Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2021/ДШМ/16

 

Т.*******д холбогдох

                                                         эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                         Даргалагч, ерөнхий шүүгч                    Д.Буянжаргал

                         Шүүгчид                                                 Б.Эрдэнэхишиг                                 

                                                                                        Г.Давааренчин

                               

                            Оролцогчид

                          Прокурор                                              Т.Дэлгэрсайхан /цахим/

                            Шүүгдэгчийн өмгөөлөгч                       Д.Даваахүү, Э.Ганбат,         

                                                                                        П.Буманзаяа /цахим/

                            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч   Т.Нарангарав /цахим/

                            Хохирогчийн өмгөөлөгч                       П.Батжаргал /цахим/

                              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нарыг оролцуулж, Сэлэнгэ аймгийн ******* дахь сум дундын шүүхийн  2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЗ/18 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн ******* сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2033000000057 дугаартай, 3 хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн   илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, бага эмч мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* 3 дугаар баг, 3-38 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай ******* овогт *******гийн ******* /РД:МФ89030801/

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Т.******* нь 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 3-38 тоотод байрлах гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нөхөр Т.*******тай хувийн таарамжгүй харьцаа буюу эр, эмийн хардалтын улмаас маргалдан түүний эгэмний доод хэсэгт санаатай хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх Т.*******д холбогдох хэргийг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЗ/18  дугаартай шүүгчийн захирамжаар:

“1. Яллагдагч Т.*******д холбогдох 2033000000057 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцаасугай.

2. Хэргийг прокурор очтол яллагдагч Т.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй...” гэж, дээрх шийдвэрийг эс зөвшөөрвөл эрх бүхий этгээд ажлын 5 хоногт багтаан давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: ...Шүүх хэргийг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэн шинжээчийн дүгнэлтэд шархны байрлал, үүсгэсэн зүйлийн чиглэл, гарын болон хутганы урт, хүний гарын хөдөлгөөнийг тооцоолж үзсэн байдал зэрэг шинжилгээний аргачлал, явц зэргийг шинжээчийн дүгнэлт болон мэдүүлэгт огт тусгаагүй хэт ерөнхий байдлаар дүгнэлтийг гаргасан гэж үзэж хэргийн прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Шүүх хэргийг үндэслэлгүйгээр нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж шийдвэрлэжээ. Үүнд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.5, 35.6, 35.8, 35.21 дүгээр зүйлд заахдаа шүүх хуралдаанд шинжээчийг оролцуулах, шинжээчийн дүгнэлтийг шинжпэн судлах, шүүх хуралдааны үед шинжээчид асуулт тавих эрхийг хуульчилсан байхад шүүхээс шинжээч Т.Насанжаргалын гаргасан дүгнэлттэй холбоотой тодруулан мэдүүлэг авах ажиллагаануудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа” гэж үзэн хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Прокуророос яллах дүгнэлтийн хавсралтанд шүүх хуралдаанд шинжээч С.Насанжаргалыг оролцуулах талаар хүсэлтийг гаргасан бөгөөд энэ хүсэлтийн хүрээнд анхан шатны шүүх шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжээчийг оролцуулж, түүнээс дүгнэлттэй холбоотой асуудлаар тодруулж мэдүүлэг авах боломжтой байсан бөгөөд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй асуудал биш юм. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан бөгөөд захирамжинд “шинжээчийн дүгнэлт хэт ерөнхий байдлаар бичигдсэн байна” гэж тодорхойлсон нь ямар мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийн прокурорт буцаасан болох нь ойлгомжгүй, тодорхойгүй байдлаар бичигдсэн байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, бүрэн биш, эсхүл шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд нэмэлт, харин шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол дахин шинжилгээ хийлгэхээр хуульчилсан бөгөөд шүүгчийн захирамжинд шинжээч Т.Насанжаргалын гаргасан дүгнэлтийг хэтэрхий ерөнхий байдлаар гаргасан гэж дүгнэсэн нь шүүгч хэрэгт дахин шинжилгээ эсхүл нэмэлт шинжилгээ хийлгэхээр заасан эсэх нь тодорхойгүй байдалтай байна. Нөгөөтэйгүүр захирамжинд шархны байрлал, үүсгэсэн зүгийн чиглэл, гарын болон хутганы урт, хүний гарын хөдөлгөөний тооцоолж үзсэн байдал зэрэг шинжилгээний аргачилал, явц зэргийг шинжээчийн дүгнэлт болон мэдүүлэгт тусгаагүй гэжээ.

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 87 дугаартай шинжээчийн дүгнэлтийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний явц хэсэгт “...зүүн эгэмний доод хэсэгт 5x2.3 см цээжний хөндий рүү 11 см нэвтэрсэн шархтай..." гэж тэмдэглэсэн нь шарх цогцосны хаана ямар байрлалд байрласан, чиглэл зэргийг тусгасан байна. Шинжээчийн дүгнэлт нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаартай тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Цогцост шинжилгээ хийх журам”-ыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй. Мөн шинжээчийн дүгнэлтийг бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэлт хийх боломжтой бөгөөд шүүгчийн захирамжинд заагдсан шархны байрлал, үүсгэсэн зүгийн чиглэлийг хавтаст хэргийн 15-18 хуудсанд авагдсан цогцост үзлэг хийсэн тэмдэглэлд “...Цогцосны зүүн мөрийн эгэмийн орчимд 1 см урттай босоо байрлалтай 2 см ангайсан шархтай...” гэж заасан, гэрэл зургийн үзүүлэлтүүдэд шархны байрлал тодорхой зэргээс харахад шинжээчийн дүгнэлтэд заасан тухайн гэмтлийг өөрөө өөртөө учруулах боломжгүй нөхцөл байдал харагдаж байна.

Шинжээчийн дүгнэлт нь талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоосон нотлох баримт болохыг хувьд хүний амь нас хохирсон хэрэгт шүүхийн шийдвэрийн үндэслэл болох учиртай. Яллагдагч болон түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нараас талийгаач Т.******* нь зүүн эгэмний доод хэсэгт цээжний хөндий рүү нэвтэрч зүүн уушигны дээд дэлбэнг хатгасан шарх, хурц цус алдалтын улмаас нас барсан байдлыг үндэслэлгүй гэж үзэн мэтгэлцдэггүй бөгөөд харин талийгаачид учирсан гэмтлийг өөрөө өөртөө учруулсан эсэх талаар мэтгэлцдэг. Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь үнэлэхэд талийгаач Т.Алтанбаганын биед учирсан зүүн эгэмний доод хэсэгт цээжний хөндий рүү нэвтэрч зүүн уушигны дээд дэлбэнг хатгасан шархыг өөрөө өөрөө учруулах боломжгүй, уг гэмтлийг яллагдагч Т.******* учруулсан нөхцөл байдлууд буюу хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд авагдсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд зааснаар шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь үнэлж хэргийг хянан хэлэлцэх боломжтой гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр хэрэв шүүх хэрэгт дахин шинжилгээ хийлгэх үндэслэлтэй гэж үзсэн бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн “ ...Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана...” гэх заалтын дагуу шинжээч томилж дүгнэлт гаргуулах бүрэн боломжтой байсан байна. Иймд Т.*******д холбогдох хэргийг прокурорт буцаасан Сэлэнгэ аймгийн ******* сум дахь Сум дундын щуүхийн 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЗ/18 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн ба давж заалдах шатны шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцов.

 

Шүүгдэгччийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: ...Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дах хэсэгт заасан шүүх, прокурор, мөрдөгч нь энэ хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалтай эсэхийг бүхэлд нь үнэлнэ гэсэн заалтыг ноцтой зөрчиж уг гэмт хэргийг хэн үйлдсэн нь хөдөлбөргүйгээр нотлон тогтоогдоогүй, эргэлзээтэй байхад дан ганц шинжээч эмчийн дүгнэлтэнд тулгуурлан яллагдагч Т.*******г нөхрийнхээ амь насыг хохироосон гэж дүгнэж яллах дүгнэлт үйлдсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Т.*******д холбогдох хэргийн материалтай танилцахад бусдыг санаатай алсан гэж үзэх нөхцөл байдал, субьектив санаа зорилго нь тогтоогдоогүй өөрөөр хэлбэл тухайн гэмт хэргийг хэн үйлдсэн нь эргэлзээгүй, хөдөлбөргүй, хангалттай нотлох баримтаар нотлон тогтоогдоогүй байгаа тул таамаглалд үндэслэн бусдыг хүнд хэрэгт яллах үндэслэлгүй гэж үзэж дор дурьдсан ажиллагааг хийх зайлшгүй шардлагатай гэж үзэж байна. Үүнд:

1. Шүүх эмнэлэгийн шинжээчийн дүгнэлтийн талаар: Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Насанжаргал нь хохирогч Т.Аптанбаганын цогцост задлан шинжилгээ хийж хохирогчийн биед учирсан гэмтэл, үхлийн шалтгааныг тодруулж дүгнэлт гаргахдаа уг гэмтлийг хохирогч өөрөө өөртөө учруулах боломжгүй гэж хийсвэрээр дүгнэсэн байдаг бөгөөд үүнийгээ шинжпэх ухааны үндэслэлтэйгээр ямарч эргэлзээгүйгээр тайлбарлаж чадаагүй байдаг. Шинжээч эмч дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний хуулийн 4 дүгээр зүйлд заасан хараат бус байх, шинжилгээг тал бүрээс нь бүрэн, бодитой, шинжпэх ухааны үндэслэлтэй хийх зарчмыг зөрчсөн байна. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт заасан шинжилгээг тусгай мэдлэг, мэргэжпийн хүрээнд тал бүрээс нь бодитой хийх, 14.1.2 дах хэсэгт заасан шинжлэн ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргах, 14.1.7 дахь хэсэгт заасан хараат бус байж гагцхүү хуульд захирагдах зэрэг үүргээ зөрчсөн гэж үзэж гомдолтой байна.

Тодруулбал шинжээчийн дүгнэлтэнд хутганы мөр хэддүгээр хавирганы дундуур ямар хэмжээний ташуу, налуу, хэдэн градусын өнцөг үүсгэн нэвтэрсэн, мөн биеийн гадна зөөлөн эд рүү нэвтэрсэн чиглэл болон уушигны оройн хэсэгт уушиг руу хатгагдаж нэвтэрсэн байдлыг хутганы нэвтэрсэн ажлын хэсгийн урттай болон чиглэлтэй холбогдуулан хазайлт буюу налууг тооцож аргаагүй байж хийсвэрээр зүүн эгэмний орчимд гаднаасаа дотогш чиглэсэн байдлаар хүн өөрөө өөрийгээ хутгалах боломжгүй гэж дүгнэсэн нь /мөрдөгч, прокурор нар нь анхнаасаа ийм дүгнэлттэй байсан/ шинжилгээг нарийвчлалтай, шинжпэх ухаанчаар хийж дүгнээгүй, хараат бус байж чадаагүй, хэтэрхий хайнга хандсан гэж үзэх үндэслэл болж байна.

 Түүнчлэн шинжээч нь хутганы ир дээшээ, доошоо ямар байдалтай харсан талаар тодорхойлоогүй байна, дээшээ харсан байсан бол хутганы ир цаашаа яаж нэвтэрсэн бэ? доошоо харсан бол ямар байдлаар хутгалагдах юм, ямар үндэслэлээр хүн өөрөө өөрийгээ хутгалах тохиолдолд ар нуруу руугаа чиглэсэн байдаг гэж мэдүүлээд байгаа юм бэ гэдгээ ч шинжээч өөрөө тайлбарлаж чадахгүй байна. Ямар байдлаар яаж дүгнээд хүний гарын уртаас хамаарч өөрөө өөрийгээ хутгалах боломжгүй гэж тайлбарлаад байгаа юм, ямар утгаар өөрийнхээ зүүн эгэмний орчимд хүрэх боломжгүй гэж дүгнээд байгаа нь ойлгомжгүй байна.

Ийм учраас шинжээчийн дүгнэлт нь үнэн зөв гэж үзэх боломжгүй эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгожээ. Мөн архи уугаагүй эрүүл байсан гэрч Ганбаатарын мэдүүлгзэр хутга шалан дээр хохирогчийн зүүн хөлний орчимд байсан гэдэг. Тэгэхээр хутганы мөр, чиглэл, орсон гарсан чиглэлийн талаар хийсэн дүгнэлт байхгүй байдаг. Уг хутга энгийн, ахуйн зориулалттай хутга байсан ба ямар нэгэн ховил, хонхорхойгүй, нүхгүй хутга /ангийн зориулалтын буюу финский нож гэж нэрлэгддэг хутга бус/ байгаа тул хутгалагдах үед хутга нь зөөлөн эдэд ороод хөхөгдөж зуурамтгай байдал үүсэх учир эргэж унах юм уу гарахдаа заавал шархны хэмжээ хэлбэрт нөлөөлнө. Энэ талаар дүгнэлтэнд огт дурьдагдаагүй байдаг. Хутганы ажпын хэсгийн урт, хохирогчийн нас, биеийн байдал, гарын хүч, архи ууж оогтуурсан байдал, түүний ажил мэргэжпийн онцлог, ялангуяа цахилгааны багаж хэрэгсэл ашиглан гарын хөдөлгөөнөөр чангалах, суллах ажил, цахилгааны шон, шугам татах, анкерт цахилгааны утсыг залгах, салгах, солих зэрэг биеийн хүчний ажил хийдэг монтёрын хувьд хутгатай төстэй отвертка, кусочка, бахь зэрэг багажаар байнга ажил хийдэг, эдгээр багажыг ихэвчлэн өөрийн толгойноос дээш зайд хийдэг дадал тогтсон байдал нь рефлексээрээ хутгаа дээш өргөж өөрөө еөрийгээ хутгалах магадалтай юм. Түүний ажлын онцлогтой холбоотой энэ байдал нь магадгүй өөрөө өөрийнхээ эгэмний орчимд хутгалж, цээжний хөндий рүү нэвтэрсэн гэмтлийг өөртөө учруулсан байхыг ч үгүйсгэхгүй юм. Хохирогчийн биед үүссэн гэмтэл нь эгэмний доор босоо байдалтай үүссэн байгаа нь зөвхөн өөр хүн дээрээс нь хатгахад үүснэ гэж дүгнэхэд учир дутагдалтай, хүн өөрөө өөртөө учруулах бүрэн боломжтой юм. Энэ нь хутгаа ямар байдлаар барьсанаас л шалтгаалах бөгөөд хутга барьсан гарынхаа эсрэг талын эгэм, цээж хэвлүү зэрэг орчимд чөлөөтэй хүрч хатгах, хутгалах боломжтой юм. Гэтэл улсын яллагч шинжээчийн эргэлзээтэй, бодит үнэнд нийцэхгүй энэ дүгнэлтийг шүүх хуралдаан дээр шинжээчээр тайлбарлуулахад л хангалттай гэж үзээд байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Түүнчлэн хохирогчийн дотор эрхтэнээс авсан эд, эсийн шинжилгээгээр тархинд цусны бичил эргэлтийн зогшингошил, цус багадалт.судас тойрсон хаван.уушгинд цус багадалт, дистелектиз, бронхиол, артерын судасны авчилт, зүрхний цус багадалт, булчингийн ширхэгийн фибриляци, завсрын голомтот сорвижил, артеросклероз, элгэнд цус багадалт, дэлүүнд цус багадалт бөөрөнд венийн цус дүүрэлт, нойр булчирхайд голомтот үхжил үүссэн гэсэн байгаа тул хохирогчийн биед артерын буюу тараагуур судас венийн буюу хураагуур судасны аль нэгнийх нь гэмтэл үүссэн байх магадалтай байгаа боловч энэ талаар дүгнэлтэнд огт тусгагдаагүй байдаг. Шинжээч эмч нь дүгнэлтийг гаргахдаа өөрт төрсөн бодол, энгийн тойм субьектив мэдрэмжид тулгуурлах бус шинжпэх ухаанч, онол аргачлалын үр дүнд нарийвчлалтай тогтоож бодит байдлыг үнэлж, бусдын нөлөөнд автахгүйгээр түүндээ үндэслэн тал бүрээс нь дүгнэлт хийх үүргээ зөрчсөн гэж үзэж байна. Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2014 оны 215/ 421 дугаар тушаарлаар баталсан Шүүх эмнэлэгийн шинжилгээ хийх журмын 2-р зүйлийн 2.2.1 дах хэсэгт онц хүнд хэрэг болон маргаантай тохиолдолд шинжилгээг бүрэлдэхүүнтэй хийнэ тогтоож өгсөн байна. Гэтэл прокурор шинжээчийн дүгнэлтийг дахин бүрэлдэхүүнтэйгээр гаргуулах өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авсан шүүгчийн захирамжид эсэргүүцэл бичсэн нь үндэслэлгүй бөгөөд харин шүүгчийн хэргийг бүх талаас нь бүрэн шинжпэн судалж бодит байдлыг тогтоох эрхэд халдсан, хэтэрхий нэг талыг барьсан өөрийн яллах дүгнэлтийг тулгасан, мэтгэлзэх зарчмыг үгүйсгэсэн гэж үзэж гомдолтой байна.

2.Хэргийн газрын үзлэгийг дутуу хийсэн, хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоогоогүй талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд: Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч прокурор хуульд заасан бүх л арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж заасныг үндэслэн Алтанбаганын амь нас хохирсон гэмт хэргийг хэн үйлдсэнийг болон, гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив талыг зөв тогтоож яллах цагаатгах нотлох баримтуудыг тэнцүү шалган тогтоох шаардлагатай юм.

Яллагдагчийн биед үзлэг хийсэн тэмдэглэлд тусгагдсанаар хохирогч нь яллагдагчийг хувцасны захаар нь эсхүл ямар нэг нарийн зүйлээр хоолойг нь боосон байх магадлалтай байна. Гэтэл шинжээч эмч нь *******гийн биед учирсан гэмтэлгүй гэж 341 дугаартай дүгнэлтэндээ /хх33-р талд / тусгасан байдаг бөгөөд шинжээчээс мэдүүлэг авах шаардлагатай гэж шүүгч дүгнэсэн нь үндэслэлтэй юм. Үүнээс гадна хүний хоолойд ийм хэмжээний улаан ором үүсэн тохиолдолд хоолой шахагдаж боолтонд орох боломжтой эсэх, боолт орсон тохиолдолд хүний биед ямар өөрчлөлт гарах, амьсгал бачуурах байдал үүсэх эсэх, ямар хугацаанд амьсгал бачуурах энэ үед орчинтойгоо харьцах боломжтой эсэх зэрэг байдлыг шалган тогтоох зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Хавтаст хэрэгт хэргийн газрын үзлэгийн явцад фото зургаар бэхжүүлсэн нотлох баримт авагдсан байдаг ба 36, 37-р зурагт дээрээс урссан, цацарсан байдалтай цусны мөр гарсан хувцасны шкафын зураг авагдсан байна. Гэтэл энэ байдлыг хэргийн газрын үзлэгт тодорхой тусгаагүй цус шалнаас хэдэн метрээс эхэлж урссан талаар хэмжээгүй байгаа нь хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг шалгаагүй орхигдуулсан гэж үзэх үндэслэл болж байна. Хохирогчийг хэвтээ байдалтай байсан гээд А цэгийг авсан байдаг. Гэтэл А цэг нь шкаф дээр байгаа урссан цусны эхлэл байх магадлал харьцангуй өндөр байна. Хохирогч зогсож байхдаа хутгалагдаж цус шкаф дээр үсэрсэн байдлаар тусаж доош урссан дараа нь шкафыг налж унах үед цацарсан байдалтай үүссэн байна гэж үзэж байна. Энэ нь хэрэгт чухал ач холбогдолтой нотлох баримт юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33,3 дугаар зүйлийн 1дэх хэсгийн 1.2-т заасныг үндэслэн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж үзэж байгаа тул дор дурьдсан ажиллагааг хийлгэх санал гаргаж буйг хүлээн авч захирамжид нэмж оруулж, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх саналтай байгааг хүлээн авна уу.

1.Шүүх эмнэлэгийн шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтийг дахин гаргуулах, /шаардлагатай гэж үзвэл шинжээчийн дүгнэлт гаргах бүрэлдэхүүнд криминалистикийн шинжээчийг оролцуулах/

2.Хэргийн газрын үзлэгт дутуу хийгдсэн байгаа тул хэрэг гарсан байшингийн коридорт байгаа хувцасны өлгүүрт дээрээс урссан чиглэлтэй цус шалнаас дээш ямар түвшнээс эхэлж урссан байгааг сэргээн тогтоох / зураг 36,37/ Энэ нь хохирогч зогсож байхдаа эсхүл доош тонгойсон, суусан үедээ гэмтэл авсан байдлыг тоггооход чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Үүнийг ханын обойны хээгээр тооцож хэмжээг гаргах боломжтой

3.Т.*******гийн хоолойд боолтын улаан ором гарсан байгаа тул боолтонд орсон эсэхийг тогтоох зорилгоор түүний нүд нь улайсан байсан эсэх талаар үзлэг хийсэн эмч, цагдаагийн ажилтан нараас тодруулж мэдүүлэг авахуулах,

4.Хоолойг боогдсон тохиолдолд үүсэх нөхцөл байдлын талаар шинжээчээс тодруулах зэрэг ажиллагааг хийлгэх саналтай байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийг үндэслэн прокуорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж байгаа учир шүүгдэгчийн үйлдлээр хохирогчийн биед гэмтэл учирсан гэдэг өөр нотлох баримт огт байхгүй. Шинжээч эмч тухайн мөрдөгчийн адилаар хэрэгтнийг олоход чиглэсэн байр суурьнаас асуудалд хандаж дүгнэлт гаргасан болох нь өөрийнх нь мэдүүлэг, дүгнэлтээс тодорхой харагдана. Учирсан гэмтлийн хувьд ийм, үхлийн шалтгаан дотуур цус алдалт гэдэгт маргаан байхгүй. Гэтэл шинжлэх ухааны талаас шинжээч эмчийн мэдүүлэгт тухайлбал “гарын урт, шархны хэмжээ, чиглэл зэргээс үзэхэд өөртөө учруулах боломжгүй” гэсэн өгүүлбэр байна. Тэгвэл сая хэлсэн зүйлсэд үндэслэн өөртөө учрлууах боломжгүй юм чинь хажуудах хүн нь байж таарна гэсэн маягтай яллах дүгнэлт бичигдсэн байдаг. Тэгэхээр шүүх эмнэлгийн шинжилгээ хийх гол хууль нь Шүүх шинжилгээний тухай хууль байна. Тус хуулийн 14 дүгээр зүйлд шинжээчийн үүргийг зааж өгсөн. Шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан байхыг шаарддаг. Гэтэл энэ хэргийн шинжээчийн дүгнэлт нь үндэслэлгүй байна. Шүүх эмнэлгийн шинжээч хүний биед учирсан гэмтлийн өөртөө учруулах боломжтой эсэхийг аль болох тогтоохыг зорилго болгосон асуулт тавигддаг. Ямар ч нөхцөлд энэ зүйлийг 100 хувь ялгаж салгах боломжгүй гэмтлүүд зөндөө бий. Энэ хэргийн хувьд хохирогчийн гэмтэл нь зүүн эгэмний доор нэг л шарх байгаа. Бид өөрсдөө дүрслээд үзвэл зүүн эгмэнд бидний аль ч гар хүрнэ. Гэтэл яагаад шинжээч эмч “боломжгүй” гэж шинжлэх ухааны үндэслэлгүй, мөрдөн байцаалтын ажиллагаанд чиглэсэн тайлбар өгч байна вэ? Анхан шатны шүүх үүнийг олж харсан байна. Мөн шархны гүнийг гүн байвал өөр хүн, өнгөц байвал өөрөө гэх ойлголт байхгүй. Энэ зүйл нь хутгаы хэмжээ, хэлбэр, тухайн хүний гарын хүч зэргээр тогтоогддог. Шинжээч эмчийн 11 см гэсэн хэмжээг гаргасан байдал нь буруу  гэж үзэж байна. Учир нь нас барсан цогцосыг дээшээ харуулж хэвтүүлээд нарийн төмөрыг оруулж үзэхэд нэгэнт цус алдсан шалчийсан уушиг цаашаа унасан байна. Бидний уушиг бол хавирганы дөнгөж цаахан талд амьсгалахад цээжинд тулсан байрлалтай байдаг. Тиймээс гүнзгий, хүчтэй гэж  дүгнэсэн нь буруу байна. Хэрвээ 11 см хутгалсан уушгийг нэвт сүлбэж, магадгүй нуруу хүртэлх зай юм. Тэгэхээр энэ нөхцөл байдал нь туршлага дутсан эсхүл алдаатай тоон үзүүлэлт гарган дүгнэлт хийсэн байна. Миний хувьд туршилт хийх ёстой. Эд мөрийн баримтаар хурааж авсан хутгыг хохирогчийн өндөр, биеийн жинтэй ойролцоо хүнээр эгмэнд хүрч байгаа эсэхийг л шалгаж үзэх юм. Энэ энгийн зүйлээр л шинжээчийн дүгнэлт няцаагдаж болно. Энэ ажиллагааг шүүхээр нөхөн гүйцэтгэх боломжгүй юм. Прокурор яллах дүгнэлтдээ өөр хүн хутгалсан болохыг тогтоосон гэж ярьж байна. Тэгвэл шинжээчийн дүгнэлтээс бусад нотлох баримт нь аль вэ? Мөн хохирогч гэр бүлийн гадуурх харилцаанд эмзэглэж, сэтгэл зүйн эвгүй байдалд орж, согтуурсан байсан хүн ёс суртахууны алдаа гаргасандаа гэмшиж ийм үйлдэл хийхэд нөлөөлсөн байх боломжтой. Энэ талаар ч нотлох баримт хавтаст хэрэгт хангалттай байдаг. Иймд хэргийг прокурорт буцааж байгаа дээр туршилтын ажиллагааг давхар явуулах хүсэлтэй байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ үү. Анхан шатны шүүхийн хувьд дан ганц шинжээчийн дүгнэлтээс болж хэргийг буцаасан асуудал биш юм. Мөн шүүгдэгчийн хувийн байдал, эрүүл мэндийн байдлыг харгалзаж таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх саналыг тавьж байгаад өмгөөлөгчийн зүгээс шүүх шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын гаргасан эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүх хэргийг прокурорт буцааж дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах уу? эсхүл давтан шинжээчийн дүгнэлт гаргуулах эсэх нь эргэлзээтэй байна. Шинжээчийн дүгнэлт нь ямар үндэслэлээр буцаасан зэрэг нь үндэслэлгүй байна. Энэ хэргийн нөхцөл байдлаас харахад 13 см ажлын хэсэгтэй хутга хураагдсан. Үүнээс 11 см талийгаачийн биед шарх үүсгэсэн байдаг. Энэ нь шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний нарийвчлан дүгнэлтээр тогтоогдсон асуудал. 11 см биед нь орсон хутганы 3 см нь уушгины эд эс рүү нэвтэрч шарх үүсгэхдээ шинжээчийн дүгнэлтэд тодорхой бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл зүүн уушгины дээд дэлбэнгийн орой хэсэгт 0.8х0.2 см шархтай гэсэн. Энэ нь орой хэсгээс орсон доошоо чиглэлтэй гэдэг нь тодорхой харагдана. Үүний дараа шинжээч эмч өгсөн мэдүүлэгтээ “хүний гарын урт, хутганы ажлын хэсэг, үйлчилж байгаа зайд тухайн талийгаач гэмтлийг өөртөө учруулах боломжгүй” гэдгийг маш тодорхой хэлсэн байдаг. Тэгэхээр шинжээчийн дүгнэлтэд эргэлзээтэй эсхүл дутуу зүйл тогтоогдохгүй байна. Тиймээс уг хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг анхан шатны шүүх хуралдаанд хэлэлцүүлэх боломжтой байсан тул хэргийг прокурорт буцаалгахгүй гэсэн прокурорын эсэргүүцлийг хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс дэмжиж оролцож байна гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газраас Т.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд Т.*******д холбогдох 2033000000057 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт буцтал түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

 

Прокурорын давж заалдсан эсэргүүцлийн дагуу Т.*******д холбогдох эрүүгийн 2033000000057 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь  хянавал:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Прокуророос яллагдагч Т.*******г хувийн таарамжгүй харилцааны улмаас өөрийн нөхөр Т.Алтанбаганын амь насыг санаатай хохироосон гэх гэмт хэрэгт холбогдуулан хэргийг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэхдээ   Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 341 дугаартай дүгнэлт, түүний өгсөн мэдүүлгийг нотлох баримтын үндэслэл болгон дурьджээ.

Шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагч түүний өмгөөлөгч нар давтан шинжилгээ хийлгэх тухай хүсэлтийг удаа дараа гаргаж байсан боловч шинжилгээ хийлгэх шаардлагагүй шинжээчээс гаргасан дүгнэлттэй нь холбогдуулан мэдүүлэг авч тодруулсан  гэдэг үндэслэлээр  хүсэлтийг нь хангаагүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд мөрдөгч шинжээчээс мэдүүлэг авахдаа ...хохирогч өөртөө гэмтэл учруулах боломжтой эсэх... талаар асуулт тавихад шинжээч нь тухайн асуултад... хохирогч нь дээрхи гэмтлийг өөртөө учруулах боломжгүй... гэсэн ганц өгүүлбэрээр хариулсан байх ба  шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийг тайлбарлахдаа дүгнэлт гаргасан шинжилгээний аргачлал, хохирогчид учирсан шархны байрлал, үүсгэсэн зүйлийн чиглэл, гарын хүчний үйлчлэл болон хутганы урт, хүний гарын хөдөлгөөнийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тооцоолж, ямар ч эргэлзээгүй байдлаар тайлбарлаж чадаагүй тул анхан шатны шүүхээс давтан шинжилгээ хийлгүүлэх шаардлагатай гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн хэргийн газрын үзлэгийн явцад хэрэг учралын газарт байсан тодорхой ач холбогдол бүхий баримтуудыг фото зургаар бэхжүүлэн хавтаст хэрэгт хавсаргажээ.

Гэвч эдгээр баримтуудын  36, 37-р  зурагт тухайн хэрэг гарсан газарт байсан хувцасны шүүгээний зураг авагдсан ба шүүгээний нүүр болон хана хэсэгт  дээрээс доош чиглэн урссан, цацарсан байдалтай нилээн өргөн хэмжээг хамарсан цусны мөр гарсан  байдаг.

Гэтэл энэ байдлыг хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд огт дурьдаагүй, мөрдөгчөөс  хэрэгт ач холбогдолтой  талаас нь шалгаагүй орхигдуулжээ. Тус шүүгээний  нүүр тал болон хажуу талын хананд үүссэн цусан толбоос харвал хохирогч ямар байрлалаас хутгалагдсан болохыг тогтооход тодорхой ач холбогдолтой  байх тул энэхүү байдлыг тогтоох зорилгоор хэргийн газрын үзлэгийг сэргээх байдлаар нөхөн хийх шаардлагатай гэж үзлээ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.5 дугаар зүйлд  “хэрэгт ач холбогдолтой тодорхой нөхцөл байдал, үйл явдлыг сэргээн  дүрслэх шаардлагатай тохиолдолд мөрдөн шалгах туршилт  хийж болно” гэж заасан.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тухайн хэрэг учрал болох үеийн нөхцөл байдал тодорхойгүй байх тул амь хохирогч, яллагдагч нарын биеийн харьцаа, гарын хүчний үйлчлэл, хохирогчийн биед үүссэн гэмтэл ямар байдлаар /өөртөө эсвэл бусдын үйлдлээр/ үүсэх боломжтой зэргийг сэргээн дүрслэх шаардлагатай байх тул мөрдөн шалгах туршилтыг хуульд заасны дагуу  явуулах нь зүйтэй гэж үзлээ.

Анхан шатны шүүхээс хэргийг прокурорт очих хүртэл яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байх ба давж заалдах шатны шүүхээс яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга  хэмжээг өөрчлөх шаардлагагүй гэж үзсэн тул  яллагдагч нарын өмгөөлөгч нарын хүсэлтийг хангахгүй орхих нь зүйтэй байна.

 

Иймд анхан шатны шүүх  прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжгүй гэсэн үндэслэлээр хэрэгт ажиллагаа хийлгэхээр  прокурорт хэргийг буцааж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 18 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын 2021 оны 03 сарын 04-ний өдрийн 02 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн  үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

      

                          ДАРГАЛАГЧ                                 Д.БУЯНЖАРГАЛ

 

                              ШҮҮГЧИД                                 Б.ЭРДЭНЭХИШИГ

 

                                                                                     Г.ДАВААРЕНЧИН