Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 193

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-   шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,  

- улсын яллагч Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батбямба,

  • Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ганбаатар,
  • шүүгдэгч Н.Дүгэрсүрэн нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Тамир овогт Норпэлийн Дүгэрсүрэнд холбогдох Эрүүгийн 201719000126 тоот хэргийг 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Архангай аймгийн Их тамир суманд 1969 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, 47 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт Төв аймгийн Өндөрширээт сумын сант 4 дүгээр баг Байшинтын 2-6 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 119 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай Тамир овогт Норпэлийн Дүгэрсүрэн /РД:АЮ69120171/

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч Н.Дүгэрсүрэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Төв аймгийн Өндөрширээт сумын Сант 4 дүгээр багийн байшинтын 2-4 тоотод байх өөрийн гэртээ иргэн Г.Лхагвасайханы өмнө нь орон дээр дарж заамдсан үйлдэлд нь хорсож иргэн Г.Лхагвасайхантай барилцан авч, ноцолдон, улмаар түүний баруун хацран тус газар зэвсгийн чанартай зүйл болох нэмэх, хасах талтай ишгүй отверкаар хатгаж биемахбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Дүгэрсүрэн нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй” гэв.

Хохирогч Г.Лхагвасайханы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “би 2017 оны 01 сарын 31-ний орой 20 цагийн орчим би найз Мөнхзулын хамт Төв аймгийн Өндөрширээт сумын төвд дэлгүүрт ороход дэлгүүрт Болдоо гээд ахтай тааралдсан Болдоо гэж ах 0.75 граммын 1 шил архи авсан би нэрийг нь санахгүй байна, 2.5 литрийн Боргио пиво авч байсан тэгээл уулзахад Мөнхзул бид хоёрыг Дүгэрсүрэнгийн гэрт очъё энэ архи пивийг ууя гэхээр нь Мөнхзул бид 2 дагаж хамт явж Дүгэрсүрэн гэж айлд очиход Дүгэрсүрэн, мөн би танихгүй нэг өвөөтэй хамт сууж байсан тэгээд гэрт нь ороод Дүгэрсүрэн, Болдоо, Мөнхзул, танихгүй нэг өвөө бид 5 авч очсон 0.75 граммын архи, 2.5 лиртийн Боргио пивийг хувааж ууж юм ярьж суусан ба Дүгэрсүрэн гэж айлд 21 цагийн орчим очсон байх тэгээд бид нар архиа уугаад Болдоо ах бид хоёр морь яриад сууж байхад Дүгэрсүрэн гэж хүн согтсон Болдоо ах бид хоёрын дундуур орж ирээд намайг чи солиод унах морьгүй, сэлгээд өмсөх дээлгүй гуйлгачин байж морь мэддэг юмуу гээд надад агсан тавиад хэл амаар доромжлоод байхаар нь би Дүгэрсүрэн гэж хүний өөдөөс нь салаавч гаргахад Дүгэрсүрэн уурлаад өөдөөс босоод ирсэн тэгэхлээр нь би Дүгэрсүрэнг заамдаж аваад зүүн талын орон дээр нь дарж унагаад дээрээс нь 2 гарыг нь бариад дараад хэвтсэн тэгээд дээрээс нь дараад байж байхад гаднаас Анхбаяр гэж хажуу талын айлынх нь залуу орж ирээд салгасан ба намайг яв гээд Анхбаяр дагуулаад гарахад нь би дагаад гэрээс гарсан чинь өмсөж явсан булган малгайгаа Дүгэрсүрэнгийн гэрт нь үлдээсэн байхгүй байхаар нь малгайгаа авах гээд буцаад гэрт нь ороход Дүгэрсүрэн гэж хүн уурлаад намайг зодно ална гээд өөдөөс зодох гээд дайрахаар нь би Дүгэрсүрэнг дахиад заамдаж барьж аваад зүүн талынх нь орны өмнө газар дээрээс нь дарж унагаад заамдаад цээжин дээр нь дараад хэвтэж байтал Дүгэрсүрэн миний доор 2 гар нь хөдлөөд байсан ба баруун талын гараараа миний зүүн талын нүдний ухархай орчим руу юмаар хатгачих шиг болохоор нь би гараараа тэмтэрч үзэхэд зүүн нүдний ухархай орчмоос цус гарч байсан тэгэхлээр нь дээшээ өндийтөл миний баруун талын хацар луу дахиад баруун гартаа барьсан зүйлээр хатгаж аваад баруун хацраас нь цус гарахаар нь би дээлийн нударгаараа дарж аваад босоод гэрээс гараад гэрийн гадаа нь жоол суухад баруун хацраас цус гараад тогтохгүй байсан тэгээд эмнэлэг орсон юм...” гэх мэдүүлэг /хх-24-26 тал/,

 

   Гэрч Д.Мөнхболдын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2017 оны 01-р сарын 31-ний орой 17 цагийн орчим байсан байх би Нараа гэж дууддаг өвгөний хамт Төв аймгийн Өндөрширээт сумын төвд байдаг Дүгэрсүрэн гэж айлд очсон ба Нараа гэж өвгөн надад 20.000 төгрөг өгөхөөр нь тэр мөнгөөр нь дэлгүүр орж 0.5 грамын Ерөөл архи, 2.5 литрийн Боргио нэртэй пиво аваад гарах гэхэд Лхагвасайхан, Мөнхзул нар тааралдсан тэгээд Дүгэрсүрэнгийнхрүү хамт явж очоод тэр архи пивоо ууж сууж байгаад би тасарчихсан байна лээ юу ч санахгүй байгаа ба маргааш өглөө нь сэрэхэд Дүгэрсүрэнгийн гэрт унтаж байсан Нараа гэж өвгөн, Дүгэрсүрэн бид 3 хоносон байсан тэгсэн Дүгэрсүрэн өчигдөр орой Лхагвасайхан бид 2 маргалдаад би Лхагвасайханы хацарыг нь зүссэн байна гэж хэлж байсан би бол тэрийг нь мэдээгүй юм...” гэх мэдүүлэг /хх-30-31, 91 тал/,

 

Гэрч С.Наранчимэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2017 оны 01-р сарын 31-ний орой 17 цагийн орчим байсан байх би Мөнхболдын хамт Төв аймгийн Өндөрширээт сумын төвд байдаг Дүгэрсүрэн гэж айлд очсон ба би Дүгэрсүрэнд 20.000 төгрөг өгөөд архи аваад ир хамт ууя гэхэд Дүгэрээ яваад архи, ундаа зэрэг авчирсаныг нь уусан тэгээд тэр архий дуусгаад би Мөнхболдод 20.000 төгрөг өгч явуулахад Мөнхболд яваад дэлгүүр орж 0.75 грамын Ерөөл архи, 2.5 литрийн Боргио нэртэй пиво аваад би танихгүй Лхагвасайхан, Мөнхзул нарын 2 залуугийн хамт ороод ирсэн тэгээд авчирсан архм, пивоо уугаад бүгдээрээ юм ярилцаад сууж байхад би согтоод тасарчихсан байна лээ өглөө сэрсэн чинь Дүгэрсүрэнгийн гэрт унтаж байсан ба босоод байж байхад цагдаа орж ирээд Дүгэрсүрэнг автерик чинь хаана байна гээд байсан тэгээд урьд орой нь намайг тасарсан байхад Дүгэрсүрэн тэр Лхагвасайхан гэж залуутай маргалдаад нүүрийг нь автерикаар зүсэж гэмтээсэн гэж мэдсэн юм надад бол мэдэх зүйл байхгүй би согтоод тасараад унтаад өгсөн байсан....”  гэх мэдүүлэг /хх-32-33, 92 тал/,

 

Гэрч С.Мөнхзулын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2017 оны 01-р сарын 31-ний орой 20 цагийн орчим байсан байх би нарийн цагийг санахгүй байна найз Лхагвасайханы хамт Төв аймгийн Өндөрширээт сумын төвд байдаг дэлгүүр орохоор явж байгаад Болдоо гэж дууддаг Мөнхболд гэж хүнтэй тааралдсан тэгсэн Мөнхболд гэж хүн 0.75 граммын Ерөөл архи, 2.5 литрийн Боргио пиво авсан байсан тэрийгээ Дүгэрсүрэн гэж айлд очиж ууя гэж хэлсэн тэгээд Лхагвасайхан бид 2 дагаж яваад Дүгэрсүрэн гэж айлд очиход Дүгэрсүрэн, Нараа гэж би танихгүй өвгөн нар архи уусан бололтой согтуу сууцгааж байсан тэгээд Болдоо гэж хүн авч очсон архи, пивоо задлаад бид нар хувааж ууж юм ярьцгааж сууцгаасан тэгээд би гарч явж бие засчихаад буцаад гэрт ороод ирэхэд Дүгэрсүрэн, Лхагвасайхан нар гэрийнх нь зүүн талын орон дээр Дүгэрсүрэн доор нь дээшээ харсан Лхагвасайхан дээрээс нь заамдаад дарсан байж байсан тэгсэн гаднаас хажуу талын айлынх нь Анхбаяр гэж залуу орж ирээд бид 2 Лхагвасайханыг татаж салгасан тэгээд Лхагвасайхан бид 2 явъя гээд гэрээс гарахад Лхагвасайхан гадаа гарсанаа буцаад гэрт яваад орсон тэгэхлээр нь би гадаа байж байгаад араас нь гэрт ороход гэрийнх нь зүүн талд газар мөн Дүгэрсүрэн дээшээ харж хэвтсэн Лхагвасайхан дээр нь мордоод суусан заамдаал хоорондоо маргалдаад байж байсан тэгсэн Дүгэрсүрэн Лхагвасайханы доороос нүүрлүү нь гараараа цохих шиг болсон чинь Лхагвасайханы баруун хацарнаас нь цус гараад Лхагвасайхан дээлийнхээ ханцуйгаар дараад гэрээс гараад явсан би хамт гудманд гараад манай эхнэр төрсөн байсан тул эхнэр дээрээ очихоор эмнэлэг явсан Лхагвасайхан цагдаад хэлж мэдэгдэнэ баруун хацар, зүүн нүдний ухархайд Дүгэрсүрэн юмаар зүсчихлээ гэж хэлээд яваад өгсөн тэр шөнө дахиж уулзаагүй ба маргааш өглөө нь төвд уулзахад Лхагвасайхан баруун хацартаа оёдол тавиулсан гээд боолгосон явж байсан ба Дүгэрсүрэн автерикаар хацар зүсээд зүүн нүдний ухархайд шалбалчихлаа гэж хэлж байсан юм...”  гэх мэдүүлэг /хх-20, 90 тал/,

 

Насанд хүрээгүй гэрч З.Билгүүний мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...гэрийн баруун хойд хэсэгт газар сууцгааж уусан тэгээд сууж байгаад архи, пиво ууж байгаад Лхагвасайхан ах Дүгэрсүрэн өвөөг нааш ир наашаа суу гээд байсан тэгсэн нэг харсан Лхагвасайхан гэж хүн Дүгэрсүрэн өвөөг цамцнаас нь заамдаад авсан боогоод зүүн талын орон дээр дараад байсан би салгах гээд дийлдэхгүй байхаар нь гарч яваад хашаанд хамт байдаг зүүн талын айлын Анхбаяр ахад орж өвөө Дүгэрсүрэн хүнтэй маргалдаад байна гэхэд Анхбаяр ах Дүгэрсүрэн өвөөгийнд ороод салгачихаад ирлээ гээд орж ирсэн би тэгээд өвөөгийнд орсон чинь Лхагвасайхан гэж хүн гараад явсан байснаа буцаад гэрт орж ирээд өвөө Дүгэрсүрэнтэй гэрийн зүүн талд шкабны өмнө зуухны хажууд маргалдах гээд байхаар нь би дахиад Анхбаяр ахыг дуудахаар гэрт нь ороод Дүгэрсүрэн өвөө нөгөө ахтай дахиад маргалдах гээд байна гэж хэлэхэд Анхбаяр ах гарч яваад Дүгэрсүрэн өвөөгийнд орсон би Анхбаярын гэрээс нь гараагүй Анхбаяр гэж айлд хоносон өвөөгийн гэрт хамт архи уусан Болдоо, Нараа гэж хүмүүс согтуу байсан Лхагвасайхан гэж хүн хамт ирсэн хүнтэйгээ тэгээд яваад өгсөн байсан Дүгэрсүрэн өвөөг Лхагвасайхан гэж хүнтэй анх маргалдаад Дүгэрсүрэн өвөөд Лхагвасайхан гэж хүн заамдаад зууралдаад ноцолдоод байхаар нь Бямбацэцэг эгчид утсаар хэлсэн юм Бямбацэцэг эмнэлэг дээр ажилтай хонож байсан юм надад өөр мэдэх зүйл байхгүй...”  гэх мэдүүлэг /хх-36-37 тал/,

 

    Гэрч Д.Бямбацэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...өгсөн гэрт аав Дүгэрсүрэн нөгөө хамт байсан Нараа, Болдоо гэж хүмүүс яваагүй үлдсэн юм тэгээд намайг ажил дээрэй байхад орой 23 цаг өнгөрч байхад манай дүү Билгүүн надруу утсаар яриад өвөө Дүгэрсүрэн энд хүнтэй зодоон хийгээд байна та хурдан ир гэхээр нь би ажлаасаа гэрт яваад очиход гэрт аав Дүгэрсүрэн, Нараа, Болдоо нар байсан тэгэхлээр нь хэнтэй маргаан зодоон хийсэн юм гэхэд аав Дүгэрсүрэн юм ярихгүй байсан Лхагвасайхан гэж хүнтэй маргалдсан зодолдсон гэж байсан гэрт миний харсанаар 0.75 грамын архины шил байсан би нэрийг нь сайн санахгүй байна мөн пивоны сав байсан зүүн урд талд байдаг шкабны өмнө шалан дээр цус дуссан байсан юм тэгээд би Болдоо, Нараа гэж хүмүүсийг явцгаа гэж хэлчихээд ажилруу буюу Эмнэлэгрүү явж очиход Лхагвасайхан эмнэлэг дээр ирсэн баруун талын хацар нь зүсэгдсэн мөн зүүн нүдний ухархайд зүсэгдсэн шарх учирсан байсан тэгээд би яасан юу болсон юм гэхэд аав Дүгэрсүрэнтэй чинь жоохон маргалдаад ийм юм болчихлоо гэж хэлж байсан өөр нээх юм ярихгүй байсан тэгээд баруун хацрын зүсэгдсэн шарх, зүүн нүдний ухархайн шалбарч зүсэгдсэн шархыг арчиж цэвэрлээд баруун талын хацарт нь 3 оёо тавьж оёж боосон тэгээд Лхагвасайхан эмнэлэг дээр хоносон шархнаас нь бага зэрэг цус гарч байсан тэгээд маргааш өглөө нь Лхагвасайхан явсан ба би Лхагвасайханыг эмнэлэг дээр хоно гэж байгаад хонуулсан юм аягүй бол буцаж очоод дахиад аавтай хэрүүл зодоон хийчих байх гэж бодоод...”  гэх мэдүүлэг /хх-38-39 тал/,

 

   Гэрч Н.Бямбажавын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би хэрэг гарсан үеэр Улаанбаатар хотод эмнэлэгт үзүүлж явсан ба 2017 оны 02-р сарын 01-ний өдөр манай дүү Бямбацэцэг утсаар яриад аав Дүгэрсүрэн 2017 оны 01-р сарын 31-ний орой гэртээ хүмүүстэй архи ууж байгаад хамт архи ууж байсан Лхагвасайхан гэж хүнтэй маргалдаад хацрыг нь зүсэж гэмтээсэн байна гэж хэлсэн тэгээд юу болсон яасан гэхэд одоо цагдаа дээр шалгагдаж байгаа гэж хэлж байсан тэгжил мэдсэн юм тэрнээс болсон хэргийн талаар нарийн мэдэх зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-40-41 тал/,

 

Гэрч Б.Анхбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..Би 2017 оны 01 сарын 31-ний өдөр Төв аймгийн Өндөрширээт сумын төвд гэртээ байж байхад орой байсан 22 цаг өнгөрч байх үед нэг хашаанд байдаг манай хажуу талын айл Дүгэрсүрэн гэж хүний ач хүү Билгүүн гэж хүүхэд орж ирээд өвөө Дүгэрсүрэн гэртээ хүнтэй маргалдаад байна гэхээр нь гэрт нь ороход Лхагвасайхан, Дүгэрсүрэн нар хоорондоо заамдалцсан Дүгэрсүрэн ахыг зүүн талын орон дээр нь Лхагвасайхан заамдаад боогоод дарсан байж байсан тэгэхлээр нь би Лхагвасайханыг татаж салгаад гэрээс дагуулаад гарсан ба хамт явж байгаа гээд Мөнхзул гэж залуу хамт гарч ирэхээр нь Лхагвасайханыг одоо  Мөнхзултайгаа явж амар гэж хэлээд би гэрлүүгээ явж орсон тэгээд байж байсан удалгүй Билгүүн гэж хүүхэд дахиж орж ирээд өвөө ахиад нөгөө ахтай зодолдох гээд байна гэж хэлсэн би ахиад Дүгэрсүрэнгийн гэрт яваад ороход гэрийн зүүн талд Лхагвасайхан нь Дүгэрсүрэн ахын дээр сууцан байснаа босоод нүүрээ дараад гэрээс гараад явсан би тэгээд гэртээ орсон Лхагвасайхан тэгээд яваад өгсөн байх Дүгэрээ ах гэртээ Нараа, Болдоо гэх хүмүүстэй үлдсэн би тэр 2 хүнийг нь танихгүй..” гэх мэдүүлэг /хх-42-43 тал/,

 

Гэрч Б.Сосорбарамын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “.. Миний мэдэх Дүгэрсүрэн, Лхагвасайхан нарын хүмүүс хэвийн таарамжтай л харьцаатай байдаг ба хоорондоо маргалдаж зодолдож байх талаар мэдэхгүй байна яагаад хоорондоо муудсаныг гайхаж байна..” гэх мэдүүлэг /хх-44 тал/,

 

Гэрч Б.Эрдэнэтуяагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..Би Төв аймгийн Өндөрширээт сумын Эрүүл мэндийн төвд бага эмч ажилтай ба 2017 оны 01 сарын 31-ний орой жижүүртэй хонож байхад шөнө 01 цаг 35 минутанд Ганчимэгийн Лхагвасайхан гэж залуу баруун талын хацар нь зүсэгдсэн, зүүн нүдний ухархай хэсэгт нь шалбарсан шархтай ирсэн улмаар би тухайн үед сувилагч Бямбацэцэгийн хамт гарч байсан тул тэр Лхагвасайхан гэж хүний шархыг цэвэрлэж улмаар баруун талын хацрын зүсэгдсэн шарханд 3  оёдол тавьж оёсон юм. Тэгээд Моннитол дуслаар, Пурсамит, Аналгин, Димодрол, Новкин, Викасол зэргийг тариагаар судсанд, булчинд хийсэн ба уг тарианууд нь өвчин намдаах, цус тогтох, хаван буулгах эмчилгээнүүд хийсэн юм тэгээд тэр хүнийг эмчилгээ хийж эмнэлэг дээр хонуулаад маргааш өглөө нь явуулсан.” гэх мэдүүлэг /хх-45 тал/,

 

Шинжээч И.Ганболорын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..Хатгаж зүссэн гэх автерикний үзүүр нь ир үзүүртэй зүйл биш хатуу мохоо зүйл бөгөөд үүсгэгдсэн шарх нь язарсан шарх үүсгэдэг харин ир үзүүртэй зүйл нь зах ирмэг нь тэгш зүсэгдсэн шарх үүсгэдэг тийм учраас хохирогч Г.Лхагвасайханы баруун хацарт учирсан шарх нь зах ирмэг нь тэгш бус язарсан шарх байсан учраас автирекаар буюу хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл ..” гэх мэдүүлэг /хх-93 тал/,

 

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №81 дүгээр дүгнэлтэнд

-   Г.Лхагвасайханы биед хамар ясны хугарал, тархи доргилт, баруун хацарт язарсан шархт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-    Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сарниулахгүй гэх дүгнэлт /хх-23 тал/,

 

  • хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-04-07 тал/,
  • хохирогч Г.Лхагвасайханы биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-08-09 тал/,
  • мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-13-14 тал/,
  • эд хөрөнгө битүүмжлэх тэмдэглэл, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-15-17 тал/,
  • үнэлгээ хийлгэх шинжээч томилох тогтоол, эд зүйлийн үнэлгээ /хх-18-19 тал/,
  • эд мөрийн баримтаар тооцож, хураан авч хэрэгт хавсаргах тогтоол, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-20-23 тал/,
  • Төв аймгийн Өндөрширээт сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-29 тал/,
  • Компьютерт томографийн шинжилгээ /хх-48 тал/,
  • Төв аймгийн Өндөрширээт сумын 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-65-66 тал/,
  • Яаралтай тусламжийн хуудас /хх-67-68 тал/,
  • Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 119 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-75-77 тал/,
  • Төв аймгийн Автотээврийн төвийн лавлагаа /хх-79 тал/,
  • Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 03 сарын 10-ны өдрийн 370 тоот албан бичиг /хх-81 тал/,
  • Сонсгосон ялыг өөрчлөх тухай тогтоол /хх-101 тал/,

 

  • шүүгдэгч Н.Дүгэрсүрэнг 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-55-57 тал/, 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл, 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-104 тал/,

 

  • Шүүгдэгч Н.Дүгэрсүрэнгийн ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад “Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 119 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн” гэх лавлагаа /хх-60-61 тал/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Н.Дүгэрсүрэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Төв аймгийн Өндөрширээт сумын Сант 4 дүгээр багийн байшинтын 2-4 тоотод байх өөрийн гэртээ иргэн Г.Лхагвасайханы өмнө нь орон дээр дарж заамдсан үйлдэлд нь хорсож иргэн Г.Лхагвасайхантай барилцан авч, ноцолдон, улмаар түүний баруун хацран тус газар зэвсгийн чанартай зүйл болох нэмэх, хасах талтай ишгүй отверкаар хатгаж биемахбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.Лхагвасайханы “..Дүгэрсүрэн гэж хүний өөдөөс нь салаавч гаргахад Дүгэрсүрэн уурлаад өөдөөс босоод ирсэн тэгэхлээр нь би Дүгэрсүрэнг заамдаж аваад зүүн талын орон дээр нь дарж унагаад дээрээс нь 2 гарыг нь бариад дараад хэвтсэн тэгээд дээрээс нь дараад байж байхад гаднаас Анхбаяр гэж хажуу талын айлынх нь залуу орж ирээд салгасан ба намайг яв гээд Анхбаяр дагуулаад гарахад нь би дагаад гэрээс гарсан чинь өмсөж явсан булган малгайгаа Дүгэрсүрэнгийн гэрт нь үлдээсэн байхгүй байхаар нь малгайгаа авах гээд буцаад гэрт нь ороход Дүгэрсүрэн гэж хүн уурлаад намайг зодно ална гээд өөдөөс зодох гээд дайрахаар нь би Дүгэрсүрэнг дахиад заамдаж барьж аваад зүүн талынх нь орны өмнө газар дээрээс нь дарж унагаад заамдаад цээжин дээр нь дараад хэвтэж байтал Дүгэрсүрэн миний доор 2 гар нь хөдлөөд байсан ба баруун талын гараараа миний зүүн талын нүдний ухархай орчим руу юмаар хатгачих шиг болохоор нь би гараараа тэмтэрч үзэхэд зүүн нүдний ухархай орчмоос цус гарч байсан тэгэхлээр нь дээшээ өндийтөл миний баруун талын хацар луу дахиад баруун гартаа барьсан зүйлээр хатгаж аваад баруун хацраас нь цус гарахаар нь би дээлийн нударгаараа дарж аваад..” гэх мэдүүлэг, шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №81 дүгээр дүгнэлтэнд Г.Лхагвасайханы биед хамар ясны хугарал, тархи доргилт, баруун хацарт язарсан шархт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сарниулахгүй гэх дүгнэлт, гэрч Д.Мөнхболд, С.Наранчимэг, С.Мөнхзул, Д.Бямбацэцэг, Н.Бямбажав, насанд хүрээгүй гэрч З.Билгүүн, шинжээч И.Ганболор нарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Н.Дүгэрсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн болон шүүхийн шатанд хэргээ хүлээн мэдүүлж буй мэдүүлэг зэргээр давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Дүгэрсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Н.Дүгэрсүрэн нь Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 119 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт заасан ялтай байдал нь арилсан байна.

 

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсний заасны дагуу шүүхийн шатанд хохирогч Г.Лхагвасайхан нь шүүгдэгч Н.Дүгэрсүрэнтэй сайн дураараа эвлэрсэн, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Лхагвасайхан нь 120.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүгдэгч Н.Дүгэрсүрэн нь нөхөн төлсөн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын хохирлын асуудал байхгүй байна.

 

Битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтын талаар:

Шүүгдэгч Н.Дүгэрсүрэн нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 20 см-н урттай нэмэх, хасах талтай ишгүй отверкийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, мөрдөн байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн “1.800.000 төгрөгийн үнэлгээ бүхий НКС-ийн маркийн 32 инчийн зурагт, 100.000 төгрөгийн үнэлгээ бүхий haier маркийн угаалгын машин, 80.000 төгрөгийн үнэлгээ бүхий цагаан өнгийн хөлдөөгч зэргийн битүүмжлэлийг хүчингүй болгохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 295, 296, 297.1.1-1 4, 248 дугаар зүйлийн 248.1.2, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Тамир овогт Норпэлийн Дүгэрсүрэнг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Лхагвасайхан нь шүүгдэгч Н.Дүгэрсүрэнтэй сайн дураараа эвлэрсэн байх тул Н.Дүгэрсүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Н.Дүгэрсүрэн нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 20 см-н урттай нэмэх, хасах талтай ишгүй отверкийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн “1.800.000 төгрөгийн үнэлгээ бүхий НКС-ийн маркийн 32 инчийн зурагт, 100.000 төгрөгийн үнэлгээ бүхий haier маркийн угаалгын машин, 80.000 төгрөгийн үнэлгээ бүхий цагаан өнгийн хөлдөөгч зэргийн битүүмжлэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

6. Н.Дүгэрсүрэнд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

  7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан. хохирогч. тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Н.Дүгэрсүрэнд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ю.ЭНХМАА