| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2022/00564/И |
| Дугаар | 101/ШШ2022/02031 |
| Огноо | 2022-05-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 101/ШШ2022/02031
2022 05 02 101/ШШ2022/02031
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ххххх дүүрэг, ххххх хороо, ххххх хороолол, хххххххх тоотод оршин суух хххх овгийн З.Ө /00000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ххххххххх дүүрэг, хххххххороо, ххххххх хотхон хххх дүгээр байр, хххххх тоотод оршин суух ххххххх овгийн Л.Б /00000000/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 11,255,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.Ө , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.С , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2011 онд хариуцагч надаас Криснагийн сүмд явдаг тул 3 ламыг Энэтхэгээс авч ирэх гэсэн юм гээд 7,500,000 төгрөг зээлүүлэхийг хүссэн. Би түүнд итгээд зээлүүлсэн. Учир нь тэрээр миний байрыг түрээсэлж байсан. Хариуцагчаас олон удаа гуйж, шаардаж байсан. Хариуцагч сүүлд 220,000 төгрөгийг төлсөн. Л.Б надаас хүүтэй зээлье гэсэн тул би 3 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлүүлсэн. 1 сарын хүү нь 225,000 төгрөг болж байгаа. Гэрээний 3-т зааснаар алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн хүүтэйгээр тохиролцсон. 3,750,000 төгрөг. Алдангийг 2011 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл тооцсон. Хариуцагчид би мөнгөний бололцоогүй болчихлоо гэж хэлэхэд надад 20,000 төгрөг шилжүүлсэн, дараа нь би түүнд би чамд 7,500,000 төгрөг шилжүүлсний улмаас чи ажлаа бүтээж лам нараа авч ирсэн тул юм бодно байгаа гэж хэлэхэд тэрээр 200,000 төгрөг шилжүүлсэн гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 75.2.1-д зааснаар хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа дууссан. 2011 оны зээлийн гэрээ нь нэхэмжлэлийн үндэслэл болдог. Гэтэл 11 жилийн дараа нэхэмжлэл гаргадаг. 20,000 төгрөг, 200,000 төгрөгийн асуудал нь өөр учиртай мөнгө. Үүнтэй холбоотой зарим тайлбарыг нэхэмжлэгч үнэн хэлж байна. Эхлээд эмний мөнгө хэрэгтэй байна гээд 20,000 төгрөг авсан, дараа нь Архангайд явж байхад машин эвдэрчихлээ гээд 150,000 төгрөг гуйхад нь хариуцагч 200,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Зээлийг хариуцагч 11 жилийн хугацаанд төлөөгүй байх боломжгүй. Интернет, мобайл банк тухайн үед хязгаарлагдмал байдаг тул мөнгө бэлнээр өгч, авдаг байсан. Нэхэмжлэл гаргах болсон шалтгаан нь тэдний хувийн харилцаа буюу цагдаагийн байгууллагаар шалгагдсан 100 хувийн бүрэн тавилгатай орон сууцны түрээсийн гэрээнээс болсон. Зарим өглөг, авлагаа хариуцагч тус орон сууцанд тооцоод нэхэмжлэгчээс мөнгө аваагүй үлдсэнээс өнөөдрийн дуусашгүй асуудал эхэлсэн юм гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.Ө , хариуцагч Л.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,255,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хариуцагч төлбөрийг төлсөн гэх тайлбарыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Зохигчийн хооронд 2011 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч тус гэрээний дагуу хариуцагчид 7,500,000 төгрөгийг хоёр сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр тохиролцжээ. Гэрээний дагуу зээлийг хариуцагч хүлээн авсан талаар маргаагүй бөгөөд зээлийг тухайн ондоо төлж дууссан, одоо тооцоогүй гэх тайлбарыг шүүхэд гаргажээ. Эндээс үзэхэд зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа 2011 онд үүссэн байна.
Нэхэмжлэгчээс гэрээний үүргийг шаардах эрхтэй болохоо, гэрээний үүрэг дуусгавар болоогүйг нотлохоор ХААН банкан дахь өөрийн 000000000 тоот дансны хуулгыг шүүхэд нотлох баримтаар гаргасан. Тус дансны хуулгад 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгчид 20,000 төгрөгийн орлогын гүйлгээ “Б-ээс” гэх, мөн 23-ны өдөр 200,000 төгрөгийн “хххххххх” гэх утгаар шилжүүлснийг дээрх гэрээний үүргийн дагуу хариуцагч шилжүүлсэн гэж тайлбарлажээ.
Хариуцагч тус 220,000 төгрөг нь нэхэмжлэгчид тусалж шилжүүлсэн, 2011 оны зээлийн гэрээний үүрэг 2011 онд дууссан учир зээлийн төлбөрт шилжүүлээгүй гэх тайлбарыг гаргаж татгалзжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй талаар, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж хуульчилжээ.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч З.Ө хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй болохоо, хариуцагч Л.Б зээлийг төлж дууссан, 2021 онд нэхэмжлэгчид шилжүүлсэн 220,000 төгрөг нь 2021 оны зээлийн гэрээний үүрэгт хамааралгүй болохоо талууд өөрсдөө шүүхийн өмнө нотлох үүрэгтэй болно.
Хэргийн оролцогчийн шаардлага, татгалзлаа нотолж шүүхэд гаргасан, хэрэгт нотлох баримтаар авагдсан бичгийн баримтууд, тайлбараас үзэхэд зохигчийн хооронд 2011 онд үүссэн зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхээ нэхэмжлэгч алдаагүй гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил бөгөөд мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т заасны дагуу хариуцагчаас 2021 оны 08 дугаар сарын 10, 23-ны өдрүүдэд төлсөн 220,000 төгрөгийг хариуцагч гэрээний үүргийн дагуу төлсөн гэж үзлээ.
Учир нь зохигчийн хооронд 2011 оны зээлийн гэрээний үүргээс өөр, мөнгөн төлбөрийн үүрэг үүсч тус үүргийн дагуу хариуцагч 220,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн болохоо хариуцагч шүүхэд нотлоогүй байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн гуйсны дагуу “тусламж” болгон шилжүүлсэн гэх тайлбараа хуульд заасан дээрх үүргийн дагуу хариуцагч нотлоогүй байна. Иймд нэхэмжлэгчийн гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7-д зааснаар 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн шинээр тоологдоно.
Хариуцагч гэрээний дагуу зээл 7,500,000 төгрөг, хүү 225,000 төгрөг, алданги 3,750,000 төгрөг, нийт 11,475,000 төгрөг төлөхөөс 220,000 төгрөг төлснийг хасч үлдэх 11,255,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Хариуцагч шүүхэд гаргасан “зээлийг 2011 онд төлж дууссан, 2021 онд шилжүүлсэн 220,000 төгрөг нь тусламж байсан” гэх татгалзлаа баримтаар нотлоогүй, нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.3-т зааснаар зээлийг буцаан төлөхийг шаардсан нь үндэслэлтэй.
Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар эрх, үүргээ шударгаар хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд гэрээний хугацаанд, гэрээний хугацаа дуусмагц шаардах эрхээ хэрэгжүүлээгүй нь хариуцагч илүү төлбөр төлөх нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэх учир Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар нэхэмжлэгчийн шаардсан алдангийг тал хувиар бууруулан 1,875,000 төгрөгөөр тооцох нь зүйтэй.
Иймд хариуцагч Л.Б ээс зээл 7,500,000 төгрөг, алданги 1,875,000 төгрөг, хүү 5,000 төгрөг, нийт 9,380,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Ө д олгож, нэхэмжлэлээс 1,875,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.8-д заасныг баримтлан хариуцагч ххххххххх овгийн Л.Б /0000000/-ээс 9,380,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ххххх овгийн З.Ө/00000000/-д олгож, нэхэмжлэлээс 1,875,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 195,030 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Л.Б ээс 165,030 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Ө д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ