Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2017/ШЦТ/096

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч В.Дэлгэрмаа,

Хохирогч *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 05 сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч ******* нь архидан согтуурсан үедээ давтан үйлдлээр 2017 оны 03 дугаар сарын 22-ноос 2017 оны 03 дугаар сарын 23-нд шөнө Баянхонгоо аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн 09 дүгээр гудамжны 03 тоотод оршин суух хохирогч *******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч *******гийн мөрдөн байцаалтан өгсөн: ... 2016 оны 11 дүгээр сарын 27-ны орой намайг зодож гэмтэл учруулсан, тэгээд цагдаагийн газарт шалгагдаж ЭХТА-ийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэгдэн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр прокурорын шатанд Эрдэнэсоёл прокурор хэрги^г хэрэгсэхгүй болгосон. Тэгээд 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тэр мөн архи ууж манай гэрт ирчихээд гэрийн эд зүйл эвдэлж хэмхэлчихээд явсан, би цагдаа дуудлаа гэхэд зугтааж явсан. Харин 2017 оны 03 дугаар сарын 22-ны шөнө 00 цагийн орчим Золоо, Эрхээ /бутэн нэрсийг нь мэдэхгүй байна/ гэдэг залуучуудтай манай гэрт орж ирсэн тэдэнтэйгээ маргалдсан байдалтай байсан бөгөөд Золоо гэдэг нь манай гэрт орж ирчихээд архи нэхээд байсан. Би архи байхгүй, харин 1.2 литрийн ундааны савтай монгол архи байна гэхэд тэр ууя гэсэн. Ингээд би архийг аягалсан бөгөөд *******т 1 л аяга хийж өгсөн, нөгөө 2-т нь ахиухан хийж өгөөд дууссан. Архи ууж байхдаа тэр хоорондоо үг сөрөөд байсан бөгөөд ******* унтъя ор засаад өг гэхээр нь би ор засаж өгөхөд хувцсаа тайлаад унтах гэж байгаа бололтой байсан, удалгүй Эрхээ нь гарч явсан. Би гадагшаа гарч бие засчихаад буцаад ороод ирэхэд ******* хувцсаа өмсчихсөн байснаа надаас зуухаа нэхээд зуух гаргаж өг пизда минь гээд зуухны янданг сугалж шидсэн. Тэгснээ миний өмссөн дээлний энгэрээс татаад урчихсан, тэр урд Золоо нь түүнийг зүгээр байгаа ч гээд хориглоод байсан. Тэгснээ Золоогийнхоо 2 талаар миний баруун талын гуя, зүүн гарын шуу тус газарт өшиглөсөн ... Миний 10 настай охин гарч явсан, миний ам хамраас цус гараад байсан ч гэсэн ******* тоохгүй зодоод байсан. Хэсэг зодож байгаад тэр гэрээс гарах гээд үүдний амбаарт манай хашаанд байдаг Болдоо гэдэг залуу өмнөөс нь орж ирж таарсан. Би түүнд наадахаа битгий явуулаарай, бариад аваарай, цагдаа дуудах гэж байна гэж хэлсэн. Гэсэн хэдий ч ******* гараад зугтаасан, би ч цагдаагийн газарт дуудлага өгсөн. Би араас нь гарахад ******* миний толгой руу 2 удаа цохиод авсан. Тэр үед Болдоо уурлан та яасан ичдэггүй юм бэ яах вэ гэж бодоод байхад та ингэж байгаа бол цагдаадаа баригд гээд түүнийг тонгорон доороо оруулсан. Тэгж байтал цагдаа нар ирсэн. Миний баруун нүд, баруун нүдний дээд зовхи, хамрын нуруу, зүүн нүдний доод зовхи, зүүн гарын сарвууны ар хэсэгт цус хурж хөхөрсөн. Харин одоо бол 2 нүдний дээд, доод зовхи нилэнхүйдээ хөхөрсөн. Рентгэн зураг авахуулахад хамрын таславч баруун тийшээ мурийсан байна гэсэн. Ингээд шүүх эмнэлгийн шинжилгээгээр миний биед хөнгөн гэмтэл учирсан байна гэсэн. Би энэ хүнд маш их гомдолтой, архи уухаар байнга л агсам тавьдаг...Би *******ын гарт нэг л өдөр амь насаа алдах хэмжээнд хүрчихээд байна. Байнгын айдас түгшүүр дунд амьдардаг ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-16/,

Гэрч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн ... 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 14 цагийн орчим би доод зах гэж нэрлэдэг Есөн-Эрдэнэ зах дээр явж байгаад *******тай тааралдсан. Тэр Эрхээ гэдэг залуутай хамт явсан. Захын дэргэд байдаг биллъярдны ширээн дээр тоглож байгаад дунд захын хойд талд байдаг Хишиг гэдэг ресторан бааранд 2 шил 0.75 литрийн архи хувааж ууцгаасан. Архины мөнгийг ******* гаргасан тэндээс 00 цагийн орчим гараад Нүрмаагийн гэрт очсон. Би Нүрмаагаас архи байна уу гэхэд тэр 1 литр монгол архи гаргаж өгсөн, түүнийг нь *******, Эрхээ бид 3 хувааж уусан бөгөөд архи ууж дуусах үед Эрхээ ч гарч явсан, харин ******* би энд хоноод явна, хүүхэдтэйгээ унтана гэхэд Нүрмаа нөхөртөө ор засаж өгсөн. ******* ч хувцсаа тайлаад орондоо орсон. Тэгж байснаа ******* Нүрмаа нар хэрэлдэж эхэлсэн. Юунаас болоод хэрэлдсэнийг би сайн анзаараагүй, хэрэлдэж байснаа тэд барилцаад авсан, би тэдний дундуур ороод салгасан, тэр үед ******* Нүрмааг өшиглөж цохих үйлдэл хийсэн бөгөөд тэр нь Нүрмааг оносон үгүйг мэдэхгүй байна. Би ойлгохдоо ******* эхнэрийгээ хардаад байгаа юм болов уу даа гэж бодсон. Ямар ч байсан хэрэлдэж байхдаа хуц солиор гэх мэтийн гудамжны үг хэллэг хэрэглээд байсан санагдаж байна ... Үүнээс хойш 4 хоногийн дараа ******* манай гэрт ирээд би эхнэрээ зодчихсон байна, цагдаад шалгагдаж байна гэж хэлсэн. Нурмаагийнд анх очиход туүний биед ямар нэгэн бэртэл гэмтэл байгаагүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18/,

Гэрч ******* мөрдөн байцаалтанд өгсөн .... Би яг хэдний өдрийг нь мэдэхгүй байна. Нэг шөнө аажуу унтсан байсан чинь хашаанд хүмүүс орилоод байх шиг байхаар нь гараад ирсэн чинь манай хажуу айлын Нүрмаа гэрийнхээ үүдэнд гараад ирчихсэн намайг цаадах чинь зугатаачихлаа чи бариад аваач гэхээр нь *******ыг бариад авсан чинь Нүрмаа цагдаа дуудаад бариулаад явуулсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 61/,

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн ... 2016 онд 2 удаа маргалдаж байсан, мөн өнгөрдөг 10 сард мөн хэрэлдэж байхдаа би утсаа шидсэн чинь Нурмаагийн гарт нь нэг удаа онож байсан. Хамгийн сүүлд 2016 оны 11 дүгээр сарын 27 ны орой 20 цагийн орчим Нүрмааг зодож хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэх хэрэгт цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаад прокурорт шилжээд хэргийг хэрэгсэхгүй болгосон. 2017оны 03 дугаар сарын 22 ны орой 00 цагийн орчим дахин Нүрмаатай маргалдаж түүнийг зодсон байна лээ. Тэр өдөр би найз Золбаяр, Эрхээ нарын хамт дунд захын дэргэд байдаг Хишиг гэдэг ресторанд 2 шил архи уугаад дараа нь 23 цаг өнгөрч байхад орчим Нүрмаагийнд очсон санагдаад байгаа юм. Тэгээд л юу болсноо санахгүй байна. Цагдаагийн газарт ирээд эрүүлжүүлэгдсэн байсан. Харин маргааш нь Нүрмаатай тааралдахад түүний 2 нүд нь хөхөрсөн байсан. Ер нь юунаас болоод маргалдаж муудалцсанаа сайн санахгүй байсан, Нүрмаа хэлэхдээ чи надаас ямар ч шалтгаангүй хэрүүл гуйгаад унтахаар хэвтэж байснаа босож ирээд зодсон гэж байсан. Би үнэхээр яг ямар үйлдэл хийж, юунаас болж Нүрмааг зодсоноо санахгүй байгаа юм... Би 2017 оны 03 сарын 21-ний өдөр Золбаяр гэх найзтайгаа явж байгаад Ганбогд захын арын Хишиг рестронд ороод 2 шил архи уусан Тэгээд 24 цаг боллоо, бар хаалаа гэхээр нь гараад Баянхонгор сумын Угалзын 4 дүгээр баг 4-9-3 тоотод өөрийн сууж байсан эхнэр *******гийн гэрт нь очсон. Тухайн үед бид хоёр өмнөх хэргээс болоод тусдаа эхнэрийнхээ байгаа гэрээр ирж очин байдаг байсан. Намайг очиход манай найз Золбаяр бид хоёрт манай эхнэр монгол архи гаргаж өгсөн гэсэн. Би энэ талаар мэдэхгүй байгаа юм . Тэгээд маргааш нь сэрсэн чинь цагдаагийн газар эрүүлжүүлэх байранд байсан. Өөрийн юу болсон талаар асуусан чинь эхнэрээ зодоод дуудлагаар ирсэн талаар мэдсэн. Хэргийн талаар тодорхой мэдэж байгаа зүйл алга ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 66-67/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 140 тоот шинжээчийн ...*******гийн биед хамарт мурийлт, зүүн нүд, хамар, зүүн сарвуунд цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр шинээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэсэн дүгнэлт /хх-ийн 23-24/ зэрэг болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд дүгнэхэд шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ буюу 2017 оны 03 сарын 22-23-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн 9-3 тоотод хамтран амьдрагч *******тай маргалдан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь хэрэгт авагдсан дээрх үйл баримтын тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Э.Нүрмаагийн /хх-ийн 11-16/, гэрч Э.Золбаяр /хх-ийн 17-18/, Б.Болд /хх-ийн 61/, шүүгдэгч ******* /хх-ийн 66-67/ нарын мэдүүлэг, *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсаныг тогтоосон Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 сарын 27-ны өдрийн 71 дүгээр шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-24/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Прокуророос *******ын дээрх үйлдэл холбогдолийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба уг хуулиар гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдал дордож байх тул 2002 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх шаардлагагүй ба шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол арилсан, бие нь бүрэн эдгэрсэн, цаашид гаргах гомдол санал нэхэмжлэх зүйлгүй тухайгаа шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлж шүүгдэгч *******тай эвлэрсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч *******ыг учруулсан хохирлыг сайн дураараа төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн боловч согтуурах, мансуурах донтох эмгэгтэй болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байх тул түүнд оногдуулсан ял дээр нэмж эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ын 10 тооны ямааг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******т 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 240 цагийн цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* нь 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ын 10 тооны ямааг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.            

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА