Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 475

 

Ц.М, Б.Д, З.Т, Н.М, Д.Б, М.Ө

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 389 дүгээр шийтгэх тогтоол, Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 11 дүгээр магадлалтай, Д.Б нарт холбогдох 201714000285 дугаартай эрүүгийн хэргийг Орхон аймгийн прокурорын газрын ахлах прокурор Э.Улаанаагийн бичсэн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 01 дүгээр дүгнэлтийг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1999 онд төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 100 цагийн албадан ажил хийлгэх ял, 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, Олхон овогт Ц-ийн М.  

2.Монгол Улсын иргэн, 1999 онд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, Чин овогт Б-ийн Д нар нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах”, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэрэгт;

3.Монгол Улсын иргэн, 2002 онд 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Боржигон овогт З-ын Т.

4.Монгол Улсын иргэн, 2002 онд төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, Тайж нар овогт Н-ийн М.

5.Монгол Улсын иргэн, 2002 онд төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, Хануй овогт Д-ийн Б.

6.Монгол Улсын иргэн, 2002 онд төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, Боржигон овогт М--ийн Ө нар нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгч Ц.М-г бусадтай бүлэглэн давтан үйлдлээр автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, 14 насанд хүрээгүй Н.М, Б.Ч, өсвөр насны шүүгдэгч Б.Д, З.Т нартай бүлэглэн орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, өсвөр насны шүүгдэгч Б.Д-ийг бусадтай бүлэглэн 2 удаагийн үйлдлээр автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, шүүгдэгч Ц.М, З.Т нартай бүлэглэн орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч З.Т-г өсвөр насны шүүгдэгч Ц.М, Б.Д нартай бүлэглэн орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Н.М-ийг 14 насанд хүрээгүй Б.Ч-тэй бүлэглэн орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Д.Б-ийг 14 насанд хүрээгүй Н.М-тэй бүлэглэн орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч М.Ө-г бусадтай бүлэглэн орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тооцож,

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ц.М, Б.Д нарыг тус бүр 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-г 2 жил хорих ял, Б.Д-ийг 2 жил хорих ял тус шийтгэж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М, Б.Д нарт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан 2 жил хорих ялд багтааж эдлэх ялыг тус бүр 2 жилээр тогтоож,

шүүгдэгч М.Ө-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ө-ы хорих ялыг нэмж нийт эдлэх ялыг 3 жил, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-д энэ тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ялд 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялын заримыг буюу 1 жилийн хорих ялыг нэмж түүний биечлэн эдлэх ялыг 3 жил хугацаагаар тус тогтоож,

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Т, Н.М, Д.Б нарыг тус бүр 6 сарын хугацаа тогтоож, засарч хүмүүжихийг даалгаж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ө-д 3 жил хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-т оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, шүүгдэгч Ц.М, Б.Д нарын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 10 дугаар заалтын “Б.Д нарын” гэснийг хасаж, 11 дүгээр заалтын “Н.М-ийн цагдан хоригдсон 14 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай” гэснийг  “Шүүгдэгч Н.М нь 14 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай” гэж тус тус өөрчлөн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.М-ийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Орхон аймгийн прокурорын газрын ахлах прокурор Э.Улаанаагийн бичсэн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 01 дүгээр дүгнэлтэд “Ц.М, Б.Д, З.Т, Н.М, Д.Б, М.Ө нарт холбогдох “Бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах”, “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэргийг Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 онд хянан хэлэлцэж, шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулсан бөгөөд давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шүүгдэгч Н.М-ийн цагдан хоригдсон хоногт өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Эрүүгийн 201714000285 дугаартай хэрэг шүүхийн шатанд хянагдаж байх хугацаанд Б.Д, өсвөр насны яллагдагч З.Т, М.Ө, Н.М, Б.Ч нар 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Т.Я-ийн “Оргилох” 8 нэрийн хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч бэлэн мөнгө, хүнсний бараа бүтээгдэхүүн хулгайлж нийт 369,000 төгрөгийг хохирол учруулсан, 2017 оны 10 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын Согоот багийн багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Д.М-ийн “Баянхангай” 8 нэрийн хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч бэлэн мөнгө, хүнсний бараа бүтээгдэхүүн хулгайлж нийт 427,800 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь илэрсэн тул 2017 оны 12 дугаар  сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн 17250003480255 дугаартай хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцээд 110 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Д, З.Т, М.Ө Н.М, Б.Ч нарыг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулж шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх эрүүгийн 1725003480255 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцэж, 49 дүгээр магадлалаар шийтгэх тогтоолыг “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй...” үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасны дагуу анхан шатны шүүх хэргийг 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэж, 432 дугаартай захирамжаар мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр прокурорт буцаасан. 2015 оны Эрүүгийн хуульд ялтан шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдвол хэрхэн ял оногдуулах талаар хуульчлаагүй ба Б.Д нарт холбогдох хэргийг Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан ял оногдуулж, хуулийг илт буруу хэрэглэсний улмаас хүний эрх ноцтой зөрчигдөж, ялтны эрх зүйн байдлыг дордуулсан байх ба эрүүгийн 201714000285 дугаартай хэргийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, Б.Д нарт холбогдох 1725003480255 дугаартай хэргийг нэгтгэн шийдвэрлэх үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр Б.Д нарт холбогдох 201714000285 дугаартай хэргийг хянан шийдвэрлэсэн Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 389 дугаартай шийтгэх тогтоол, Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 11 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, эрүүгийн 1725003480255 дугаартай хэрэгт нэгтгэн шалгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч, эсэргүүцэл гаргасан. Шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг нэгтгэн хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн прокурорын газрын ахлах прокурор Э.Улаанаагийн бичсэн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 01 дүгээр дүгнэлтийг үндэслэн хэргийн материалыг хянахад шүүгдэгч Ц.М нь дангаараа болон З.Т, Б.Д нартай бүлэглэн 2017 оны 03 дугаар сар, 04 дүгээр сарын 03, 26-28, 05 дугаар сарын 06, 12-ны өдрүүдэд Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт “Жинст мандал” жолооны курсын 54-04 ОРО улсын дугаартай “Соната-6”, Б.Э-ийн эзэмшлийн 46-13 ОРХ улсын дугаартай “Пажеро”, Л.Б-ны эзэмшлийн 25-78 ОРО улсын дугаартай “Тоёото Марк-2”, У.З-ийн эзэмшлийн 94-35 ОРО улсын дугаартай “Хондо Кара”, Б.У-ийн эзэмшлийн 49-62 ОРО Улсын дугаартай “Хондо пит”, Э.А-ийн эзэмшлийн 98-17 ОРХ улсын дугаартай “Хонда пит”, Э.Б-ийн эзэмшлийн 72-03 УБҮ улсын дугаартай “Ниссан либерту” загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан,

Шүүгдэгч З.Т нь Ц.М, Б.Д нартай бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт Л.Б-ны эзэмшлийн 25-78 ОРО улсын дугаартай “Тоёото Марк-2”, Жинст мандал” жолооны курсийн 54-04 ОРО улсын дугаартай “Соната-6” загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан,

Б.Д нь З.Т, Ц.М нартай бүлэглэн 2017 оны 03 дугаар сард Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт “Жинст мандал” жолооны курсийн 54-04 ОРО улсын дугаартай “Соната-6” загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан,

Шүүгдэгч Ц.М, З.Т, Н.М, Б.Д, Д.Б, М.Ө нар бүлэглэн 2016 оны 08 дугаар сараас 2017 оны 05 дугаар сарын хооронд Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах О.П, Б.Э, Б.Б нарын орон байр болон “Бадрах” хүнсний дэлгүүрт нэвтрэн орж эд зүйл хулгайлж, бусдад нийт 2,498,080 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлдээ 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол одоо хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Б.Д, З.Т, Н.М, М.Ө нар нь дээрх гэмт хэрэгт шүүхээр шийтгүүлсний дараа 2017 оны 10 дугаар сарын 03, 29-ний өдрүүдэд Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт иргэн  Т.Я-ийн “Оргилох”, Д.М-ийн “Баянхангай” нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч нийт 796,800 төгрөгийн эд зүйл хулгайлсан хэрэг нь илэрч, уг хэргийг прокуророос шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлснийг Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр урьдчилсан хэлэлцүүлэг хийж нэг төрлийн хоёр гэмт хэргийг нэгтгэх асуудлыг шийдвэрлүүлэхээр хэргийг прокурорт буцаасны дагуу Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 389 дүгээр шийтгэх тогтоол, Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 11 дүгээр магадлалыг хүчингүй болгуулахаар прокурор дүгнэлт бичжээ.

Ц.М нарт холбогдох хэргийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын 01 дүгээр дүгнэлтийн агуулга хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй байна.

Тодруулбал, прокурорын дүгнэлтэд дурдсан нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т заасан үндэслэл болон 1.3-т заасан “шүүх шийдвэр гарах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн” гэсэнтэй холбоогүй байна.

Мөн шүүгдэгч З.Т, Н.М, Д.Б, М.Ө нар 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах”, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэрэгт ял шийтгүүлэхдээ насанд хүрээгүй байсан тул хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж шийдвэрлэжээ.

Дээрх шүүгдэгч нар өнөөдрийн байдлаар насанд хүрсэн учир холбогдох хэргийг дахин хэлэлцвэл шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах тухай зохицуулалтыг хэрэглэх боломжгүй болж шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахаар байна.

Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 389 дүгээр шийтгэх тогтоол, Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 11 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, Орхон аймгийн прокурорын газрын ахлах прокурор Э.Улаанаагийн бичсэн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 01 дүгээр дүгнэлтийг хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 389 дүгээр шийтгэх тогтоол, Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 11 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, Орхон аймгийн прокурорын газрын ахлах прокурор Э.Улаанаагийн бичсэн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 01 дүгээр дүгнэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Ц.М, З.Т, Н.М, Б.Д, Д.Б, М.Ө нарт холбогдох 201714000285, 1725003480255 дугаартай эрүүгийн хэргийг Орхон аймгийн прокурорын газарт буцаасугай.

                    

 

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН