| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 194/2025/1229/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1502 |
| Огноо | 2025-06-03 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Л.Төгсжаргал |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1502
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,
Улсын яллагч Л.Төгсжаргал,
Шүүгдэгч Э.Ө ,
Шүүгдэгч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
П.Б ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2506033770931 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Ө , П.Б нар нь гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцож, 2025 оны 3 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” нэртэй бааранд үйлчлүүлж байхдаа хохирогч Н.Ч ийн куртикний халааснаас түүний эзэмшлийн “Iphone 13” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 1,075,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “...Шүүгдэгч Э.Ө , П.Б нар нь гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцож, 2025 оны 3 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” нэртэй бааранд үйлчлүүлж байхдаа хохирогч Н.Ч ийн куртикний халааснаас түүний эзэмшлийн “Iphone 13” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 1,075,000 төгрөгийн хохирол учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтын талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.
Үүнд:
Хохирогч Н.Ч ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 3 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... нэртэй бааранд улаан кепикэн малгай, хар өнгийн савхи, цайвар өнгийн жинсэн өмд, цүнх үүрсэн үл таних эмэгтэйтэй танилцсан. Суудал байхгүй байсан учраас хоёулаа яриа нийлээд ... бааранд 01 цагийн орчимд орсон. 04 цагийн орчимд баар хаах дөхөж ирээд куртикнийхээ халаасанд хийсэн байсан гар утас алга болсон талаар мэдсэн. Найз С ын утсаар мэдсэн даруйдаа цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Миний хувьд хамт архи согтууруулах ундаа хэрэглэсэн улаан өнгийн кепикэн малгай, хар өнгийн савхи, цайвар өнгийн жинсэн өмд, цүнх үүрсэн үл таних эмэгтэйг сэжиглэж байна. Хамгийн сүүлд 01 цагийн орчимд бааранд төлбөр хийх зорилгоор ашиглаад өмсөж байсан куртикнийхээ баруун талын халаасанд хийсэн гэж санаж байна. Тухайн бааранд хяналтын камер байгаа. Би Iphone 13 загварын хөх өнгийн гадаргуутай, 128gb багтаамжтай, цайвар цэнхэр өнгийн ардаа тогтоогчтой гэртэй, дэлгэц хэсэгтээ хоёр хүүхдийнхээ зургийг байршуулсан гар утсаа алдсан. Тухайн гар утсыг 2024 оны 10 дугаар сард 2,588,000 төгрөгөөр Төв аймгийн Юнителийн Тоki апликейшн ашиглаж худалдан авсан. Имей дугаарыг нь мэдэхгүй. Миний гар утсанд тухайн үед ... гэсэн дугаар ашиглагдаж байсан. ... гэсэн кодтой байсан. Одоо гар утсаа 2,588,000 төгрөгөөр үнэлнэ. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр тал/,
Гэрч Ж.Т ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай ээжийн дүү болох Э.Ө ын ээж нь бөөрний архаг дутагдал өвчнөөр нэгдүгээр эмнэлэгт хагалгаанд ороод Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр нас барсан юм. ...Манай дүү Э.Ө нь тогтсон гэр орон байхгүй бөгөөд С гэх хүнтэй хамт амьдраад 3 хүүхэдтэй болсон. Одоо С гэх хүнээсээ салсан. Манай гэрт надтай хамт амьдарч байгаа. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр тал/,
“Дамно” ХХК-ийн 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн: “...1,075,000...” гэсэн шинжээчийн БЗД2-25-266 дугаартай дүгнэлт /хх-ийн 22-24 дүгээр тал/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай 2025 оны 4 дүгээр сарын 15- ны өдрийн: “...бичлэгийг цааш үргэлжлүүлэн 2025 оны 3 дугаар сарын 15-ны 03:16:17 цагт хохирогчийн куртикний халаасыг ухаж байгаа нь харагдаж байгаа бөгөөд ямар нэгэн зүйл аваад цүнхэндээ хийж байгаа нь харагдаж байна. ...сэжигтэн этгээд Э.Ө нь гараад явж байгаа нь харагдаж байна...” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 28-29 дүгээр тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ө , П.Б нараас: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Э.Ө , П.Б нар нь гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцож, 2025 оны 3 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” нэртэй бааранд үйлчлүүлж байхдаа хохирогч Н.Ч ийн куртикний халааснаас түүний эзэмшлийн “Iphone 13” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 1,075,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Ө ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч П.Б ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нар хохирогчид учирсан 1.075.000 төгрөгийг төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй...” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч Э.Ө , П.Б нар нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар тус тус маргаагүй болно.
Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдлээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Э.Ө , П.Б нарын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн энэхүү үндсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.
Шүүгдэгч Э.Ө , П.Б нар нь хохирогч Н.Ч ийн эзэмшлийн “Iphone 13” загварын гар утсыг хулгайлсан байх бөгөөд энэ нь хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй хулгайлах гэмт хэргийн материаллаг шинжийг хангажээ.
Шүүгдэгч Э.Ө , П.Б нарын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүгдэгч Э.Ө , П.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд шүүгдэгч Э.Ө ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд;
Шүүгдэгч П.Б ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршиг:
Тус гэмт хэргийн улмаас хохирогч Н.Ч т 1,075,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч нар нь хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байх тул тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Талуудын санал, дүгнэлт:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “…Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ө т 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч П.Б т 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах саналтай байна... ” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Э.Ө , П.Б нар нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Э.Ө ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 61 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 дүгээр тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 63 дугаар тал/;
Шүүгдэгч П.Б ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 71 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч Э.Ө , П.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.Ө , П.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Э.Ө ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар;
Шүүгдэгч П.Б ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж;
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Ө , П.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Ө , П.Б нар нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч нарыг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Ө ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд;
П.Б ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Э.Ө ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар;
Шүүгдэгч П.Б ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 /гурван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ө , П.Б нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдсүгэй.
4. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Ө , П.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Ө , П.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН