2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1566

 

                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,

Улсын яллагч Б.Чинбилиг /томилолтоор/,

Шүүгдэгч Э.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

          Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ч д холбогдох эрүүгийн 2506025280668 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Ч нь 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ... тоотод байсан хохирогч З.Г ын “Samsung А73” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 879,960 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

  1. Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “...шүүгдэгч Э.Ч нь 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ... тоотод байсан хохирогч З.Г ын “Samsung А73” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 879,960 төгрөгийн хохирол учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Үүнд:

Хохирогч З.Г оос цагдаагийн газарт гаргасан өргөдөл, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3, 9 дүгээр тал/,

 

Хохирогч З.Г ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Өмнөговь аймгаас Улаанбаатар хот руу өдрийн 12 цагт орж ирсэн. Тэгээд найз Э.Ч той утсаар холбогдож ярихад Э.Ч намайг гэрт хүрээд ир, уулзъя гэж хэлэхээр нь би ... тоот гэрт нь ирээд найз Э.Ч той уулзсан. Гэрт нь 2 бага насны хүүхэд байхаар нь Э.Ч бид хоёр Н тай уулзахаар болоод ... байранд байдаг гэрт нь ороод Агар нэртэй 0,75 литрийн архи хувааж уусан. Орой болоод би тухайн өдөр нь хөдөөнөөс шууд ирсэн болохоор ядраад унтсан. Өглөө 6 цагийн үед сэрээд гар утсаа хайсан чинь утас байхгүй бас Э.Ч байхгүй байсан. Харин Н  унтаж байсан. Би Найз Н гийн утсаар Э.Ч руу залгахад утсаа авахгүй байсан. Өдөр 12 цагийн үед дахиад Э.Ч руу залгасан чинь согтуу нэг юм хэлээд утсаа таслаад байсан. Тэгээд Н гаар дахиад Э.Ч руу залгуулсан чинь Э.Ч Баянхошуунд И  ынд байна гэж хэлсэн. Тэр өдрөөс хойш холбоогүй байна. Би 2024 онд 1,800,000 төгрөгөөр лизингээр худалдаж авсан. Би Э.Ч той найзлаад 15 жил болж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар тал/,

 

Гэрч Д.Н  ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... ...  тоотод оршин суудаг. 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өглөө 10 цагийн үед Э.Ч манай гэрт ирээд бид хоёр Хараа нэртэй 0,75 литрийн архи хувааж уугаад орой болсон. Тэгээд эхний шил архи дуусаад Э.Ч дахиад ууя гээд З.Г ыг дуудсан байсан. З.Г  манай гэрт 22 цагийн үед ирээд бид гурав дахиад 1 шил архи хувааж уугаад нэлээн согтсон байхад манай гэрт С  бас ирсэн байсан. Яг хэдэн шил архи уусан талаар мэдэхгүй байна. Нэг мэдсэн тасраад өглөө сэрэхэд Э.Ч , З.Г  хоёр миний орон дээр унтаж байсан. Харин С  хэдэн цагт гэр рүүгээ явсан гэдгийг мэдэхгүй байна. Би буцаад унтаад одоо хэдэн цагт сэрсэн талаар ч мэдэхгүй байна. Гэнэт З.Г  миний гар утас байхгүй байна, Э.Ч авсан гээд орилоод байсан. Би тэгээд Э.Ч руу залгахад утсаа авахгүй байсан ба З.Г  манай гэрт Э.Ч ыг хүлээгээд 3 хоноод хөдөө ажил руугаа явсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр тал/,

 

“Дамно үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б31-25- 235 дугаартай “Samsung А73 загварын гар утас 879,960 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-36 дугаар тал/,

 

Шүүгдэгч Э.Ч ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “... ... тоотод найз Д.Н ын хамт 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хамт Хараа нэртэй 0,75 литрийн архи хувааж уугаад байж байгаад З.Г ыг дуудаж хамт архи уусан. Нэг мэдсэн тасраад унтаад шөнө одоо хэдэн цагийн үед гэдгийг мэдэхгүй байна. З.Г ын Самсунг А73 загварын гар утсыг өөрт нь хэлэлгүй авч яваад Сансарын ломбардад 200,000 төгрөгөөр тавиад буудалд ороод архи уугаад унтсан. Орсон буудлын нэрийг санахгүй байна. Тухайн үед согтуу бас олон хоног өнгөрсөн болохоор тодорхой хэлж мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 61 дүгээр тал/,

-Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн: “...Хаана ломбардад тавьснаа санаж байсан бол би утсаа очоод авчих боломж байсан ч хаана тавьснаа санаагүй бөгөөд хугацаа нь дуусаад зарагдсан байсан. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Э.Ч нь 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ... тоотод байсан хохирогч З.Г ын “Samsung А73” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 879,960 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм  буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогчид учирсан хохирлыг шүүгдэгч төлж барагдуулаагүй, төлөхөө илэрхийлсэн байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч Э.Ч нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдлээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн энэхүү үндсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Шүүгдэгч Э.Ч нь хохирогч З.Г ын “Samsung А73” загварын гар утсыг түүнд мэдэгдэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 879,960 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй хулгайлах гэмт хэргийн материаллаг шинжийг хангаж байна.

Шүүгдэгчийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Э.Ч ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

 

Хохирол, хор уршиг:

Тус гэмт хэргийн улмаас хохирогч З.Г т 879,960 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Э.Ч нь хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар

Талуудын санал, дүгнэлт:

Улсын яллагчаас: “…Шүүгдэгч Э.Ч од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна... ” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Э.Ч нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Э.Ч ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 дугаар тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 69 дүгээр тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 48 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч Э.Ч од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...хохирогчид учруулсан хохирлыг төлсөн...”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүхээс шүүгдэгч Э.Ч од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.  

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч ын 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 18 /арван найм/ хоногийг түүний эдлэх ялд оруулан, цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүнд оногдуулсан 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас 144 /нэг зуун дөчин дөрөв/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасаж, түүний эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 356 /гурван зуун тавин зургаа/ цагийн хугацаагаар тогтоов.

 Шүүгдэгч Э.Ч од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Э.Ч нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болохыг тэмдэглэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Э.Ч ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч ыг 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч ын 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 18 /арван найм/ хоногийг түүний эдлэх ялд оруулан, цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүнд оногдуулсан 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас 144 /нэг зуун дөчин дөрөв/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасаж, түүний эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 356 /гурван зуун тавин зургаа/ цагийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч од оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Ч од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Б.БАТСАЙХАН