| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 194/2025/1227/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1656 |
| Огноо | 2025-06-20 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Өнөбат |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1656
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,
Улсын яллагч Б.Өнөбат,
Шүүгдэгч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Б д холбогдох эрүүгийн 2509011120471 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” буюу 2025 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, 32-ын Номин супермаркетын ард талд байрлах нийтийн байранд хамтран амьдрагч Ө.Ц тэй “архины мөнгө өгсөнгүй” гэх шалтгааны улмаас болж маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний хугархайн дотор ханын хугарал, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд “...шүүгдэгч П.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, 32-ын Номин супермаркетын ард талд байрлах нийтийн байранд хамтран амьдрагч Ө.Ц тэй “архины мөнгө өгсөнгүй” гэх шалтгааны улмаас болж маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний хугархайн дотор ханын хугарал, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.
Нотлох баримтын талаар:
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.
Үүнд:
Хохирогч Ө.Ц ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...П.Б нь сүүлийн 4-5 хоног гэртээ ирэхгүй гадуур архи уугаад явсан. 2025 оны 02 дугаар сарын 16-ны өглөө 05 цаг өнгөрөөж гэртээ орж ирж унтаж байгаад надаас архины мөнгө нэхсэн. Хэд хонгийн өмнө миний дансанд цалин болох 300,000 төгрөг орсон байсан юм. Надаас мөнгө нэхээд байхаар нь олон хоног уулаа, одоо болно гэж хэлэхэд намайг харааж зүхээд, зайл гэж хөөхөөр нь би тэгье гэж хэлээд хувцсаа бэлдэж байхад ирээд миний мөрөн дээрээс гараараа барьж байгаад хананд толгойн ар дагзны хэсгээр нэг удаа хавсарч цохиж, коридорт байж байхад араас гарч ирээд түлхэж унагаад, нэг гараас коридорын шат руу чирч, нүүрний зүүн хэсэг рүү нэг удаа алгадаж, зүүн нүд хамрын хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар тал/,
Гэрч Б.С ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2025 оны 02 дугаар сарын 15-ны шөнө 04 цаг өнгөрч байхад ... тоотод найз Ө.Ц ийнд ирээд юм яриад сууж байтал 05:00 цагийн үед нөхөр П.Б гаднаас архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн. Тэгээд гурвуулаа жаахан юм ярьж байгаад унтсан. Өглөө 11:00 цагийн үед босоод сууж байтал П.Б эхнэр Ө.Ц ээс нэг пивоны мөнгө өгчих гэхэд Ө.Ц чи юу яриад байгаа юм бэ, 3, 4 хоног ирэхгүй алга болж байгаад ирчхээд архины мөнгө нэхээд байхдаа яадаг юм гээд уурлахад өөдөөс нь хэл амаар доромжлоод байхаар нь Ө.Ц би яасан юм гэтэл нөхөр нь тэгвэл зайл гэсэн. Тэгтэл Ө.Ц ийн ээж залгаад юу хийж байгаа талаар асуутал хажууд нь нөхөр нь хэл амаар доромжлоод байсан. Тэгээд Ө.Ц “ээж та битгий таслаарай, байж байгаарай” гэтэл ээж нь юу болоод байгаа талаар асуутал П.Б тэнэж тэнэж ирчхээд элдэв янзын зан гаргаад байна гэхэд ээж нь цагдаа дуудаад өгчих, яасан даварчихсан юм гэхэд утас нь тасарчихсан. Тэгтэл нөхөр нь чи ийм муухай шүү дээ, гэрийнхэнтэйгээ яриад би ярихгүй байхад гээд өөдөөс нь хашхираад чанга чанга орилоод байсан. Гэтэл Ө.Ц уйлаад “чи ийм муухай пизда байхгүй юу” гээд хэлтэл нөхөр П.Б ширээний хажуу талд сууж байснаа босож ирээд Ө.Ц ийн хоёр мөрнөөс нь татаад толгойгоор нь 2 удаа хана мөргүүлэхээр нь би босож очоод чи болиоч гээд татаад салгасан. Тэгээд сандал дээр П.Б суусан. Ө.Ц гутлаа өмсөөд гарах гэтэл чи хаачих гээд байгаа юм гээд гаргахгүй байхаар нь би ахиж салгахад Ө.Ц гараад гүйсэн ба П.Б намайг түлхээд хойноос нь гараад гүйсэн. Тэгээд би хойноос нь гараад очтол коридорт гэртээ ор, чи яасан сонин юм гээд байж байхаар нь би очоод чи болиоч гэхэд Ө.Ц ийг би чамайг энэ камерын дор алчих юм уу гэхэд би чи яагаад байгаа юм бэ эрүүл байж гэтэл дахиад Ө.Ц ээс ганц пивоны мөнгө өгчхөөч гээд байсан. Ө.Ц гараад гүйхэд дахиад араас нь гүйгээд гадагшаа гардаг хаалган дээр бариад авчихсан байхад нь би араас нь очоод чи болиоч гээд салгахад Ө.Ц дахиад зугтаагаад гараад гүйчихсэн. Би П.Б тай хамт араас нь гарахад Ө.Ц гадаа зогсож байсан. Бид хоёр очтол дахиад пивоны мөнгө нэхээд хэрүүл маргаан үүсгээд хэл амаар доромжлоод байхаар нь би болиулаад зогсож байтал миний гар утас дуугараад хүнтэй ярьчхаад эргээд хартал газар унагаачихсан толгой руу нь өшиглөсөн. Тэгээд би дахиад өшиглөх гэж байхад нь болиултал хажуу айлын эгч гараад ирэхээр нь би “та цагдаа дуудаад өгөөч” гэхэд “чи өөрөө миний утсаар цагдаад дуудлага өгчих” гэхэд П.Б би өөрөө цагдаад дуудлага өгье гэж хэлээд урагшаа гүйчихсэн. Байрны эзнээс энэ хэддүгээр хороо юм бол гэж асуугаад залгатал би хаягаа хэлэхгүй, та нар наагуураа өөрсдөө учраа ол гэж хэлсэн. Тэгээд байрны дотор байрласан Зөрчлийн тухай хуультай самбараас 12 дугаар хороо гэдгийг нь мэдээд 12 цаг өнгөрч байхад цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд 5-10 минутын дараа цагдаа ирэхэд П.Б зугтаад явчихсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 дугаар тал/,
Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын Шүүх эмнэлгийн амбулаторийн тасгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ЕГ0725/3405 дугаартай: “...Ө.Ц ийн биед зүүн нүдний хугархайн дотор ханын хугарал, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр тал/,
Шүүгдэгч П.Б ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Надаас зугтаагаад байрнаас гарч гүйгээд гадаа гарч ирээд чи камерын өмнө намайг зодож чадахгүй биз дээ, одоо тэгээд зодооч гээд байсан. Тэгээд хоорондоо муудалцаж би нэг алгадахад газар уначихсан, газар унахаар нь нэг удаа өшиглөсөн, хаашаа нь өшиглөснөө санахгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар тал/,
Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн: “...гэм буруугийн талаар маргах зүйлгүй...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч П.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” буюу 2025 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, 32-ын Номин супермаркетын ард талд байрлах нийтийн байранд хамтран амьдрагч Ө.Ц тэй “архины мөнгө өгсөнгүй” гэх шалтгааны улмаас болж маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний хугархайн дотор ханын хугарал, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 2 дахь хэсэг заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгчээс хохирлыг гаргуулж хохирогчид олгуулах нь зүйтэй...” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч П.Б нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар тус тус маргаагүй болно.
Эрх зүйн дүгнэлт:
Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын Шүүх эмнэлгийн амбулаторийн тасгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ЕГ0725/3405 дугаартай дүгнэлтээр хохирогч Ө.Ц ийн биед учирсан гэмтэл нь “хөнгөн” зэргийн гэмтэл гэж тогтоогдсон байх бөгөөд энэ нь хууль зүйн хувьд “хүний эрүүл мэндэд” хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч П.Б нь хохирогч Ө.Ц ийн биед халдаж байгаа үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн тайлбар хэсэгт: “...Гэр бүлийн хамаарал бүхий харилцаа гэж гэр бүлийн гишүүд бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа ...хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно...” гэж заажээ.
Хохирогч Ө.Ц , шүүгдэгч П.Б нар нь “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай” буюу хамтран амьдрагч нар болох нь тэдгээрийн тайлбар мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймд шүүхээс шүүгдэгч П.Б ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Улсын яллагчийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, тохирсон байна гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Тус гэмт хэргийн улмаас хохирогч Ө.Ц ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь хэрэгт хохиролтой нотлох баримтыг ирүүлээгүй, сэтгэл санааны хор уршиг нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Харин хохирогч Ө.Ц нь эмчилгээ хийлгэсэн, эм тариа авсан гэх баримтаа бүрдүүлэн шүүгдэгч П.Б аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Талуудын дүгнэлт:
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч П.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч П.Б нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч П.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч П.Б ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24 дүгээр тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 26 дугаар тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 31 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, түүний хувийн байдлыг тодорхойлов.
Шүүгдэгч П.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч П.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Бусад асуудлаар:
Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч П.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч П.Б нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б ыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч П.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хохирогч Ө.Ц нь эмчилгээ хийлгэсэн болон цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН