| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатар Ууганбаатар |
| Хэргийн индекс | 194/2025/1388/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1611 |
| Огноо | 2025-06-16 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Амармөрөн |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1611
2025 06 16 2025/ШЦТ/1611
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ууганбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,
улсын яллагч Б.Амармөрөн,
хохирогч Б.А,
шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-д холбогдох эрүүгийн “2409009960768” дугаартай хэргийг 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх хохирогч Б.А-н эзэмшлийн ...... ТӨА улсын дугаартай "Хьюндай Портер" загварын тээврийн хэрэгслийг Д.Л нь "хоёр хоногийн хугацаатай 200,000 төгрөгөөр түрээслүүлэн авч яван" улмаар тухайн тээврийн хэрэгсэл эвдэрч, гэмтэн Д.Л нь төрсөн ах Д.Б-н эзэмшилд хариуцуулан үлдээсэн боловч Д.Б нь итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох хохирогч Б.А-н эзэмшлийн тээврийн хэрэгслийг 2024 оны 3 дугаар сарын 03-ны өдөр бусдад худалдан борлуулж 4,590,000 төгрөгийн хохирол учруулж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “....Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Эрүүгийн 2409009960768 дугаартай хэргээс:
2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Б.Б нь ...... ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Б.А-д шилжүүлсэн нотариатын итгэмжлэл /хх-ийн 22/
Д.Б-н Хаан банкны ....... тоот данс руу 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Хаан банкны ....... тоот данснаас "....ТӨА портер машины бүх тооцоо дуусав" гэх утгаар 2,910,000 төгрөг шилжиж орсон хуулга /хх-ийн 46/
2024 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Б.Б нь Н.Т-т ....ΤӨΑ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн нотариатын лавлагаа /хх-ийн 63/
Хохирогч Б.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 39/
Гэрч Д.Л-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 70/
Гэрч Б.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 72/
Гэрч Н.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 74-75/
Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 77/
Д.Л-н ...... дугаарын утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, Сүхбаатар дүүргийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн "...... ТӨА улсын дугаартай Хьюндай Портер загварын тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаа" /хх-ийн 53-67/
Дамно ХХК-ийн СБ2-24-502 дугаартай үнэлгээгээр 2003 онд үйлдвэрлэгдсэн "Хьюндай портер" маркийн тээврийн хэрэгсэл нь 4,590,000 төгрөгийн үнэтэй" гэх үнэлгээ /хх-ийн 104-110/
Шүүгдэгч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 8/,
Шүүгдэгч Д.Б-н хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 131-138/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Д.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.
Шүүгдэгч Д.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчид холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж дараах дүгнэлтүүдийг хийж шийдвэрлэв.
1. Гэм буруугийн талаар:
1.1. Шүүгдэгч Д.Б нь 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх хохирогч Б.А-н эзэмшлийн ...... ТӨА улсын дугаартай "Хьюндай Портер" загварын тээврийн хэрэгслийг Д.Л нь "хоёр хоногийн хугацаатай 200,000 төгрөгөөр түрээслүүлэн авч яван" улмаар тухайн тээврийн хэрэгсэл эвдэрч, гэмтэн Д.Л нь төрсөн ах Д.Б-н эзэмшилд хариуцуулан үлдээсэн боловч Д.Б нь итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох хохирогч Б.А-н эзэмшлийн тээврийн хэрэгслийг 2024 оны 3 дугаар сарын 03-ны өдөр бусдад худалдан борлуулж 4,590,000 төгрөгийн хохирол учруулж завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Б.Б нь ...... ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Б.А-д шилжүүлсэн нотариатын итгэмжлэл /хх-ийн 22/
Д.Б-н Хаан банкны ....... тоот данс руу 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Хаан банкны ....... тоот данснаас ".....ТӨА портер машины бүх тооцоо дуусав" гэх утгаар 2,910,000 төгрөг шилжиж орсон хуулга /хх-ийн 46/
2024 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Б.Б нь Н.Т-т ....ΤӨΑ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн нотариатын лавлагаа /хх-ийн 63/
Хохирогч Б.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "Би 2023 оны 10 сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд байх Ж /......./ нэртэй машин засварын газраас өөрийн ...... ТӨА улсын дугаартай портер машиныг бүрэн засварт оруулаад гэртээ авчраад хашаандаа тавьсан. Миний танил Л манайд ирээд "би хойшоо лагерь руу 300 ширхэг тоосго зөөх гэсэн юм, би хоёр өдөр машинаар чинь ажлаа амжуулчхаад 200.000 төгрөг өгье" гэж хэлэхээр нь итгээд машинаа өгч явуулсан. Тэр өдрөөс хойш 2023 оны 10 сарын 28-ны өдөр би залгахад "би ажлаа амжуулаагүй байна, би 2023 оны 10 сарын 29-ний орой машиныг чинь 200.000 төгрөгтэй өгнө, өгөхдөө бартертай өгнө" гэж хэлсэн. Би бартер гэж юу яриад байгааг ойлгоогүй. Тэгээд дахин би 2023 оны 10 сарын 31-ний өдөр маш олон удаа залгахад утсаа авахгүй байхаар нь гэрт нь очсон. Очиход хашаанд нь миний машин байгаагүй. Би юу болсон талаар асуухад Л "чи үхлээ юу, юун сүртэй юм, маргааш авчирч өгье, портер чинь асахгүй байгаа" гэж хэлэхээр нь миний машин хаана байгаа юм гэхэд машин чинь Батсүмбэрийн тэнд асахгүй байгаа өөрөө явж авчраарай гэж хэлсэн. Би чи хүний машин авч яваад авчирч өг гэж хэлж маргалдсан" гэх мэдүүлэг /хх-ийн 39/,
Гэрч Д.Л-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "Манай хамаатны ах Б.Л нь өөрийн эзэмшлийн ......ТӨА улсын дугаартай машиныг засуулахаар манай хашаа болох Чингэлтэй дүүрэг 18 дугаар хороо ... тоотод авчирсан. Тэгээд манай төрсөн ах Д.Б-ээр засуулах гэсэн боловч мотор солих шаардлагатай байсан тул засвар үйлчилгээ хийгээгүй. Тэгээд манай ах машинаа зарсан нь дээр юм байна гэж шийдээд машинаа хохирогч А-д зарахаар болсон гэсэн. Албан ёсоор А өөрийн нэр дээр шилжүүлсэн эсэхийг мэдэхгүй байна. Тэгээд би 2023 оны 10 сарын 23-ны өдөр би А-тай утсаар холбогдож "4 хоног машиныг чинь 200.000 төгрөгөөр түрээсэлье, портер чинь асаж байгаа юу" гэж хэлэхэд "асаж байгаа" гэж хэлээд тухайн өдөр машиныхаа түлхүүрийг авчирч өгсөн. Би тэр даруй түлхүүрийг авч очиж А-ын хашаанаас түлхүүр авсан машиныг хэд хэдэн удаа дарсан боловч асаагүй учир А руу залгаж асуухад "наадах чинь тэгээд байдаг юм" гэж хэлсэн. Тэгээд би түлш 140.000 төгрөгөөр аваад буцааж асаах гэтэл машин асаагүй учир дахиад би А руу залгахад "наадах чинь угаасаа тэгээд унтарчихаараа асдаггүй юм чи 2-3 цаг хөртөл нь хүлээчих" гэж хэлсэн. Тэр хооронд машин асахгүй байхаар нь машиныг түрж үзээд ч асааж чадаагүй. Түрж байгаад ах Б рүү ярихад "машин байвал чирчих" гэж хэлээд хүнээр чирүүлээд асаасан. Машиныг асаагаад 6 буудлын цемент худалдаанаас 1 тонн цемент авч Батсүмбэр ороод ажлаа амжуулчхаад байж байхад хохирогч А над руу утсаар яриад "чи бүтэн сайнд ирнэ гээ биз дээ, надад мөнгө өгөх яасан бэ гэж хэлэхээр нь би "нэг морьтой баатрын баримал өгье" гэж хэлэхэд "за за тэгвэл миний хөгшин ажлаа амжуулчхаад хүрээд ирээрэй" гэж хэлэхээр нь би санаа амарсан" гэх мэдүүлэг /хх-ийн 70/,
Гэрч Б.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний мэдэхээр тэр портер машин нь манай хашаанд их удсан, тэгээд манай хашаанд байхад нь хадам Л нь Б.А-аас гуйгаад ажилд явахаар болсон юм, тухайн машин нь мотор эвдэрсэн гэж байсан бөгөөд хөдөө очоод асахгүй унтарсан гэж байсан ба хадам дүү Л нь хөдөөнөөс буцаагаад манай хашааны гадаа байрлуулж тавьсан, тэгээд Б.А-д машинаа ав." гэж хэлсэн чинь ирж авахгүй нэлээд удсан. Б.А нь манай хашааны ойр орчмоор байнгын явж байдаг, хааяа хүчээр дайрч орж ирдэг байсан. Нөхөр маань Б.А-аас авах өрнийхөө оронд тэр машиныг зараад өөрсдийнхөө мөнгийг гаргаж авах гээд л зарсан, манайх тухайн үед зээлийн төлбөр тулсан байсан. Б.А-н утас руу залгахаар утсаа ч авахгүй алга болсон" гэх мэдүүлэг /хх-ийн 72/,
Гэрч Н.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би портер маркийн тээврийн хэрэгсэл худалдан аваад бусдад зарж борлуулдаг ажил хийдэг юм аа. 2024 оны 2 дугаар сарын сүүл үед буюу 27-28-ны өдрүүдэд миний өмнө байршуулсан байсан... Портер худалдаж авна." гэсэн зарын дагуу .... дугаараас үл таних эрэгтэй хүн холбогдоод "... Портер байна, авах уу..." гэж ярьсан. Тэгээд би 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр тухайн ..... дугаараас залгасан хүнтэй холбогдож байгаад Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт .... гудамжинд ....ТӨА улсын дугаартай портер маркийн байрлуулсан байсан бөгөөд тухайн үед тэр машины хойд талын хоёр дугуй байхгүй, мотор нь эвдэрчихсэн, асахгүй байсан. Надтай утсаар ярьсан ...... дугаараас залгаж ярьсан хүн нь өөрийгөө Б гэж танилцуулсан бөгөөд Б нь надад хэлэхдээ манай ахын нэр дээр байдаг. Шилжүүлэхэд ямар ч асуудалгүй, миний машин байгаа юм, 3 сая төгрөгөөр зарна гэж хэлсэн. Тэгээд тухайн ....ТӨА улсын дугаартай машиныг асаагаад аваад явсан ба явж байх үедээ араа нь шилждэггүй, мотор болон доторх эд анги эвдэрсэн байсан. Тэгээд би тэр Б гэгчтэй хамт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах цайз захын орчимд портер засварын газар очсон, тэгээд тэндээ ....ТӨА улсын дугаартай машиныг тэр засварын газар орхиод явсан. Тэгээд тэр машины жинхэнэ эзэмшигч гэсэн ах руу нь утсаар ярьж холбогдоход "Ах нь ирэхээр нэр усыг нь асуудалгүй шилжүүлнэ" гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө Хаан банкны ....... дугаартай данснаас Хаан банкны ....... дугаартай дансанд 2024 оны 3 дугаар сарын 03-ны өдөр "....ТӨА портер машиний бүх тооцоо дуусав" гэсэн гүйлгээний утгатай 2,910,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн тээврийн хэрэгсэл нь татвар болон оношилгоо, торгууль нь төлөгдөөгүй байсан учраас мөнгөнөөс нь хассан юм аа. Тэгээд маргааш нь буюу 2024 оны 03 дугаар сарын 04-ний Төв аймгийн төвөөс 1-2 км зайтай газарт тэр ....ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн гэрт нь очиж уулзсан, Зуун мод хотод очиж нотариат ороод ....ТӨА улсын дугаартай худалдан, худалдан авах гэрээ хийж авсан" гэх мэдүүлэг /хх-ийн 74-75/,
Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би өөрийнхөө эзэмшлийн ....ТӨА улсын дугаартай портер загварын тээврийн хэрэгслээ засаж, янзлуулаад зарах зорилгоор 2023 оны 9 дүгээр сарын сүүл үед Улаанбаатар хотод оруулж ирээд хамаатны дүү Б-н хашаанд байрлуулсан байсан. Тухайн үед Б нь надад хэлэхдээ энэ машинд будаг засвар хийх юм бол зардал нь өндөр байна. Ченж 3 сая төгрөгөөр авъя..." гэж хэлсэн, би зөвшөөрөөд ....ТӨА улсын дугаартай портер маркийн машинаа 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Б-н асаагаад байж байх үед А нь ченжид өгөх гэж байгаа бол би авчихъя гэж хэлээд надаас худалдаж авахаар болсон. Тэгээд тухайн өдөр А бид хоёр нотариат ороод ....ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан борлуулах гэрээ хийсэн. А нь миний хаан банкны .... дугаартай дансанд 3,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би буцаад Төв аймаг руу явсан. Тэгээд намайг Төв аймгийн Сэргэлэн суманд 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Б над руу утсаар яриад " авч байгаа юм аа..." гэж хэлсэн бөгөөд маргааш нь буюу 2024 оны 3 дугаар сарын 04-ний "... нөгөө машинаа нотариат хийлгээд өгчихөөчээ, би энэ машиныг өдөр үл таних эрэгтэй хүн ирээд ....ТӨА улсын дугаартай портер загварын тээврийн хэрэгслийг нотариатаар худалдан авах гэрээ хийлгээд аваад явсан. Би тэр үл таних хүнээс мөнгө аваагүй. Б-г утсаар яриад нотариат хийчих гэхээр нь л өгсөн" гэх мэдүүлэг /хх-ийн 77/
Д.Л-н ...... дугаарын утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, Сүхбаатар дүүргийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн "...... ТӨА улсын дугаартай Хьюндай Портер загварын тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаа" /хх-ийн 53-67/
Дамно ХХК-ийн СБ2-24-502 дугаартай үнэлгээгээр 2003 онд үйлдвэрлэгдсэн "Хьюндай портер" маркийн тээврийн хэрэгсэл нь 4,590,000 төгрөгийн үнэтэй" гэх үнэлгээ /хх-ийн 104-110/
Шүүгдэгч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Тэгээд түүнээс хойш сар орчмын дараа А нь манай хашаанд ирээд ......ТӨА улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслээ аваад явсан, түүнээс хойш төд удалгүй 2 орчим сарын дараа дүү Л нь А-аас портерыг нь түрээсэлж авсан, тэгээд Төв аймгийн Батсүмбэр суманд явж байхдаа ......ТӨА улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл нь эвдэрчихээр нь тэнд нь үлдээсэн байсан, би очиж сумын төв рүү оруулж орхисон, тэр газар 7-8 хоног болсон байх, Л нь ачлагын машинаар ......ТӨА улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийг манай хашааны гадаа авчирсан байсан, тэгээд манай хашааны нилээд удсан, А надад өртэй байсан учраас ирж авдаггүй, надаас зугтаагаад яваад байдаг байсан. Тэгээд би өрөө авч чадахгүй аргаа бараад тэр ......ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 3 сая төгрөгт зарсан, миний гар дээр 2,800,000 төгрөг ирсэн байх" гэх мэдүүлэг /хх-ийн 8/ болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгч Д.Б нь итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох хохирогч Б.А-н эзэмшлийн тээврийн хэрэгслийг 2024 оны 3 дугаар сарын 03-ны өдөр бусдад худалдан борлуулж 4,590,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь гэрч, хохирогчийн өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон ба харин шүүгдэгч Д.Б нь "Хьюндай портер" маркийн тээврийн хэрэгслийг завшаагүй талаарх нотлох баримт хэрэгт цуглараагүй, түүний гэм бурууг няцаан үгүйсгэх нөхцөл байдал, нотлох баримт үгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч Д.Б-н үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймээс шүүгдэгч Д.Б-н үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:
Шүүгдэгч Д.Б-н хууль бус үйлдлийн улмаас хохирогч Б.А-д 4.590.000 төгрөгийн хохирол учирсныг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч Б.А нь “...хохирол төлбөрөө авсан тул нэмж нэхэмжлэх зүйлгүй, хохирол төлбөргүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул түүнийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “...5.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх...” саналыг гаргасан.
Шүүх шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-г 2,700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэх бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд мөн нийцнэ.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрх бүхий байгууллагаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйл, хураан авсан хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-г 2,700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Б-д оногдуулсан 2,700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.УУГАНБААТАР