Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2019/01216

 

 

 

 

2019 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2019/01216

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар гудамж, 0 тоот хаягт оршин суух, С.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: "ШО" ХХК-д холбогдох,

Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байр, 0 тоот 2 өрөө байрны дотоод заслын ажлыг гэрээний дагуу гүйцээж шаардлага хангасан байрыг хүлээлгэн өгөхийг даалгах, 2016 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс хойших торгуульд 5.819.894 төгрөг, хохиролд 16.605.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д,

Хариуцагчийн төлөөлөгч Л.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч С.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Билэгсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн С.А 2015 оны хавар "ШО" ХХК-ийн захирал Л.Б-тэй Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Улсын бүртгэлийн 0 дугаарт бүртгэгдсэн "ШО" ХХК Баянзүрх дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан тагнуулын байгууллагын ажиллагсдын 77 айлын 35 дугаар байрны 0 тоотын 2 өрөө байрыг, 10 дугаартай автозогсоолын хамт 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор багтаан ашиглалтанд оруулж хүлээлгэн өгөхөөр тохирсон.

Иргэн С.А-ийн зүгээс энэхүү Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.1-т заасны дагуу орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн. Гэвч хариуцагч тал гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-т заасан үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Энэ хугацаанд "ШО" ХХК-ийн захирал Л.Б-тэй удаа дараа уулзан, 0 дугаартай утсаар холбогдон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж гэрээний дагуу 2 өрөө дотоод засалтай байрыг хүлээлгэн өгөхийг эрчимтэй шаардсан боловч Л.Б нь гэрээний үүргээ үндэслэлгүйгээр биелүүлэхгүй зориуд зайлсхийж ирсэн.

Гэрээний зүйлээр зохицуулагдаж байгаа орон сууц нь 52 тоот байсан авч хугацааны явцад 56 тоот болон өөрчлөгдсөн. Одоогийн байдлаар 52 тоотыг өөр хүн өмчлөн оршин сууж байна.

Харин 56 тоотын гэрчилгээ нь иргэн С.А-ийн нэр дээр гарсан боловч гэрээнд заасан дотоод засал болон зохион байгуулалтгүй, хүн шууд нүүж орох оршин суух буюу үндсэн зориулалтаар нь ашиглах ямар ч боломжгүй, дутуу баригдсан цаашид засвар шаардлагатай, гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу хариуцагч тал хүлээлгэн өгөх хүртэлх хэмжээнд шаардлага хангаагүй байгаа юм.

Энэ хугацаанд иргэн С.А нь өөрийнх нь захиалсан байр ашиглалтад ороогүйн улмаас аргагүйн эрхэнд иргэн Ж.Б-тэй Орон сууц хөлслөх гэрээ байгуулан Хан-Уул дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсангийн тойруу гудамж/ны 0 дугаар байрны 0 тоот нэг өрөө байранд гурван жил амьдрах хугацаандаа *16.605.000 төгрөгийг бусдын байрыг түрээслэх хөлсөнд зарцуулсан байна. Дээрх хөлсний байрыг улсын бүртгэлд бүртгүүлэх үүрэг нь түрээслүүлэгчид өөрт нь байхаас түрээслэгчид үүрэг болгосон зүйл байхгүй. Тэгээд ч талууд орон сууц хөлслөх гэрээ байгуулсан тул заавал улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй юм.

Хэрэв "ШО" ХХК-ийн захирал Л.Б нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2015 оны 12 дугаар сард иргэн С.А-д Баянзүрх дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан Тагнуулын байгууллагын ажиллагсдын 77 айлын 35 дугаар байранд 2 өрөө орон сууцны байрыг хүлээлгэн өгсөн бол дээр дурдсан их хэмжээний төгрөгөөр иргэн С.А орон сууцны байр хөлслөн суух шаардлагагүй байсан.

Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.1-н дагуу чанарын өндөр түвшинд баригдсан, гэрээний 4 дүгээр зүйлийн 4.8-н дагуу дотоод засал болон зохион байгуулалттай 2 өрөө байрыг хүлээж авах, мөн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5-н дагуу орон сууцны ашиглалтад орох хугацааг хойшлуулсны торгууль нэхэмжилсэн.

Хариуцагч Л.Б, түүний өмгөөлөгчийн гэрээ байгуулагдаагүй гэж байгааг зөвшөөрөхгүй, гэрээнд хугацаа тавиагүй нь гэрээнд тавигдах шаардлага хангахгүй, гэрээний үүрэг шаардах ёсгүй гэж байгаа бол анхнаасаа луйвардах санаатай байсан гэж ойлгож болохоор байна. Хариуцагч тал гэрээг байгуулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн учраас 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр байрыг засвар хийж хүлээлгэн өгсөн, 2016 онд үл хөдлөхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуул/ж өгсөн. Хоёр тал харилцан тохиролцож гэрээ байгуулсан, хариуцагч ШО* ХХК-ийн захирал Л.Б өөрөө гарын үсэг зурсан бөгөөд вакум цонхны асуудал энд хамааралгүй бөгөөд бид тухайн үед вакум цонхны компанитай төлбөр тооцоо дууссан гэдгийг бичүүлж авсан. Хүн орон сууцандаа ороогүй байж гражид машинаа тавихгүй нь ойлгомжтой, байрыг дагаж граш явах учраас энэ 2-ын үнийг тусад нь салгах ямар ч үндэслэл байхгүй.

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэж байгаа бөгөөд хохирлыг мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-д зааснаар шаардах эрхтэй.

Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.1-т Худалдагч тал барилгын тухай хуулийг үндэслэн орон сууцны чанарт нэг жилийн баталгаа гаргах бөгөөд орон сууцын чанарын өндөр түвшинд барьж хүлээлгэн өгөх үүрэгтэй. 4.5-д Худалдагч тал орон сууцны ашиглалтанд орох хугацааг хойшлуулсан тохиолдолд эхний 45 хоногоос хэтэрсэн сар тутамд 0.1%-ийн торгууль төлнө. 4.8-д Худалдан авагч талын хүсэлтээр гэрээний зүйлээр зохицуулагдаж байгаа орон сууцны дотоод засал болон зохион байгуулалтыг 1 удаа өөрчилж өгөх гэж хууль болон гэрээнд заасны дагуу "ШО" ХХК иргэн С.А-д учирсан хохирлыг бүрэн барагдуулж үүргээ бүрэн гүйцэтгэх үүрэгтэй.

Гэрээгээр хүлээсэн үүргээ "ШО" ХХК нь хугацаандаа биелүүлээгүй тул түүнээс 2015 онд байгуулагдсан Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар байрны 0 тоот 2 өрөө байрны дотоод заслын ажлыг гэрээний дагуу гүйцээж шаардлага хангасан байрыг хүлээлгэн өгөхийг даалгах, Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ-ний /4 дүгээр зүйлийн 4.1, 4.5, 4.8-д тус тус заасны дагуу торгууль 3.351.942 төгрөг, хохирол 16.605.000 төгрөг тус тус нэхэмжилсэн.

Эдгээр шаардлагаас Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар байр, 0 тоот 2 өрөө орон сууцыг 2019.04.18-ны өдөр хүлээн авсан тул уг шаардлагаасаа татгалзаж байна.

Орон сууцыг 2019.04.18-ны өдөр хүлээлгэн өгсөн тул гэрээнд заасны дагуу торгуульд 14 сарын хугацаагаар тооцож 5.819.894 төгрөг, гэрээгээр тохирсон хугацаанд байрыг хүлээлгэн өгөөгүй учирсан хохиролд 16.605.000 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжиж байна гэв.

 

Хариуцагч ШО ХХК-ийн захирал Л.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон өмгөөлөгч С.Т-ын хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч С.А-ийн нэхэмжлэлийн шаардлага болох торгууль, хохирлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх гэрээ хийхдээ С.А-тай гэрээ хийгээгүй. А ХХК нь вакум цонх нийлүүлэхээр тохиролцож, үнийн оронд уг орон сууцыг бартерын гэрээгээр шилжүүлж өгсөн. Нэхэмжлэгч нь орон сууцны үнэ 108.109.500 төгрөгөөс торгууль гэж тооцож байна, гэтэл уг үнэнд гражийн үнэ хамтдаа орсон байна. байрны үнэ 93.109.500 төгрөг тул үүнээс торгууль бодогдох ёстой. Энэ үнийн дүнгээр тооцоход торгууль нь 5.818.894 төгрөг биш 3.891.960 төгрөг байх ёстой гэж үзэж байна. Мөн хохиролд шаардаад байгаа 16.605.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, байрыг С.Д төрийн албан хаагч болохын хувьд гэрээг нь С.А-ийн нэр дээр хийсэн гэж үзэж байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон орон сууц захиалгын гэрээ нь бартерын гэрээг халхавчилж хийсэн байх бөгөөд хэзээ байгуулагдсан нь тодорхой биш, байрны төлбөрийг шууд төлчихсөн байдлаас харахад гэрээг хуульд заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх боломжгүй. Иймээс хүчин төгөлдөр бус гэрээний дагуу торгууль, хохирол шаардаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд вакум цонх нийлүүлсэн компаниар баталгаа бичүүлж авсан нь орон сууц худалдах, худалдан авах гэрээ бус харин бартерын гэрээ болох нь тогтоогдож байна. Хохиролд зайлшгүй олох байсан орлогыг ойлгодог байтал орон сууцыг зайлшгүй олох байсан орлого гэж үзэж хохиролд шаардаж байгаа нь ойлгомжгүй. Түүнээс гадна үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлсэн байхыг шаардах бөгөөд байр түрээслэх гэрээ нь дээрх шаардлагыг хангахгүй байх тул орон сууц хөлсөлсөн гэж хохиролд шаардсан 16.605.000 төгрөгийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгч С.А-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 3.891.960 төгрөгийн торгуулийг зөвшөөрч байх ба үлдэх шаардлагыг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нь хариуцагч "ШО" ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар байрны 0 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, 2.509.495 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар байрны 0 тоот 2 өрөө байрны дотоод заслын ажлыг гэрээний дагуу гүйцээж шаардлага хангасан байрыг хүлээлгэн өгөхийг даалгах, Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.1, 4.5, 4.8-д тус тус заасны дагуу торгуульд 3.351.942 төгрөг, хохиролд 16.605.000 төгрөг гаргуулах болгон өөрчилсөн.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар байрны 0 тоот 2 өрөө байрыг 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авсан тул уг шаардлагаас татгалзаж, торгуульд 5.819.894 төгрөг, хохиролд 16.605.000 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжсэн болно.

 

Хариуцагч ШО ХХК-ийн захирал Л.Б нь гэрээгээр тохирсон орон сууцны үнэ 93.109.500 төгрөгөөс торгууль тооцогдох үндэслэлтэй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагаас 3.891.960 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй маргасан.

 

Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар байрны 0 тоот хаягт байршилтай, 56.43 м.кв талбай бүхий орон сууцыг 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр засвар хийлгэн хүлээн авсан тул уг шаардлагаас татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж шийдвэрлэх нь бусдын эрхийг хөндөхгүй гэж үзэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.

 

С.А, ШО ХХК-ийн хооронд 2015 онд Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ байгуулж, С.А нь Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар байр, 72 айлын орон сууцны 4 дүгээр давхарт 52 тоот, 56.45 м.кв орон сууцны үнэ 93.109.500 төгрөг, гаражийн үнэ 15.000.000 төгрөг, нийт 108.109.500 төгрөг төлөх, ШО ХХК нь гэрээгээр тохирсон орон сууцыг хүлээлгэн өгөхөөр тохиролцжээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд оныг 2015 он гэж бичсэн боловч сар, өдрийг тусгаагүй байх ба нэхэмжлэгч нь гэрээг 2015 оны хавар байгуулагдсан, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрээнд заасан орон сууцыг, 10 дугаартай авто зогсоолын хамт ШО ХХК хүлээлгэн өгөхөөр тохирсон гэж тайлбарлаж байх ба хариуцагч нь дээрх хугацааны талаар маргаагүй, энэ хугацааг баримтаар няцаагаагүй.

 

Гэрээний төлбөрийг С.А нь вакум цонхны бартераар бүрэн төлж дуусгасан, гэрээнд заасан орон сууцны хаалганы дугаар № 52 байсан нь №56 болж өөрчлөгдсөнтэй зохигч маргаагүй.

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д:Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна, 198.2-т : Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно гэж заасны дагуу зохигчийн тайлбар, гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч ШО ХХК-ийн барьж буй орон сууцнаас 56.45 м.кв орон сууцыг, 10 дугаартай авто зогсоолын хамт нэхэмжлэгч сонгож, төлбөрийг вакум цонхны бартераар төлж дуусгахаар харилцан тохиролцсон, ШО ХХК гэрээний зүйлийг хүлээлгэн өгөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

 

Хариуцагч ШО ХХК нь Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байр, 0 тоот, 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч С.Ад 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээлгэн өгсөн үйл баримттай зохигч маргаагүй.

/хх-ийн 139 тал/

 

Талуудын хооронд байгуулагдсан Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.5-д:Худалдагч тал орон сууцны ашиглалтад орох хугацааг хойшлуулсан тохиолдолд эхний 45 хоногоос хэтэрсэн сар тутамд 0.1 хувийн торгууль төлнө гэж заасан.

 

Хариуцагч ШО ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр орон сууцыг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлэн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээлгэн өгсөн нь гэрээгээр тохирсон хугацааг хэтрүүлсэн байх тул тэрээр гэрээгээр тохирсон торгуулийг нэхэмжлэгч С.А-д төлөх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсны дагуу хугацаа хэтрүүлсний торгуульд 5.819.894 төгрөг нэхэмжилсэн байх ба гэрээний үнийн дүн 108.109.500 төгрөгийн 0.1 хувиар тооцоход 38 сарын буюу /2016.02.15-наас 2019.04.15-ны өдөр хүртэлх хугацааны/ хариуцагч ШО ХХК-иас 4.108.180 төгрөг гаргуулах үндэслэлтэй, нэхэмжлэлийн энэхүү шаардлагаас үлдэх 1.711.714 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

/108.109.500х0.1%=108.110х38=4.108.180/

 

Нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон хугацаанд орон сууцыг хүлээлгэн өгөөгүйгээс Ж.Б-ийн өмчлөлийн орон сууц хөлсөлсний зардалд 16.605.000 төгрөг нэхэмжилсэн боловч 2018.01.05-ны өдөр 5.400.000 төгрөг, 2019.02.01-ний өдөр 5.805.000 төгрөг хүлээлгэн өгсөн баримтууд засвартай байх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д :Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу 2017.01.07-ны өдрийн 5.400.000 төгрөг хүлээлгэн өгсөн баримтыг хохиролд тооцон хариуцагч ШО ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 11.205.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Хариуцагч нь бусдын орон сууцыг нэхэмжлэгч хөлслөөгүй, түүнд хохирол учраагүй гэх тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар татгалзлаа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэх үндэслэлтэй.

Иймд хариуцагч ШО ХХК-иас торгуульд 4.108.180 төгрөг, хохиролд 5.400.000 төгрөг, нийт 9.508.180 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12.916.714 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.5, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус зааснаар хариуцагч ШО ХХК-иас торгуульд 4.108.180 төгрөг, хохиролд 5.400.000 төгрөг, нийт 9.508.180 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12.916.714 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5-д зааснаар хариуцагч ШО ХХК-д холбогдох Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар байрны 0 тоот 2 өрөө байрны дотоод заслын ажлыг гэрээний дагуу гүйцээж шаардлага хангасан байдлаар хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч татгалзсаныг баталсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч С.А-аас улсын тэмдэгтийн хураамжид 784 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч ШО ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 167.081 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.А-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 380.540 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ