Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 181

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 


Хэргийн индекс: 166/2017/0198/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Их*** даргалж, ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Г.Гэрэлт-Од нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг,
Иргэдийн төлөөлөгч А.Анхтуяа,
Улсын яллагч А.Оргилбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд,
Шүүгдэгч ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***д холбогдох эрүүгийн 201709000252 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***, 1992 оны 08 дугаар сарын     08-нд Дархан-Уул аймгийн *** төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Бизнесийн удирдлагын мэргэжилтэй, *** ХХК-д менежер ажилтай, ам бүл 2, хүүгийн хамтаар *** тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ***


,

Холбогдсон хэргийн талаар: 
***нь 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 10 цагийн орчим Дархан-Уул аймгийн *** тоотод ээж *** нь маргалдан зодсон гэдгээр шалтаглан хохирогч ***тай хэрэлдэж маргалдсан уурандаа цээжин тус газарт нь 2 удаа хутгалан бие махбодид нь “Цээжний хөндийн баруун талд нэвтэрсэн шарх” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/                                               

  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 
Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017.04.08-ны өдөр би бирж дээр явж байтал ээж хамтран амьдрагч ***таа зодуулчихлаа гээд миний утасны дугаарлуу залгахаар нь би тэндээс такси барьж ээжийн гэррүү орох гээд явж байтал орцон дотор *** ахтай тааралдсан. *** ахруу уурлаад чи яахаараа миний ээжийг зодоод байгаа юм бэ? гээд бид 2 маргалдаад зодолдоод ээжийн гэрлүү хамт орсон. Гэрт нь ортол ээжийн нүүр ам нь хавдсан, уруул нь язарсан байдалтай байсан. *** ах  манай ээжийг удаа дараа зодож байсан. Тухайн үед уур хүрээд ийм үйлдэл гаргаж, *** ахыг  хохироосондоо харамсаж, гэмшиж байна.”гэх мэдүүлэг,
Хохирогч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: ...Цахилгаан шатнаас бууж байхад өөдөөс ***гийн охин *** ганцаараа ороод ирсэн. Тэгээд “Чи яахаараа ээжийг минь зоддог юм” гээд над руу дайраад цохиж аваад заамдсан. ***тай хамт гэртээ орсон. 
...Тэгэхэд *** цаашаа эргээд шүүгээн дээр байсан хутганы комноос нэг хутга сугалж аваад “Ална шүү” гэж хэлсэн. Би ***д тэг тэг гэхэд хутгаа баруун гартаа барьж ирээд баруун мөр рүү нэг удаа хатгаад авсан. Би ***д чи яаж байгаа юм бэ чаддаг юм бол дахиад нэг хутгалчих гэсэн чинь дахиж хүрч ирээд зүүн мөр рүү хутгалсан. Би ***тай гэр бүл болж хамт амьдраад 4 жил болж байна. Тухайн үед аль аль нь ууртай байсан. Аль аль нь буруутай гэж бодож байна. Миний хувьд охиноос минь ялгаагүй тул ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-16/,
Насанд хүрээгүй гэрч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Ээж, *** ах 2 хэрэлдэж байгаад хэсэг хугацааны дараа зодолдоод эхэлсэн. *** ах уурлаад гарч яваад удалгүй *** эгчтэй хамт орж ирээд хоорондоо маргалдаад байсан. Би дүүг айчихна гээд жижиг өрөөнд орсон. Тэгээд хальт харахад *** ах ээж, *** эгч 2-ын үснээс зулгаагаад байсан. Тэгээд *** ах гараад явах шиг болохоор нь жижиг өрөөнөөс гарсан чинь том өрөөний үүдний хэсгийн шалан дээр энд тэнд жоохон цус дусчихсан байсан. Би шалыг арчиж цэвэрлэсэн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 19/,
Гэрч О.***гийн мөрдөн байцаалтад өгсөн: 2017 оны 4 дүгээр сарын 08-ны өглөө гэртээ байж байгаад хамтран амьдрагч ***тай гэр бүлийн жижиг хэрүүлээс болоод маргалдаж зодолдсон. *** миний нүүр лүү 2 цохиод авахаар нь би уурлаад охин *** руу залгаад *** намайг зодсон талаар хэлсэн. *** гэрээс гарч яваад ***тай хамт буцаад орж ирсэн. Тэгээд тэр 2 маргалдаж муудалцаад байхаар нь би боль гээд ***ыг гэрээс гаргах гээд түлхсэн. Гэтэл *** миний үснээс зулгаагаад дарсан. *** цаашаа эргээд гал тогооноос хутга авах шиг болсон. Яг хатгасан эсэхийг сайн санахгүй байна. *** ***г “чи намайг 2 удаа хутгаар хатгачихлаа” гэж хэлээд гараад явсан. Шалан дээр цус дуссан бас хутга цус болсон байсныг бага охин Анужин угааж цэвэрлэсэн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22/,
Гэрч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Ажил дээрээ байж байтал *** над руу залгаад *** ах ээж хоёр муудсан гэнэ. Над руу яриад намайг хүрээд ир гэж байна, гэр лүүгээ явлаа гэж байсан. Хэсэг хугацааны дараа дахин залгаад *** ээж бид 2-ын үснээс зулгаагаад зодсон гэхээр нь би гэр лүү явж байтал *** гараад ирсэн. Би юу болсон талаар асуутал *** ах ээж бид 2-ыг үснээс зулгааж зодоод тэгэхээр нь би айлгах санаатай хутга авсан. Тэгээд сайн санахгүй байна, нэг мэдсэн мөрнөөс нь цус гараад байсан. Гэрээс гараад явсан чинь ухаан алдаад найз нь олж аваад эмнэлэгт хүргэсэн гэж байна. Эмнэлэг рүү явъя гэсэн. Тэгээд эмнэлэг дээр очиход *** ах хүлээн авахын өрөө рүү орчихсон байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 23/,  
Гэрч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: ...Би Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр алтны уулзвар дээр үүрэг гүйцэтгэж байтал цагдаа зохицуулагч ***намайг дуудсан. Яваад очтол улаан хүрэн өнгийн Toyota Will маркийн тээврийн хэрэслийг зогсоосон байсан. Жолоочийг нь харахад хэвлий орчим нилээд цус гарсан байдалтай зогсож байсан. Би өөрийн утсаар 102 болон 103 дугаарт залгаж дуудлага өгсөн... гэсэн мэдүүлэг/хх-ийн 20/,
Гэрч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...9 давхрын 60 номерын хаалганы гадаа цус байсан. Тэгээд би хаалгыг нь тогшоод “Юун цус болчихсон юм бэ, цусаа арч” гэж хэлсэн. Тэгсэн нэг охин гарч ирээд одоо арчлаа гэж хэлсэн. Тэгээд тэр цус шатаар дуслаад нэг давхар хүртэл явсан байсныг би арчиж цэвэрлэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24/,
Гэрч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Цээжний хөндийд нэвтэрсэн үед агаар орж амьсгал сонсогдохгүй байдаг юм. Ийм цээжний хөндийд нэвтэрсэн шархтай хүнд яаралтай цээжний хөндийд гуурс тавихгүй бол амьсгалж чадахгүй үхэх аюултай байдаг. Тиймээс өвчтөн ***т яаралтай гуурс тавьж шалчийсан уушгийг ажиллах боломжтой болгож цээжний хөндийд байсан хийг гадагшлуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26/,
Шинжээч эмч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “***ын биед дээд уруулын баруун талд 0.4x0.2см, зүүн хацарт 0.7см, 1см, 1.3x0.2см, зүүн хүзүүний баруун хажуу талд 2.5см, зүүн чихний дэлбээний дотор дээд хэсэгт 1x0.2см улаан өнгийн тав бүхий зулгаралттай, зүүн мөрний урд доод хэсэгт 1.2см орчим хоёр ширхэг мэс заслын оёдол бүхий шархтай байсан үүнээс баруун мөрний урд доод хэсэгт байрлах шарх нь цээжний хөндий рүү нэвтэрсэн. Энэ шархнаас нь болж уушги баруун талд амьсгал сонсогдохгүй, цээжний хөндийд хий хуралдсан нь цээжний хөндийд хуралдсаныг илтгэж байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 96/

Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 435 дугаартай “***ын биед цээжний хөндий баруун талд нэвтэрсэн шарх цээжний хөндийн дэх хий хуралт, зүүн мөрний шарх, дээд уруулын баруун талд, зүүн хацар, хүзүү зүүн чихэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйл болон хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр нэг буюу хэд хэдэн удаа хатгах, хумсаар маажих үед үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 28/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 12/, ***ын өвчний түүх /хх-ийн 83-95/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 49-76, 100-102/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүй байна. 

Шүүгдэгч ***нь 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 10 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байх “Наран” хотхоны  2-60 тоотод “ээж О.***тай нь маргалдан зодсон” гэх шалтгаанаар хохирогч ***тай маргалдаж улмаар цээжин тус газарт нь 2 удаа хутгалж бие махбодид нь “цээжний хөндий баруун талд нэвтэрсэн шарх, цээжний хөндийн дэх хий хуралт“ бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 
-***намайг хутгалсан гэж шууд заасан хохирогч ***ын мэдүүлэг, 
-***нь ***тай маргалдаж зодолдох явцдаа гал тогооноос хутга авсныг харсан гэрч ***, О.*** нарын мэдүүлэг, шүүгдэгч ***нь хохирогч ***ыг хутгалсан болохыг шүүгдэгчээс сонсож мэдсэн гэрч ***ийн мэдүүлэг, 
-Хохирогч *** нь цус алдсан байхыг хараад түргэн тусламж дуудсан гэрч ***, хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн гэрч ***ын мэдүүлэг, орцны шалан дээрх дуссан цусыг арчиж цэвэрлэсэн гэрч ***ийн мэдүүлэг, 
-Хохирогч ***ын биед хүнд гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээч ***ийн дүгнэлт, мэдүүлэг болон хэрэгт авагдсан эд мөрийн баримт зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.***г бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн  96.1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч *** нь одоо миний бие бүрэн эдгэрсэн, цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Д.***г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.    

Шүүгдэгч Д.***д ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, бага насны хүүхэдтэй эмэгтэй гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч ***нь 2014 оны 7 дугаар сарын 06-нд хүү М.Хангайг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх тул түүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
 
Шүүгдэгч ***нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсгийн урт нь 12 см, бариулын урт 11 см, ажлын хэсгийн өргөн нь 2.3 см, бариулын өргөн нь 2.5 см ажлын хэсэг нь хар өнгөтэй, нийт 23 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, зүүн гуя нь хугарсан нүдний шилийг нь шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** ***г бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар шүүгдэгч ***  ***г 5 жил 10 хоног /таван жил арав хоног/-ийн хорих ял шийтгэсүгэй.
 
З. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар Д.***д оногдуулсан 5 жил 10 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй, эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч ***нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч *** нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсгийн урт нь 12 см, бариулын урт 11 см, ажлын хэсгийн өргөн нь 2.3 см, бариулын өргөн нь 2.5 см ажлын хэсэг нь хар өнгөтэй, нийт 23 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, зүүн гуя нь хугарсан нүдний шилийг нь шүүгдэгчид буцаан олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-т зааснаар шүүгдэгч Д.***д хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, ялтанд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар ялтан хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол шүүх цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар Д.***д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-т зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.***д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
    
                  


                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Б.ИХ***
    
                                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                   Я.ТУУЛ

                                                         ШҮҮГЧ                  Г.ГЭРЭЛТ-ОД