| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2019/00989/И |
| Дугаар | 101/ШШ2019/01379 |
| Огноо | 2019-05-10 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 101/ШШ2019/01379
2019 оны 05 сарын 10 өдөр Дугаар 101/ШШ2019/01379 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, 0 хаягт байрлах, ХУДНДХ-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Р ХХК-д холбогдох,
Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 11.134.920 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын Хяналтын прокурор П.Д,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Билэгсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХУДНДХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тус хэлтэстэй харилцагч Р ХХК нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т Өмчийн бүх хэвшлийн аж ахуй нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн албан журмаар даатгуулна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16.1-т Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын дансанд шилжүүлнэ. Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйл Ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөх үүргийн 17.1.1 дэх хэсгийн Албан журмаар даатгуулагч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэг хүлээнэ гэсэн заалтуудыг тус тус зөрчин 2017 оны 07 дугаар сарын 01-нээс 2018 оны 12 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар ажиллагсдынхаа нийгмийн даатгалын шимтгэл 7.423.280 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 3.711.640 төгрөг, нийт 11.134.920 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгээд байна.
Дээрх зөрчлийн улмаас тус компанийн даатгуулагчдын Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсний, амаржсаны тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна.
Тухайн хуулийн этгээдийн арилжааны банк дах дансны зарлагын хөдөлгөөнийг хаасан, сануулга, албан шаардлага хүргүүлж ажилласан. Хариуцагчийн тайлбартай холбогдуулан хэлэхэд хэрэв нийгмийн даатгалын тайланг хүлээн авахаас татгалзсан бол тус хэлтэст болон Нийгмийн даатгалын ерөнхий газарт хандан асуудлаа шийдвэрлүүлэх бүрэн боломжтой, энэ талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй байна.
Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйл Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж зөрчигсдөд хүлээх хариуцлага 20.1.2-т заасан "Дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна,
Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 354 дүгээр Дүрэм, журам батлах тухай тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Нийгмийн даатгалын байгууллагын дүрэм-ийн 3 дахь хэсгийн 3.3.1-д заасан Нийгмийн даатгалын тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс шимтгэлийн өр, авлага үүссэн, нийгмийн даатгалын байцаагчийн актаар тогтоосон төлбөрийг зөвшөөрөөгүй, дутуу төлсөн, торгууль, алдангийг төлөхөөс татгалзсан, зайлсхийсэн зэрэг тохиолдолд даатгуулагчийн хууль ёсны эрх ашгийг хангах зорилгоор ажил олгогч, даатгуулагчийн төлбөл зохих шимтгэл, алданги, торгуулийг төлүүлэхээр Нийгмийн даатгалын байгууллага нь шүүхэд нэхэмжлэл гаргана гэсэн заалтуудыг тус тус үндэслэн нийгмийн даатгалын шимтгэлийн өр 7.423.280 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 3.711.640 төгрөг, нийт 11.134.920 төгрөгийг Р ХХК-иас гаргуулж шимтгэл, алдангийг барагдуулж өгнө үү гэв.
Хариуцагч Р ХХК-ийн захирал Д.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Монгол улсын иргэн Д.М миний бие ХУДНДХ-ийн нэхэмжлэлтэй хэргийн хариуцагч Р ХХК-ийн Гүйцэтгэх захирлын хувьд төлөөлөн доорх тайлбарыг хүргэж байна.
Тус Р ХХК нь 2017 оны ажлын гүйцэтгэлийн сүүлийн үлдэгдэл санхүүжилтийг захиалагчийн санхүүгийн асуудлаас үүдэн одоог хүртэл аваагүй байгаа билээ. Бид компанид ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг санхүүжилт хийгдэж байх үед хэсэгчлэн төлсөөр ирсэн ба тус 2017 оны 8, 9, 10 дугаар саруудын санхүүжилт хийгдээгүйгээс шалтгаалан татварын төлөлт болон ажилчдын цалинг дутуу олгосон байгаа билээ. Тус нийгмийн даатгалын хэлтэс нь манай компанийн дансыг 2018 оны 1 дүгээр сард хаалгасан төдийгүй, 2018 оны 4 дүгээр сараас хойших нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг урьд төлөгдөөгүй өртэй үндэслэлээр хүлээн авахаас татгалзсанаас шалтгаалан компанийн ажилчдын компанид итгэх итгэл үнэмшил алга болж ажлаас халагдах шалтгаан болсон. Үүнээс үүдэн компани нь 2018 оны 6 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа сэргээн ажиллуулж чадахгүй байгаа билээ. ХУДНДХ-ийн нэхэмжлэлд дурдсан үндсэн төлбөр болох 7.483.230 төгрөгийн Нийгмийн даатгалын татварын төлбөрийг төлөхөөс татгалзах зүйлгүй бөгөөд 3.711.640 төгрөгийн нэмэгдүүлсэн төлбөрийг төлөхөөс татгалзаж байгаагаа мэдэгдэж байна.
Энэ нь Иргэний хуулийн 25,6 дугаар зүйл, Зөрчлийн тухай хуулийн 11, 19 дүгээр зүйлд зааснаар Иргэн, Аж ахуйн нэгж нь татварын тайланг гаргахаас татгалзсан үед авах арга хэмжээ хэрэглэсэн нь хугацаа хоцорсон төлөлтөд хэрэглэснээр компанийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломжийг хаасан гэж үзэж байна гэжээ.
/хх-ийн 29-31 дүгээр тал/
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Баянзүрх дүүргийн прокурорын газрын Хяналтын прокурор П.Д нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Д би, Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг, ИХШХШ тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасны дагуу ХУДНДХ-ийн нэхэмжлэлтэй хэрэгт төрийн нэрийн өмнөөс иргэний хэргийн шүүх хуралдаанд оролцож байна.
Нэхэмжлэгч нь нийгмийн даатгалын өр 11.134.920 төгрөгийг хариуцагч Р ХХК нь үндсэн төлбөр болох 7.423.230 төгрөгийн нийгмийн даатгалын татварын төлбөрийг төлөхөөс татгалзах зүйлгүй бөгөөд 3.711.640 төгрөгийн алдангийг Иргэний хуулийн 25.6 дугаар зүйл, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд зааснаар Иргэн аж ахуйн нэгж нь татварын тайланг гаргахаас татгалзсан үед авах арга хэмжээ хэрэглэсэн нь хугацаа хоцорсон төлөлтөд хэрэглэснээр компанийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломжийг хаасан тул төлөхгүй гэжээ.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ,
17 дугаар зүйлийн 17.1.1-д заасан хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэг хүлээнэ гэх заалтуудыг Р ХХК нь тус тус зөрчиж 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар ажиллагсдынхаа нийгмийн даатгалын шимтгэл болох 7.423.280 төгрөгийг төлөөгүй болох нь ХУДНДХ-ээс гаргаж өгсөн баримтуудаар тогтоогдсон байна.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүулсэн хоног тутамд 0,3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж заасныг үндэслэн дээрх төлөх ёстой нийгмийн даатгалын шимтгэл 7.423.280 төгрөг, үүний 50 хувь болох 3.711.640 төгрөг, нийт 11.134.920 төгрөгийг Р ХХК-иас гаргуулахаар ХУДНДХ нэхэмжилсэн үндэслэлтэй гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХУДНДХ нь хариуцагч Р ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэл 7.423.280 төгрөг, алданги 3.711.640 төгрөг, нийт 11.134.920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч Р ХХК нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хугацааны ажиллагсдынхаа нийгмийн даатгалын шимтгэл болох 7.423.280 төгрөгийг төлөөгүй нь зохигчийн тайлбар, заавал даатгах даатгуулагчдын нийгмийн даатгалын шимтгэлийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт зэрэг баримтаар тогтоогдож байх ба хариуцагч үүнтэй маргаагүй.
/хх-ийн 6-8 дугаар тал/
Хариуцагч нь нийгмийн даатгалын шимтгэлийг тогтоосон хугацаанд төлөөгүй нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 15 дугаар зүйлийн 15.1, 32 дугаар зүйлийн 1.1-д заасан заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар Нийгмийн даатгалын байгууллага нь шимтгэл оногдуулах, тогтоосон хугацаанд шимтгэл төлөөгүй ажил олгогчийн банкин дахь харилцах дансны зарлагын гүйлгээг шимтгэлээ төлж дуустал түр зогсоох, нийгмийн даатгалын байцаагчаас тавьсан актад заасан шимтгэл, алданги, хүү, торгуулийг хугацаанд нь төлөөгүй бол уг шимтгэл, алданги, хүү, торгуультай тэнцэх хэмжээний хөрөнгийг зохих хууль тогтоомжийн дагуу гаргуулах, илүү төлсөн шимтгэлийг суутган тооцох, шимтгэл, алданги, хүү, торгууль төлөхөөс зайлсхийсэн, мэдээ тайланг хугацаанд нь ирүүлээгүй, шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй ажил олгогчид хариуцлага хүлээлгэх, нийгмийн даатгалын доод шатны байгууллагын гаргасан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх, шаардлагатай мэдээ, судалгаа, бусад холбогдох баримт бичгийг ажил олгогч болон даатгуулагчаас үнэ төлбөргүй гаргуулах бүрэн эрхтэй бөгөөд энэ бүрэн эрхийн хэмжээнд акт гаргана.
Нэхэмжлэгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэхээр хариуцагч Р ХХК-д 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр №17000547, 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр №18000043, 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр №17001390 тоот улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн байх ба тус компанийн дансны зарлагын гүйлгээг зогсоож, төлөгдөөгүй шимтгэл, алданги гаргуулах талаар 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн №17001390 тоот мэдэгдлийг ХААН банк ХХК-д, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Дансны зарлагын гүйлгээг хаах тухай №807 тоот албан бичгийг Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банк, Төрийн банк, ХААН банк, Хас банк, Голомт банкинд тус тус хүргүүлэх зэрэг ажиллагааг явуулсан нь хуулийн дээрх заалтад нийцжээ.
/хх-ийн 9-17 дугаар тал/
Хариуцагч нь татварын тайланг гаргахаас татгалзсан үед авах арга хэмжээг төлөх хугацаа хоцорсон төлөлтөд хэрэглэснээр компанийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломжийг хаасан тул алданги 3.711.640 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-ийн 2-т: Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги ногдуулдаг ба энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж заасан байна.
Ажил олгогч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд ногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлох, тогтоосон хугацаанд шимтгэл төлөх үүрэгтэй бөгөөд ийнхүү дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги төлөх үүргийг хариуцлага болгож хуулиар тогтоожээ.
Үүнээс үзэхэд хариуцагч Р ХХК-ийн татварын тайланг гаргахаас татгалзсан үед авах арга хэмжээг төлөх хугацаа хоцорсон төлөлтөд хэрэглэсэн гэх тайлбар нь үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй шимтгэл төлөгчид хуулиар тогтоосон хариуцлага болох алдангиас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Иймд хариуцагч Р ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэл 7.423.280 төгрөг, алданги 3.711.640 төгрөг, нийт 11.134.920 төгрөгийг гаргуулан ХУДНДХ-т олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч Р ХХК-ийн захирал Д.М-д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн бөгөөд мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтгаж үзсэн болно.
/хх-ийн 29-31, 38-39 дүгээр тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1.1, 20 дугаар зүйлийн 1.2-т тус тус зааснаар хариуцагч Р ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэл 7.423.280 төгрөг, алданги 3.711.640 төгрөг, нийт 11.134.920 төгрөгийг гаргуулан ХУДНДХ-т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч "Р" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 193.109 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ