2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1645

 

   2025       06         08                                    2025/ШЦТ/1645

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ууганбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ган-Эрдэнэ,

улсын яллагч Б.Өнөбат /томилолтоор/,

шүүгдэгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргий н прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.А-д холбогдох эрүүгийн 2409022552207 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.А нь шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор цахим хэрэгсэл ашиглан "машин түрээслүүлнэ" гэсэн хуурамч зарыг байршуулан, зарын дагуу холбогдсон иргэн Х.Б-д "тоёота сай маркийн тээврийн хэрэгсэл түрээслүүлнэ" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "....." эмнэлэг дээр байх үедээ шилжүүлсэн хохирогч Ш.Э-ийн 260,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн хаан банкны ..... тоот дансаар залилан авч, хохирогч Ш.Э-д 260.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.А нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Эрүүгийн 2409022552207 дугаартай хэргээс:

Хохирогч Ш.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 8-9/,

Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 75/,

Гэрч А.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 58-59/,

Мобиком корпораци ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4/7397 дугаартай албан бичиг, түүний хавсралтууд /хх-ийн 50-53/,

Хаан банкны 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 29/8704 дугаартай албан бичиг, дансны хуулга, 1ширхэг сиди /хх-ийн 14-16/,

Хаан банкны дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 62-64/, 

Шүүгдэгч А.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 73/,

            Шүүгдэгч А.А-ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /103-112/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгч А.А-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

  1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.А нь шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор цахим хэрэгсэл ашиглан "машин түрээслүүлнэ" гэсэн хуурамч зарыг байршуулан, зарын дагуу холбогдсон иргэн Х.Б-д "тоёота сай маркийн тээврийн хэрэгсэл түрээслүүлнэ" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "....." эмнэлэг дээр байх үедээ шилжүүлсэн хохирогч Ш.Э-ийн 260,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн хаан банкны ..... тоот дансаар залилан авч, хохирогч Ш. Эрдэнээд 260.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Ш.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “2024 оны 7 дугаар сарын 09-ний 12 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ..... эмнэлэг дээр байх үед хүү Б-д "түрээсийн машин олж өгөөч" гэсэн, тэгээд удалгүй 13 цагийн үед хүү Б над руу залгаад "түрээсийн тээврийн хэрэгсэл олчихлоо. Тоёота сай гэх нэртэй тээврийн хэрэгсэл байна, та хаан банкны ..... тоот данс руу 260,000 төгрөгийг урьдчилгаа болгон шилжүүлчихлээ гэсэн. Тэгээд би өөрийн худалдаа хөгжлийн банкны ..... тоот данснаас хаан банкны ..... тоот данс руу 260,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд надад манай хүү "..... дугаар луу ярьж байгаад 19 цагийн үед Кинг таурын хажуу талаас очиж аваарай" гэсэн. Би залгахад гар утас нь холбогдохгүй байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9/,

Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 7 дугаар сарын 09-ний өдөр машин түрээслэх хэрэг гараад түүний дагуу фейсбүүкээс машин түрээслэх талаар зар харж байгаад А гэх залуутай холбогдсон. Чаат бичихэд машины сонголтуудаа санал болгохоор нь Toyota sai rэх машин түрээслэхээр болоод тохиролцсон. Машинаа яаж түрээсэлж авах талаар асуухад эхлээд e-Mongolia-aaс цагдаагийн бичиг авч өгөх шаардлагатай гэхээр нь ээжийн хэрэгт холбогдож байгаагүй гэсэн тодорхойлолт авч чаатаар явуулсан. Тэгээд машин түрээслэх нийт төлбөр нь 510,000 төгрөг гэсэн ба урьдчилгаа 260,000 төгрөг шилжүүлэх шаардлагатай гэсэн. Түүний дагуу манай ээж данснаасаа 260,000 төгрөг шилжүүлсэн. Шилжүүлэг хийгдсэний дараа хаанаас талаар асуухад орой 19 цагийн орчимд Маршал Таунаас ирж аваарай гэж хэлсэн. Очихоос өмнө машин бэлэн болсон эсэх талаар асуухад огт холбоогүй алга болсон..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 75/,

Гэрч А.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Би Мобикомын ..... дугаарыг 2023 оны 5 дугаар сард Хан-Уул дүүргийн салбараас хадам ах А.А-д худалдаж авч өгсөн. Тухайн дугаарыг авч өгснөөс хойш А.А ах ашиглаж байсан. Одоогоос 2 сарын емне Мобикомоос миний .... дугаар руу таны ..... дугаар хаагдах гэж байна гэсэн мессеж ирсэн, тэгэхээр одоо тухайн дугаар хаагдсан байх..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 58-59/,

Мобиком корпораци ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4/7397 дугаартай албан бичиг, түүний хавсралтууд /хх-ийн 50-53/,

Хаан банкны 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 29/8704 дугаартай албан бичиг, дансны хуулга, 1ширхэг сиди /хх-ийн 14-16 дугаар хуудас/,

Хаан банкны дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 62-64/,  Шүүгдэгч А.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хэргээ нэгтгэж шийдүүлэх хүсэлтэй байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 73/ болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч А.А-ын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогч Б.Х-д учирсан хохирол, үр дагавар нь хоорондоо шууд шалтгаант холбоотой.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурах эсхүл баримт бичиг эд зүйл цахим хэрэгсэл ашиглан эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах аргаар авахын зэрэгцээ буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдаг.

Шүүгдэгч А.А-ын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэв.

  1. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд шүүгдэгч А.А-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ш.Э-д 260.000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч нь төлж барагдуулаагүй тул түүнээс 260.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Э-д олгох нь зүйтэй байна.

  1. Эрүүгийн хариуцлагын талаар:

          Эрүүгийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дах хэсэгт зааснаар “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилжээ.

          Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...1 жил 4 сарын хорих ял оногдуулах” саналыг гаргасан.

Шүүгдэгч А.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-д 630 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 630.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар А.А-ын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 42 /дөчин хоёр/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр дүйцүүлэн түүнийг торгох ялыг эдэлсэнд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч А.А нь энэ хэрэгт 42 хоног цагдан хоригдсон, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.

Нэгэнт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгуулийн ялыг эдэлсэнд тооцсон тул Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх буюу ялыг нэмж нэгтгэх, эсхүл тусад нь эдлүүлэх зэргийг хөндөх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-д 630 /зургаан зуун гуч/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 630.000 /зурган зуун гучин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар А.А-ын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 42 /дөчин хоёр/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр дүйцүүлэн түүнийг торгох ялыг эдэлсэнд тооцсугай.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй,  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалах болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ааас 260,000 /хоёр зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Э-д олгосугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  А.А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                              Г.УУГАНБААТАР