гэсэн мэдүүлэг /хх 26 ху/,

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 663 дугаартай дүгнэлтэнд:

1. М-ын биед тархи доргилт үүсчээ.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 ба олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Тархи доргилт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарагдана. Ямар хохирол учирсан тухай дүгнэлт гаргах талаар Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгээс шийдвэр гараагүй байгаа болно.

4. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 28 ху/,

 

-Б.Б-ийг яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 35-36 ху/

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 38 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Б.Б- нь 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн ** тоотод дуудлагын дагуу очсон Цагдаагийн албан хаагч Х.М-ын тавьсан шаардлагыг эсэргүүцэн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Х.М-ын “...Б- нь миний толгойн араас хүчтэй цохисны улмаас биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан” гэсэн мэдүүлэг,  гэрч  Г.Г- /хх 22 ху/, Б.С- /хх 26 ху/ нарын мэдүүлгүүд, хохирогчийн  биед тархи доргилт үүссэнийг тогтоосон 663 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

                     Шүүгдэгч Б.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хууль сахиулагчийг эсэргүүцэж биед нь хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдлалд тооцож, түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.

            Хохирогч Х.М- нь шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Б-гийн Б-ийг хууль сахиулагчийг эсэргүүцэж биед нь хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5.д зааснаар шүүгдэгч Б.Б- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

 

  6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА