Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2022/02025

 

 

 

  2022         05          02                                       101/ШШ2022/02025

        

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ххххххххх  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Ххххххххх  дүүрэг, хххх  хороо, ххххххх  гудамж,хх  тоотод оршин суух ххххххх  овгийн Э.Ө /000000000/-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ххххххххх  дүүрэг, хххххххороо, хххххххххх , УЗЗАГ ОНӨААТҮГ /0000000000/-т холбогдох,

Урьд эрхэлж байсан УЗЗАГ ОНӨААТҮГ-ын авто зогсоолын ажилтнаар эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд тооцуулан гаргуулах, энэ хугацаанд хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.Ө , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.М , нарийн бичгийн дарга Б.Г нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Ө  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байгууллага хуульд зааснаар 1 сарын өмнө ажлаас чөлөөлөх тухай мэдэгдээгүй, ажлаа хийгээд сууж байтал гэнэт н.  гэх зогсоол хариуцаж байсан залуу нэг хүн дагуулж орж ирээд тэр хүнд нь намайг ажлаа өг гэж хэлсэн. Ядаж 14 хоногийн өмнө хэлсэн бол өөр байх байсан, үүнд л гомдож байна. Өөр ажлын ч санал тавиагүй хэрнээ одоо зар тавиад байна. Би 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлээд шийдвэр гарах хүртэл хугацааны цалинг нэхэмжилж байна. Миний нэг гараа 68,000 төгрөг байдаг, нийт 2,100,000 төгрөгийг нэхэмжилж байна. Миний сарын цалин тогтмол 700,000 төгрөг, илүү цаг хийх юм бол үүнээс илүү авдаг. Мөн би гэрээт ажилтан биш үндсэн ажилтан гэв.

Хариуцагч УЗЗАГ ОНӨААТҮГ-ын төлөөлөгч Я.М  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Хариуцагч байгууллага нь 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 11 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар байгуулагдсан дүрмийн дагуу замын засварыг хариуцдаг. Нийслэлийн засаг даргаас бүтэц орон тоог А/885 захирамжаар баталсан. Газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн бүтэц, орон тоонд зогсоолын ажилтан, нүхэн гарцын ажилтны орон тоог байхгүй болгосон тул зогсоолын ажилтан, нүхэн гарцын ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Төлбөртэй зогсоолын хариуцагч байгууллага нь нийслэлийн замын хөгжлийн газар болсон. Манай байгууллага зогсоолуудыг гэрээний үндсэнд ажиллуулдаг байсан. Нийслэлийн замын хөгжлийн газар нь Хангарьд, драмын театрын зогсоолуудыг хэзээ авах нь тодорхой бус байсан бөгөөд 2020 оны 09 дүгээр сараас хойш хувьд гаргана гэж хэлж байсан тул зогсоолын болон нүхэн гарцын ажилтнуудад 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр мэдэгдэл өгч 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Түүнээс хойш 35 тоот хөлсөөр ажиллах гэрээг Иргэний хуулийн 359-368 заасны дагуу байгуулж, ажиллуулж байсан. Нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг 2022 оны 02 дугаар сарын 09-нийг хүртэл хийж, гэрээг 5 удаа сунгаж, түүнээр гарын үсэг зуруулж байсан. 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр зогсоолыг Нийслэлийн замын хөгжлийн газар хүлээн аваад Модны навч ХХК-д хүлээлгэж өгсөн. 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хөлсөөр ажиллах гэрээний 5.2.1-д зааснаар гэрээг дуусгавар болгосон. Ажлаас гарсан зогсоолын ажилтнууд ажилгүйдлийн тэтгэмжээ Нийгмийн даатгалын сангаас авах гэтэл тушаал хэрэгтэй гэсэн тул бид 10 ажилтанд 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргаж өгсөн. Уг нь хөлсөөр ажиллах гэрээ тул тушаал гаргах шаардлагагүй байсан. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлд “тушаал” гэж заасан байдаг. З.Ө тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр цуцалсан байтал 2022 оны 04 дүгээр сард гомдол гаргаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасныг зөрчиж байна. Хөлсөөр ажиллах гэрээг хавсаргаж өгсөн нь хөдөлмөрийн гэрээ байхгүй гэдгийг нотолно гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Ө , хариуцагч УЗЗАГОНӨААТҮГ-т холбогдуулан урьд эрхэлж байсан УЗЗАГОНӨААТҮГ-ын авто зогсоолын ажилтнаар эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд тооцуулан гаргуулах, энэ хугацаанд хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зохигчийн хооронд байгуулсан гэрээний хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж, тайлбар гаргажээ.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Зохигчийн хооронд 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд тус гэрээний харилцаа нь Хөдөлмөрийн тухай (1999 оны) хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар дуусгавар болжээ. Тус хөдөлмөрийн гэрээг талууд дуусгавар болгож, 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Хөлсөөр ажиллах гэрээг мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хугацаагаар байгуулжээ. Хөлсөөр ажиллах гэрээг талууд 7 удаа сунгасан байх ба хамгийн сүүлд 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаагаар сунгажээ.

Хариуцагчийн зүгээс хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгож 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Б/15 тоот тушаал гаргасан байна. Эдгээр үйл баримтаар талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна. Хариуцагчийн зүгээс хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болсныг илэрхийлж Б/15 тоот тушаал гаргасан, ажилтны ажилгүйдлийн тэтгэмж авахад хэрэгтэй байсан ба үүнийг нэхэмжлэгч ашигласан, энэ тушаал нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсныг илэрхийлээгүй гэх тайлбарыг бодитой, хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар хэргийн бусад баримттай нийцэж байна.

Мөн хариуцагчийн Б/15 тоот тушаал нь Иргэний хуулийн 368 дугаар зүйлийн 368.1-д заасны дагуу ажиллуулагч буюу хариуцагчаас ажиллагч буюу нэхэмжлэгчид гаргаж өгсөн тодорхойлолтын агуулгатай гэж үзэх үндэслэлтэй.

Ийнхүү талуудын хооронд тодорхой хугацаатай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1-д зааснаар зохицуулагдана. Иймд нэхэмжлэгчийн зүгээс урьд эрхэлж байсан авто зогсоолын ажилтнаар эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй бөгөөд хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дууссан, хариуцагч гэрээг сунгаагүй нь хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй. Хөлсөөр ажиллах гэрээний хувьд гэрээний хугацаа дуусгавар болсны дараа гэрээг сунгах, ажиллагчийг үргэлжлүүлэн ажиллуулах эсэх нь ажиллуулагчийн бүрэн эрх юм. Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний хугацааг дуусгавар болохоос өмнө гэрээг цуцалсан, өөр үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Нэхэмжлэгч эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах шаардлагыг гаргасан ба шүүх нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д зааснаар шаардсан энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 364 дүгээр зүйлийн 364.1-д заасныг баримтлан хариуцагч УЗЗАГ ОНӨААТҮГ-т холбогдох, урьд эрхэлж байсан УЗЗАГ ОНӨААТҮГ-ын авто зогсоолын ажилтнаар эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд тооцуулан гаргуулах, энэ хугацаанд хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч Э.Ө ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Э.ЭНЭБИШ