Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 182

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 166/2017/0197/Э/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Дөлгөөн,
Улсын яллагч О.Доржмаа,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Баярмаа,
Шүүгдэгч ***, ***, ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан гэмт хэрэгт ***, мөн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-т заасан гэмт хэрэгт ***, *** нарт тус тус холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201709000284 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 
1. Монгол улсын иргэн, *** өдөр Дархан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, *** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 ээж аавын хамт амьдардаг, *** тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, Урьд: 
Сум дундын 7 дугаар шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 1 жил тэнсэж, хянан харгалзах ял шийтгэгдэж байсан, ***, Регистрийн дугаар ***,

2. Монгол улсын иргэн, *** өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, *** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй ам бүл 4, эхнэр хоёр хүүхдийн хамт, *** тоотод оршин суудаг, ***, Регистрийн дугаар ***,

3. Монгол улсын иргэн, *** өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 35 настай, дээд боловсролтой, *** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт *** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, *** Регистрийн дугаар ***,
Холбогдсон хэргийн талаар: 
Шүүгдэгч *** нь 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн *** тоот ***гийн гэрт архидан согтуурсан үедээ ***ын 585.000 төгрөгийн үнэтэй самсунг жи-7 маркийн гар утсыг хулгайлсан, шүүгдэгч ***, *** нар нь тус гар утсыг *** хулсгайлсныг мэдсээр байж борлуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 4 дугаар сарын 30-ны өдөр архи ууж байгаад ***ын утсыг хулгайлсан үйлдэлдээ гэмшиж байгаа” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч ***гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 4 сарын 30-ны өдөр манай найз *** хотоос Дарханд надтай уулзах гэж ирсэн. Манайд шөнөжингөө архи уусан. Гэтэл *** утас алга болчихлоо гээд манайхаас утсаа хайсан боловч явж байтал *** “би утсыг нь авчихсан юм” гэсэн. Тэгээд *** бирж дээр аваачиж зараад зарсан мөнгөөрөө бид 3 архи уусан юм” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 4 сарын 30-ны өдөр найз *** намайг дуудсан. Урьд шөнийнх нь үлдсэн архины үлдэгдлээс уусан. Урьд шөнө нь зөндөө уучихсан байсан болохоор түүндээ мансуураад орж гараад байсан. Бид гарч яваад дахиад архи уух уу гэхээр нь мансуурсан байсан болохоор тэгье гээд уусан. Буруу үйлдэл хийсэндээ харамсаж байна дахин ийм үйлдэл гаргахгүй” гэх мэдүүлэг,
Хохирогч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “2017.04.30-ны орой би Улаанбаатар хотоос найз ***, түүний эхнэр, миний найз охин *** бид дөрөв Дарханд ирсэн. Би найз ***д Дархан ирчихсэн байна гээд хэлсэн чинь миний найз ***, найз *** дагуулаад ирсэн. Тэгээд орой 21 цагийн үед бид хэд урд уулан дээр гарч нэг шил архи уусан. *** хуучин хороололд буулгачихаад ***гийнд очсон. Тэнд нэг том архи хувааж уучихаад би унтаад өгсөн. Өглөө босоод ирсэн чинь ***гийн хоёр найз ***, *** нар ирчихсэн архи уугаад сууж байсан. Тэгээд хамт ууя гээд байхаар нь би очоод 2 удаа архинаас нь уусан. Утсаа гаргаж ирээд тэр гуравт утсан дээрх зургаа үзүүлж байгаад ширээн дээр нь тавьчихаад цаад өрөөнд орж найз охиноо сэрээсэн. Буцаж гарч ирээд ***д найз нь одоо явлаа гэж хэлээд утсаа авах гэтэл миний утас байхгүй байсан. ***гаас утсаа авъя гэсэн *** согтуу би аваагүй гээд уурлахаар нь би ***д уур хүрээд бид хоёр хэрэлдээд та гурваас гарцаагүй гэсэн чинь *** би юу гэж багын найзынхаа утсыг авах юм бэ гээд байсан. Би тухайн үед уур хүрээд байсан болохоор шууд найз охиноо авч гараад цагдаад мэдэгдсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 14/,
Гэрч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өглөө ажил дээр нэг танихгүй залуу согтуу ирчихээд ж-7 утас 120.000 төгрөгт л авчих найз нар ирчихээд надад мөнгө хэрэг болоод байна гэхээр нь итгээд авчихсан. Хулгайн утас гэж мэдээгүй. ...***оос 120.000 төгрөгөө хүлээн авсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,
***аас жи-7 маркийн хар өнгийн гар утас хураан авсан тэмдэглэл /хх-ийн 6/, хохирогч ***д эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 7/, эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21-22/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55, 56, 68, 83/ болон хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч *** нь 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр *** тоот ***гийн гэрт архи ууж байхдаа ***ын 585.000 төгрөгийн үнэтэй самсунг жи-7 маркийн гар утсыг хулгайлж, зарж борлуулсан, шүүгдэгч ***, *** нар нь уг гар утсыг *** хулсгайлсныг мэдсээр байж зарж борлуулсан үйлдэл нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, эд зүйл хураан авсан болон хүлээн өгсөн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.
Иймд шүүгдэгч ***, *** нарын гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг борлуулсан үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцогдохгүй болсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан үндэслэлээр аймгийн Прокурорын газраас ***, *** нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Түүнчлэн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан гэмт хэрэгт оногдуулах ялаас хүндэрсэн байгаа боловч буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж байгаа илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл агуулгад орсон өөрчлөлт, хүний эрх зүйн байдлыг ямар нэг хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн бусад зохицуулалтууд мөн адил багтдаг.
Иймд 2015 оны Эрүүгийн хуулийн бусад зохицуулалтууд нь шүүгдэгч ***ийг эрх зүйн байдлыг дээрдүүлж байна гэж үзэж ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч *** нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ***т оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар аймгийн аймгийн Прокурорын газраас *** ***, *** *** нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
2. Шүүгдэгч *** ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
4. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар ***т тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.
5. Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг ***т мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч ***, *** нарт авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол ***т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ИХТАМИР