| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2022/01211/И |
| Дугаар | 101/ШШ2022/01976 |
| Огноо | 2022-04-28 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 101/ШШ2022/01976
2022 04 28 101/ШШ2022/01976
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: хххххх дүүргийн ххххххх хороо, ххххххххххх хороолол, ххххххх тоотод оршин байрлах Э ХХК /0000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: хххххххххх дүүргийн ххххххххх хороо, ххххххх хороолол, ххххх байр, хх тоотод оршин суух хххххх овгийн Б.О /хххххххх/-т холбогдох,
хххххххх дүүргийн ххххххх хороо, нарт хороолол, ххх байр, ххх тоотод орших орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б, хариуцагчийн төлөөлөгч Т.М, нарийн бичгийн дарга Б.Г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э ХХК нь Б.О-тэй 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 163 дугаар орон сууц захиалгаар бариулах гэрээний эрх хэрэгжүүлэх тухай гэрээ байгуулж ххххххх дүүрэг, хххххх хороо,хххх хороолол хх тоотод байрлах 76,8 м.кв 3 өрөө орон сууцыг авахаар тохиролцож гэрээ байгуулаад тэр өдрөө нэхэмжлэгч байрыг хариуцагчид хүлээлгэж өгсөн. Гэрээний 1.3-т зааснаар байрны үнийг 130,560,000 төгрөгөөр тохиролцож, гэрээ байгуулсан өдөр 20,000,000 төгрөгийг өгч, үлдэх төлбөрийг графикийн дагуу төлж барагдуулахаар болсон. Гэвч хариуцагч 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд 88,000,000 төгрөгийг төлсөн. 2021 оноос эхлэн огт төлөлт хийгээгүй, нэхэмжлэгч үүнтэй холбоотой шаардлага гаргаж байсан. Тиймээс гэрээг цуцлах үндэслэл бүрдэж, гэрээний 2.3-т зааснаар гэрээг цуцалж, байрыг суллаж өгөхийг мэдэгдсэн. Одоогийн байдлаар байрыг суллаж өгөөгүй байна. Гэрээ нэгэнт цуцлагдсан тул хариуцагч байрыг эзэмшиж, ашиглах эрх үүсэхгүй. 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн хариуцагч хууль бусаар амьдарч байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Гэрээний үүрэгт шилжүүлсэн мөнгийг бид өгөхөд бэлэн боловч хариуцагч ирэхгүй байгаа юм гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Т.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн хэлсэн хариуцагч 88,000,000 төгрөгийг төлсөн, 2021 онд төлбөр төлөөгүй гэдэг нь үнэн. Учир нь ковид дэлхий нийтээр тархаж, аж ахуй нэгжүүд тодорхойгүй хугацаагаар үйл ажиллагаагаа зогсоосон. 2019 оны 12 дугаар сараас эхлээд 2022 оны 02 дугаар сарыг хүртэл ковидын хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Б.О “Тод капитал” гэх компанийг ажиллуулж, даатгалын үйл ажиллагаа явуулдаг. Үүний дагуу нэхэмжлэгчтэй эрх шилжүүлэх гэрээ хийж байрыг хүлээн авсан юм. Гэхдээ өмчлөлийн тухайд тухайн үед байрны гэрчилгээ гараагүй байсан, барьцаанд бүртгүүлсэн эсэх нь одоо ч тодорхой биш байна. Үүнээс хамаарч 88,000,000 төгрөгийг бид төлсөн нь зөв үү буруу юу гэдэг асуудал яригдана. 2018 онд анх орохдоо урьдчилгаа 20,000,000 төгрөгийг төлж, сар бүр үүргээ зохих ёсоор биелүүлж байтал ковид гарсан. 2020 оны 1 дүгээр сараас эхлээд хөл хорио тогтоож, хариуцагч ажлаа эрхлэх боломжгүй болсон. 2022 оны 02 дугаар сараас хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа тул төлбөрийг үргэлжлүүлэн төлөхөд татгалзах зүйлгүй. Гэрээний хугацааг сунгах талаар хариуцагч байнга мэдэгдэж байсан. 2020 оны 06 дугаар сард хариуцагч банкны зээлээр гаргая гэсэн санал тавьсан. Тэр үед захирал нь Голомт банк руу зээл гаргуулж байна, танайх бас өгөөч гэж хэлж байх үедээ шүүхэд өгч байсан юм байна. Байрны гэрчилгээ 2020 оны 08 дугаар сард гарсан байдаг. Нэхэмжлэгч тал барьцаанд бүртгүүлээгүй хэрнээ гэрчилгээ гаргаж өгөөгүй нь шаардах эрхтэй эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж байгаа бол үндэслэл нь тодорхойгүй байна. Хэрэв татгалзаж байгаа бол 88,000,000 төгрөгийг буцааж өгөх талаар өнөөдөр л сонслоо, өмнө нь хэлээгүй. Гэрээ цуцлах талаарх мэдэгдэлд 88,000,000 төгрөгийг буцааж өгөх талаар ч мэдэгдээгүй. Шүүхийн шийдвэрийг аргалж гаргуулж болохгүй. Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар шаардаж байгаа бол үндэслэлээ гаргаж ир. Минийхээр бол гэрээг цуцлаад байна. Үүнээс үүдэж үр дагавар үүсэх бөгөөд үүнийг шаардаад байна уу гэдгийг мэдмээр байна. Эдгээрийн аль нь ч байсан гэсэн тухайн эд хөрөнгийг барьцаанд бүртгүүлээгүй, үүнээс үүсэх үр дагаврыг бид хүлээхгүй. Харин ч хариуцагчаас гэрээний хугацааг сунгах талаар бид мэдэгдэж байсан. Тиймээс би нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ЭСББЗ ХХК, хариуцагч Б.О-т холбогдуулан ххххх дүүргийн хххххххх хороо, хххх хороолол, ххх байр, хх тоотод орших орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэлийн нэхэмжлэл тодорхой бус гэх тайлбарыг гаргажээ.
Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Зохигчдын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээний эрх шилжүүлэх 163 тоот гэрээ байгуулагдаж, гэрээний 1.1-д зааснаар нэхэмжлэгч нь ххххх дүүргийн ххххххх хороо, хххххх хороолол, ххххх байр, хх тоотод орших, 76.8 м.кв талбай бүхий 130,560,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг хариуцагчид шилжүүлжээ. Хариуцагч орон сууцны үнийг 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн дотор хэсэгчлэн төлж барагдуулахаар тус гэрээний 1.3, 1.4-т зааснаар тохиролцсон гэрээний харилцаа үүссэн байна. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар хариуцагч орон сууцны үнээс 88,000,000 төгрөг төлж, 42,560,000 төгрөгийн үлдэгдэлтэй, гэрээний хавсралтад заасан хуваарь буюу 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуваарьт төлбөрийг төлснөөс хойшхи хугацааны төлбөрийг төлөөгүй талаар талууд маргаагүй.
Хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн эд хөрөнгө болох орон сууцыг буцаан шаардсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д нийцэх бөгөөд нэхэмжлэгч ийнхүү татгалзах эрхтэй байна. Хэрэгт, нэхэмжлэгчээс 2022 оны 01 дүгээр сарын 25, 31-ний өдрүүдэд хариуцагчид хандан төлбөрийг төлж барагдуулах, орон сууцыг чөлөөлөх мэдэгдлийг хүргүүлсэн, түүнчлэн хариуцагчид төлбөрөө төлж барагдуулахыг удаа дараа буюу биечлэн, утсаар, фэйсбүүк зэрэг харилцааны хэрэгслээр дамжуулан харилцаж мэдэгдэж байсан гэх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй байна.
Энэ тохиолдолд хоёр талын харилцан үүрэг бүхий гэрээний хувьд гэрээний нэг тал болох хариуцагч үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэгч боломжит хугацаа олгосон, тус хугацаанд хариуцагч гэрээний зөрчлийг арилгаагүй байна. Хариуцагч хамгийн сүүлд 2019 оны 12 дугаар сард хуваарьт төлбөрийг төлсөн, түүнээс төлбөр төлөөгүй гэх нөхцөл байдал нь нэхэмжлэгч гэрээнээс татгалзан мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээгээр шилжүүлсэн орон сууцыг буцаан шаардсан нь үндэслэлтэй.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4-т зааснаар гэрээнээс татгалзаж болохгүй үндэслэлийг заасан ба хариуцагч 130,560,000 төгрөгийн мөнгөн төлбөрийн үүргээс 88,000,000 төгрөгийг биелүүлж 42,560,000 төгрөгийн мөнгөн төлбөрийн үүргийг биелүүлээгүй нь мөн хуулийн 225.4.1-д хамаарахгүй, ялимгүй шинжгүй юм.
Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар гэрээ байгуулагдсан гэрээний үүргээ хариуцагч зохих хуваарийн дагуу биелүүлж худалдан авсан хөрөнгийн үнийг бүрэн төлөөгүй нь тогтоогдсон учир нэхэмжлэлийг хангах үндэслэл болж байна. Энэ үндэслэлээр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч Б.О-ийг ххххх дүүргийн ххххх хороо, хороолол, ххх байр, хх тоотод орших орон сууцнаас албадан чөлөөлүүлж шийдвэрлэв.
Зохигчийн хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж түүний үр дагаврыг арилгуулахаар шаардлага гаргасан нь өмчийн эрх зүйн буюу Иргэний хуулийн 106 дугаар зүйлд хамаарахгүй, мөн хариуцагчийг маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэсэн нь хариуцагчийг хууль бус эзэмшигч гэх нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэлтэй хамааралгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч Шарнууд овгийн Б.О /000000/-ийг ххххх дүүргийн хххххххххххх хороо, хххх хороолол, хххх байр, ххх тоотод орших 76,8 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2000000000 дугаартай орон сууцнаас албадан чөлөөлсүгэй.
2. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 810,750 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.О-ээс 810,750 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ