Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2018/03723

 

 

 

 

2018 оны 12 сарын 07 өдөр Дугаар 101/ШШ2018/03723 Улаанбаатар хот

 

       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, шүүгч Д.Ганболд, шүүгч Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: "Э" Сууц өмчлөгчдийн холбоо /Баянзүрх дүүрэг, 0дугаар хороо, 00дугаар хороолол, 00, 00байр, О тоот хаягт байрлах /-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 00дугаар хороо, 00дугаар хороолол, 00байр 00тоот хаягт оршин суух   Н Б-т холбогдох,

 

Гэм хорын хохиролд 11.914.768 төгрөг гаргуулах тухай үндсэн, Н.Б:ын хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 12.500.000 төгрөгийг "Э" Сууц өмчлөгчдийн холбооноос гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ц.Ж,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э,

Гэрч Ч.О, Ч.Ж,

Иргэдийн төлөөлөгч Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч "Э" Сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон гүйцэтгэх захирал Ц.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Н.Б нь Баянзүрх дүүрэг 00дугаар хороо, 00дугаар хороолол, 00байр 0 тоотод байрлах ЭС  холбооны гүйцэтгэх захирлаар 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл ажиллаж байсан.

Э СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 14/5 дугаар тогтоолоор Э СӨХ-ны Төрийн банк дахь 000тоот дансанд байршиж буй 2.332.585,68 төгрөгийн үлдэгдлээр эхлэлтийн баланс гарган санхүүгийн үйл ажиллагаа явуулах эрхийг гүйцэтгэх захирал Н.Б олгосон байдаг.

Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Б нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.3-т заасны дагуу Холбооны мөнгөн хөрөнгийг түүний зорилго, үйл ажиллагааны чиглэл, бүх гишүүдийн хурлын шийдвэрт нийцүүлэн энэ хууль, хууль тогтоомжийн бусад акт болон холбооны дүрмээр олгосон эрх хэмжээний дотор зөвхөн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээ, бусад нийтлэг зардалд зориулан захиран зарцуулах үүргээ биелүүлэлгүй 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 2.467.130 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 6.985.430 төгрөг, нийт 9.452.560 төгрөгийг төсөвлөснөөс гадуур, баримтгүй, хувийн хэрэгцээнд захиран зарцуулсан болох нь Э СӨХ-ны 2014, 2015 оны батлагдсан төсөв, Төрийн банк дахь 000тоот дансны хуулга, Санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн Дотоод хяналтын гишүүдийн ажлын тайлан, СА ХХК-ийн хийсэн Санхүүгийн хяналтын ажлын тайлан-аар тус тус нотлогдсон.

Мөн Төрийн банкны 13 дугаар хорооллын салбарт 2014 оны 06 дугаар сарын 24-ний 09, 2015 оны 01 дүгээр сарын 13-ны 15/1, 2015 оны 01 дүгээр сарын 28-ны 15/2, 2015 оны 05 дугаар сарын 06-ны 15/3 албан тоотоор нэр бүхий оршин суугчдыг Э СӨХ-ны касст СӨХ-ны төлбөрөө төлсөн тул хасалт хийж өгнө үү гэсэн хүсэлтүүд гарган нийт 2.462.208 төгрөгийг бэлнээр авсан байна. Гэвч бэлнээр авсан 2.462.208 төгрөгийг хэрхэн захиран зарцуулсан талаар ямар нэг баримт гаргах өгөөгүй. Аудитын дүгнэлтийг Н.Б, Ч.О нарт мэдэгдсэн эсэхийг мэдэхгүй.

Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлөөс тухайн оны төсвийг баталж өгдөг бөгөөд Сууц өмчлөгчдийн холбооны 2014,2015 онд батлагдсан төсөв нь УЗ-ийн дарга Б.Д байдаг.

Н.Б-ын дээрх үйлдэлтэй холбогдуулан цагдаагийн байгууллагад хандсан боловч Өршөөлийн хуульд хамрагдана, хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон учир иргэний журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж прокурор аман байдлаар УЗ-ийн дарга Б.Д хэлсэн гэсэн.

Э СӨХ-ны дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.6-д Гүйцэтгэх захирал холбооны эд хөрөнгийг эзэмших ашиглах, захиран зарцуулах талаарх бүх гишүүдийн болон удирдах зөвлөлийн хурлаас тогтоосон эрхээ хэтрүүлэх буюу урвуулан ашиглах зэрэг үйл ажиллагаанаас холбоонд хохирол учруулсан бол уг хохирлыг өөрийн хувийн өмчийн эд хөрөнгөөр барагдуулна гэж заасан.

Дээрх заалтыг үндэслэн Н.Б холбоонд учруулсан хохирлыг нөхөн төлөхийг удаа дараа сануулж, шаардаж ирсэн боловч сайн дураар биелүүлэхгүй байна.

Иймд Н.Б нь эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаа ашиглан хохирол учруулсан гэж үзэж байгаа тул түүнээс 11.914.768 төгрөг гаргуулан Э СӨХ-д олгож өгнө үү гэв.

 

 

Хариуцагч Н.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э-г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Н.Б 11.914.768 төгрөг гаргуулах тухай Э СӨХолбооны нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Тус байрны оршин суугчдын ихэнх нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээ, бусад нийтлэг зардлаа төлдөггүй байхад нь ажил хүлээж авсан. Ингээд оршин суугчдын 50 хувь нь Сууц өмчлөгчдийн холбооны зардлаа төлдөг болмогц гүйцэтгэх захирлын ажлыг буцааж аваад түүнийг хохирол учруулсан гэсэн нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь бусдын хийсэн ажлыг хийсэн хүн нь нотолж чадахгүй бол үгүйсгэн өөрсдийн хийсэн болгож сууц өмчлөгч нарыг төөрөгдүүлэх зорилгоор удирдах зөвлөлийн даргын багшийн хувийн аудитаар хуурамч дүгнэлт гаргуулан нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. .

Тухайн үед нягтлан бодогч Ч.О байсан, тэрээр хяналтын зөвлөлийн дарга байсныг болиулсан, тэрээр банктай харьцахад 2 дугаар гарын үсэг эзэмшдэг байсан. Н.Б-ын тухайд ширхэг хадаасыг баримтаар авдаг, энэ баримтаа Ч.О өгдөг байсан байтал уг баримтыг нуун дарагдуулж баримтгүй зарцуулалт хийсэн гэжээ. Н.Б-ын зүгээс баримтгүй хийсэн гэх ажил нь төмөр сүүдрэвч, сандал, хогийн сав 4 ширхэг, гэрэлтүүлэг, хашаа хайс 90 м, харуулын будка, жижиг балкон 8 ширхэг, том балкон 8 ширхгийг цементэлж хар цаасалсан, агааржуулалтын хоолойн малгайвч, гараашийн ус зайлуулах судаг, хурд сааруулагч, хашлага, гарааш доторх трап, бохирын шугам сольсон, хяналтын 8 камер зоосон, блокон хашаа хийсэн, машины орц, гарцын хаалт зэрэг нийт 13 төрлийн ажил байна. Эдгээрийг СТ ХХК баримтгүй гэж дүгнэсэн ба энэ ажлууд зах зээлийн жишиг үнээр 20 гаруй сая төгрөгийн ажил байгаа болно.

Тус Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Б.Д нь өөрийн хөрш айлын хүнийг дарга болгоод Н.Б-ын өгсөн санхүүгийн баримтуудыг устгаж, өөрийн багшаар хувийн журмаар аудит хийлгэснийг үндэслэн хохирол гэж нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Аудит хийсэн талаар Н.Б болон нягтлан бодогчоор ажиллаж байсан Ч.О нарт мэдэгдээгүй, тэдэнд уг дүгнэлтийг танилцуулаагүй байна. Нягтлангаар ажиллаж байсан Ч.О бүх санхүүгийн баримтуудыг хураагаад авчихсан мөртлөө түүнд энэ талаар огт танилцуулаагүй байна. Тэгээд ч түүний мэдүүлгээр 1,2 дугаар гарын үсэггүй яаж банкнаас мөнгө авсан гэдгийг тогтоосон болох нь ойлгомжгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагч Н.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Н.Б тус Сууц өмчлөгчдийн холбооны дарга байхдаа өөрөө гагнуурчин, ачигч, засварчин гээд засвар заслын ажлыг өөрөө, найз нөхөд болон мэргэжлийн хүний тусламжтайгаар засвар тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн.

Гэтэл Э СӨХолбооныхон миний хийсэн ажлыг хийгээгүй болгож, засвар тохижуулалтанд зарцуулсан мөнгийг хувьдаа завшсан болгож шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Ингээд хийж тохижуулсан ажлаа шүүхийн журмаар шинжээч томилуулан үнэлүүлэхэд 25.032.300 төгрөгөөр үнэлсэн байгаа.

Иймд үнэлгээний дүнгээс надаас нэхэмжилсэн 11.914.768 төгрөгийг хасаж, гүйцэтгэсэн ажлын зөрүү төлбөр болох 13.117.532 төгрөгийг "Э" Сууц өмчлөгчдийн холбооноос гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

Гэвч шинжээчийн дүгнэлтээр Н.Б-ын хийж гүйцэтгэсэн ажлыг 25.032.300 төгрөгөөр үнэлсэн тул уг ажлын тал хувь болох 12.500.000 төгрөгийг "Э" СӨХноос гаргуулан олгож, хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Э СӨХолбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О нь сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа болон нэхэмжлэгч Ц.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Хариуцагч Н.Б-ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлдээ Хийж гүйцэтгэсэн ажлын зөрүү төлбөр 13.117.532 төгрөг гаргуулах... гэсэн нь огт үндэслэлгүй байна.

Н.Б нь Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 байр 0 тоотод байрлах Э СӨХолбооны гүйцэтгэх захирлаар 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл ажиллаж байх хугацаандаа Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.3-т заасны дагуу Холбооны мөнгөн хөрөнгийг түүний зорилго, үйл ажиллагааны чиглэл, бүх гишүүдийн хурлын шийдвэрт нийцүүлэн энэ хууль, хууль тогтоомжийн бусад акт болон холбооны дүрмээр олгосон эрх хэмжээний дотор зөвхөн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээ, бусад нийтлэг зардалд зориулан захиран зарцуулах үүргээ биелүүлээгүйн улмаас тус Сууц өмчлөгчдийн холбоонд 11.914.768 төгрөгийн бодит хохирол учруулсныг нэхэмжилсэн.

Гэтэл хариуцагч дээрх нэхэмжлэлийн шаардлагыг ойлгоогүйн улмаас "Э" СӨХноос Сууц өмчлөгчдийн холбооны өөрийнх нь хөрөнгийг эргүүлэн нэхэмжилсэн нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль болон Э С холбооны дүрэмд нийцэхгүй байна.

Н.Б нь дээрх хэмжээний ажлыг хийж гүйцэтгэсэн юм бол энэ талаар эхлээд Удирдах зөвлөлөөр төслөө батлуулаад хяналтын зөвлөлөөр шалгуулсны эцэст хийх ёстой. 220.000 төгрөгөөс дээш ажил гүйцэтгэвэл тухайн байгууллага, хувь хүн хэн ч байсан гэрээ хийгээд хийх ажил, материалын үнийн талаар хяналтын зөвлөлд хянуулсан байх ёстой. Түүнээс ажил хүлээж авахад хуримтлалын санд хөрөнгөгүй байсан.

Н.Б нь өөрийн хөрөнгөөр "Э" СӨХолбоонд ажил, үйлчилгээ гүйцэтгэсэн тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй тул сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байна.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан Н.Б-ын 12.500.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг,хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч "Э" СӨХ нь хариуцагч Н.Б холбогдуулан гэм хорын хохиролд 11.914.768 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага,

хариуцагч Н.Б нь нэхэмжлэгч "Э" СӨХ-нд холбогдуулан хийж гүйцэтгэсэн ажлын зөрүүд 13.117.532 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад 12.500.000 төгрөг болгож, энэхүү шаардлагаа дэмжсэн болно.

 

1.    Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

"Э" СӨХ-г 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэж, №117 тоот гэрчилгээ олгосноос үзэхэд уг орон сууцны өмчлөгчид нэгдэн холбоог байгуулсан, ийнхүү байгуулагдсанаар тус сууц өмчлөгчдийн холбоо нь Баянзүрх дүүрэг, 00дугаар хороо, "Э" цогцолбор 00, 00дугаар байрны сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилготой гэж үзнэ.

/хх-ийн 12 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ Н.Б тус С ө х гүйцэтгэх захирлаар 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллахдаа 2014 болон 2015 оны төсвөөс 2014.02.07-ны өдрөөс 2014.12.22-ны өдөр хүртэлх хугацаанд 2.467.130 төгрөг, 2015.01.07-ны өдрөөс 2015.08.30-ны өдөр хүртэлх хугацаанд 6.985.430 төгрөг, Төрийн банкны 13 дугаар хорооллын салбараас 2014.06.24-ний өдрөөс 2015.05.06-ны өдрийн хооронд 4 удаагийн албан бичгээр 2.462.208 төгрөг, нийт 11.914.768 төгрөгийг төсөвлөснөөс гадуур, баримтгүй, хувийн хэрэгцээнд захиран зарцуулж, хохирол учруулсан гэжээ.

 

Хариуцагч Н.Б нь санхүүгийн тайлан, баримтуудыг устгасан, Удирдах зөвлөлийн дарга танилын журмаар аудитын дүгнэлт гаргуулсан, энэхүү дүгнэлтийг танилцуулаагүй, дүгнэлтийг зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

"Э" СӨХны Удирдах Зөвлөлийн 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №14/04 тоот тогтоолоор Н.Б-ыг тус Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар томилсон, 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлсөн болох нь тогтоогджээ.

 

/хх-ийн 13-14 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч нь 11.914.768 төгрөгийг төсөвлөснөөс гадуур, баримтгүй захиран зарцуулсан хууль бус үйлдлээр Н.Б Сууц өмчлөгчдийн холбоонд хохирол учруулсан, мөнгийг хувьдаа завшсан болох нь тус Сууц өмчлөгчдийн холбооны 2014 он, 2015 оны батлагдсан төсөв, Төрийн банкин дахь дансны хуулга, Санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн Дотоод хяналтын гишүүдийн ажлын тайлан, СА ХХК-ийн Санхүүгийн хяналтын ажлын тайлан зэрэг баримтаар тогтоогдсон гэж тайлбарласан.

 

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.2-д :эд хөрөнгө хариуцагч болон эд хөрөнгийн тооцоотой холбоотой ажилтан солигдох үед хөрөнгө, төлбөр тооцооны тооллогыг заавал хийхээр заасан байх бөгөөд мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д :Аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн дотоод хяналтын бодлого, удирдлага, зохион байгуулалтыг аж ахуйн нэгж, байгууллагын эрх бүхий этгээд тодорхойлно,

мөн Сууц өмчлөгчдийн холбооны дүрмийн 10 дугаар зүйлийн 10.6, 10.7, 10.8-д: ...санхүүгийн үйл ажиллагааг хяналтын зөвлөл хийх ба хөндлөнгийн хяналт оруулах шийдвэрийг хяналтын зөвлөл гаргана, санхүүгийн жил 1 сарын 1-ээс эхэлж, 12 сарын 31-нд дуусгавар болно, санхүүгийн тайлан тэнцлийг хуулиар тогтоосон хугацаанд санхүү, татварын албанд хүргүүлж, баталгаажуулна гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч нь тус Сууц өмчлөгчдийн холбооны 2014 он, 2015 оны батлагдсан төсөв, Санхүүгийн үйл ажиллагаанд Аудит хийлгэхээр шийдвэрлэсэн болон мөн санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн Дотоод хяналтын гишүүдийг хэзээ, хаанаас, хэдэн гишүүний бүрэлдэхүүнтэй, хэрхэн томилсон болох, уг томилогдсон гишүүд ямар шийдвэрийн үндсэн дээр санхүүгийн ажилд хяналт шалгалт хийсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлсэнгүй.

/хх-ийн 8-10 дугаар тал/

 

СТ ХХК нь 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч "Э" СӨХ-ны хүсэлтээр Санхүүгийн хяналтын ажлын тайлан-г хийж гүйцэтгэхдээ тус Сууц өмчлөгчдийн холбооны 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны санхүүгийн тайланд тусгагдсан орлого, зардлын баримтуудыг хянах хяналтын ажлыг хийж гүйцэтгэсэн талаар тайландаа тусгажээ.

/хх-ийн 47-58 дугаар тал/

 

Аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д:Аудитын үйлчилгээ үзүүлэх талаар үйлчлүүлэгч болон аудитын хуулийн этгээд бичгээр гэрээ байгуулна. Гэрээ нь үйлчлүүлэгч ба аудитын хуулийн этгээдийн эрх бүхий этгээд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан өдрөөс хүчин төгөлдөр болно гэж заасан.

 

Нэхэмжлэгч "Э" СӨХ нь Ст А ХХК-тай байгуулсан гэрээг шүүхэд ирүүлээгүйгээс гадна уг хуулийн этгээд нь мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээд болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

 

Дээрх хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т:Аудитын баг, эсхүл аудитор нь санхүүгийн тайлангийн аудитын явцад шалгалт, ажиглалт, асуулга, ярилцлага, тулган баталгаажуулалт, давтан тооцоолол, шинжилгээний горимыг гүйцэтгэх замаар нотлох зүйлс болох ажлын баримтыг цуглуулж, тэдгээрт судалгаа, шинжилгээ хийж, дүгнэлт гаргана гэжээ.

 

Гэтэл СТ ХХК нь 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Санхүүгийн хяналтын ажлын тайлан-д: Санхүүгийн тайланд орлого, зардлын баримтуудыг хянах ажлыг гүйцэтгэхэд зарим хэрэгцээтэй баримт, материал байхгүй байснаас ажлын цар хүрээний хязгаарлалт орсныг дурдах нь зүйтэй, бидэнд ирүүлсэн баримтын хүрээнд хяналтын ажлыг хийж гүйцэтгэсэн болно гэснээс үзэхэд уг дүгнэлтийг хуульд заасан дээрх шаардлагыг хангасан дүгнэлт гаргасан гэж үзэх боломжгүй байхаас гадна уг дүгнэлтийг гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан гэх Н.Б, нягтлан бодогчоор ажиллаж байсан гэх Ч.О нарт танилцуулаагүй болох нь зохигчийн тайлбар, гэрч Ч.О-ны мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Тус Сууц өмчлөгчдийн холбооны 2014 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр дүрмийн 10 дугаар зүйлийн 10.5-д:Мөнгөний захиран зарцуулах эрх 2 гарын үсгээр баталгаажиж явагдана. Нэгдүгээр гарын үсгийг Гүйцэтгэх захирал, 2 дугаар гарын үсгийг нягтлан бодогч зурна гэсэн байх ба 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн ажлын тайлангийн хурлын тэмдэглэлд тусгагдсанаас үзэхэд нягтлан бодогч Ч.О 2015.11.02-ны өдрөөс чөлөөлөгдөж байгаа тул санхүүгийн үйл ажиллагааг зөвхөн 1 гарын үсгээр явуулахыг тус Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захиралд үүрэг болгожээ.

 

/хх-ийн 41-46 дугаар тал/

 

Энэ хурлын тэмдэглэлээс үзэхэд Н.Б гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаанд Сууц өмчлөгчдийн холбооны хөрөнгийг захиран зарцуулах эрх нь нэг, хоёрдугаар гарын үсгээр баталгаажиж байсан байх ба 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн хөрөнгө зарцуулах эрхийг 1 этгээдэд, тодруулбал гүйцэтгэх захирал дангаар хэрэгжүүлэх эрх олгосон нь тогтоогдож байх ба Н.Б гүйцэтгэх захирлаар ажиллаж байхад түүнд дангаар Сууц өмчлөгчдийн холбооны хөрөнгийг дангаар захиран зарцуулах эрх олгогдоогүй гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй" гэж заасан байх ба гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, /эс үйлдэхүй/ хохирол, үйлдэл ба хохирлын хоорондын шалтгаант холбоо, гэм хор учруулагчийн гэм буруу тогтоогдсон нөхцөлд хэрэгжинэ.

 

Түүнээс гадна Н.Б-ын гэм буруутай үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад хандсан боловч түүний гэм буруутай үйлдэл нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан, хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон, иргэний журмаар шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэх хариуг прокурор амаар өгсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар нь Н.Б:ын гэм буруутай үйлдэл тогтоогдсон гэж үзэх үндэслэл болохгүй юм.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар Н.Б нь тус Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд ажиллах явцдаа гэм буруутай үйлдэл, эсхүл эс үйлдэхүйгээр 11.914.768 төгрөгийг төсөвлөснөөс гадуур, баримтгүй, хувийн хэрэгцээнд захиран зарцуулж, "Э" Сууц өмчлөгчдийн холбоонд хохирол учруулсан болох нь тогтоогдсонгүй гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд Н.Б-аас гэм хорын хохиролд 11.914.768 төгрөг гаргуулах тухай "Э" Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

2. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Н.Б нь нэхэмжлэгч Э СӨХхолбоонд холбогдуулан хийж гүйцэтгэсэн ажлын зөрүүд 13.117.532 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан, уг шаардлагаа шүүх хуралдааны явцад 12.500.000 төгрөг болгож, энэхүү шаардлагаа дэмжсэн болно.

 

"Э" СӨХ нь Н.Б-р дээрх хэмжээний ажлыг хийж гүйцэтгэх талаар Удирдах зөвлөлөөр төслөө батлуулаагүй, хяналтын зөвлөлөөр шалгуулаагүй, ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй, Сууц өмчлөгчдийн холбооны хөрөнгийг буцаан нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж маргасан.

 

Н.Б-ын хүсэлтээр Баянзүрх дүүргийн 00дугаар хороо, 00дугаар хороолол, 00, 00байранд байрлах, 13 нэр төрлийн ажил буюу төмөр сүүдрэвч, сандал, хогийн сав 4 ширхэг, гэрэлтүүлэг, хашаа хайс 90 м, харуулын будка, цементлэж хар цаасалсан жижиг балкон 8 ширхэг, том балкон 8 ширхэг, агааржуулалтын хоолойны малгайвч, гарашийн ус зайлуулах судаг, хурд сааруулагч, хашлага, гараш доторх трап, бохирын шугам, хяналтын 8 камер, блокон хашаа, машины орц, гарцны хаалт зэрэг эд зүйлсийн үнэлгээг тогтоолгохоор шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 000-тоот захирамжаар М О-Т ХХК-ийг шинжээчээр томилжээ.

 

/хх-ийн 86-89 дүгээр тал/

 

М О Т ХХК нь 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн №31 тоот дүгнэлтээр дээрх ажлыг 25.032.300 төгрөг гэсэн үнэлгээний тайланг гаргасан.

 

/хх-ийн 97-107 дугаар тал/

 

Н.Б нь дээрх ажлыг өөрөө гагнуурчин, ачигч, засварчин хийх зэргээр найз нөхөд, мэргэжлийн хүний тусламжтайгаар хийж гүйцэтгэсэн, уг ажлыг 25.032.300 төгрөгийн үнэлгээтэй гэж дүгнэлт гаргасан М О Т ХХК-ийн үнэлгээг нэхэмжлэлийн үндэслэл болгож, уг ажлын үнэлгээний тал хувь болох 12.500.000 төгрөгийг шаардсан байна.

 

Аливаа ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар тохиролцсон ажил гүйцэтгэх, уг ажлыг захиалагч ажлын үр дүнг хүлээн авсны үндсэн дээр гүйцэтгэгчид хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээх бөгөөд тохиролцсон зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байхыг шаардана.

 

Н.Б нь МОТ ХХК-ийн үнэлгээний тайлангаар тогтоосон 25.032.300 төгрөгийн өртөг бүхий 13 нэр төрлийн ажлыг хэний захиалгаар ямар зардлаар хэрхэн хийж гүйцэтгэсэн болох, дээрх өртөг бүхий ажлыг Э СӨХолбоонд хүлээлгэн өгсөн эсэх, ийнхүү хийж гүйцэтгэсэн ажлын хөлснөөс 12.500.000 төгрөгийг Сууц өмчлөгчдийн холбоо түүнд төлөхөөр тохиролцсон гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлсэнгүй.

 

Үүнээс үзэхэд Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлсэнгүй гэж үзнэ.

 

"Э" СӨХны дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.4-д гүйцэтгэх захирал нь :холбооны дүрэмд өөрөөр заагаагүй бол дундын өмчлөлийн эд хөрөнгөд засвар үйлчилгээ хийлгэх, орон сууцны хэвийн байдлыг хангах талаар үйлчилгээний мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулах, биелэлтийг хангуулах үүрэг-ийг хүлээхээр заажээ.

 

Зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Н.Б нь Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаанд тус Сууц өмчлөгчдийн холбооны дүрэмд зааснаар гүйцэтгэх захиралд үүрэг болгосон ажлыг гүйцэтгэсэн, ийнхүү өөрт олгосон эрх, үүргийг хэрэгжүүлэх явцад дээрх өртөг бүхий 13 нэр төрлийн ажлыг гүйцэтгэсэн болох нь тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл "Э" СӨХ нь Н.Б 23.032.300 төгрөгийн үнэ бүхий 13 нэр төрлийн ажил гүйцэтгүүлэхээр тохирсон, ийнхүү тохирсны үндсэн дээр уг ажлыг хүлээн авч, түүнд уг ажлын хөлсний зөрүүд 12.500.000 төгрөгийг төлөх үүрэг үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Иймд Э С ө холбооноос хийж гүйцэтгэсэн ажлын зөрүү 12.500.000 төгрөг гаргуулах тухай Н.Б:ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

М О Т ХХК нь ажлын хөлс 75.000 төгрөгийн хөлс нэхэмжилсэн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн №31 тоот нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.

 

/хх-ийн 95 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д :Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу Н.Б-:ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байх тул түүнээс шинжээчийн зардалд 75.000 төгрөг гаргуулан М О Т ХХК-д олгов.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116,118-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул хариуцагч Н.Б гэм хорын хохиролд 11.914.768 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч "Э" СӨХны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Э С ө- холбооноос 12.500.000 төгрөг гаргуулах тухай Н.Б-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч Н.Б-аас шинжээчийн ажлын хөлс 75.000 төгрөг гаргуулан М О Т ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 205.586.29 төгрөг, хариуцагч Н.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 223.600 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ

 

ШҮҮГЧИД Д.ГАНБОЛД

 

Т.ЭНХЖАРГАЛ