2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1608

 

     2025     06          16                                   2025/ШЦТ/1608

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ууганбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,

улсын яллагч Ш.Цэрэнханд,

шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Т-д холбогдох эрүүгийн “2509000000717” дугаартай хэргийг 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Т нь Н.Э-н итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр хүлээлгэн өгсөн ...... УНД улсын дугаартай приус 30 загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг захиран зарцуулж 1,029,000 төгрөгийн хохирол учруулан хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “....Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Эрүүгийн 2509000000717 дугаартай хэргээс:

Хохирогч Н.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 13/

"......." ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-28/,

Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 23/ 

            Хохирогч Н.Э-с гаргаж өгсөн ......... ХХК-ний баримт 1 ширхэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэг, баталгаат засварын хуудас тус бүр 1 ширхэг /хх-ийн 18-20/,

Шүүгдэгч Б.Т-н хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн  33-68/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч Б.Т-д холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.

1. Гэм буруугийн талаар:

1.1. Шүүгдэгч Б.Т нь 2025 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Н.Э-н итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр хүлээлгэн өгсөн ...... УНД улсын дугаартай приус 30 загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг захиран зарцуулж 1,029,000 төгрөгийн хохирол учруулан хөрөнгө завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

            Хохирогч Н.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2025 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр өглөө эрт 08 цагийн үед найз болох Б.Т /........./-нь миний ...... УНД улсын дугаартай приус 30 маркийн тээврийн хэрэгслийг 2-3 хоногийн хугацаатай түрээслээд таксинд явчхаад өгье гээд гуйгаад байхаар нь өгсөн. Тэгээд маргааш нь .... дугаар сургуулийн баруун талд үйл ажиллагаа явуулдаг дугуй засвар дээрээс өөрөө очиж авсан. Тэгээд 02 дугаар сарын 02-ны өдөр машинаа унаж явж байсан угаар болон бензин үнэртээд байхаар нь засварын газар очиж машины оношлуулахад нүүрсэн яндан байхгүй байна гэсэн онош гарсан. Тэгээд машины доод талын үзэхэд яндан гагнасан байдалтай байсан тэгэхээр нь Төгөлдөрийн ........ гэх дугаараар холбогдоод асууж тодруулахад миний машины янданг зарснаа хүлээн зөвшөөрсөн. Тэгээд би шинийг авч өгье гэж хэлээд одоог хүртэл өгөхгүй зугтаагаад яваад байна.... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 13/,

"......” ХХК-ийн “...2009 онд үйлдвэрлэгдсэн, 2020 онд орж ирсэн Toyota Prius 30 загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн яндаг 1,029,000 төгрөгөөр үнэлсэн..." шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-28/,

Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 23/,

Хохирогч Н.Э-с гаргаж өгсөн “.......” ХХК-ны баримт 1 ш, Тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ш, Баталгаат засварын хуудас тус бүр 1 ширхэг /хх-ийн 18-20/ болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

            Шүүгдэгч  Б.Т нь итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг худалдан борлуулж хохирогч Н.Э-д 1,029,000 төгрөгийн хохирол учруулж хөрөнгө завшсан болох нь хохирогчийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, сидид үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон ба харин шүүгдэгч Б.Т нь хөрөнгө завшаагүй талаарх нотлох баримт хэрэгт цуглараагүй, түүний гэм бурууг няцаан үгүйсгэх нөхцөл байдал, нотлох баримт үгүй байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан.

            Шүүгдэгч Б.Т-н үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

            Шүүгдэгч Б.Т-н үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.

            Иймд шүүгдэгч Б.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

            1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:

            Шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч Н.Э-д 1,029,000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч Б.Т нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 500.000 төгрөгийг төлсөн тул түүнээс 529.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

            2. Эрүүгийн хариуцлагын талаар:

            Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул түүнийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.    

            Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.  

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “...550 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах...” саналыг гаргасан.

Шүүх шүүгдэгч Б.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-г 3,000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэх бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд мөн нийцнэ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, эрх бүхий байгууллагаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хураан авсан хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалах болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-г 3,000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Т-д оногдуулсан 3,000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-с 529,000 /таван зуун хорин есөн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.Э-д олгосугай.

6. Шүүгдэгч Б.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дустал хэрэгт хэвээр хадгалах болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Г.УУГАНБААТАР