| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2025/0083/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/86 |
| Огноо | 2025-06-10 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/86
2025 06 10 2025/ШЦТ/86
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Энхзул,
Улсын яллагч В.Төгсбаяр,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.М************,
Шүүгдэгч Т.У**********, Д.Л************* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д******** овогт Т*********ын У**********, Б********** овогт Д********ийн Л******* нарт холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Т.У*******, Д.Л******** нар нь бүлэглэн 2024 оны 10 дугаар
сарын 09-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 10-нд шилжих шөнө **********дүгээр багийн нутаг дэвсгэрт баригдаж буй
нүүрс угаах үйлдвэрийн төсөлд “********” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж буй
“************” ХХК-ийн багажуудаа хадгалж байсан сейф дотроос тус компанийн
өмчлөл, эзэмшлийн инпакт цахилгаан, цахилгаан хайч, цахилгаан боолтын нүх
тэлэгч, баттерейтай дрилл, инпакт /2 ширхэг/, дрилны хошуу /насатаг/ /10 ширхэг/,
дрилны ир /25 ширхэг/, төмрийн хайч зэрэг нийт 3,282,500 төгрөгийн үнэлгээ бүхий
багажуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Т.У*******, Д.Л******** нар нь бүлэглэн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 10-нд шилжих шөнө ********** дүгээр багийн нутаг дэвсгэрт баригдаж буй нүүрс угаах үйлдвэрийн төсөлд “**********” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж буй “***********” ХХК-ийн багажуудаа хадгалж байсан сейф дотроос тус компанийн өмчлөл, эзэмшлийн инпакт цахилгаан, цахилгаан хайч, цахилгаан боолтын нүх тэлэгч, баттерейтай дрилл, инпакт /2 ширхэг/, дрилны хошуу /насатаг/ /10 ширхэг/, дрилны ир /25 ширхэг/, төмрийн хайч зэрэг нийт 3,282,500 төгрөгийн үнэлгээ бүхий багажуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 03-09-р хуудас/,
Хохирогч О.Б**********ий "... ***********
багт баригдаж буй нүүрс угаах үйлдвэрийн төсөлд манай “*********” ХХК
“*********” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа юм... манай компанийн
БНХАУ-ын иргэдийн ашигладаг багаж хэрэгслүүд байгаа юм. Тухайн багажуудыг
2024 оны 10 дугаар сарын 09-нөөс 2024 оны 10 дугаар сарын 10-нд шилжих шөнө
нүүрс угаах үйлдвэрийн цэвэрлэгээний ажил хийдэг 2 ажилчин цахилгаан эргэх
чангалах түлхүүр 1 ширхэг, цахилгаан хайч 1 ширхэг, дотоод нунтаглах машин 1
ширхэг, Литиум цахилгаан баттерейн чангалах түлхүүр 2 ширхэг, халивны хошуу 10
ширхэг, дриллийн ир 25 ширхэг, утас тастагч 1 ширхэг зэрэг багаж хэрэгслийг аваад
гарч байхад нь харуул хамгаалалтын ажилчид саатуулсан байсан. Иймд манайх
цагдаад хандсан юм... 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ирэхдээ БНХАУ-с
худалдан авч ирж байсан. Тухайн багажийн үнэлгээ нь цахилгаан эргэх чангалах
түлхүүр 2,600,000 төгрөг, Литиум цахилгаан баттерейн чангалах түлхүүр 2 ширхэг
700,000 төгрөг, дотоод нунтаглах машин 1 ширхэг 400,000 төгрөг, цахилгаан хайч 1
ширхэг 442,750 төгрөг, халивны хошуу 10 ширхэг 30,000 төгрөг, дриллийн ир 25
ширхэг 62,500 төгрөг, утас тастагч 25,000 төгрөгийн үнэлгээтэй. Нийт 4,260,250
төгрөгийн хохирол учирсан байна. Тэр 2 тухайн багаж хэрэгслийг ашигладаггүй. Тэр
2 бол “**********” ХХК-ийн цэвэрлэгээний ажил хийдэг туслан гүйцэтгэгч компанийн
ажилчид... Угаах үйлдвэрийн постын харуул зогсоосон талаар надад хэлсэн... “*********” ХХК-ийн эзэмшлийн багажууд байгаа юм... Манай компанийн зүгээс
нэхэмжлэх зүйл байхгүй. Манайх өөрийн алдсан багажаа авсан... шүүх хуралд
оролцохгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-17-р хуудас/,
Гэрч О.М**********ын "... Миний бие ************ дүгээр багт байх нүүрс баяжуулах үйлдвэрт харуулын дарга хийдэг юм.
2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 10-нд шилжих
шөнө 00 цаг 20 минутын орчимд гэр кемпийн 4 дүгээр постын харуул станцаар
“Шуудай үүрсэн 2 хүн явж байна” гэсэн мэдээлэл өгсөн. Тухайн дуудлагын дагуу
ээлжийн ахлах н.Отгондөш тээврийн хэрэгсэлтэй очиж шалгахад “Нэрээ хэлэхгүй
эсэргүүцэл үзүүлээд байна” гээд намайг дуудсан... би тухайн н.О********** дээр очоод тухайн үл таних 2 хүнийг саатуулаад шуудайтай эд зүйлсийг нь авхуулаад шалган нэвтрүүлэх 1 дүгээр пост дээр авч очоод цагдаад дуудлага өгч цагдаагийн
байгууллагад хүлээлгэн өгсөн... Нүүрс баяжуулах үйлдвэрт цэвэрлэгээнд буюу
“***********” ХХК-нд ажилладаг Т.У*******, Д.Л******** гэдэг 2 хүн
байсан. Би тэр хоёрыг өмнө нь ажил дээр харж байсан. Зүс танина. Тухайн
багажуудыг баяжуулах үйлдвэрийн хашаан дотор уурын зуухны хажуу талд байх
БНХАУ-ын иргэдийн багажийн хайрцгаас авсан байсан. Тухайн 2 хүнээс өөр хүн
байгаагүй... баяжуулах үйлдвэрийн хойд талд байх гэр кемп дээр байдаг пост 4 дээр
явж байхад нь барьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,
Гэрч Б.Б***********ын "... Тухайн хүмүүс манай “************” ХХК-
нд гэрээт ажилтнаар ажилладаг... хөдөлмөрийн гэрээ байгуулж гарын үсэг
зуруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,
Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн 2024 оны
11 дүгээр сарын 04-ний өдрийн 2197 дугаартай "... нийт үнэ, төгрөг 3,282,500” гэсэн
шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-39-р хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 66-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Т.У*******, Д.Л******** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журмалан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлахыг завдсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Т.У*******, Д.Л******** нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргасан байна. Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3-т зааснаар хүсэлтийг хангаж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй, хууль буруу хэрэглээгүй байна.
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдлыг хянаж үзээд шүүгдэгч Т.У*******, Д.Л******** нарыг бүлэглэн “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлахыг завдсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
1.5. Хохирол, хор уршиг
Шүүгдэгч Т.У*******, Д.Л******** нар нь хохирогч “**********” ХХК-д багажуудыг буцаан өгсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б*********** нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй тухайгаа мэдүүлсэн байх тул шүүгдэгч Т.У*******, Д.Л******** нарыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч В.Төгсбаяр эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Т.У*******, Д.Л******** нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суугаа газар ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналтай байна...” гэх дүгнэлттэй шүүгдэгч Т.У*******, Д.Л********нар нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Т.У*******, Д.Л******** нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон бөгөөд шүүгдэгч нарын ажил эрхлэлтийн нөхцөл байдлыг харгалзан үзлээ.
Иймд улсын яллагчийн санал болох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь заалтад заасан нөхцөл байдал хангагдсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, уг хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх нөхцөл байдлыг нь харгалзан дүгнэлтийг хүлээн авч, дээрх эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.У*******, Д.Л******** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журмалан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.У*******, Д.Л******** нарт тус бүр хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Т.У*******, Д.Л******** нарт “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тэнссэн хугацаанд хяналт тавихыг шүүгдэгч нарын оршин суугаа газрын харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шүүгдэгч Т.У*******, Д.Л******** нар нь хохирогч “**********” ХХК-д багажуудыг буцаан өгсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б********** нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй тухайгаа мэдүүлсэн байх тул шүүгдэгч Т.У*******, Д.Л******** нарыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гардаж авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.У*******, Д.Л******** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТТУЛГА