Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2021/ДШМ/12

 

П.*******д холбогдох  

эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч, ерөнхий шүүгч          Д.Буянжаргал

                                          Шүүгчид                                      Г.Давааренчин                                  

                                                                                      Б.Эрдэнэхишиг                                  

                                

                                    Оролцогчид:                        

                                            Прокурор                                     Б.Мөнхдөл /цахим/

                                              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцов.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/03 дугаартай шийтгэх тогтоолыг эс  зөвшөөрч  бичсэн дээд шатны прокурорын давж заалдах эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******д холбогдох эрүүгийн 2034003990646 дугаартай, 150/2021/0005/Э индекстэй, 1 хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.                  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1976 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар багийн задгайд түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* овогт ******* ******* /РД:ЙЕ76112413/

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч П.******* нь үргэлжилсэн үйлдлээр Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 04 дүгээр сарын 11, 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрүүдэд Л.*******г зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцралт, цус хуралт, эвэрлэгт цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зулайд зөөлөн эдийн няцралт зулгаралт, баруун хацарт зулгаралт, баруун бугалага, цээж, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх П.*******д холбогдох хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд 03 дугаартай шийтгэх тогтоолоор:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч П.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч П.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр үргэлжпүүлсүгэй...” гэж, дээрхи шийдвэрийг эс зөвшөөрвөл эрх бүхий этгээд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Дээд шатны прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар дүгнэлтдээ: ...Шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/03 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлиин 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Учир нь уг шийтгэх тогтоолын “ТОГТООХ” хэсгийн 3 дугаар заалтад “...Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй...” гэж заасан боловч шийтгэх тогтоолын “ТОДОРХОЙЛОХ” болон “ТОГТООХ” хэсэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж заасан ба уг шийтгэх тогтоолын “ТОГТООХ” хэсгийн 3 дугаар заалтад “...шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй” гэж ямар хугацааг тогтоосон нь ойлгомжгүй байдлаар бичигдсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, эсхүл хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх...”-ийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгахаар заасныг зөрчсөн байх тул шийтгэх тогтоолийн “ТОГТООХ” хэсэгт торгох ялыг биелүүлэх хугацааг тусгаж, өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/03 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гээд давж заалдах шатны шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас П.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

 

Дээд шатны прокурорын давж заалдсан эсэргүүцлийн дагуу П.*******д холбогдох эрүүгийн 2034003990646 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь  хянавал:

Шүүгдэгч П.******* нь үргэлжилсэн үйлдлээр Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 04 дүгээр сарын 11, 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрүүдэд Л.*******г зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцралт, цус хуралт, эвэрлэгт цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зулайд зөөлөн эдийн няцралт зулгаралт, баруун хацарт зулгаралт, баруун бугалага, цээж, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Л.*******гийн /хх-ийн 13-14 тал/, гэрч Д.Тэрбишийн /хх-ийн 48 тал/, Ц.Наранхүүгийн /хх-ийн 50 тал/, Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 214 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг  болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд хуульд заасан ял шийтгэл оногдуулсан  байна.

Тус хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар хэргийн оролцогчдын зүгээс ямар нэгэн гомдол хүсэлт гаргаагүй байна.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгч П.*******д оногдуулсан торгох ялыг хэдий хугацаанд хэрхэн төлөх талаар тодорхой заагаагүй атлаа шийтгэх тогтоолын 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй...” гэж заасан нь үндэслэлгүй болжээ.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар  зүйлийн 4-т “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэж заасан бөгөөд энэ нь  тухайн шүүгдэгчийн  хувийн байдалтай холбоотой торгох ялыг биелэгдэх боломжийг харгалзан  шүүхээс тогтоож буй тусгай хугацаа гэж ойлгох бөгөөд  шүүхээс  тухайн хугацаа тогтоох эсэх асуудал нь шүүгдэгчийн хүсэлтээр, түүний боломж бололцоонд тулгуурлан тогтоогддог.

Шүүгдэгч хугацаа тогтоолгох хүсэлт гаргаагүй бол шүүхээс дээрхи зохицуулалтыг хэрэглэхгүй бөгөөд тусгайлсан хугацаа заагаагүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос 90 хоногийн дотор ... биелүүлэх үүрэгтэй” гэж зааснаар шүүгдэгч П.******* нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр  болсноос хойш 90 хоногийн дотор  торгуулийн ялыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэ тухай шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсэгт дурьдаагүй нь Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн шаардлага хангаагүй байна.

Иймд дээд шатны прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн

 

3 дахь заалтыг:

“3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 хэсэгт  зааснаар шүүгдэгч П.******* нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэж өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн  үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                       ШҮҮГЧИД                                    Г.ДАВААРЕНЧИН

                                                                                 Б.ЭРДЭНЭХИШИГ