| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Буянжаргал |
| Хэргийн индекс | 2033000880060 |
| Дугаар | 2021/ДШМ/17 |
| Огноо | 2021-04-13 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрсайхан |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 2021/ДШМ/17
А.Уранчимэгт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч, ерөнхий шүүгч Д.Буянжаргал
Шүүгчид Г.Давааренчин
Б.Эрдэнэхишиг
Оролцогчид
Прокурор Т.Дэлгэрсайхан /цахим/
Шүүгдэгч А.Уранчимэг /цахим/
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ /цахим/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЗ/20 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зүүвчийн морьтон овогт Алтангэрэлийн Уранчимэгт холбогдох эрүүгийн 2033000880060 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, **** оны****дугаар сарын ****-ны өдөр төрсөн,****настай, ****эгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум, ******тоотод оршин суух хаягтай, Зүүвчийн морьтон овогт Алтангэрэлийн Уранчимэг /РД:************/,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч А.Уранчимэг 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Цагаан-Овоо 3-р багийн нутаг дэвсгэрт өөрийн өмчлөлийн 46-64 ОРХ улсын дугаартай Тоёото Королло маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас 1 нас 03 сар 20 хоногтой М.Батсайханыг шүргэж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх А.Уранчимэгт холбогдох хэргийг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцээд 20 дугаартай шүүгчийн захирамжаар:
“1.Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заасан гэмт хэрэгт холбогдсон яллагдагч А.Уранчимэгт холбогдох 2033000880060 дугаартай хэргийг прокурорт буцаасугай.
2.Хэргийг прокурорт очих хүртэл яллагдагчид авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Хэргийн хамт хэргийн газрын үзлэг хийсэн бичлэг бүхий, туршилт хийсэн бичлэг бүхий нийт 2 ширхэг СД, 352404 дугаартай жолоочийн үнэмлэх 1 зэргийг прокурорт шилжүүлсүгэй...” гэж, дээрх шийдвэрийг эс зөвшөөрвөл эрх бүхий этгээд ажлын 5 хоногт багтаан давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Шүүх хэргийг гэм буруугийн хуралдаанаар хэлэлцэх боломжтой байтал прокурорт буцаажээ. Үүнд:
1.Яллагдагч А.Уранчимэг нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн эсэх талаар шинжилгээний байгууллагаас гадуур шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд “Гэрэлт индранил” жолооны сургуулийн багш мэргэжлээрээ 19 жил ажилласан Ч.Үнэнмөнхийг шинжээчээр 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр томилсон байна. Шинжээчийн мэргэжил ур чадварын талаар тодруулж мэдүүлэг авахдаа огноог өмнөх өдрөө тавьсан бичиг техникийн алдаа гаргасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 4 дүгээр зүйлд заасан гэрчийн мэдүүлэг авч болохгүй гэж заасан хүнд шинжээч гэж заагаагүй байна. Хэдийгээр шүүгчийн захирамжинд дурьдсан зөрчлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан боловч энэхүү зөрчил нь шүүхээс гарах шийдвэрт хэрхэн сөргөөр нөлөөлөх, нөлөөлж болзошгүй талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь эцэслэн шийдвэрлэгдсэн хэргийн тухайд шүүхээс хэргийн талаар үндэслэл бүхий шийдвэр гарахад сөргөөр нөлөөлсөн, хянагдаж буй хэргийн тухайд шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлж болзошгүй шинж чанартай бол ноцтой зөрчилд тооцогдох бөгөөд үүнээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд шууд заасан зөрчлүүд хамаарахаар хуульчилсан.
Гэтэл уг хэрэгт 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гарсан шинжээчийн дүгнэлттэй танилцахад Шинжилгээний тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн, эргэлзээтэй нөхцөл байдлууд тогтоогдоогүй, мөн хавтаст хэрэгт шинжээчийн мэдлэг, ур чадварыг нотолсон баримт бичгүүд хавсаргагдсан байх тул шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх бүрэн боломжтой байна. Мөн шинжээч нь уг хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргахаас татгалзах шалтгаангүйн улмаас мэдүүлэг авсны дараа өдөр нь дүгнэлтээ гаргаж мөрдөгчид ирүүлсэн байдаг.
Яллагдагч А.Уранчимэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дүгнэлт гаргуулж өгөх талаар хүсэлтийг гаргасан бөгөөд уг хүсэлтийг прокуророос хянаж үзэхэд шинжээч Ч.Үнэнмөнхийн гаргасан 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 11 дугаартай дүгнэлт нь хуулийн дахин шинжээч томилох үндэслэл болсон эргэлзээтэй байдал тогтоогдоогүй. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагчийн зүгээс гаргаж буй хүсэлт болох шинжээчид тавих асуултуудыг бүрэн хамруулж нэмэлт шинжилгээ хийлгэхээр шийдвэрлэж хариуг өгсөн.
Хүсэлтийг хангах тухай 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 29 дугаартай прокурорын тогтоолд нэмэлт шинжилгээ хийлгэхээр шийдвэрлэсэн шийдвэрийн үндэслэлийг тодорхой тайлбарласан бөгөөд яллагдагчид өгсөн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 77 дугаартай хариу мэдэгдэх хуудсанд мөн хүсэлтийн дагуу нэмэлт шинжилгээ хийлгэхээр болсон шалтгааныг ойлгомжтой байдлаар тайлбарлаж хүргүүлсэн байх тул яллагдагчийн эрхийг хязгаарласан нөхцөл байдал гэж үзэх үндэслэлгүй байна.
Яллагдагч А.Уранчимэг нь хэрэг прокурорын шатанд хянагдаж байх үед буюу 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хэрэгт дахин шинжээч томилж өгөх талаар хүсэлт /хх-ийн 147 хуудас/ гаргасныг прокуророос 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүсэлтийг хангахаас татгалзаж хариу мэдэгдэх хуудсыг мөн өдөрт яллагдагчийн [email protected] хаяганд 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13 цаг 28 минутад хүргүүлж яллагдагч 14 цаг 11 минутад хүлээн авсан талаар хариу ирүүлсэн /холбогдох баримтуудыг хавсаргав/ байтал яллагдагчийн өмгөөлөгч хариуг хүлээн авснаас хойш 7 хоногийн дараа тус сум дундын прокурорын газрын ерөнхий прокурорт гомдол гаргасан байна. Энэ хугацаанд хэрэгт хяналт тавьсан прокурорын зүгээс хэргийн нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч гэм буруутай эсэхийг шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн нь яллагдагчийн хууль ёсны эрх ашгийг хангаагүй, энэ нь шүүх хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор хянан шийдвэрлэхэд саад болж хууль ёсны ба үндэслэлтэй тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болзошгүй нөхцөл байдал үүсгэсэн гэж үзэхгүй байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан гэмт хэргийн талаар нотолбол зохих байдлуудын нэг болох гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийн талаар нотлоогүй байна. Өөрөөр хэлбэл: Гэмт хэргийн хохирогч нь 01 нас 03 сартай бага насны хүүхэд бөгөөд асран хамгаалах үүрэг бүхий эцэг эх тухайн үед хаана байсан яагаад хүүхэд машины зорчих хэсэгт байх болсон талаар гэрчээс асууж мэдүүлэг аваагүй байна. Мөн хүүхдийг хараа хяналтгүй байлгасан асран хамгаалагчид нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гарсан Замын хөдөлгөөний дүрэмд заасан иргэний үүргийг зөрчсөн эсэх зэрэг байдлыг шалгаж тогтоох шаардлагатай гэжээ.
Гэтэл хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох насанд хүрээгүй гэрч Н.Дарханбатын: “...2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 21 цаг болох гэж байхад би Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, Цагаан овоо гэх газарт гэрийнхээ гадаа гартал манай 1 нас 3 сартай дүү Батсайхан нь урд талын эзэнгүй айлын үүдэнд тоглож байсан юм. Тэгээд үүднээс холдуулаад байшингийн ард гаргаж суулгачихаад өөрөө тухайн айлын үүдэн дээр суугаад гар утсаараа тоглоом тоглож байсан чинь нэг жижиг тэрэг ирсэн. Тэгсэн дотроос нь Хүрлээ ах, Урнаа багш хоёр гарч ирээд байшингийн дотроос юм авч машиндаа ачаад хөдлөөд явсан. Тэгтэл гэнэт манай дүү уйлах шиг болохоор нь босоод харсан чинь Одонгоо эгч манай дүү Батсайханыг тэвэрчихсэн явж байсан. Тэгээд гэрт ороод харсан чинь хацар нь жаахан шалбарчихсан байсан. Удалгүй гар хөл нь хавдаад эхлэсэн....” гэх мэдүүлэг, гэрч Д.Цэцэгсайханы “...2020 оны 08 дугаар сарын 05-ны орой би ажлаасаа гэртээ ирэхэд манай зээ хүү Батсайхан гэртээ байхгүй байхаар нь би бага охин Болор-Эрдэнээс “дүү чинь хаана байнаа” гээд асуутал "урд айлд тоглож байгаа" гэхээр нь очоод аваад ир гээд дөнгөж хэлээд байж байтал манайхтай ойролцоо байдаг айлын Одонгоо гэх эмэгтэй манай зээ хүүг тэвэрчихсэн орж ирээд "Хүүхэд чинь машинд дайруулчихаад байхад юугаа хийгээд байдаг юм Сая Урнаа машинтайгаа дээгүүр нь гараад явчихлаа " гэж хэлэхээр нь би хүүхдээ тэвэрч аваад орон дээр хэвтүүлчихээд Урнаагийн гэрт очоод "Та нар хүүхдийн дээгүүр машинтайгаа гараад явчихсан байна очиж хар” гээд дагуулаад гэртээ ирсэн юм. Би уул нь байнга л хүүгээ хардаг байсан. Учир нь манай гэрийн ардуур байнга машин тэрэг явдаг болохоор байнга хараа хяналттай байлгадаг байсан. Харин яг осол болдог өдөр би хөдөө ажилдаа явчихсан байсан болохоор хүүхдүүд сайн анзаараагүй юм шиг байна лээ бараг гэрийн гадаа машин ирсэн гэдгийг ч мэдээгүй байсан юм байна лээ. Харин манай хүү Дарханбат яг Хүрэлбаатарын гэрийн үүдэнд гар утсаараа тоглоод сууж байсан бараг дүүгээ хаана тоглож байгааг ч анзаарч хараагүй сууж байсан гэсэн...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар бага насны хохирогчийн асран хамгаалагч нар нь тухайн үед хаана байсан нь шалгагджээ.
Нөгөөтэйгүүр Зам тээврийн ослын шалтгаан нөхцлийг тогтоосон 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 11 дугаартай дүгнэлт болон 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт шинжилгээ хийсэн 20 дугаартай дүгнэлтээр “хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эцэг, эхийн хараа хяналт тавиагүй байдал нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлөхгүй. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 19.1. Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно. 19.3. Хорооллын доторх зорчих хэсгийг жолооч дамжин өнгөрөх зорилгоор ашиглахыг хориглоно. 19.4. Жолооч хорооллын доторх хөдөлгөөнөөс гарч зам руу орохдоо тэр замаар яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө гэсэн байна. Энэ дүрэмд бага насны хүүхэд нь хорооллын /зэргэлдээх нутаг дэвсгэр/ дотор харгалзах хүнгүйгээр явж болохгүй гэсэн хориглосон заалт байхгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Яллагдагчид эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг 2020 оны 11 дүгээр сарын 09-нд танилцуулж тэмдэглэл үйлдсэн мөртлөө 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 02 тоот мэдэгдэх хуудсаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг танилцуулахаар дуудаж байгаа нь зөрчилтэй гэжээ. Яллагдагчийг дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсанд бичиг техникийн алдаа гаргасан байх боловч энэ нь хэргийг хянан шийдвэрлэхэд ямар нэгэн нотолгооны ач холбогдолгүй баримт бичиг тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзэж байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2-т шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр бол хэргийг прокурорт буцаахаар заасан. Шүух хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэдэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхийн шатанд хийхээр хуульчлаагүй ажиллагаанууд гэж ойлгохоор бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шүүх дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилохоор, 35.5, 35.6, 35.8, 35.21 дүгээр зүйлд заахдаа шүүх хуралдаанд шинжээчийг оролцуулах, шинжээчийн дүгнэлтийг шинжлэн судлах, шүүх хуралдааны үед шинжээчид асуулт тавих эрхийг хуульчилсан байна.
Хэрэв шүүх хэрэгт дахин шинжилгээ хийлгэх үндэслэлтэй гэж үзсэн бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн “...Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана...” гэх заалтын дагуу шинжээч томилж дүгнэлт гаргуулах бүрэн боломжтой байсан байна.
Иймд А.Уранчимэгт холбогдох хэргийг прокурорт буцаасан Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЗ/20 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гээд давж заалдах шатны шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцов.
Шүүгдэгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 2020 оны 08 дугаар сарын 5-нд 01 нас 03 сартай М.Батсайханг дайрсан гэх хэргийн бодит үнэнг тогтоолгохоор тус газрын цагдаагийн байгууллагад удаа гараа хүсэлт гаргаж байсан. Хэрэг прокурорт шилжих үед өөрийн биеэр ирж хүсэлтийг Т.Дэлгэрсайхан прокурорт гарган өгч, уулзаж нөхцөл байдлыг тайлбарласан. Харин прокурор хүсэлтийг хүлээн авч бүхэлд нь хангасан боловч уг ажиллагааг мөрдөгч хийлгүй хэргийг дутуу шалгаж буцаасан. Би дахин дээд шатанд удаа дараа гомдол гаргасан боловч хүлээн аваагүй. Мөн дахин дээд шатанд гомдол гаргах гэсэн боловч гомдол гаргах хугацаанд хэргийг шүүхэд шилжүүлж эрхийг минь хязгаарласан. Би энэ хэргийн үнэн зөв шийдвэрлүүлэхээр урьдчилан хэлэлцүүлгийн хүсэлтийг шүүхэд гаргасан. Шүүх хүсэлтийг хүлээн авч хангасан шүүгчийн захирамж хууль ёсны үндэслэлтэй гарсан. Миний хийлгэх гэсэн ажиллагаа болон тодруулахыг хүссэн асуудлуудыг дурьдвал
1.2020 оны 08 сарын 05-ны өдөр Одонгоо (Нямсүрэн) нь -чи хүүхэд машинаараа дайрчихлаа гэхлээр нь -хүүхэд яг хаана байсан бэ гэх миний асуултанд -яг энэ хонхорт гээд машины зүүн дугуйны хойд усны сувгийн хонхор хэсгийг заасан бөгөөд -миний машины мөр энд байна наад хүүхэд чинь машинаас 2-3 метр зайтай байна, ямар ч хамаа алга гэж маргалдаж байгаад тэр үед өөрийн хүсэлтээр сумын цагдаад хандан хэргийн газар авчирч энэ хэргийн үнэн мөнийг тогтоолгохоор хэлсэн боловч тухайн үед цагдаа Энхтөр нь бичлэг, зураг, байрлал, ул мөр, мэдүүлэг зэрэг шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлээгүйгээс болж энэ хэргийн үнэнг тогтооход хүндрэл учирсан.
2.Маргааш нь 2020.08.06-ны өдөр үзлэг хийх үед Одонгоо нь хүүхэд Батсайханыг машины урд хэсэгт товгор дээр (А цэг) байсныг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл дүүгээ харж байсан гэх ах Дарханбат нь -дүү Батсайхан Хүрэлбаатарын байшингийн хажуу талд шонгийн дэргэд сүүдэрт тоглож байсан гэсэн. Гэвч тэнд ямарч хүүхэд байгаагүй бөгөөд Хүрэлбаатарын довжоон дээр суугаад утсаар тоглож байсан Дарханбатад дүү нь байшингийн булан хаагаад харагдах боломжгүй газар юм.
3.2020.11.03-ны өдрийн нөхөн үзлэгээр Одонгоо А цэгийг машины зүүн дугуйн яг хажууд хонхорт хүүхэд байсан газрыг өөреө мод тавьж байрлалыг нь зааж байсан бөгөөд бичлэгээр машин хөдлөх үед тухайн хүүхэд дугуйн доогуур орж амь нас эрүүл мэндэд ноцтой хүнд хохирол үүсэхээр байгаа нь харагдаж байсан.
4.Эгч Болор-Эрдэнэ нь дүүгээ -Одбаатар ахын довжоон дээр тоглож байхыг харсан, ах Дарханбат нь -Хүрэлбаатар ахын байшингийн сүүдэрт тоглож байсан Одонгоо нь -машины зүүн талд байсан, урд байсан, зүүн дугуйны хажууд байсан гэх мэт 3 өөр яриа мэдүүлэг зэрэг нь хүүхэд тухайн үед яг хаана байсныг мэдэхгүй байгаа нь тодорхой байсан.
5.Мөн эмээ Цэцэгсайхан өвөө Нэргүй нар нь Батсайханыг машины араас дагаж гүйдэг, машин самардаж байсан аавыгаа дагаад гүйдэг тэрнээс л боллоо гэж ярьж байсан.
Энэ бүгдээс бага насны хүүхэд өдөржингөө хараа хяналтгүй байснаас шалтгаалж ахуйн осолд орсон байж болзошгүй болов уу гэсэн эргэлзээ надад төрж байна. Эдгээр янз бүрийн зөрүүтэй баримт болон гэрчийн мэдүүлэг зэргийг бүрэлдэхүүнтэй шинжээч томилж тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулж дахин дүгнэлт гаргуулах хүсэлтэй байсан. Прокурор анх дахин шинжээч томиллоо гэж надад хэлсэн. Гэтэл мөрдөгч нэмэлт шинжээч томилуулах асуудлаар шийдвэрлэсэн нь миний шинжээчид тавьсан асуултандаа хариулах боломжгүй болсон юм.
Иймд А.Уранчимэг миний хуулиар олгогдсон эрхийг хангасан Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарны 24-ний өдрийн 2021\ШЗ\20 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.Дэлгэрсайханы гаргасан эсэргүүцэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд тал бүрээс нь харьцуулан судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Эсэргүүцэл бичсэн прокурорын зүгээс хэлж буй 2 зүйлд тайлбар хэлэхэд “...техникийн бичиг хэргийн алдаа гарсан нь хэргийг шийдвэрлэхэд онц ач холбогдолгүй тул хэргийг шийдвэрлэх боломжтой” гэж байгаа нь хуульч, улсын яллагч хүний хувьд хэлж болохгүй зүйлс хэлж байна. Ер нь бол хуулийг заавал дагаж, мөрдөх ёсгүй гэсэн тайлбарыг гаргаж байна. Яллах дүгнэлт гардуулах зэрэг хүний эрх чөлөөг хязгаарлаж байгаа баримт нь ач холбогдолтой байна. Анхан шатны шүүхээс хэргийн оролцогчийн эрх, ашгийг зөрчсөн байгааг тодорхой зааж өгсөн. Шүүх бүрэлдэхүүнээс анхан шатны шүүхийн үндэслэлийг анхаарч үзэхийг хүсье. Миний хувьд баримт нотолгоо дурдах шаардлагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хяналтын прокурор Т.Дэлгэрсайханы эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас А.Уранчимэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд түүнд холбогдох 2033000880060 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт буцтал түүнд авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.
Прокурорын давж заалдсан эсэргүүцлийн дагуу А.Уранчимэгт холбогдох эрүүгийн 2033000880060 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Прокуророос яллагдагч А.Уранчимэгийг 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Цагаан-Овоо 3-р багийн нутаг дэвсгэрт өөрийн өмчлөлийн 46-64 ОРХ улсын дугаартай Тоёото Королло маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас 1 нас 03 сар 20 хоногтой М.Батсайханыг шүргэж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан хэргийг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ба Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гэрэлт индранил автын сургуулийн захирал, дүрмийн багш Ч.Үнэнмөнхийн гаргасан 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 11 тоот, 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн нэмэлт шинжилгээ хийсэн 20 тоот дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн чанартай баримтуудыг нотлох баримтын үндэслэл болгон дурьджээ.
Дээрх шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагч түүний өмгөөлөгч нар давтан шинжилгээ хийлгэх тухай хүсэлтийг удаа дараа гаргаж байсан ба улсын яллагч тэдний хүсэлтийг хүлээн авч байгаа талаар 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Прокурорын тогтоолын 1 дэх заалтаар “дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж өгнө үү гэсэн хүсэлтийг хангасугай” гэж шийдвэрлэсэн атлаа тогтоолын 2 дахь заалтаар хэрэгт нэмэлт шинжилгээ хийлгэж, гэрчүүдээс дахин мэдүүлэг авах зэрэг ажиллагааг хийлгэхээр хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд шилжүүлж шийдвэрлэсэн нь өөрөө утга агуулгын хувьд зөрүүтэй байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн байна.
Яллагдагч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гаргаж буй хүсэлтэнд дурьдагдаад буй А цэгийг зөв тогтоосон эсэх, аль нь үндэслэлтэй вэ гэх зэрэг асуултанд нэмэлтээр шинжээч томилж эргэлзээг гаргах боломжгүй, үүнийг давтан шинжилгээгээр тогтоох боломжтой.
Иймд анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжгүй гэсэн үндэслэлээр хэрэгт ажиллагаа хийлгэхээр прокурорт хэргийг буцааж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурьдагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн алдааг шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй, хэргийг шийдвэрлэхэд ямар нэгэн ач холбогдолгүй баримт бичиг гэж дүгнэн үзэх боломжгүй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЗ/20 тоот шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН
Б.ЭРДЭНЭХИШИГ