| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2022/01609/И |
| Дугаар | 102/ШШ2022/01874 |
| Огноо | 2022-05-18 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2022/01874
| 2022 оны 05 сарын 18 өдөр | Дугаар 102/ШШ2022/01874 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ГХП ББСБ ХХК
Хариуцагч: Х.Ж
Гэрээний үүргийн биелэлтэд 28,534,561 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Х,
хариуцагч Х.Ж
өмгөөлөгч Н.Э,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ГХП ББСБ ХХК нь хариуцагч Х.Ж холбогдуулан гэрээний үүргийн биелэлтэд 28.534.561 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгч ГХП ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Х.Ж нь 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн гэрээ, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн барьцааны гэрээ тус тус байгуулж 28,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, зээлийн барьцаанд ... тоотод байрлалтай газрыг барьцаалж зээл авсан. Зээлдүүлэгчээс мөнгийг зээлдэгчийн дансанд шилжүүлсэн. Зээлдэгчээс зээлийн гэрээний эргэн төлөлтийн хугацааг 6 сараар сунгах хүсэлт гаргаж 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр зээлийн нэмэлт гэрээг байгуулж, гэрээний хугацаа сунгагдсан юм. Зээлээс Х.Ж нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 8,000,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 3,480,000 төгрөг нийт 11,480,000 төгрөг төлж үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг хүртэл бүрэн төлж барагдуулаагүй, зээлийн гэрээний үүгээ зөрчиж ирсэн. Хариуцагчид төлбөрийн үүргээ биелүүлэх шаардлага удаа дараа хүргүүлсэн боловч төлбөр төлөхөөс зайлсхийж, хаягтаа оршин суудаггүй, утсаа авдаггүй улмаар холбоо тогтоох боломжгүй болсон. Х.Ж-тэй байгуулсан 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээнд зээлийн хугацаа 6 сарыг 3 сар гэж техникийн алдаатай бичигдсэн байгаа. Гэрээ 6 сарын хугацаатай байгуулагдаж зээлдэгч зээлийн гэрээний хүүг төлж зээлдэгчийн хүсэлтээр гэрээний хугацаа 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 6 сараар сунгагдсан. Талуудын хооронд ковидийн үетэй холбоотой ямар нэгэн нэмэлт гэрээ, хэлэлцээр байхгүй. Иймд хариуцагч Х.Ж гэрээний үндсэн төлбөр 16,520,000 төгрөг, хүү 10,012,134 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,002,427 төгрөг нийт 28,534,561 төгрөг гаргуулж өгнө үү. Надад олгосон эрхийн хүрээнд нэмэгдүүлсэн хүүний 2.000.000 төгрөгийг хасаж боломжтой гэв.
2. Хариуцагч Х.Ж шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ГХП ББСБ ХХК-наас 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 6 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй 28,000,000 төгрөг зээлдсэн. Энэ хугацаанд 6,700,000 төгрөгийн хүү төлсөн байдаг. 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээг 6 сараар сунгасан. Нэхэмжлэгч тал зээлийн гэрээнээс хойш 37,000,000 төгрөг төлсөн гэж байгаа боловч энэ төлбөрт гэрээ сунгахаас өмнө төлсөн хүүний төлбөрийг оруулахгүй хэллээ. Гэрээ сунгагдахаас өмнөх хүүтэй нийлээд 43,952,000 төгрөг төлсөн. Өмнө нь би эднийхээс 20,000,000 төгрөгийн зээл авч 32,000,000 төгрөг болгон төлсөн байдаг. Миний хувьд хүүгээ тухай бүрд төлж ирсэн. Манай компани барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэг гишүүнтэй компани. Нөхөр маань өвдөөд 2019 онд эмнэлэгт хэвтээд түүнээс хойш төлж чадаагүй. Үндсэн зээл 16,520,000 төгрөгийг төлнө. Харин хүүнд нэхэмжилсэн 10,012,134 төгрөгний 4,000,000 төгрөгийг хасаж хүүнд 6,000,000 төгрөг төлөх хүсэлтэй байна гэв.
3. Нэхэмжлэгчээс 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ, зээлийн барьцааны гэрээ, 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт, зээл хүүг буцаан төлөх хуваарь, иргэний газар эзэмших гэрчилгээ, депозит дансны хуулга,
4. Хариуцагчаас БЧ ХХК-ийн гэрчилгээг тус тус шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
Нэхэмжлэгч зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээний үүргийн биелэлтэд 28,534,561 төгрөг гаргуулна, хариуцагч нь 2019 онд нөхөр маань эмнэлэгт хэвтээд төлбөрөө төлж чадаагүй гэсэн тайлбар тус тус гаргасан байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д зааснаар шаардах эрхтэй байна.
Зээлдэгч Х.Ж нь ГХП ББСБ ХХК-тай 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн гэрээ, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн барьцааны гэрээ тус тус байгуулж 28,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, зээлийн барьцаанд ... тоотод байрлалтай газрыг барьцаалж зээл авч энэ хугацааны зээлийн хүүг төлж, 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж гэрээний хугацааг 6 сараар буюу 2019 оны 04 дүгээр сарын 11-нийг хүртэл сунгасан байна.
Зээл болон барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.
Зээлдүүлэгч ГХП ББСБ ХХК-наас зээлдэгч Х.Ж гэрээний дагуу 28.000.000 төгрөгийг шилжүүлсэн, зээлдэгчээс мөнгийг авч ашигласан үйл баримтад талууд маргаагүй.
Зээлдэгч Х.Ж нь гэрээний 3.2.1-т заасан зээл, зээлийн хүүний төлбөрийг гэрээний хавсралт ... заасан хуваарийн дагуу төлөх, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүргийг зөрчиж зээлээ хугацаанд нь төлөөгүй буруутай байна
Хариуцагч шүүх хуралдаанд зээлийн хүүнээс 4,000,000 төгрөг хасуулах хүсэлт гаргасан боловч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүүг төлөх үүрэгтэй тул хүүг хасах үндэслэлгүй байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч өөрт олгосон эрхийн хүрээнд нэмэгдүүлсэн хүүний 2.000.000 төгрөгийг хасах боломжтой гэсэн тайлбар гаргасан тул хариуцагч Х.Ж үндсэн зээл 16,520,000 төгрөг, хүү 10,012,134 төгрөг нийт 26,532,134 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ГХП ББСБ ХХК-нд олгох нь зүйтэй.
Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангасан үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-т зааснаар хариуцагч Х.Ж 26,532,134 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ГХП ББСБ ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,002,427 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 300,623 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Х.Ж улсын тэмдэгтийн хураамжид 290,611 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ГХП ББСБ ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА