Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2021/ДШМ/14

 

Б.Цэцэгмаад холбогдох  

эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч, шүүгч                         Б.Эрдэнэхишиг

                                          Шүүгчид                                       Г.Давааренчин                                  

                                                                                       Д.Буянжаргал                                  

                                

                                     Оролцогчид

                                            Прокурор                                     Д.Шинэбал /цахим/

                                              Шүүгдэгч                                      Б.Цэцэгмаа /цахим/

                                              Шүүгдэгчийн өмгөөлөгч              Ж.Энхжаргал /цахим/

                                            Хохирогч                                         М.Дуламсүрэн /цахим/

                                              Хохирогчийн өмгөөлөгч              Ч.Мөнгөнцэцэг /цахим/    

                                             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцуулан, Сэлэнгэ аймгийн Мандал сум  дахь Сум дундын шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч  бичсэн прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бичээч овогт Базаррагчаагийн Цэцэгмаад холбогдох эрүүгийн 2032000120085 дугаартай, 149/2020/0135/Э индекстэй, 1 хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд ерөнхий шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

                   

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1975 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, Төмөр замын 36-24 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, Бичээч овогт Базаррагчаагийн Цэцэгмаа /РД:ТЯ75090101/

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Цэцэгмаа нь 2019 оны 04 дүгээр сард иргэн М.Дуламсүрэнг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, М.Дуламсүрэнгийн өмчлөлийн газар, байшинг “Бэрс финанс” ББСБ-д барьцаалуулан 10,649,900 төгрөгийг залилан авч, үлэмж хэмжээний хохирол учруулж улмаар “Бэрс финанс” ББСБ-т барьцаат зээлийн гэрээний хүүгийн хамт нийт 12,051,500 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх Б.Цэцэгмаад холбогдох хэргийг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд 138 дугаартай шийтгэх тогтоолоор:

“1. Бичээч овогт Базаррагчаагийн Цэцэгмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цэцэгмааг хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохиролд Шүүгдэгч Б.Цэцэгмаагаас 12051500 /арван хоёр сая тавин нэгэн мянга таван зуу/ төгрөгийг 06 сарын дотор төлж барагдуулах үүрэг хүлээлгэсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1-д зааснаар Шүүгдэгч Б.Цэцэгмаагаас гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол 12051500 /арван хоёр сая тавин нэгэн мянга таван зуу/төгрөгийг гаргуулж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг Гарам №29 тоотод оршин суух, /РГ:68092303, утас:96130923, 99573080/ Бичээч овогт Мандширийн Дуламсүрэнд олгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

6. Энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Цэцэгмаа нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүйг дурьдсугай.

7. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Цэцэгмаагийн нэр дээр бүртгэлтэй Ү-1307006983 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг Баруун-Өлөнтийн №43-Б тоотод байрлах 50 м2 талбай бүхий хувийн орон сууцыг битүүмжилсэн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 39 дугаартай прокурорын тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Цэцэгмаад авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй...” гэж, дээрхи шийдвэрийг эс зөвшөөрвөл эрх бүхий этгээд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор О.Нандинцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: ...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн болох нь дараахь нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.Цэцэгмаа нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд учруулсан хохирол, хор уршигийг нөхөн төлөөгүй, тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлээгүй, энэ талаар хохирогчтой тохиролцож нөхөн төлөхөө илэрхийлсэн ямар нэг нотлох баримтгүй, зөвхөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирлоо нөхөн төлнө гэж мэдүүлсэн нь тус хуулийн агуулгат заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн” нөхцөл байдал гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. Монгол улсын Эрүүгийн хуулийн хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашигсонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших гэж тус тус хуульчилсан байх бөгөөд шүүхээс хохирол, хор уршиг нөхөн төлөгдөөгүй байхад хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго зорилт болон Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасныг тус тус зөрчиж, Анхан шатны шүүх хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Шүүгдэгч Б.Цэцэгмаа нь урьд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт /бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах/ зааснаар 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 7 /долоо/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77,1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 08 дугаар сарын 11-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөлийн хуульд хамрагдан өршөөн хэлтрүүлсэн байна. Шүүгдэгч Б.Цэцэгмаагийн залилах гэмт хэргийг санаатай үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдөөгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийг шүүгдэпч арилгаагүй, ухамсарлаагүй байхад дээрх хуулийн заалтийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь шүүгдэгчид ял завшуулах, цаашилбал хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй ноцтой нөхцөл байдал үүсээд байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив гээд давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор эсэргүүцлийг дэмжиж оролцов.

 

Хохирогч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болог шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогч миний биө 2019 оны 4-р сард Б..Цэцэгмаад өөрийн хашаа байшингийнхаа гэрчилгээг өгч явуулан “ Бэрс финанс “ ББСБ-с зээл авахуулан өнөөдөр өөрөө хашаа байшин, гэр оронгүй маш хүнд байдалтай хохироод байна. 2020 оны 12-р сарын 22-нд шүүххурал болсон. Би Б.Цэцэгмааг шүүх хурлаас өмнө хохирлоо ямар нэг аргаар төлөх байх гэж бодож байсан. Гэтэл Б.Цэцэгмаа хохирлоо төлөөгүй шүүх хуралд орсон ба хохирлын талаар надтай юу ч яриагүй, тохиролцоогүй. Би хууль сайн мэддэгүй ч хохирол төлбөрөө төлөхгүй байгаа хүн хорих ял авах магадлалтай гэж мэдэж байсан тул Б.Цэцэгмаагийн өмнөөс яанагэж айжбайтал Б.Цэцэгмаа нь надыг тоож харьцахгүй шүүх хуралдаанд ороод хохирлоо төлнө, он гараад өгнө гэж шүүх дээр хэлээд хорихоос өөр төрлийн ял аваад гарсанд маш их гайхаж байна. Шүүх хурал болсноос хойш бүтэн нэг сар өнгөрсөн ба надтай нэг ч ярихгүй байхаар нь би утасдаж “мөнгө төгрөгөө өгөх боломж байна уу” гэж асуухад “... өгнөштэй юун сүртэй юм” гэж уурлаж уцаарлаж утсаа тасалсанд мөн гомдож энэхүү гомдлоо гаргаж байна. Хууль, шуүх шударга биш байна. Хууль шүүхийн өмнө хохирогч, шүүгдэгчийн эрх үүрэг, тэгш байх ёстой байх гэтэл хохирогч миний эрх ашиг зөрчигдөж, би маш их хохирч байна. Гэтэл Б.Цэцэгмаа нь бусдыг залилаад удаа дараа ингэж явж болдог юм байна гэж ойгогдож түүндээ Б.Цэцэгмаа өөрөө ч бардам байна. Б. Цэцэгмаа нь өнөөдөр ганцхан намайг залилаагүй зөндөө хүнээс мөнгө аваад өгөөгүй байгаа. Иймд миний хохирлыг төлүүлж өгнө үү. Хэрэв Б.Цэцэгмаа хохирлоо төлөхгүй бол хуульд заасан ял шийтгэлээ эдлэх ёстой гэж үзэж байна. Прокурор О.Нандинцэцэгийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Би хууль, шүүхийг шударга бус байна, миний эрх зөрчигдсөөр байна гэж үзэж байна. Одоо би энэ хүнээс хашаа, байшингийнхаа гэрчилгээг авах хүсэлтэй байна гэв.

Хохирогчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Өмгөөлөгчийн хувьд  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь шүүгдэгч Б.Цэцэгмааг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан 1 жил, 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн. Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байхыг шаарддаг. Гэвч шүүгдэгч Б.Цэцэгмаа одоог хүртэл ямар нэг хохирол төлбөр төлөөгүй, төлөх талаараа ч ямар нэг баримт, хэлцэл байхгүй. Тиймээс хохирогчийн эрх, ашиг зөрчигдөж байна гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

Шүүгдэгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ойрын хугацаанд хохирлыг төлж барагдуулах тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Цэцэгмаагийн хүсэлтээр түүний хууль ёсны эрх, ашиг сонирхлын хамгаалж өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. Б.Цэцэгмаа нь анхан шатны шүүх, мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгчгүй байсан учир харьцангуй эрх зүйн мэдлэг дутмагаас эрх ашиг нь хохирсон байдал харагддаг юм. Өмгөөлөгч миний хувьд хэрэгтэй танилцаж Б.Цэцэгмааг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутай тооцож, ял шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.  ...өмгөөлөгчийн зүгээс хэргийг хэрэгсэхгүй болгох, мөн үйлчлүүлэгчийн зүгээс гаргасан “өөрт нь оногдуулсан ял шийтгэлийг хэвээр үлдээж өгнө үү” гэснийг нь дэмжиж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас Б.Цэцэгмаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 01 жил, 06 сарын хугацаагаар тэнсэх ял шийтгэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурорын эсэргүүцэл, хохирогчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Б.Цэцэгмаад холбогдох эрүүгийн 2032000120085 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь  хянавал:

Шүүгдэгч Б.Цэцэгмаа нь 2019 оны 04 дүгээр сард иргэн М.Дуламсүрэнг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, М.Дуламсүрэнгийн өмчлөлийн газар, байшинг “Бэрс финанс” ББСБ-д барьцаалуулан 12.051.500 төгрөгийн төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч М.Дуламсүрэнгийн мөрдөн байцаалт шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 32-33, 36-37, 144-145, 167-171-р ху/, гэрч Б.Чулуунцэцэг /хх-ийн 49, 110-111-р ху/, Д.Даваасүрэн /хх-ийн 50-51, 108-109-р ху/, Д.Батбаатар /хх-ийн 53-53-р ху/, З.Оюунсүрэн /хх-ийн 118-119-р ху/, Х.Мөнгөнцэцэг /хх-ийн 120-121-р ху/ нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Үнэлгээний комиссын эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх гэмт хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Гэвч анхан шатны шүүх зөвхөн шүүгдэгч Б.Цэцэгмаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр ...шүүгдэгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн... гэсэн дүгнэлт хийж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Хэдийгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн зүйлийн 1-д ...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно...” гэж заасан боловч хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэдэг ойлголтод гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулах хугацаа, хэмжээний талаар хэргийн оролцогчид харилцан тохиролцсон, хохирол төлөх тодорхой хэмжээний хөрөнгийг байршуулсан байх зэрэг зарим нөхцөлүүдийг хангах шаардлагатай тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл, хохирогчийн давж заалдсан гомдол хууль зүйн үндэслэлтэй байна.

Түүнчлэн шүүгдэгч Б.Цэцэгмаа нь өөрийн хувьд санхүүгийн талаар хүнд нөхцөлд орсон бодит байдлыг нуух замаар бусдад төлөх төлбөр, эдийн засгийн боломж, түүний барьцаа үл хөдлөх хөрөнгийг чөлөөлөх хугацааны талаар хохирогч М.Дуламсүрэнг төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг нь барьцаалуулж “Бэрс финанс” ББСБ-аас 10.649.000 төгрөгийн зээл гаргуулан авч өөрийн зээлийг хааж, хохирогчийн эд хөрөнгийн эрхэнд үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул түүний өмгөөлөгчийн гаргасан  шүүгдэгчийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй, иргэний эрх зүйн харилцаа тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгохыг хүссэн тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Мөн Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 28 дугаартай магадлалаар зөвхөн “Бэрс Финанс” ББСБ-ын нэхэмжлэлтэй М.Дуламсүрэнд холбогдох зээлийн гэрээний үүрэгтэй холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд Б.Цэцэгмаа, М.Дуламсүрэн нарын хооронд үүссэн харилцааны талаар тодорхой эрх зүйн  дүгнэлт хийгээгүй байна.

Иймд  Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын прокурорын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 01 дугаартай эсэргүүцэл болон хохирогчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, Сэлэнгэ аймгийн Мандал сум  дахь сум дундын шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 39.7 дугаар зүйлийн 1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймгийн Мандал сум  дахь Сум дундын шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол Б.Цэцэгмаад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн  үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

.

 

                    ДАРГАЛАГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ

                       ШҮҮГЧИД                                    Г.ДАВААРЕНЧИН

                                                                                 Д.БУЯНЖАРГАЛ