Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2017/ШЦТ/091

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Д.Эрдэнэсоёл,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 06 сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн,  ял шийтгэлгүй, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч ******* нь 2017 оны 05 сарын 21-22-нд шилжих шөнө согтуурсан үедээ Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 4 дүгээр багийн нутаг “Унтаагийн гол” гэх газарт иргэн *******тэй хувийн сэдэлтээр маргалдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч ******* нь 2017 оны 05 сарын 21-22-нд шилжих шөнө согтуурсан үедээ Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 4 дүгээр багийн нутаг “Унтаагийн гол” гэх газарт иргэн *******тэй хувийн сэдэлтээр маргалдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох ...

Хохирогч *******гийн хэрэг бүртгэлтэнд өгсөн … ******* танай хонь яахаараа манай хонинд байдаг билээ, манайхаас хонь дутсан чи хонь нийлүүлж авсан байна гэж хэлээд бид хоёр маргасан чинь ******* намайг заамдаж аваад шууд миний нүүрлүү гараараа 3 удаа цохьсон. Би нүүрээ дараад тонгойтол зүүн шанаа хавьд нэг удаа өшиглөсөн. Миний хамар амнаас цус гараад би цусаа угаах гээд байж байтал ******* муухай юм боллоо, цочир уур хүрээд цохьчихлоо гэж хэлэхээр нь би хэлдэг газар нь хэлж шалгуулдаг газараар нь шалгуулна. Чи мал алдсан юм бол эзнээ зөв олоорой гэж хэлээд шууд гарлүүгээ явсан. Маргааш нь Баянцагаан сумын төв орж цагдаад мэдэгдчихээд аймаг явсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20/,

Шүүгдэгч *******ын хэрэг бүртгэлтэнд өгсөн ... бид хоёр хонь малнаас болоод маргасан. Учир нь сар гарангийн өмнө Пунцагсүрэнгийн хонь манай хоёрын хонь нийлсэн байсныг би сайн мэдээгүй байсан. Гэтэл Пунцагсүрэн танай манай хоёрын хонь нийлсэн, манай нэг хонь танай хонинд орчихсон байна гээд нэг хонь аваад явж байсан юм. Тэгээд би хонио бүртгэсэн чинь нэг хонь зүсээрээ алга байсан. Тэгэхээр нь би Пунцагсүрэнгийн хонинд шүүж үзсэн байгаагүй. Тэрнээс хойш алга болсон хонио Пунцагсүрэнг цааш хийчихлээ гэсэн бодол төрж байсан юм. Тэгээд би архин дээрээ нөгөө зүйлээ Пунцагсүрэнд хэлж бид хоёр маргалдаж, уурандаа би Пунцагсүрэнгийн нүүрлүү гараараа хэд хэдэн удаа цохьсон. Нүүрнээс нь цус гарсан байхаар нь би уучлалт гуйгаад цусыг нь цэвэрлэж өгөөд сумын төврүү хамт явсан. ... Би *******гийн биед учирсан хохирлын эмчилгээний төлбөрт 300.000 төгрөг бэлэн өгсөн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 сарын 25-ны өдрийн 235 тоот шинжээчийн ... *******гийн биед зүүн нүдний дотор буланд цус хуралт, зүүн нүдний доод зовхи, хамар, хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн зүйлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ... гэсэн дүгнэлт /хх-ийн 27/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байх ба хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, хохирогчийн бие бүрэн эдгэрсэн болох нь хохирогчийн шүүхэд гаргаж өгсөн хүсэлт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч *******ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ын эзэмшлийн 20 тооны бог малыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 294 дүгээр зүйлийн 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. ******* овогт ******* *******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хээг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч *******ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар түүнд холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ын эзэмшлийн 20 тооны бог малыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

4. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан батлан даалтанд байх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА