Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2021/ДШМ/18

 

Ц.Нямбаатарт холбогдох  

эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч, ерөнхий шүүгч          Д.Буянжаргал

                                          Шүүгчид                                      Г.Давааренчин                                  

                                                                                      Б.Эрдэнэхишиг                                   

                                

                                    Оролцогчид                        

                                            Прокурор                                     Г.Энхмаа

                                              Шүүгдэгчийн өмгөөлөгч              М.Гансүх

                                              Шүүгдэгчийн өмгөөлөгч              А.Отгонбаяр

                                              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцов.

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/26 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч  бичсэн шүүгдэгчийн давж заалдсан гомдлоор Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ар тогруутан овогт Цогтжаргалын Нямбаатарт холбогдох эрүүгийн 2031001570119 дугаартай 2 хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ***** оны *** дүгээр сарын ****-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд төрсөн, *** настай, ***эгтэй, ******** боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ******** хамт Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын ********* тоотод оршин суух, урьд 2 удаагийн ял шийтгүүлж байсан, Ар тогруутан овогт Цогтжаргалын Нямбаатар /РД:**********/;

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.Нямбаатар нь согтуугаар 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 20 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан 2 дугаар багийн нутаг  дэвсгэрт гэр хорооллын сайжруулсан шороон зам дээр 70-16 СЭҮ улсын дугаартай “Тоёота Королла” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ зорчигч Б.Болдбаатарыг мөргөж, амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх Ц.Нямбаатарт холбогдох хэргийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцээд 26 дугаартай шийтгэх тогтоолоор:

1.Шүүгдэгч Ар тогруутан овогт Цогтжаргалын Нямбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан “Согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам  зөрчсний улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ар тогруутан овогт Цогтжаргалын Нямбаатарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жил, 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан Ц.Нямбаатарт оногдуулсан 2 /хоёр/ жил, 6 /зургаа/-н сар хорих ялыг нээлттэй хорих байгүүллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.Нямбаатарт 5 /тав/-н жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн хугацааг нь тоолсугай.

5.Ялтан Ц.Нямбаатар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 126 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг өөрчилж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Алтанцэцэгийн нэхэмжлэлээс амь хохирогчийн “Хаан банк”-наас зээллэсэн 1,000,000 /нэг/ сая төгрөг, 1,300,000 төгрөгийн шатахууны зардал, 129,000 төгрөгийн замын зардал зэрэг нийт 2,429,000 /хоёр сая дөрвөн зуун хорин есөн мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Нямбаатараас 18,700,000 /арван найман сая  долоон зуун мянган/ төгрөгийг гаргуулан /****** регистрийн дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр сум, *******тоотод оршин суух хаягтай/, хохирогч Сартуул овогт Болдбаатарын Алтанцэцэгт нөхөн төлснийг дурьдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжилсэн Ү-131400034 улсын бүртгэлийн дугаартай, 27м2 хэмжээтэй Хүдэр сумын 1 дүгээр багт байрлах үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгосугай.

9.Энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ц.Нямбаатарын 515901 дугаартай, жолоодох эрхийн “В” ангилалийн жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамт Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан бүртгэл, мэдээллийн төвд хүргүүлж, “Тоёота Корола” маркийн 70-16 СЭҮ улсын дугаартай, тээврийн хэрэгслийн 01978448 дугаартай гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ц.Нямбаатарт буцаан олгосугай...” гэж, дээрхи шийдвэрийг эс зөвшөөрвөл эрх бүхий этгээд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Ц.Нямбаатар миний бие нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргаж, хуурай ах болох Б.Болдбаатарын амь насыг хохироосон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Миний бие үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж хохирогчийн талаас дахин дахин уучлалыг хүсэж байна. Хэрэг шийдэгдэх явцад өөртөө байгаа бүхий л боломжоо дайчилж оршуулгын зардлыг төлсөн. Би бага насны хүүхэдтэй бөгөөд ар гэрийн нөхцөл байдлыг минь харгалзан үзэж шүүхээс тогтоосон хорих ялыг хуульд олгосон боломжоор хөнгөрүүлэх нөхцөл бололцоо байгаа эсэх тал дээр эрх зүйн дүгнэлтийг хийж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийж өгнө үү гэсэн байр суурийг илэрхийлсэн. Үүнийг дэмжиж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Отгонбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим гэж бий. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг буюу хэдийгээр урьд өмнө тэнсэх ял эдэлж байсан гэх хувийн байдлыг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхгүй байгааг буруу гэж үзэж байна. Мөн энэ гэмт хэргийн хувьд учруулсан хор аюулаас шалтгаалж ялыг хүнд, хөнгөнөөр хуульчилсан байдаг. Гэм буруугийн маргаангүй, хохирол төлбөрөө төлсөн тул ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэргийг бодитоор үнэлж, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн. Ц.Нямбаатарт оногдуулсан эрүүгийн хариуцлага түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн байдалд тохирсон байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Ц.Нямбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 2 жил 6 сарын хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгчийн давж заалдах гомдлын дагуу Ц.Нямбаатарт холбогдох эрүүгийн 2031001570119 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь  хянавал:

Шүүгдэгч Ц.Нямбаатар нь дээрхи гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Алтанцэцэгийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 39-40, 2-р хх-ийн 120-134/, гэрч Д.Одгэрэлийн /хх-ийн 51-52/, Б.Эрдэнэбатын /хх-ийн 60-61/, Г.Агиймаагийн /хх-ийн 63/, Ж.Эрхэмбаярын /хх-ийн 64/, Б.Ариунболдын /хх-ийн 67-69/, З.Алтанбаганын /хх-ийн 53/, Д.Баасанжаргалын /хх-ийн 54-55/, О.Батчимэгийн /хх-ийн 57-58/, Э.Нарангэрэлийн /хх-ийн 59/, Г.Даваасүрэнгийн /хх-ийн 66/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн №062, 064 тоот дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 73-77, 106-114/, Шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 30 тоот дүгнэлт /хх-ийн 83/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүх эмнэлэгийн магадлан шинжилгээний 38 тоот дүгнэлт /хх-ийн 88-98/, Ц.Нямбаатарын цусан дахь согтуурлын хэмжээ тогтоосон 25 тоот хариу /хх-ийн 102/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, согтуурал шалгасан тэмдэглэл, хэв загвар дээж авсан тэмдэглэл /хх-ийн 03-19/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчийн зүгээс нэхэмжилсэн оршуулгын зардлыг шүүгдэгч нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй талаар мэдүүлсэн байна.

Шүүгдэгчийн өөрийн гэм буруугаа ойлгож гэмшиж байгаагаа илэрхийлж, анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хуульд заасан боломжоор хөнгөрүүлж өгнө үү гэх гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Учир нь: Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан ял шийтгэлийг оногдуулсан ба гэм буруугаа хүлээсэн хүнд ял оногдуулахдаа оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг баримтлах эсэх нь анхан шатны шүүхийн хуулиар тогтоосон эрх хэмжээний асуудал бөгөөд тухайн зүйл, хэсгийг баримтлаагүй үндэслэлээ шийтгэх тогтоолд тодорхой заасан байна.  

Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/26 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/26 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн  үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                       ШҮҮГЧИД                                    Г.ДАВААРЕНЧИН

                                                                                 Б.ЭРДЭНЭХИШИГ