| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Буянжаргал |
| Хэргийн индекс | 2031003450012 |
| Дугаар | 2021/ДШМ/19 |
| Огноо | 2021-05-18 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., 27.11.1., |
| Улсын яллагч | Г.Энхмаа |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 2021/ДШМ/19
Ц.Баттогтоход холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч, ерөнхий шүүгч Д.Буянжаргал
Шүүгчид Г.Давааренчин
Б.Эрдэнэхишиг
Оролцогчид
Прокурор Г.Энхмаа
Шүүгдэгч Ц.Баттогтох /цахим/
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Отгонбаяр
Хохирогч М.Сэд-Очир /цахим/
Хохирогчийн өмгөөлөгч Б.Содболд /цахим/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцов.
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/35 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Цэцгээгийн Баттогтоход холбогдох эрүүгийн 2031003450012 дугаартай 2 хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, **** оны *** дүгээр сарын **-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, **** настай, ***эгтэй, *******боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3***********хамт Сэлэнгэ аймгийн Шаамар сум ************тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Цэцгээгийн Баттогтох /РД:**********/
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдзгч Ц.Баттогтох нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний орой согтуурсан үедээ Сэлэнгэ аймгийн Шаамар сум 3 дугаар баг, Дулаанхаан тосгоны 3 дугаар баг, Хонхор хар усан тохой гэх газар авто зам дээр 33-14 СЭА улсын дугаартай “Тоёота Приус-11” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч М.Сэд-Очирыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Анхан шатны шүүх Ц.Баттогтоход холбогдох хэргийг 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд 35 дугаартай шийтгэх тогтоолоор:
“1.Шүүгдэгч Боржигон овогт Цэцгээгийн Баттогтохыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт заасан “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр Авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах”;
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугатаах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Баттогтоход тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/-н жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил, 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Баттогтоход 5 /таван/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Баттогтоход оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 /тав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 /нэг/ хоногийг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил, 11 /арван нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Баттогтоход оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.Баттогтоход оногдуулсан 3 /гурав/-н жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн хугацааг нь тоолсугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8.Шүүгдэгч Ц.Баттогтох нь хохирогчид учруулсан эмчилгээний зардалд нийт 2.982.894 төгрөг нөхөн төлснийг дурьдсугай.
9.Хохирогч Ц.Баттогтох нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай журмаар нэхэмжпэх эрхийг нээлттэй орхисугай.
10.Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай....” гэж, дээрхи шийдвэрийг эс зөвшөөрвөл эрх бүхий этгээд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүх 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 101 дугаартай шүүгчийн захирамжаар:
“1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн №2021/ШЦТ/35 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 4 дэх заалтанд:
-“...1 /нэг/ хоногийг нэмж нэгтгэн...” гэснийг “1 /нэг/ хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, нэмж нэгтгэн...” гэсэн;
-Тогтоох хэсгийн 9 дэх заалтанд:
“Хохирогч Ц.Баттогтох нь...” гэснийг “Хохирогч М.Сэд-Очир нь...” гэсэн техникийн шинжтэй өөрчлөлтийг тус тус оруулан залруулсугай.
2.Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.” гэж шийтгэх тогтоолд залруулга оруулж шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.Баттогтох нь ...явган зорчигч М.Сэд-Очирыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан, мөн хэргийн газрын санаатайгаар орхиж зугатсан гэм буруугаа хэрэг бүртгэлийн болон мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн хяналтын бүхий л үе шатанд хүлээн зөвшөөрч үнэн зөвөөр мэдүүлэг өгч байсан өөрөөр хэлбэл гэм буруугийн тухайд гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж арилгасан байсан. Гэтэл анхан шатны шүүхээс түүнд Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна гэж үзсэнтэй өмгөөлөгчийн хувьд санал нийлэхгүй байгаа юм. Учир нь Шүүгдэгч Ц.Баттогтох нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн /болгоомжгүй төрлийн/ гэмт хэрэг үйлдсэн, энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 2.982.894 төгрөгийг бүрэн нөхөн төлж хохирлыг арилгасан зэрэг байдлыг буюу Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзээгүйд гомдолтой байна. Шүүгдэгч Ц.Баттогтох нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, цаашид эмчилгээ үйлчилгээнээс гарсан хохирол төлбөрийг төлөх эрмэлзлэлтэй байгаа гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байж ажиллаж, амьдрах чин хүсэл эрмэлзлэлтэй залуу үеийн төлөөлөл юм. ...Иймд энэ удаад түүнд оногдуулсан ялыг өөрчлөн тэнсэж, мөн хэрэг ослын газрын санаатайгаар орхиж зугатсан гэмт хэрэгт нь торгох ял оногдуулж төрийн хуулийн энэрэл үзүүлнэ үү. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тэнсэх ял шийтгэл оногдуулж, 27.11 дүгэээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт торгох ял оногдуулж өгнө үү гэв.
Хохирогчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн хэргийг үйлдсэн Ц.Баттогтох өөрийн найз Б.Анхмандахын хамт 2020 оны 10 дугаар сарын 19-ний орой согтуурсан үедээ Сэлэнгэ аймгийн Шаамар сум Дулаанхаан тосгоны 3 дугаар баг Хонхор хар усан тохой гэх газар, авто зам дээр 33-14 СЭА улсын дугаартай “Тоёота Приус-11” загварын тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ, тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр, жолоодон явахдаа хохирогч М.Сэд-Очирыг мөргөн улмаар Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн хэмээн үзэж шүүхээс зөвхөн Ц.Баттогтоход гэм буруугийн асуудалд эрүүгийн хариуцлага хүлээлгэн, Б.Анхмандахыг ял завшуулсанд гомдолтой байна. Болсон хэргийн бодит нөхцөл байдлыг хэрэгт цугларсан нотлох баримт, гэрч. шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээс үзвэл хохирогч М.Сэд-Очирыг хэргийн газраас өөрсдийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн өөр газарт амь нас, эрүүл мэндэд нь аюултай нөхцөл байдалд орхиж, эмнэлгийн тусламж үзүүлэхийн оронд гэмт хэргээ нуун далдлах зорилготой тодорхой үйлдлүүдийг шүүгдэгч Ц.Баттогтох нь тус хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн Б.Анхмандах нарын хамт хийсэн байх бөгөөд энэхүү гэмт хэргийн шинжтэй үйлдэлд Б.Анхмандах хамтран оролцсон байна. Гэтэл Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/35 дугаартай шийдвэр нь дан ганц Ц.Баттогтоход уг хэргийг холбогдуулан шийдвэрлэсэн нь түүний хамт явсан Б.Анхмандахад тухайн хэрэгт хамааралгүй мэтээр орхигдуулсан нь ял завших боломжийг бүрдүүлж байна.
Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дэх хэсэгт гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж хуульчилсан. Б.Анхмандах нь хохирогчийг авто машинд хамт өргөлцсөн, улмаар хохирогчийг авто машинаас хээр буулгаж хаях үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаагүй нь эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд үл нийцэж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь Гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн хуулийн этгээдийг олж тогтоох, шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” хэмээн хуульчилсан. Б.Анхмандах Ц.Баттогтох нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлд заасан “Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэргийг үйлдсэн байтал тус хэрэгт холбогдуулан шалгаагүй нь үндэслэлгүй байна.
Учир нь Эрүүл мэндийн тухай тухай хуулийн 43.2.4-т “хүний эрүүл мэнд болон нийгэмд аюул бүхий өвчин, хордлого, осол, гэмтэл, орчны сөрөг хүчин зүйлийн талаар эрүүл мэндийн байгууллагад цаг тухайд нь мэдээлэх” гэж иргэний үүргийг тодорхойлсон байдаг тиймээс хохирогч М.Сэд-Очирыг хэргийн газраас зөөвөрлөн өөр газарт орхиж, түүнд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх, эмнэлгийн байгууллагад хүргэх шаардлагатай нөхцөл байдалд Эрүүл мэндийн тухай хуулиар хүлээсэн иргэний үүргээ гүйцэтгээгүй зорчигч Б.Анхмандах, мөн тус үүргээс гадна шүүгдэгч Ц.Баттогтох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ:
б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; гэж заасан үүргээ биелүүлээгүйгээрээ Б.Анхмандах, Ц.Баттогтох нарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжтэй бүлэглэсэн үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хянан шалгагдаагүйн улмаас тэдэнд ял завших боломжийг бүрдүүлсэн байхад анхан шатны шүүх түүнийг анхаарч үзээгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл.Нотолбол зохих байдал
1.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараахь байдлыг нотолно:
1.1.гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/; гэх заалтыг холбогдох эрх бүхий байгууллагууд биелүүлээгүйн улмаас гэм буруутай этгээдүүд эрүүгийн хариуцлагаас мултрах боломжийг бүрдүүлсэн гэж үзэж байна.
Тухайн хэрэгт хяналт тавьж байсан прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.2 дугаар зүйлийн 1.7-т гэмт хэрэг үйлдсэн бүх этгээдийг яллагдагчаар татсан эсэх гэх заалтыг хяналгүй орхигдуулсан байна. Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субъект нь асран хамгаалах үүрэг хүлээсэн этгээдээс гадна, тусламж үзүүлэх үүрэгтэй этгээд байхаар хуульчилсан байна.
Иймд давж заалдах шатны шүүх гомдлыг минь хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хэргийг прокурорт буцаалгаж шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгүүлэх. Б.Анхмандах, шүүгдэгч Ц.Баттогтох нарт холбогдох эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээлгэн, яллагдагчаар татуулж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдүүдэд ял завшуулахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3.энэ хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 34.7 дугаар зүйлийн 6.2-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах; гэж заасны дагуу хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргаж өгнө үү гэв.
Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг анхан шатны шүүх тал бүрээс нь бодитоор дүгнэж, үндэслэл бүхий хэргийн бодит байдалд нийцсэн шийдвэр гаргасан гэж үзэж байна. ... Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс хэргийг прокурорт буцаах, яллагдагчаар татвал зохих этгээдийг татаагүй гэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгах ажиллагаа хийгдсэн. Эрүүгийн хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь аюултай газар орхисноор хохирол учрахыг шаарддаг. Харин хохирогчид учирсан хор уршгийн шалтгаант холбоо нь аюултай газар орхиж явсан гэмт хэрэгтэй хамааралгүй, зөвхөн зам тээврийн ослоос учирсан байдаг тул Б.Анхмандах нь Эрүүгийн хуулийн 15 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй гэж үзэн яллагдагчаар татаагүй юм. Энэ гэмт хэргийн хувьд субъект нь хэн байхыг шаарддаг вэ? гэвэл жолооч байдаг. Харин болсон нөхцөл байдлын хувьд шүүгдэгч Ц.Баттогтох жолоо барьж, Б.Анхмандах нь хамт зорчиж явсан тул гэмт хэргийн шинжийг агуулаагүй гэж үзэн яллах дүгнэлт үйлдээгүй. Анхан шатны шүүх ч бодитоор дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Иймд хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзэж байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, хууль ёсны байх шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж, өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Ц.Баттогтоход Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд түүнийг дээрх гэмт хэргүүдэд гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, ялыг нэмж нэгтгэн 1 жил 11 сарын хорих ялаар шийтгэж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч болон хохирогч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу Ц.Баттогтоход холбогдох эрүүгийн 2031003450012 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:
Шүүгдэгч Ц.Баттогтох нь дээрхи гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч М.Сэд-Очирын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн /хх-ийн 43-46/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Эрдэнэтуяагийн /хх-ийн 63/, иргэний нэхэмжлэгч Ц.Ууганбаатарын /хх-ийн 70-71/, гэрч С.Алтансүхийн /хх-ийн 73-75/, Д.Галбадрахын /хх-ийн 76/, Д.Номин-Эрдэнийн /хх-ийн 83-85/, Б.Өсөхбаярын /хх-ийн 86/, Ч.Батсайханы /хх-ийн 87/, Т.Сарантуяагийн /хх-ийн 88-89/, Э.Батмөнхийн /хх-ийн 90-92/, Т.Энхтуулын /хх-ийн 93-94/, Б.Анхмандахын /хх-ийн 101-102/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч Ц.Баттогтох, гэрч Ц.Анхмандах нарыг нүүрэлдүүлэн авсан мэдүүлэг /хх-ийн 103-104/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 5852 дугаартай дүгнэлт /хх-ийн 114-116/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 5853 дугаартай дүгнэлт /хх-ийн 120-123/, Ашид билгүүн ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 127/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 5844 дугаартай дүгнэлт /хх-ийн 135-137/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 5845 дугаартай дүгнэлт /хх-ийн 141-143/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 5851 дугаартай дүгнэлт /хх-ийн 147-149/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 12398 дугаартай дүгнэлт /хх-ийн 155-157/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 5974 дугаартай дүгнэлт /хх-ийн 162-164/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 4346 дугаартай дүгнэлт /хх-ийн 167-178/, Ослын талаар гаргасан шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 15 тоот дүгнэлт /хх-ийн 182-138/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 11-31/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчийн зүгээс нэхэмжилсэн эмчилгээний зардлыг шүүгдэгч нөхөн төлсөн байна.
Шүүгдэгч өөрийн гэм буруугаа ойлгож гэмшиж байгаагаа илэрхийлж, анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хуульд заасан боломжоор хөнгөрүүлж өгнө үү гэсэн үндэслэлээр гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
Учир нь: Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан ял шийтгэлийг оногдуулсан, гэм буруугаа хүлээсэн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг ял оногдуулахдаа баримтлах эсэх нь анхан шатны шүүхийн хуулиар тогтоосон эрх хэмжээний асуудал бөгөөд тухайн зүйл, хэсгийг баримтлаагүй үндэслэлээ шийтгэх тогтоолд тодорхой заасан байна.
Харин хохирогч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гаргаж буй “....Ц.Баттогтох нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад явган зорчигч М.Сэд-Очирыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан ба түүний дараа машиндаа цуг зорчиж явсан Ц.Анхмандахын хамтаар ослын газраас тээвэрлэн өөр газар аваачиж амь биед нь аюултай нөхцөлд эмнэлгийн тусламж үзүүлэлгүй орхиж явсан, ослыг газрыг орхиж зугтаасан байдаг. Энэ гэмт хэрэгт Ц.Баттогтох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1,2.2, 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1, 15.2 дугаар зүйлийн 2.1-т зааснаар, Ц.Анхмандах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус тус шийтгүүлэх ёстой байхад энэ байдлыг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хянан шалгагдаагүйн улмаас тэдэнд ял завших боломжийг бүрдүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн шалгах ажиллагаанд буцааж шалгуулж өгнө үү.” гэх гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.
Учир нь: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэг нь “....хохирогчид туслалцаа үзүүлэхгүй орхиж явсны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан...” байхыг шаардаж байгаа ба хохирогч М.Сэд-Очирын эрүүл мэндэд учирсан хүнд хохирол нь мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3-д заасан гэмт хэргийн улмаас учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд болон бусад баримтуудаар нотлогдсон байх тул дээрх зүйл, заалтаар шүүгдэгч гэрч нарыг шалгаад Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй, дахин шалгуулахаар буцаах үндэслэлгүй байна.
Шүүгдэгч Ц.Баттогтох, гэрч Ц.Анхмандах нарт хүн чанар, хүнийг хайрлах, энэрэх ёс зүйн хэм хэмжээний ойлголт байхгүйгээр үл барам хохирогчийг тээвэрлэн аваачиж нуун далдалсан идэвхтэй үйлдлүүд байгааг давж заалдах шатны шүүх хуралдаанаас тэмдэглэн буруушааж байгаа болно.
Гэвч Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа Зөрчлийн болон Эрүүгийн хуулиар гэрч Ц.Анхмандах, шүүгдэгч Ц.Баттогтох нарын дээрх хүн чанаргүй бусармаг үйлдэлд хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчин байхгүй байна.
Зөрчлийн тухай хуулийн 15.10 дугаар зүйлд “Гэмт хэргийг үл мэдээлэх”, 15.11 дүгээр зүйлд “Гэмт хэргийг нуун далдлах” гэсэн зөрчлийн хэргийн талаар тусгасан боловч “санаатай хүнд гэмт хэргийг мэдээлээгүй, нуун далдалсан” бол гэсэн нөхцөл заасан заалттай бөгөөд Ц.Баттогтохын гэм буруутайд тооцогдоод байгаа Эрүүгийн хуулийн 27.10, 27.11 дүгээр зүйлд заасан гэмт хэргүүд нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн хэргийн ангилалд хамаарч байгаа юм.
Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/35 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгчийн болон хохирогч, тэдгээрийн өмгөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/35 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгчийн болон хохирогч, тэдгээрийн өмгөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН
Б.ЭРДЭНЭХИШИГ