| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2022/01149/И |
| Дугаар | 101/ШШ2022/01754 |
| Огноо | 2022-04-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 101/ШШ2022/01754
| 2022 оны 04 сарын 18 өдөр | Дугаар 101/ШШ2022/01754 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ..........................,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч ......................., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхцэцэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1984 онд Архангай аймгийн Тариат сумын Ахуйн үйлчилгээний төвийн даргын 1984 оны 6 дугаар сарын 28-ний өдрийн 06 тоот тушаалаар гуталчнаар орж ажилласан. 1984.04.10-аас 1992 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажилласан тушаал байсан ч тушаал нь эх хувиараа олдохгүй байгаа. Улсын төв архиваас лавлагаа олдохгүй байна. Одоо тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил хүрэхгүй болоод байна. надад өгөх өөр баримт байхгүй тул 1984 оны 4 дүгээр сарын 10-аас 1992 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Тариат сумын ахуйн үйлчилгээнд гуталчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ...................... нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэсний дагуу хүний ажиллаж байсан байдлыг тогтоох нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал байна.
Хүсэлт гаргагч нь 1984 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Архангай аймгийн Тариат сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвд гуталчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Архангай аймгийн Тариат сумын Ахуйн үйлчилгээний төвөөс олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1988 оны 5 дугаар сарын 12, 1989 оны 10 дугаар сарын 08-ны өдрүүдийн Баярын бичиг, ...................., ................................. нарын тайлбар, фото зураг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд хүсэлтийг хангаж хүсэлт гаргагч .........................-г 1984 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Архангай аймгийн Тариат сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвд гуталчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан .......................... регистрийн дугаартай Боржигин овогт ........................-г 1984 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Архангай аймгийн Тариат сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвд гуталчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 14 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ