Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2016/1014/з |
Дугаар | 65 |
Огноо | 2018-02-12 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 65
З х 013 а-ийн нэхэмжлэлтэй,
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: М.Батсуурь
Шүүгчид: Г.Банзрагч
Х.Батсүрэн
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Д.Мөнхтуяа
Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох
Нэхэмжлэлийн шаардлага: “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/415 тоот захирамжийн “Х Х Т т” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2017/608 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2017/0841 дүгээр магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Балжинням
Гуравдагч этгээд “Х Х Т т” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганболдын өмгөөлөгч: М.Шинэбаяр, С.Эрдэнэсувд нар,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Балжинням, Б.Энхжаргал, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч С.Эрдэнэсувд нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2017/608 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/415 дүгээр захирамжийн “Х Х Т т” ХХК-д холбогдох 1502 м2 газрын шугам сүлжээний орчны газрын хамгаалалтын зурваст давхцалтай газарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, газрын бусад хэсэгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2017/0841 дүгээр магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2017/608 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдол: ... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2017/0841 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасанд гомдолтой байна.
4. Ийнхүү шийдвэрлэснээ “Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага болон маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн талаар зөв дүгнэлт хийгээгүй, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн бүрдүүлээгүй зэргээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэлээ” гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
5. Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэж байх явцад шинжээчийн дүгнэлт болон бусад шаардлагатай бүх нотлох баримтуудыг бүрдүүлсэн бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны А/415 дугаар захирамжийн хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээж, газар эзэмших хүсэлт гаргасан үндэслэлээр “Х Х Т т” ХХК-д олгосон тухай тус компаний төлөөлөгч Н.Ганболдоос асуухад бид нөхөн сэргээлт хийгээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн.
6. Мөн дүүргийн засаг даргын захирамжаас өөрөөр тус компанид олгосон газар эзэмших гэрчилгээнд колонкийн зориулалтаар гэснийг хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Лхагвабат нь энэ бидний буруу гэдгээ хүлээн зөвшөөрөөд хариу хэлж чадаагүй болно. Иймд дээрх хоёр асуудлыг шалгах шаардлагагүй гэж үзэж байна.
7. Мөн Сонгинохайрхан дүүргийн Газрын албыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах ажиллагаа хийгдээгүй гэж үзсэн бөгөөд хэргийн хариуцагчаар дүүргийн Засаг дарга орж байгаа учир Газрын албыг хариуцагчаар оролцуулах шаардлагагүй гэж нэхэмжлэгчээс үзэж байгаа болно.
8. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагатай бүх нотлох баримтууд цугларсан /анхан шатны шүүхэд буцаагаад нэмэлт нотлох баримт ирүүлэх боломж байхгүй/ бөгөөд тус дүүргийн Засаг даргын захирамж нь Эрчим хүчний тухай хууль, Газрын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн нь тогтоогдсон, дүүргийн Засаг дарга нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд халдсан, хууль бусаар хувийн хэвшлийн компанид давуу эрх олгосон нь тогтоогдсон тул хэргийг хянан үзэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасны дагуу шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
9. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн гомдол: ... Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлээд хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн бүрдүүлээгүй гэж үзэн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэсэн нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, гэрчийн мэдүүлгүүд зэргийг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, талуудын хооронд үүссэн нөхцөл байдалд зөв дүгнэлт хийгээгүй гэж үзэж буй тул давж заалдах шатны магадлалын үндэслэл тус бүрийг дараах байдлаар үгүйсгэж байна.
10. Давж заалдах шатны шүүх “Маргаан бүхий газрыг тус компанид дүүргийн Засаг даргаас үйлчилгээний зориулалтаар олгосон захирамж гарсан байхад дүүргийн газрын албанаас 000314785 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээнд шатахуун түгээх станцын зориулалтаар олгосон зөрүүтэй байдлыг шүүх шалгаагүй” гэх дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болох тухай:
11. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр А/415 дугаар захирамжаар 113 аж, ахуйн нэгж байгууллагад газар эзэмших эрх олгож шийдвэрлэсэн бөгөөд аж ахуйн нэгжийн газар эзэмших ерөнхий зориулалт болох үйлчилгээний зориулалтаар аж ахуйн нэгжүүдийн газар эзэмших эрхийн асуудлыг шийдвэрлэсэн билээ.
12. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6.2 дахь хэсэгт зааснаар газар эзэмших гэрээнд “газар эзэмших зориулалт”-ыг тусгана, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээ эзэмшүүлнэ” хэмээн заасан бөгөөд уг хуульд газрын зориулалтын төрлийг тусгайлан хуульчлаагүй байдаг. Иймд дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл үйлчилгээний болон шатахуун түгээх станцын зориулалт гэж тусдаа хуульчлагдаагүй буюу шатахуун түгээх үйлчилгээ нь үйлчилгээний зориулалт дотроо багтана.
13. Иймд газар эзэмшүүлэх гэрээ болон гэрчилгээнд үйлчилгээний зориулалтыг нарийвчилж шатахуун түгээх зориулалтыг тусгасан тул энэхүү байдлыг баримтаар шалгах шаардлагагүй юм.
14. Давж заалдах шатны шүүх “...нэхэмжлэлийн 2 дахь шаардлагад холбогдох хариуцагчаар СХД-ийн Газрын албыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах эсэх ажиллагаа хийгдээгүй, тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болох тухайд:
15. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа буруу тодорхойлсон буюу “газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгуулах” гэсэн шаардлага нь ач холбогдолгүй. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт ”Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” хэмээн зааснаар газар эзэмших эрх олгосон шийдвэр илт хууль бус захиргааны актад тооцогдсон тохиолдолд тухайн актыг үндэслэж гарсан гэрээ, гэрчилгээ давхар хүчингүй болдог тул СХД-ийн газрын албыг хариуцагчаар татан оролцуулах шаардлагагүй, ач холбогдолгүй юм.
16. Давж заалдах шатны шүүхээс “...тус компанид эзэмшүүлсэн 1502 м.кв хэмжээтэй газар дундуур 1 метр өргөн, 2Ф200 мм голчтой 2 дулааны шугам тавигдсан болох нь тогтоогдсон хэдий ч дүүргийн Засаг дарга захирамж гаргаж, хамгаалалтын зурвас тогтоох ёстой гэж талууд маргасан байхад энэ талаар хариуцагчаас тодруулах ажиллагаа хийгээгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болох тухайд:
17. Монгол Улсын Засгийн газраас 1996 оны 20 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Эрчим хүчний шугам, сүлжээг хамгаалах дүрэм”-ийг баталсан бөгөөд уг дүрмийн 2.2 дахь хэсэгт зааснаар газар дор байрласан 400 мм хүртэл голчтой дулааны шугамаас хоёр тийш 3 м байхаар хамгаалалтын зурвасыг сум, дүүргийн Засаг дарга хамгаалалтын зурвасыг тогтооно хэмээн заасан. Уг зохицуулалтаас үзвэл дүүргийн Засаг дарга энэхүү 3 гэсэн хэмжээг баримтлан хамгаалалтын зурвасыг тогтоох юм. Иймээс 3 м гэсэн хэмжээ уг дүрэмд зааснаар өөрчлөгдөх ёсгүй гагцхүү Засаг дарга уг 3 м-ийн хэмжээг өөрчлөхгүйгээр хамгаалалтын зурвас тогтооно.
18. Энэ талаар “Улаанбаатар дулааны шугам сүлжээ” ТӨХК-ийн дүгнэлт гаргасан шинжээч Д.Баярбат гэрчийн мэдүүлэг өгөхдөө “400 мм хүртэл голчтой шугамаас тал тал тийш Зм хамгаалалтын зурвас байна гэж заасан байдаг. Энэ хамгаалалтын зурвасын дагуул байх ёстой” гэсэн мэдүүлгийг өгсөн.
19. Иймд нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс шугамаас тал тал тийш 3 м-ийн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй буюу хариуцагч байгууллагаас тухайн асуудлаар тодруулах шаардлага байхгүй гэж үзэж байна.
20. Давж заалдах шатны шүүхээс “...тус ангийн үндсэн хөрөнгийн дансанд байгаа шугам тоноглолын жагсаалтад дурдсан шугамууд болон хамгаалалтын зурвас нь гуравдагч этгээдэд олгосон газрын хаана байрлаж байгаа болох, уг шугамуудын хамгаалалтын зурваст гуравдагч этгээдийн эзэмшиж буй газар давхцах эсэхийг тус тус тогтоох шаардлагатай” гэж үзсэн нь мөн үндэслэлгүй тухайд:
21. “Улаанбаатар дулааны шугам сүлжээ” ТӨХК-ын дамжуулах сүлжээний инженерийн шүүхэд гаргаж өгсөн шинжээчийн дүгнэлтээр газар дээр нь үзэхэд “Х Х Т т” ХХК-ийн эзэмшил гэх талбай дундаар 1 м өргөн 1 сувагт байрласан 2Ф200 мм голчтой...дулааны шугам байна /хяналтын худагт орж шугамыг шалгаж, трассыг тодруулсан- хавсралт зурагт байршил хэмжээг заасан/ хэмээн гуравдагч этгээдийн эзэмшил газар дор зөвхөн 2Ф200 мм голчтой 1 м өргөн шугам байхыг олж тогтоосон тул нэхэмжлэгчийн бусад шугам сүлжээ гуравдагч этгээд “Х Х Т т” ХХК-ийн эзэмшлийн газартай давхцалгүй болохыг тогтоосон байхад хэрэгт огт шаардлагагүй баримтыг бүрдүүлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
22. Давж заалдах шатны шүүхээс “...2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд бусдын эзэмшилд олгогдохоор тусгагдсан эсэхийг шалгах ажиллагаа хийгдээгүй байна” хэмээн дүгнэсэн нь хуульд нийцэхгүй болох тухайд:
23. Шинжээчийн дүгнэлтээр гуравдагч этгээдийн эзэмшил газар нь Зэвсэгт хучний 013 дугаар ангийн эзэмшил газраас 54 м байгаа нь холбогдох норм, дүрэмд нийцнэ /мөн газрын харилцаа, геодези зураг зүйн газраас давхцалгүй гэсэн албан бичигтэй, Батлан хамгаалах яамнаас улсын тусгай хамгаалалтын газартай давхцалгүй гэсэн бичигтэй/, ажлын зурагт заасан зай хэмжээнд нийцүүлэн станц барьсан тохиолдолд галын аюулгүй байдлын шаардлага хангагдана, цэргийн анги руу орох гарах хөдөлгөөнд саад учруулах үндэслэлгүй талаар дүгнэлт гарсан юм.
24. Эдгээрээс нэгтгэж дүгнэвэл, газар эзэмшүүлэхэд ямар шаардлага тавигдах вэ гэвэл Газрын тухай хуулийнг 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт зааснаар “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” хэмээн зааснаар нэхэмжлэгч З х 013 а-ийн эзэмшил газартай давхцалгүй, орж гарах хөдөлгөөнд саадгүй, эрүүл ахуйд сөргөөр нөлөөлөхгүй, барилгын норм, дүрэмд бүрэн нийцсэн болох нь хэрэгт цугларсан бичгэн нотлох баримтуудаар бүрэн нотлогдож байгаа юм /Жич: З х 013 а-ийн захирагч Б.Дэлгэрцогт “Х Х Т т” ХХК-д 0.15 га газрын эзэмшихэд татгалзах зүйлгүй гэсэн бичигт гарын үсэг зурж СХД-ийн өмч, газрын харилцааны газарт хүргүүлсэн болохыг хүлээн зөвшөөрч гэрчийн мэдүүлэг өгсөн болохыг дурдах нь зүйтэй байна./
25. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт ““нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ” хэмээн тодорхой хуульчилсан. Эндээс үзвэл СХД-ийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд бусдад эзэмшүүлэхээр тусгагдаагүй байсан ч нэхэмжлэгч З х 013 а-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихөөргүй байх тохиолдолд захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.
26. Иймээс газар зохион байгуулалтын төлөвлөгөөг нотлох баримтаар бүрдүүлэх шаардлагагүй тул хэргийн нөхцөл байдал, талуудын хууль ёсны ашиг сонирхлыг зөв дүгнэж шугам, сүлжээний хамгаалалтын бүсээр “Х Х Т т” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож, хууль ёсны дагуух үлдэх хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2017/608 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн 0841 дүгээр магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
27. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
28. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/415 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, З х 013 а-ийн зүүн талд байршуулан 1500 м.кв газрыг “Х Х Т т” ХХК-нд үйлчилгээний зориулалтаар, 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, нэхэмжлэгчээс “... дүүргийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд шатахуун түгээх станцын зориулалтаар газар эзэмшүүлэхээр тусгагдаагүй, ... нийслэлийн Засаг даргын захирамжаар олгогдох ёстой газар байхад дүүргийн Засаг даргын захирамжаар олгосон нь хууль бус, ... уг газар дээр шатахуун түгээх станц баригдвал Зэвсэгт хүчний байгууллагын хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, галын аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлнэ, ... /манай/ эзэмшлийн дулааны шугам сүлжээтэй газарт давхцуулан эзэмшүүлсэн нь ... Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг зөрчсөн” гэж, хариуцагчаас “... нэхэмжлэгч З х 013 а-ийн эзэмшил газартай давхцаагүй, ... “Х Х Т т” ХХК-нд газар эзэмшүүлсэн нь ... хууль зөрчөөгүй” гэж маргажээ.
29. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч З х 013 а болон гуравдагч этгээд “Х Х Т т” ХХК-ийн эзэмшил газрууд хоорондоо давхцалгүй, харин, маргаан бүхий захиргааны актаар гуравдагч этгээд “Х Х Т т” ХХК-нд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн газарт нэхэмжлэгч З х 013 а-ийн эзэмшилд бүртгэлтэй “1 м өргөн нэг сувагт байрласан 2Ф200 мм голчтой” дулааны шугам байгаа болох нь нотлох баримтаар тогтоогдсон, талууд уг үйл баримттай маргаагүй байна.
30. Эрчим хүчний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т “… /Засгийн газар нь/ эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм ... тогтоох” гэсний дагуу Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 263 дугаар тогтоолоор “Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм”-ийг баталсан, уг дүрмийн Хоёрдугаар зүйлийн 3-т “... 500 мм хүртэл голчтой газар доор байрласан дулааны шугамнаас хоёр тийш 3 м ... /газарт/ хамгаалалтын зурвас тогтоох”-оор, мөн зүйлийн 7-д “хамгаалалтын зурвас дотор барилга байгууламж, орон сууц, хашаа гэр барих, шугам сүлжээ эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглох”-оор заажээ.
31. Түүнчлэн, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглох”-оор, 7 дугаар зүйлийн 7.3-т “... /Засаг дарга нь/ тухайн нутаг дэвсгэр дэх эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурваст баригдсан барилга, байгууламж, айл өрхийг нүүлгэн шилжүүлэх... дээрх зөрчлийг гаргуулахгүй байх арга хэмжээ авах”-аар тус тус заасан байхад хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нэхэмжлэгчийн эзэмшлийн дулааны шугам, түүний хамгаалалтын зурвас газрыг оролцуулан гуравдагч этгээд “Х Х Т т” ХХК-нд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь дээрх хуулийн заалтуудад нийцээгүйн дээр уг дулааны шугамыг эзэмшигчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
32. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар аливаа иргэн, хуулийн этгээдээс “захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах”-аар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн захиргааны акт хууль бус бөгөөд уг актын улмаас нэхэмжлэгч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдвол шүүх түүний “илт хууль бус” болохыг тогтоох, эсхүл хүчингүй болгох хуулийн зохицуулалттай, тухайн тохиолдолд, маргаан бүхий захиргааны актаар “Х Х Т т” ХХК-нд олгосон 1500 м.кв газрын дулааны шугам, түүний хамгаалалтын зурваст хамаарах хэсэг нь Эрчим хүчний тухай хууль тогтоомжийн дээр дурдсан холбогдох заалтуудыг зөрчсөн, “илт хууль бус” болох талаар анхан шатны шүүх мөн зөв дүгнэж, актын холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай (2002) хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-д “захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн... /бол захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргах/”-аар заасантай нийцжээ.
33. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий захиргааны актаар 1500 м.кв газрыг “Х Х Т т” ХХК-нд олгосон нь бүхэлдээ нэхэмжлэгч З х 013 а-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, гагцхүү түүний эзэмшлийн дулааны шугам, шугамын хамгаалалтын зурвас газарт “үйлчилгээний зориулалтаар” өөр бусад этгээдэд газар эзэмшүүлснээр эрх нь хөндөгдсөн байх тул энэ хүрээнд нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлтэй, давхцаагүй бусад газрын хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэх байдал тогтоогдохгүй байх тул “...Газрын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчиж газар олгосон, ... дүүргийн Засаг дарга нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд халдсан, хууль бусаар хувийн хэвшлийн компанид давуу эрх олгосон” гэх зэрэг үндэслэлээр “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах”-аар хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.
34. Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг буруу үнэлж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь үндэслэлгүй, энэ талаарх нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй гэж үзлээ.
35. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/415 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, З х 013 а-ийн зүүн талд байршуулан 1500 м.кв газрыг “хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээсэн” гэх үндэслэлээр “Х Х Т т” ХХК-нд үйлчилгээний зориулалтаар, 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, газар эзэмших эрхийн 000314785 дугаар гэрчилгээнд эзэмшил газрын зориулалтыг “шатахуун түгээх станц” гэж заасан, “Х Х Т т” ХХК нь “... ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээсэн” талаарх баримт хэрэгт авагдаагүй, эдгээр үйл баримтуудыг талууд хүлээн зөвшөөрч шүүхэд мэдүүлэг, тайлбар өгсөн, маргаагүй байхад “...зөрүүтэй байдлыг шүүх шалгаагүй” хэмээн буцаах шаардлагагүй байжээ.
36. Түүнчлэн, “газар эзэмшүүлсэн Засаг даргын захирамж”-д холбогдох маргаанд, уг захирамжийг үндэслэж олгогдсон “газар эзэмших эрхийн гэрчилгээ” нь бие даасан захиргааны акт болохгүй, энэ тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн Газрын албыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар татан оролцуулах шаардлагагүй байтал “...ажиллагаа хийгдээгүй” гэсэн нь үндэслэлгүй.
37. Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “... аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга шугам сүлжээг хамгаалах дүрмийн дагуу хамгаалалтын зурвасын хэмжээг баталгаажуулах”-аар заасан, хариуцагчаас “...хамгаалалтын зурвасын хэмжээг баталгаажуулсан акт гаргаагүй” талаар шүүхэд мэдүүлсэн, Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 263 дугаар тогтоолоор “Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм”-ээр хамгаалалтын зурвас газрын хэмжээг нэгэнт тогтоосон, маргааны үйл баримтад холбогдох дулааны шугам, түүний хамгаалалтын зурвас нь “Х Х Т т” ХХК-д олгосон газарт “...хаана байрлаж байгаа, ... уг шугамуудын хамгаалалтын зурваст гуравдагч этгээдийн эзэмшиж буй газар давхцах эсэх” нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, талууд уг нотлох баримтуудын талаар маргаагүй байхад давж заалдах шатны шүүх “... дахин шалгаж тогтоох” гэсэн нь ойлгомжгүй, энэ талаарх хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэл бүхий байна.
38. Эдгээр үндэслэлээр, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй, анхан шатны шүүх маргааны үйл баримтуудад зөв дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт баримталбал зохих хуулийн заалтуудыг бүрэн баримтлаагүй, маргаан бүхий захиргааны актаар олгогдсон газар нь “1500 м.кв” байхад “1502 м.кв” гэж буруу бичсэн байх тул шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2017/0841 дүгээр магадлалыг хүчинүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2017/608 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Эрчим хүчний тухай хуулийн ... 33.1” гэсний дараа “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай (2002) хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9” гэж нэмэн, “1502” гэснийг “1500” гэж өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээд “Х Х Т т” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА