Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 154/ШШ2019/00172

 

 

 

 

 

2019 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 154/ШШ2019/00172

Булган сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо, Саруул хороолол, Хүннү гудамж 114 байр 1 давхар 105 тоотод байрлах Их Тэнгэрийн Хүч ХХК -ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Булган сумын Засаг даргын тамгын газар итгэмжлэгдсэн төлөөлөгч Засаг даргын тамгын газрын дарга ажилтай Самай овогт Шавиагийн Ганболд,

Хариуцагч: Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багт оршин суух, Ховд аймгийн Булган сумын Засаг даргын тамгын газарт байгаль хамгаалагч ажилтай Айргийхан овогт Энхтайваны Мягмар,

Хариуцагч Ховд аймгийн Булган сумын Далт багт оршин суух, Ховд аймгийн Булган сумын Засаг даргын тамгын газарт байгаль хамгаалагч ажилтай Мэрхэд овогт Шаравын Гансүх нарт холбогдох Их Тэнгэрийн Хүч ХХК-ийн нийлүүлсэн зуухны үлдэгдэл төлбөр 5.104.000 төгрөг гаргуулж, Ховд аймгийн Булган сумын Засаг даргын тамгын газар хадгалагдаж байгаа 13 ширхэг зуух, 40 ширхэг яндангийн хамт өөрсдийн зардлаар Их Тэнгэрийн хүч ХХК-ны Баянхонгор аймагт байрлах агуулахад хүлээлгэж өгөхийг хариуцагч нарт даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож, хариуцагч Ш.Ганболд, Э.Мягмар, Ш.Гансүх нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Их Тэнгэрийн Хүч ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхсүлд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани захиалагч БОНХАЖ Яам, Ховд аймгийн БОАЖ газартай 2016 оны 04 сарын 29-ний өдөр Сайжруулсан зуух хөнгөлттэй үнээр нийлүүлэх, санхүүжүүлэх, хяналт тавих гурвалсан гэрээг байгуулсан, мөн Ховд аймгийн Засаг даргатай 2016 оны 05 сарын 05-ны өдөр бүрэн шаталттай зуух хөнгөлттэй үнээр нийлүүлэх ажлын гэрээг тус тус байгуулж Bekas 801 нэг бүрийн үнэ 470.000 төгрөг, Векаs-107, 108 төрлийн зуухыг нэг бүрийн үнэ 308.000 төгрөгөөр тооцон Ховд аймгийн нутаг дэвсгэрт нийлүүлэхээр тохиролцсон. Ховд аймагт зуух нийлүүлэх явцад Ховд аймгийн Байгаль Орчны Газрын хог хаягдал, агаарын бохирдол, гамшгийн асуудал хариуцсан мэргэжилтэн А.Цэен-Ойдовын санал болгосны дагуу Ховд аймгийн Буянт сум, Мянгад сум, Үенч сум, Мөнххайрхан сум, Булган сумуудад зуух нийлүүлэхээр тохиролцож тухайн сумуудад зуухыг хүргэж байгаль орчны мэдгэжилтнүүдэд болон тамгын газарт нь хүлээлгэн өгсөн.

2017 оны 01 сарын 18-ний өдөр Ховд аймгийн Булган сум руу Векаs-107 төрлийн зуух 30 ширхэг, /9.240.000 төгрөгний үнэлгээтэй/, Векаs-108 төрлийн зуух 11 ширхэг /3.388.000 төгрөгний үнэлгээтэй/ зуух тус бүр 4 ширхэг яндантай нийт 164 ширхэг нийт 12.628.000 төгрөгийн зуух янданг ачуулж /зуух ачих явцад тухайн үед төсөлд ажиллаж байсан ерөнхий менежер Энхтунгалаг, борлуулалтын ажилтан н.Шинэгэрэл, н. Оюунэрдэнэ, н. Баянжаргал намт байсан / Ховд аймгийн Хот хооронд тээвэр хийдэг иргэн Ж.Мандалбаяр ХОУ 69-97 улсын дугаартай ачааны машинаар борлуулатын ажилтан н.Шинэгэрэлийн хамт Ховд аймгийн Жаргалант сумаас зуухыг тээвэрлэж, Булган сумын Засаг даргын тамгын газар байгаль орчны байцаагч Ш.Гансүх, М.Мягмарсүрэн нарт хүлээлгэн өгсөн.

Булган сумын ЗДТГ, Ш.Гансүх, Э.Мягмар нар өөрсдийн ажлын чиг үүргийн хүрээнд Булган суманд иргэдэд зуух тараах ажлыг 2017 оны 01 сарын 18-ний өдрөөс эхлэн хийж гүйцэтгэсэн бөгөөд манай компанийн нийлүүлсэн 41 ширхэг зуух 164 ширхэг яндангаас 28 ширхэг зуух, 124 ширхэг янданг иргэдэд тарааж, 13 ширхэг зуух, 40 янданг тараагаагүй хадгалж байгаа тухай бидэнд мэдэгдсэн.

2017 оны 01 сарын 18-аас тухайн жилийн сар шинийн баяр хүртэл зуухыг иргэдэд тараах бөгөөд иргэдээс зуухны урьдчилгаанд нэг зууханд 100.000 төгрөгөөр тооцон тус компанийн дансанд тушаалгасны үндсэн дээр тухайн зуухны үлдэгдэл 208.000 төгрөгийг БОНХАЖ Яамнаас санхүүжүүлэх үүрэгтэй байсан. Гэвч энэ хугацаанд 8 иргэний зуухны урьдчилгаа 800.000 төгрөгийг Их Тэнгэрийн Хүч ХХК-ийн Хас банкны дансанд шилжүүлж БОНХАЖ Яамнаас 8 иргэний зуухны үлдэгдэл төлбөрт 1.664.000 төгрөгийг шилжүүлсэн.

БОНХАЖ Яамнаас санхүүжүүлсэн баримтанд 8 иргэний зуухны татаас орж бусад 20 зуухны урьдчилгаа иргэдээс хугацаандаа багтаж шилжиж ороогүй. Тухайн жилийн сар шинийн баяраас хойш хэрэв иргэдэд тараахаар бол 100.000 төгрөгөөр бус 308.000 төгрөгөөр тооцон тараана гэж Их Тэнгэрийн Хүч ХХК-ийн төслийн ерөнхий менежер н.Энхтунгалаг, Булган сумын байгаль орчны байцаагч М.Мягмарсүрэнд утсаар мэдэгдсэн.

2017 оны намар манай компани үлдэгдэл 33 ширхэг зуух, 132 яндаг буцааж авъя гэж Булган сумын байгаль орчны байцаагч Ш.Гансүх рүү ярихад 15 зуух, 60 яндан байгаа, танай компанийн төслийн менежер н.Энхтунгалагийн хувийн данс руу 1.200.000 төгрөг шилжүүлсэн гэж хэлсэн. Хэдэн хоногийн дараа дахин утасдаж асуухад 13 ширхэг зуух, 40 яндан үлдсэн 2 зуухыг яндантай нь Засаг даргын орлогч авсан гэж хэлсэн.

Манай компанийн зүгээс иргэдэд тараагдаагүй үлдсэн 13 ширхэг зуух, 40 янданг өөрсдийн зардлаар тээвэрлэж манай компанид буцааж хүлээлгэнөгөх саналыг Булган сумын Засаг даргын газар, байгаль орчны байцаагч М.Мягмарсүрэн, Ш.Гансүх нарт тавьсан бөгөөд манай компанийн саналыг хүлээн зөвшөөрсөн.

Гэвч хариуцагч нар үлдэгдэл 13 ширхэг зуух, 40 янданг өөрсдийн зардлаар Булган сумаас тээвэрлэж манай компанийн Баянхонгор аймагт байрлах агуулахад хүлээлгэж өгөх талаар шаардахад удахгүй унаа олоод ачуулна гэж хэлдэг боловч өнөөдрийг хүртэл ачуулаагүй байна.

Эдгээрээс үзэхэд хариуцагч нар Их Тэнгэрийн Хүч ХХК-ийн данс руу иргэдээс зуухны урьдчилгааг хугацаанд нь хийлгүүлэлгүй, татаасны хугацаа өнгөрснөөс хойш дур мэдэн 20 ширхэг зуух, 92 ширхэг янданг ажил үүргийн хүрээнд болон хувийн хэрэгцээнд үрэгдүүлж 20 ширхэг зуухны үлдэгдэл төлбөр 4.960.000 төгрөг, 12 ширхэг яндангийн төлбөр 144.000 төгрөг нийт 5.104.000 төгрөгийн хохирол учруулсан байна.

Иймд хариуцагч нараас манай компанийн нийлүүлсэн зуухны үлдэгдэл төлбөр 5.104.000 төгрөг гаргуулж, Ховд аймгийн Булган сумын Засаг даргын тамгын газар хадгалагдаж байгаа 13 ширхэг зуух, 40 ширхэг яндангийн хамт өөрсдийн зардлаар Их Тэнгэрийн Хүч ХХК Баянхонгор аймагт байрлах агуулахад хүлээлгэж өгөхийг даалгах нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч Ш.Ганболд шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Энэ зуухны асуудлын талаар надад мэдэх зүйл байхгүй. Би хүлээж аваагүй. Намайг ажилд орохоос өмнө ирсэн гэсэн. Тухайн зуух нь ямар журмаар хэдэн ширхэг зуух ямар үнэ ханштай ирсэн зэргийг мэдэхгүй. Засаг даргын тамгын газар энэ компанитай гэрээ байгуулаагүй. Засаг даргын тамгын газарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч: Э.Мягмар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн тамгын газар нь Байгаль орчны газартай гэрээ хийсэн байх. 41 ширхэг зуухыг иргэдэд хөнгөлттэй үнээр тараахаар ирүүлсэн нэг ширхэг зуухыг 100.000 төгрөгөөр зараарай гэж хэлсэн.

Одоо 11 ширхэг зуух үлдсэн.Зуух ирүүлснээс хойш сарын дараа би ажлаасаа 1 жилийн чөлөө аваад эргэж ажилдаа орсон.Тухайн үед нь зарагдсан зуухны үнийг дансанд нь хийж байсан. Зуух тараасан хүмүүсийн нэрс болон бусад нотлох баримтыг би сая шүүх хуралдаанд гаргаж өгсөн. Өөр надад мэдэх зүйл байхгүй. Одоо нэхэмжлээд байгаа үнийн дүнг би зөвшөөрөхгүй учир нь надад зуухыг 308.000 төгрөгөөр зарах талаар мэдэгдсэн зүйл байхгүй. Ямар нэгэн бичиг баримт ч байхгүй. Би мэдэхгүй гэв.

Хариуцагч Ш.Гансүх шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн Байгаль орчны газраас Цэенойдов гэх хүн над руу яриад утаагүй зуух очно иргэдэд тараагаарай гэж хэлсэн. Тухайн үедээ багийн даргын өрөөнд 2 зуухыг оруулж тавьж өгөөд иргэдэд сурталчилж байсан. Зуухыг авсан хүмүүс монгол гэрт тохирохгүй байна гэдэг асуудал гарсан. Бид нар дэлгүүр ажиллуулж байгаа хүмүүст тараасан. Одоо 11 зуух байгаа. Үлдсэн зуухыг Баянхонгор аймагт хүргүүлэхээр жолооч нартай уулзсан боловч ачааны үнийн дүнгээ тохирохгүй байж байгаа. 40 ширхэг яндан нь байгаа. Зуухыг анх 100.000 төгрөгөөр зарахаар ирсэн үеэс хойш Э.Мягмар 10 ш зуух, орлогч дарга 2ш зуух, би өөрөө 4 ш зуух зарсан. Өөр зуух зарагдаагүй. Надад өөр мэдэх зүйл байхгүй. Зуухыг 308 төгрөгөөр зарах талаар надад мэдсэх зүйл байхгүй. Надад энэ талаар хэн ч хэлээгүй гэх мэдүүлэг,

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар,хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Их тэнгэрийн хүч ХХК нь Ховд аймгийн Булган сумын Засаг даргын тамгын газар, хариуцагч Ш.Гансүх, Э.Мягмар нарт холбогдуулан зээлээр худалдан нийлүүлсэн зуухны үнэ 5.104.000 төгрөг гаргуулах, үлдэгдэл 13 ширхэг зуух, 40 ширхэг янданг өөрсдийн зардлаар Булган сумаас тээвэрлэж Баянхонгор аймагт байрлах агуулахад хүргүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Их тэнгэрийн хүч ХХК нь худалдан борлуулахаар 41 ш зуух, 164 ш янданг нийлүүлснийг хариуцагч Ш.Гансүх, Э.Мягмар нар хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганболд нь тухайн зуухыг хүлээн авсан талаар мэдэхгүй би хариуцахгүй гэж маргаж байна.

Хариуцагч Ш.Ганболдын тайлбар, хариуцагч Ш.Гансүх, Э.Мягмар нарын шүүхэд гаргасан тайлбараар Ховд аймгийн Булган сумын Засаг даргын тамгын газар нь энэ хэрэгт жинхэнэ хариуцагч биш болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн зарим шаардлагад маргахгүй байгаа / үлдэгдэл зуухыг тээвэрлэж Баянхонгор аймагт байрлах салбарт хүргэх/ нь нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж үзээд хариуцагч Э.Мягмар, Ш.Гансүх нарыг хууль буюу гэрээнд зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх боломжтой байна.

Харин нэхэмжлэлийн шаардлагаас зуухны үнэ 5.104.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн зуухыг 308.000 төгрөгөөр зарах талаар бидэнд мэдэгдээгүй, бид хоёрт 100.000 төгрөгөөр борлуулах юм гэж бичиг баримтын хамт өгсөн гэж тайлбар гаргаж байгаа нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн сайжруулсан зуух хөнгөлттэй үнээр нийлүүлэх санхүүжүүлэх хяналт тавих тухай гэрээ нд захиалагчийг төлөөлж Ховд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газартай гэрээ байгуулсан нь энэ хэрэгт хамааралтай боловч тухайн нэхэмжлэлийн шаардлагын хувьд Цэен-Ойдов гэгч нь сайжруулсан зуух хөнгөлттэй үнээр нийлүүлэх, санхүүжүүлэх гэрээ байгуулсан байна.

Цэен-Ойдов нь тухайн зуухыг сумдад тараахдаа гэрээ байгуулж хүлээлгэж өгөөгүй. Үнийн саналаа танилцуулаагүй болох нь тогтоогдож байх тул хариуцагч Э.Мягмар, Ш.Гансүх нараас зуухны үнийн зөрүү гаргуулах үндэслэлгүй гэж шүүхээс дүгнэв.

Хариуцагч Э.Мягмарын шүүх хуралдаанд тайлбарлаж байгаа Ховд аймгийн байгаль орчны газар нь бид нартай ямар нэгэн хэлцэл гэрээ хийгээгүй. Зуух ачуулсан гэж хэлсэн зуухыг ирэхээр нь буулгаж авсан. 100.000 төгрөгөөр зарах зураг болон баримттай ирсэн гэх мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэллээ.

Их тэнгэрийн хүч ХХК нь жолооч Ж.Мандалбаярт Векаs-107 төрлийн зуух 30 ширхэг, Векаs-108 төрлийн зуух 10 ширхэгийг хүлээлгэн өгсөн баримтаар 40 ширхэг зуух ачуулсан байхад нэхэмжлэгч хариуцагч нар нь нэхэмжлэл болон тайлбартаа 41 ширхэг зуух байсан гэдэгт маргахгүй байхад нэхэмжлэлд дурьдсан ... хариуцагч нар нь зуухны урьдчилгааг хугацаанд нь хийгээгүй, татаасны хугацаа өнгөрснөөс хойш дур мэдэн 20 ширхэг зуух, 92 ширхэг янданг ажил үүргийн хүрээнд болон хувийн хэрэгцээнд үрэгдүүлж 20 ширхэг зуухны үлдэгдэл төлбөр 4.960.000 төгрөг 12 ширхэг яндангийн үнэ 144.000 төгрөг нийт 5.104.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нотлох баримтаар нотлож чадахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож үлдэгдэл 12 ширхэг зуух, 41 ширхэг янданг хасаж тооцох нь хуульд нийцнэ.

Хариуцагч нараас нотлох баримтаар гаргаж өгсөн иргэдэд 100.000 төгрөгөөр зарж борлуулсан тухай уг зуухыг худалдан авсан иргэдийн иргэний үнэмлэхний хуулбар, Векаs зуухны баталгааны хуудас, тухайн иргэний оршин суух хаяг, Багийн засаг даргын тодорхойлолт зэргийг ирүүлснийг шүүхээс үнэлж зуухны үнийг 100.000 төгрөгөөр үнэлэх, үлдэгдэл 13 ш зуух, 41 ширхэг янданг хасаж зуухны үнэ 2.900.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй. Харин 12 ширхэг яндангийн төлбөр 144.000 төгрөгийг хариуцагч Э.Мягмар, Ш.Гансүх нараас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хариуцагч нарт хэдэн ширхэг яндан хүлээлгэн өгснөөс хэдэн ширхэг яндан борлуулсан үнэ тодорхойгүй, хариуцагч нарын тайлбараар нэг зуух худалдан авахад 4 ширхэг янданг дагалдуулан өгсөн гэх мэдүүлэг, гэрч нарын мэдүүлгээр 123 ш яндан, 164 ширхэг яндан хүлээлгэн өгсөн гэж мэдүүлж байгаагаас дүгнэхэд янданг хэдэн төгрөгөөр зарж борлуулсан, хэрэгт яндангийн үнэлгээ тогтоосон баримт авагдаагүй байх тул яндангийн үнэ 144.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч нараас шүүх хуралдаанд гаргаж өгсөн нотлох баримтыг шинжлэн судлахад бүрэн шаталттай зуухыг хөнгөлттэй үнээр нийлүүлэх гэрээний дагуу Ховд аймгийн Байгаль орчны газраас хариуцагч нарт хүргүүлсэн 41 ш зуухыг худалдан борлуулж үнийг төслийн ерөнхий менежер Б.Энхтунгалагийн 5863139376 дугаартай харилцах дансанд шилжүүлж байсан нь нэхэмжлэгчийн тус шүүхэд ирүүлсэн баримтаар тогтоогдож байх тул хариуцагч Э.Мягмар, Ш.Гансүх нараас сайжруулсан зуухны хөнгөлттэй үнээр зарж борлуулсан үнийг гаргуулж Их тэнгэрийн хүч ХХК-ны нэхэмжлэлийн шаардлагаас 2060000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчээс ирүүлсэн үнэлгээ тогтоолгох тухай хүсэлтийг шүүхээс хангаж зууханд үнэлгээ тогтоолгоход мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үнэлгээг зөвшөөрөхгүйгээр дахин үнэлгээ тогтоолгох тухай хүсэлт болон гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг зэргийг шүүхэд ирүүлсэн байна.

Шүүх хуралдаанд шинээр ирүүлсэн нотлох баримтыг шинжлэн судлахад: тухайн зуухыг импортлогч буюу хүлээн авагч нь Их тэнгэрийн хүч ХХК бөгөөд хариуцагч Э.Мягмар, Ш_Гансүх нарт тухайн үнээр үнэлж хүлээлгэн өгсөн гэх байдал тогтоогдохгүй байна.

гэрч Б.Энхтунгалагийн ....төслийн ажилтан Шинэгэрэлээр 41 ш зуух, 164 ширхэг янданг явуулсан, 2017 оны 03 сарын 31-ны өдрөөс хойш төслийн зуух 100.000 төгрөгөөр зарагдахаа больсоныг мэдэхгүйгээр 12 ширхэг зуухыг 100.000 төгрөгөөр зарсан байсан. Жолооч Мандалбаяр, Шинэгэрэл нарт хүлээлгэн өгсөн акт, зарлагын баримт байгаа гэх мэдүүлэг, гэрч Ж.Мандалбаярын....Шинэгэрэлийн хамт Булган сум руу 41 ширхэг зуух, 123 ширхэг яндан ачсан. Зуухнуудыг тамгын газрын нярав, хоёр галч хүлээж авсан нэрийг нь санахгүй байна зүс харвал танина гэх мэдүүлгийг шүүхээс үнэлж, нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн.... 2017 оны 01 сарын 18-ны өдрийн 005, 006 дугаартай /засвартай/ зарлагын баримтууд нь үнийн зөрөөтэй, тоо ширхэгийн зөрөөтэй яндан хүлээлцсэн баримтыг шүүхээс нотлох баримтаар тооцож үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архив, хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулах, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 96.620 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Э.Мягмар, Ш.Гансүх нараас 61350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь удаа дараа өөрийг нь оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийх талаар хүсэлт ирүүлсэн тул оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч Э.Мягмар, Ш.Гансүх нараас Bekas 107, Bekas 108 зуухны худалдан борлуулсны үнэ 2.900.000 /Хоёр сая есөн зуун мянга/ төгрөг гаргуулж Их тэнгэрийн хүч ХХК-д олгосугай.

2. Их тэнгэрийн хүч ХХК-ны нэхэмжлэлийн шаардлагаас 2060000 /Хоёр сая жаран мянган төгрөг/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Ховд аймгийн Булган сумын Засаг даргын тамгын газарт хадгалагдаж буй 12 ш зуух, 41 ширхэг янданг Их тэнгэрийн хүч ХХК-ны Баянхонгор аймаг дахь агуулахад хүргүүлэхийг хариуцагч Э.Мягмар, Ш.Гансүх нарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 57 дугаар зүйлийн 56. 2, 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 96620 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч нараас 61350 төгрөг гаргуулан Их тэнгэрийн хүч ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ