Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/91

 

 

     2025            06              24                                                  2025/ШЦТ/91                  

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Намуун,

Улсын яллагч В.Төгсбаяр,                                      

Шүүгдэгч Б.А********* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б******** овогт Б*******ын А**********т холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Б.А************* нь 2025 оны 04 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө **********-р баг, ********** суурьшлын бүсэд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ********** улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг эсрэг гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А********* мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Улсын яллагч В.Төгсбаяр нь гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Өмнөговь аймаг Ханбогд сумын Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, В.Төгсбаяр би,  Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17,19 дүгээр зүйл,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Б.А**********т холбогдох эрүүгийн **********дугаартай хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дараах дүгнэлтийг гаргаж байна. Б.А*********** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2025 оны 04 дүгээр сарын 19-өөс 20-нд шилжих шөнө ****************р багийн нутаг дэвсгэр ************ суурьшлын бүсэд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ********** улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож Авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүх хуралдаанд оруулж байна” гэв. 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Б.А*********ыг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэв. 

    1. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал  тогтоогдож байна.  Тухайлбал:

Гэрч А.Э************ны “...Би 2025 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-ны өдөрт шилжих шөнө 00 цаг 30 минутын үед **************-р баг, ********** суурьшлын бүсийн гэр хорооллын гудамжинд өөрийн найз болох Б.А***********ын цагаан өнгийн ************* улсын дугаартай "**********” маркийн тээврийн хэрэгсэл дотор Б.А************тай хамт нэг нэг лааз 0,5 литрийн "Asahi" нэртэй пиво ууцгаасан. Бид хоёр пивоо ууж дуусгаад манай гэрт очиж хонохоор болсон ба тухайн үед Б.А************ *********** улсын дугаартай " T**********” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Тэгээд бид хоёр тухайн гудамжнаас хөдлөөд 10-20 метр газар явж байгаад цагдаад баригдсан. Цагдаагийн алба хаагч Б.А************ыг согтуурал шалгадаг багажаар үлээлгэхэд Б.А***********аас 0.52 хувийн согтолтын зэрэг гарсан. Тэгээд цагдаад саатуулагдсан." гэх мэдүүлэг, /хх-ийн 13-14-р хуудас/,

Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 07-08-р хуудас/,

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /09-10-р хуудас/,

2025 оны 04 сарын 21-ний өдрийн Жолоочийн лавлагаа, мэдээлэл /2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар 1 жил тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан буюу 2025.05.14-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан хугацаа дуусгавар болохоор байна/ /хх-ийн 11-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Б.А************ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Шүүгдэгч Б.А***********ыг жолоодох эрхээ хасуулсан байхдаа буюу эрхгүй байх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 09-10-р хуудас/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 11-р хуудас/  зэрэг баримтуудаар тогтоогдож байна. 

Шүүгдэгч Б.А*********** нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд шүүгдэгч Б.А*************ыг “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5. Хохирол, хор уршиг

Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол байхгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч В.Төгсбаяр эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хариуцлагын тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу Б.А*************ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүх хуралдаанд оруулж байна. Гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, баривчлагдаагүй. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилсэн баримт ирүүлээгүй болно” гэв.

            2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтэн хувь хүний онцлогт зүй зохистой харьцаагаар нийцсэн байх ёстой гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмын агуулгаар давхар илэрхийлэгддэг үйл ажиллагаа юм. 

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.А**************ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөргүй байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А***********ын  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/  жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. 

2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б********* овогт Б**********ын А*************ыг “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А***********ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.А************т оногдуулсан 2,700,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А************т оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хассан ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.

6. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол байхгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.А**********ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.БАТТУЛГА