Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2021/ДШМ/13

 

Д.*******д холбогдох  

эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                              Даргалагч, ерөнхий шүүгч     Д.Буянжаргал

                                          Шүүгчид                                 Б.Эрдэнэхишиг                                  

                                                                                 Г.Давааренчин                                  

                                

                                    Оролцогчид:

                                            Прокурор                                Б.Мөнхдөл / онлайн /                     

                                              Шүүгдэгчийн өмгөөлөгч         П.Буманзаяа

                                          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нарыг оролцуулан, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/01 дугаартай шийтгэх тогтоолыг эс  зөвшөөрч  бичсэн дээд шатны прокурорын давж заалдах эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2033000000054 дугаартай, 150/2020/0045/Э индекстэй, 1 хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

                  

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1975 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Түнэл суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, эрхэлсэн тодорхой ажилгүй, мал малладаг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сумын Рашаант 1 дүгээр баг, Цагаан тохой гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, ******* овогт *******гийн ******* /РД:МК75052433/

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.******* нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын Рашаант тосгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “*******” гэх газарт хадлангийн талбайгаас болж иргэн Б.*******, Б.******* нартай маргалдан улмаар Б.*******ийн зүүн гарын сарвууг хутгаар зүсэж гарын сарвууны ар хэсгийн шөрмөсийг таслан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх Д.*******д холбогдох хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд 01 дугаартай шийтгэх тогтоолоор:

“1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4. Хохирогч Б.*******ийн эмчилгээний болон бусад зардалд 378,000 төгрөг төлөгдсөн цаашид нэхэмжпэх зүйлгүй гэснийг дурдсугай.

5. Шүүгдэгч Д.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 19.5 сантиметрийн урттай, 10.3 сантиметр ажлын хэсэгтэй, 9.2 сантиметр модон бариултай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Шүүгдэгч Д.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй...” гэж, дээрхи шийдвэрийг эс зөвшөөрвөл эрх бүхий этгээд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Дээд шатны прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  ...Шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/01 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Учир нь уг шийтгэх тогтоолын “ТОГТООХ” хэсгийн 3 дугаар заалтад “...Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй...” гэж заасан боловч шийтгэх тогтоолын “Тодорхойлох” болон “Тогтоох” хэсэгт торгох ялыг хэдий хугацаанд төлж барагдуулах талаар огт дурьдаагүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж заасан ба уг шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 3 дугаар заалтад “...шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй” гэж ямар хугацааг тогтоосон нь ойлгомжгүй байдлаар бичигдсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, эсхүл хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх...”-ийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгахаар заасныг зөрчсөн байх тул шийтгэх тогтоолийн “Тогтоох”” хэсэгт торгох ялыг биелүүлэх хугацааг тусгаж, өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/01 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн, эсэргүүцлээ дэмжиж байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дээд шатны прокурорын эсэргүүцэлтэй танилцаад дараахь тайлбарыг гаргаж байна.  Эрүүгийн хуулийн 5.3 зүйлийн 4-т “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно эсхүл тогтоохгүй байж болно” гэсэн агуулга бүхий заалт юм.

Дээрх заалтыг хэрэглэх эсэх нь шүүгчийн дотоод итгэлийн асуудал байдаг. Шүүхээс гарсан шийтгэх тогтоолоор торгуулийн ял оногдуулсан, шийтгэх тогтоолоор торгуулийн ял оногдуулсан, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон тохиолдолд ялтан шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй, биелүүлээгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн 5.3-р зүйлийн 5-т заасныг журамлан торгох ялыг хорих ялаар сольдог.  Түүнээс хугацаа заавал тогтоож байж дээрхи заалтыг хэрэглэх ойлголт байхгүй юм. Торгуулийн ял төлүүлэх тухай гүйцэтгэх хуудас бичигдэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба руу шүүхээс ирүүлсэн бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160-р зүйлийн 160.1 хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос 90 хоногийн дотор ...биелүүлэх үүрэгтэй” гэж зааснаар шүүгдэгч Д.******* дээрхи хуулийн хугацаанд торгуулийн ялыг биелүүлэх үүрэгтэй болно.

Д.******* нь шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болмогц торгуулийн 1 сая төгрөгөө төлж барагдуулах болно. Иймд анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглээгүй байх тул  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Д.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,  түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

 

Дээд шатны прокурорын давж заалдсан эсэргүүцлийн дагуу Д.*******д холбогдох эрүүгийн 2033000000054 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь  хянавал:

Шүүгдэгч Д.******* нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 09 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн ******* сумын Рашаант тосгон 1 дүгээр багийн нутаг “Цан толгой өвөр”гэх газарт хадлан газрын маргалдаж хохирогч  Б.*******ийн зүүн гарын сарвууг  хутгаар зүссэний улмаас түүний гарын сарвууны ар хэсгийн  шөрмөс тасарсан байна. Шүүгдэгчийн энэхүү гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн биед хүндэвтэр хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан 

хохирогч Б.*******ийн “ Сайханаа ахын хадлагийн газар очиход тус газрын захаас  хүн өвс хадаад  тарамлаад баалсан байсан.  Тэгээд бид хадсан өвсийг нь бухалдаад  байж байтал цаанаас нэг мотоциклтой хүн ирэд Сайханаа ахыг  ална гээд хөөгөөд гүйсэн....баруун гартаа хутга барьчихсан байсан.  Би та наад юмаараа яах гэж байгаа юм бэ гэсэн чинь ална гээд над руу гүйгээд ирсэн. Тэгснээ шууд намайг мөргөөд  хутгаараа  миний зүүн гарын ар хэсэг рүү  дүрсэн...” гэсэн мэдүүлэг,

гэрч  Б.*******гийн “ Сумын газрын даамалын зааж өгсөн газар ирэхэд  газрын өвсийг хүн хадсан байсан.  Тэгэхээр нь сумын газрын даамал руу залгаж асуухад би очье. гэсэн тэгэхээр нь хадсан өвсийг нь бухалдаад байж байхад ******* мотоциколтой ирээд шууд ална гээд дайрсан. Тэгэхээр нь сумын газрын даамлыг ирэхээр нь учраа олье гэж хэлэхэд тэр хамаагүй гээд дайраад баймсан. Энэ үед дүү Б.******* гар утсаараа бичлэг хийж байсан. Тэгтэл ******* ах  Б.******* дээр ирэхэд  Б.******* намайг шаачихлаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

гэрч Б.О.Мөнх-Эрдэнийн “...******* нь ахуйн зориулалтаар 5 га хадлангийн талбай авсан юм. Д.******* нь 2020 онд албан ёсоор хадлангийн газар заалгаж аваагүй... тухайн өдөр Б.******* нь над руу залгаад  зааж өгсөн тайлбайд хүн хадлан хадсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь  би үнэхээр танай газар  мөн бол хадсан өвсийг нь танайх аваад хадсан хүндээ түлш болон зардлыг нь өгөөрэй. Би одд очих гэж байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг

Дархан-уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 814 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг  болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд хуульд заасан ял шийтгэл оногдуулсан  байна.

Тус хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар хэргийн оролцогчдын зүгээс ямар нэгэн гомдол хүсэлт гаргаагүй байна.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгч Д.*******д оногдуулсан торгох ялыг хэдий хугацаанд хэрхэн төлөх талаар тодорхой заагаагүй атлаа шийтгэх тогтоолын 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй...” гэж заасан нь үндэслэлгүй болжээ.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар  зүйлийн 4-т “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэж заасан бөгөөд энэ нь  тухайн шүүгдэгчийн  хувийн байдалтай холбоотой торгох ялыг биелэгдэх боломжийг харгалзан  шүүхээс тогтоож буй тусгай хугацаа гэж ойлгох бөгөөд  шүүхээс  тухайн хугацаа тогтоох эсэх асуудал зайлшгүй байх шинжийг агуулаагүй гэж үзнэ.

Шүүхээс дээрхи зохицуулалтыг хэрэглээгүй буюу тусгайлсан хугацаа заагаагүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос 90 хоногийн дотор ...биелүүлэх үүрэгтэй” гэж зааснаар шүүгдэгч Д.*******  нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр  болсноос хойш 90 хоногийн дотор  торгуулийн ялыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэ тухай шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсэгт дурьдаагүй нь Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн шаардлага хангаагүй байна.

 

Иймд дээд шатны прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн

 

3 дахь заалтыг:

“3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 хэсэгт  зааснаар шүүгдэгч Д.******* нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэж өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн  үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                       ШҮҮГЧИД                                   Б.ЭРДЭНЭХИШИГ

                                                                                 Г.ДАВААРЕНЧИН