2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1565

 

                                                                                                       

                                  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,

Улсын яллагч Б.Дашням,

Хохирогч Ж.Ц ,      

Шүүгдэгч Ю.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ю.Г д холбогдох эрүүгийн 2511012090306 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ю.Г нь 2025 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Чингэлтэй дүүргийн автобусны буудлын орчимд ... дугаартай Ч-9 чиглэлийн автобус дотор Ж.Ц ыг “болгоомжтой яв гэсэн шаардлага тавилаа” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь тархи  доргилт, баруун нүдний алимны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд “...шүүгдэгч Ю.Г нь 2025 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Чингэлтэй дүүргийн автобусны буудлын орчимд ... дугаартай Ч-9 чиглэлийн автобус дотор Ж.Ц ыг “болгоомжтой яв гэсэн шаардлага тавилаа” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний алимны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

Үүнд:

Хохирогч Ж.Ц ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 14 цагийн үед Нисэхэд байдаг хадам аавынхаасаа гараад ... дугаартай 9 номерын автобусанд эхнэрийн хамт суугаад явж байхад тухайн автобусны жолооч аймар хурдтай яваад машин сүлжээд осол аваар гаргаж болохоор яваад байсан. Автобусан дотор байгаа хүүхдүүд орилолдоод байсныг сонсож байгаа байх гэж бодоод голын том толинд нь харсан чинь чихэндээ чихэвч хийчихсэн байхаар нь би Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн автобусны буудал дээр очоод “Жаахан аятай яв, чи хүн тээвэрлэж яваа, чихэндээ юм хийчихсэн хойно орилолдоод байгааг сонсохгүй байгаа юм уу” гэсэн чинь намайг “дуугүй зайл” гэхээр нь “би чамд ингэж хэлүүлэх дээрээ тулаагүй байна” гээд хаалгыг нь татсан чинь босож ирээд миний баруун талын нүд хэсэгт зүүн гараараа нэг удаа цохисон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар тал/,

-Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хадмыгаа эргэчхээд Ч9 номерын автобусанд суусан. Түгжрэл тухайн үед гайгүй байсан бөгөөд энэ хүн дрифт хийж байгаа хүн шиг байсан. Миний хажууд байсан залуу бид хоёр ярьсан бөгөөд эргэлт дээр уначихвал хариуцлага хүлээлгэх боловч бид унахгүйг хичээсэн. Алтай хотхоны зогсоол дээр жижиг машиныг шахаад замын хажууд үсэрч байхыг харсан. Бөмбөгөр автобусны буудлын тэнд дахиад нэг жижиг машиныг шахсан. Би 1984 оноос жолоо барьж явсан хүн. Хүмүүс янз бүрээр хэлээд байсан бөгөөд жолооч сонсохгүй хоёр чихэндээ чихэвч хийчихсэн байсан. Явж байгаад түгжрэх үед би очоод миний дүү чи ингэж явж болохгүй гэсэн байдлаар очтол энэ хүн чихэвчээ авсан. Чихэвчээ авчхаад над руу харахаар нь хүн байтлаа мал ачиж явахад ч хайрлаж, энэрдэг яаж яваад байгаа юм бэ гээд хэлсэн. Тэгтэл хуцалгүй чи наанаасаа зайл гэж хэлсэн. Би хаалт дээр нь гараа тавьсан бөгөөд хүн өөрийнхөө төлөө хэлж байхад би өөрөө асаад чи яагаад хүний үг сонсдоггүй юм бэ гээд хэлсэн. Би энэ хүүхдийг цохино гэж бодоогүй байсан чинь цохичихсон. Би энэ залуугийн аав шиг, ааваас нь ах ч хүн байж магадгүй. Хүний тавьж буй шаардлагыг хүлээн авах чадваргүй ийм хүмүүсээр тэр олон хүний амийг авч явсан компаниудад харамсаж байна. Энэ хүн 1987 оных гэж байна, миний хүү 1988 оны хүүхэд байдаг. Эмнэлэгт үзүүлсэн мөнгө 180,000 төгрөг, сэтгэл санааны хохирлыг нэхэмжилсэн. Хуулийн дагуу нэхэмжлэх эрхтэй байна, залуу хүн тул 1,500,000 төгрөг өгөөд яв гэж хэлсэн. Хэрэв тэгэхгүй тохиолдолд автобусны жолооч нар өндөр цалин авдаг гэх утгаар биш залуучуудыг эдийн засагтай холбохгүй бол болохгүй юм байна. Хэрвээ мөнгө төлж чадахгүй бол баривчлаад улсад ажил хийлгэх хүсэлттэй байна. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

 

Гэрч Х.А ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2025 оны 3 дугаар сарын 09-ний өдөр нөхөр Ж.Ц ы хамт Нисэхэд байдаг аавындаа очоод буцахдаа гэртээ Ч-9 номерын автобусанд суугаад явж байтал 2 буудал яваад хурдтай явж байхаар нь автобусанд сууж яваа хүмүүс “мал ачиж яваа юм уу? хүн ачиж яваа юм уу” гээд орилоод байсан. Тэгээд Чингэлтэй дүүргийн урд түгжрэлд зогсохоор нь манай нөхөр Ж.Ц  автобусны жолооч дээр очоод “Миний дүү яаж яваад байгаа юм бэ, олон хүн ачиж явж байж” гээд хэлсэн чинь автобусны жолоод “Хуцаад бай. Наанаасаа зайл” гээд хэлсэн чинь манай нөхөр “Юу гэнээ” гээд хэлсэн чинь нөгөө автобусны жолооч босож ирээд манай нөхрийн нүүрэн тус газар гараараа цохиод авахаар нь би тэр залууг “Хөгшин настай хүнийг цохиод яаж байгаа юм” гээд нөхрөө аваад автобуснаас буугаад цагдаагийн газарт гомдол гаргасан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн ЕГ0725/4073 дугаартай: “...Ж.Ц ы биед тархи доргилт, баруун нүдний алимны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 17-18 дугаар тал/,

 

Ю.Г ын зөрчлийн талаарх гомдолд холбогдогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр тал/,

 

Шүүгдэгч Ю.Г ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Энэ хүн их хурдтай явж байна гэж ярьж байна. Бид өглөөнөөс орой хүртэл нийт рейс нь 8-9 удаа байдаг. Бид бол ямар ч тийм боломжгүй бөгөөд энэ хүн хурдтай давхисан гэж мэдүүлэг өгсөн байна. Бидэнд ямар ч тийм боломж байхгүй, бид 4 удаа л тойрдог. Нэг тойрохдоо 3-5 цаг болдог бөгөөд Яармагийн зам нь өдөр шөнөгүй түгжрэлтэй байдаг бөгөөд Таван богдоос урагшаа эргээд 30 минут зогсдог. Бид автобусандаа хүн унагаавал 100 хувь хариуцлага хүлээдэг. Энэ хүн миний автобусанд унаад бэртвэл би 100 хувь хариуцна. Надад хурдтай явах нөхцөлгүй бөгөөд бид өдөр болгон загнуулдаг. Эхлээд загнаж байгаад Бөмбөгөрийн автобусны буудал дээр хүн буулгачхаад цаашаа явж байтал толь хаагаад зогсчихсон байсан. Тэгэхээр нь би уурлахад энэ хүн хаалга татаад нэг далайхад нь би цохисон. Жолоочийн хаалга хүмүүсээс хамгаалах буюу тэр хаалга руу жолоочоос өөр хүн нэвтэрч болохгүй. Энэ хүн над руу эхэлж дайрсан, гэхдээ цохисон нь миний буруу. ...” гэх мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Ю.Г нь 2025 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Чингэлтэй дүүргийн автобусны буудлын орчимд ... дугаартай Ч-9 чиглэлийн автобус дотор Ж.Ц ыг “болгоомжтой яв гэсэн шаардлага тавилаа” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний алимны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. Мөн хохирогч Ж.Ц аас 180,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Ю.Г аас гаргуулж, сэтгэцэд учирсан хохирлыг иргэний журмаар нээлттэй үлдээх саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Ю.Г нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Эрх зүйн дүгнэлт:

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн ЕГ0725/4073 дугаар дүгнэлтээр хохирогч Ж.Ц ы биед учирсан гэмтэл нь “хөнгөн” зэргийн гэмтэл гэж тогтоогдсон байх бөгөөд энэ нь хууль зүйн хувьд “хүний эрүүл мэндэд” хөнгөн хохирол учруулсан, эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг хөндсөн гэж үзнэ.

Шүүгдэгч Ю.Г нь хохирогч Ж.Ц ы биед нь халдаж байгаа үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, шинжээчийн дүгнэлтэд дурдсан хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Өөрөөр хэлбэл шүүхээс тогтоосон үйл баримт болох шүүгдэгч Ю.Г нь хохирогч Ж.Ц тай маргалдаж, биед нь “...тархи доргилт, баруун нүдний алимны цус хуралт, зөөлөн эдийн няцрал...” гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байх тул түүнийг “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Улсын яллагчийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Ц ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогчоос хэрэгт 10,000 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн байна.

Шүүгдэгч нь хохирогчид 180,000 төгрөгийг төлж барагдуулсан тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Харин хохирогч Ж.Ц  нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ю.Г ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Ю.Г нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Ю.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ю.Г ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 дүгээр тал/, Авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 28 дугаар тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 30 дугаар тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 31 дүгээр тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 33 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, түүний хувийн байдлыг тодорхойлов.

 

Шүүгдэгч Ю.Г д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн...”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүхээс шүүгдэгч Ю.Г д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

Бусад асуудлаар:

Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ю.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ю.Г нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болохыг тэмдэглэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ю.Г ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Г ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Г д оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 /ер/ хоногийн хугацаанд  төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ю.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ж.Ц  нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ю.Г ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТСАЙХАН