2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1663

 

                                                                                                       

                                                          

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,

Улсын яллагч М.Сүхчулуун,

Хохирогч Э.Ш , түүний өмгөөлөгч Л.Мөнхтөр,       

Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Г т холбогдох эрүүгийн 2406053700878 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр ... тоотод хохирогч Э.Ш той маргаан үүсгэж, улмаар архины шилэн савыг ашиглан хохирогчийн толгой, баруун гарын бугуй хэсэг рүү цохиж хагалан, хохирогчийн биед духны зүүн дээд хэсэгт 4,0 см урттай босоо, баруун шууны дотор доод хэсэгт 4,0 см, 2,0 см, 1,0 см урттай хөндлөн 3 ширхэг мэс заслын оёдол бүхий шархнууд, оочны зүүн талд 2,5хЗ,0 см, баруун завьжинд 3,5х2,0см хөхөлбөр өнгийн цус хуралтууд, зүүн ташаанд 3,0х0,2см, 2,0х0,1см хүрэн улаан өнгийн зулгаралтууд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд “...шүүгдэгч Д.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр ... тоотод хохирогч Э.Ш той маргаан үүсгэж, улмаар архины шилэн савыг ашиглан хохирогчийн толгой, баруун гарын бугуй хэсэг рүү цохиж хагалан, хохирогчийн биед духны зүүн дээд хэсэгт 4,0 см урттай босоо, баруун шууны дотор доод хэсэгт 4,0 см, 2,0 см, 1,0 см урттай хөндлөн 3 ширхэг мэс заслын оёдол бүхий шархнууд, оочны зүүн талд 2,5хЗ,0 см, баруун завьжинд 3,5х2,0см хөхөлбөр өнгийн цус хуралтууд, зүүн ташаанд 3,0х0,2см, 2,0х0,1см хүрэн улаан өнгийн зулгаралтууд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

Үүнд:

Хохирогч Э.Ш ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ...Би гэртээ хүүхдүүд болон дүү Э ын хамт байж байтал миний нагац ах болох Д.Г нь 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 20 цагийн орчимд над руу залгаад “манайд гэрт ирэх очих шаардлагатай байна, бурхан тахил дээр зул өргөх шаардлага гарсан, одоо Багануур дүүргээс гарч байна” гэж хэлсэн. 21 цагийн орчим Д.Г нь эхнэр   болон хоёр хүүхдийн хамтаар ирсэн. Манай 3 хүүхэд тэдний 2 хүүхэд байрны гадна тоглохоор болсон. Д.Г болон эхнэр нь согтуу байсан. Тухайн үед Д.Г нь агсам тавиад байдаг болохоор би бага зэрэг айдастай байсан. Д.Г нь бурханд тахил өргөх гээд архины дээжийг нь өргөөд дараа нь өөртөө хийж уугаад надад болон эхнэр М д хийж өгөөд бид жижиг хундагаар 2-3 удаа уусан. Д.Г нь тамхи татах гэхээр нь би “гэрт тамхи татахгүй” гэж хэлсэн чинь орцонд тамхи татаж орж ирээд М  бид хоёр луу агсам тавиад, М ыг хөлөөрөө дэвсээд байхаар нь би очиж салгах гэтэл газарт байсан архины шилээр миний толгой хэсэг рүү цохих гэхэд нь би гараараа хамгаалсан чинь миний толгойг цохиод, нөгөө архины шил хагарч, хагарсан хэсэг нь баруун гарын бугуй хэсгийн арыг зүсчихсэн. Архины хагарсан шилээ манай гэрийн 75 инчийн “Хайэр” брэндийн зурагт руу шидсэн чинь манай зурагт урагшаа унасан. Тэгээд над руу ирээд миний хоолойг бооход миний нүд бүрэлзээд ухаан алдчихсан. Нэг сэрсэн чинь Гэмтлийн эмнэлэгт сэрсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр тал/,

-Дахин өгсөн: “...Надад ямар нэгэн хүсэлт байхгүй. Би манай гэрт болсон үйл явдлаас болж эвдэрсэн зурагт болон зөөврийн компьютерыг нэхэмжлэхгүй. Би сэтгэл санааны хохирол гаргуулна. Би баруун гартаа сорвитой үлдсэн. Бид хоёр зодолдож байх үед хажууд хүн байгаагүй. Д.Г ын эхнэр нь байсан. Гэхдээ эхнэр нь маш их хэмжээгээр архи уучихсан, тасраад унтаж байсан. Надад ямар нэгэн баримтаар нэхэмжлэх зүйл байхгүй. 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр нэг удаа, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хоёр удаа Эрүүл мэндийн даатгалын сангаа ашигласан. Би энэ 3 үйлчилгээг авсан нь үнэн болно. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр тал/,

-Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...7 дугаар сарын 23-ны өдөр гэртээ амарч байхад Д.Г ах залгаад ах нь ээжийн тахил дээр очих хэрэгтэй гээд нэг шил архи, вино, сүү, шар тостой манайд ирсэн. Бурхан дээр шар тос, сүүгээ тавьсан. Би эхнэртэй нь авч ирсэн виног ууж, Д.Г өөрөө архи уусан. Бид хоёр виногоо уучхаад архинаас нь уусан бөгөөд архи нь талдаа орж байсан. Ах нь тамхи татчихаад бас хүүхдүүдийг оруулаад ирье гээд гарсан. Тамхи татаад орж ирэнгүүтээ эхнэр лүүгээ дайраад өвдгийг нь хавдтал өшиглөсөн. Эхнэр нь байнга зодуулдаг, би байнга эхнэрийг нь өмөөрдөг. Тэгж өмөөрч байгаад би архины шилээр толгой руугаа цохиулсан. Туслаарай гэхэд охин, манай дүү нар орж ирсэн. Нэг мэдэхэд Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр гар, толгойдоо оёдол хийлгэсэн ухаангүй байж байсан. Миний төрсөн дүү, Х  хоёр намайг сахисан. Цэцэрлэгийн багш тул эрүүл мэндийн даатгалаар төлөгдсөн. Толгойн зураг авсан мөнгөн дүн 100,000 төгрөг болсон, баримтыг өгсөн. Манай гэрийн зурагтыг санаатай хагалсан, компьютерыг санаатай шидсэн. Миний нүд рүү харж байгаад чамайг алах байсан юм гэж надад болон миний хүүхдэд хэлсэн. Би үнэхээр их гомдолтой байна. Би эд хөрөнгөөрөө хохирсон ба цус алдаж 3х5 хэмжээтэй Эрдэнэт хивс цус болоод арилаагүй, би хаясан. Мэргэжлийн багаж болсон компьютероо эвдлүүлсэн. 250,000 төгрөгөөр засах боломжтой гэсэн ч засварчин 250,000 төгрөгөөс илүү мөнгө нэхэж байна. Эвдэлсэн зурагтын лизинг төлж дуусаагүй байсан бөгөөд би дахиад лизингээр зурагт авсан. Энэ хугацаанд авсан эмчилгээний мөнгө, сэтгэл санааны хохирол нэхэмжилж байна. Эмчилгээний төлбөрт 755,868 төгрөг нэхэмжилж байгаа. Зурагт, нөүтбүүк 1,550,000 төгрөг, сэтгэл санааны хохирол болон өмгөөллийн хөлс 1,500,000 төгрөг нэхэмжилж байгаа. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

 

Гэрч Н.М ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ороод бурхан тахилд нь мөргөөд цай унд ууж байгаад бид хоёрын авчирсан виног задалж уухаар болсон юм. Тэр виног Д.Г , Э.Ш  бид гурав хувааж уусан ба ууж дуусаад Д.Г гараад яваад өгсөн. Тэгээд Э.Ш  бид хоёр үлдээд Э.Ш  хаанаас ч юм нэг шил архи гаргаж ирээд бид хувааж ууж эхэлсэн. Би ямар хэмжээтэй, ямар нэртэй архи байсныг нь мэдэхгүй байна. Тэгээд би тэр архинаас ууж байгаад тасраад унтаад өгсөн. Үүнээс цааш үйл явдлыг мэдэхгүй байна. Би тухайн буйдан дээрээ сэрсэн. Манай охин намайг “Ээж сэрээрэй” гээд сэрээсэн. Сэрээд хартал цагдаа, эмнэлэг ирсэн байсан. Юу болсон талаар асуутал Э.Ш ыг манай нөхөр зодсон гэж манай охин хэлсэн. Э.Ш ын гэрт хивс нь цус болсон байдалтай, зурагт нь унтраалттай байх шиг байсан. Манай нөхөр “Э.Ш  бол намайг зурагтыг нь хагалсан гээд байна” гэж надад хэлж байсан. Гэхдээ намайг босож ирэхэд зурагт нь тавиураасаа уначихсан, тавиураа налуулаад тавьчихсан байсан. Нүүр нь хагараагүй зүгээр л байсан. Би бол унтраалттай байсан л гэж бодож байна. Манай нөхөр миний биед гар хүрээгүй. Миний бие зүгээр байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар тал/,

 

Насанд хүрээгүй гэрч Г.О гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хэрэг болсон өдөр би аав, ээж, дүү Э ийн хамт ... тоотод байх Э.Ш  эгчийн гэрт очсон. Аав, ээж, Э.Ш  эгч гурав том өрөөнд юм ярьж суугаад, дүү Э  маань Э.Ш  эгчийн 2 хүүхэд болох И , А  нарын хамт гарж тоглохоор болсон ба би нөгөө өрөөнд нь ганцаараа үлдсэн юм. Тэгээд аав удалгүй гарч яваад 1-2 цагийн дараа орж ирээд байж байгаад намайг нөгөө өрөөнд утсаа оролдоод байж байтал том өрөөнд Э.Ш  эгч аав хоёрын орилж, хэрэлдэж байгаа дуу гарсан. Би гараад хартал Э.Ш  эгчийн толгойноос цус гарсан, архины шил нь түүний толгой дээр хагарчихсан байдалтай байсан. Би аавыг авч гараад, дүүг дуудаад тэр хоёрыг гэр лүү такси бариулж явуулаад буцаж орохдоо 103 дуудчихаад орсон. Намайг аав, дүү хоёрыг явуулчхаад гэрт ороход ээж шал согтуу буйдан дээр унтаж байсан ба зурагт нь тавиураасаа унаад хөмөрчихсөн, шалан дээр баахан шилний хэлтэрхий болчихсон, хивс нь цус болчихсон байсан. Зурагтын дэлгэц нь хагараагүй байсан. Харин нүүр нь их биеэсээ салсан байсан. Би Э.Ш ын охин И гийн хамт босгож тавьсан. Би Э.Ш ыг 103-т өгч явуулчхаад И гийн хамт гэрийг нь цэвэрлэж байх үед тийм зүйл харагдаагүй. Намайг анх гэрт орох үед ч байгаагүй. Би нэг талдаа чихэвчтэй байсан учраас сайн сонсоогүй. Хальт сонсоход аав “Миний эцгийн нэрийг доромжиллоо” гээд байх шиг байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 9911 дугаартай: “...Э.Ш ын биед дух, баруун шуунд шарх, ооч, баруун завьжинд цус хуралт, зүүн ташаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн 4 удаагийн мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Э.Ш ын биед дух, баруун шуунд шархны гэмтэл нь тус бүртээ хохирлын хөнгөн зэрэгт, ооч, баруун завьжинд цус хуралт, зүүн ташаанд зулгаралт гэмтлүүд нь нийлээд болон тус бүртээ эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 44-45 дугаар тал/,

 

Хохирогч Э.Ш ын сэтгэцэд учирсан хор уршгийн 2 дугаар зэрэглэлийг тогтоосон мөрдөгчийн маягтын загвар /хх-ийн 46 дугаар дугаар тал/,

 

Шүүгдэгч Д.Г ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би тогтоолтой уншиж танилцлаа. Надад ямар нэг асуух зүйл, санал хүсэлт байхгүй. Би өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн өдөр би ... тоотод Э.Ш ын гэрт нас барсан эгч болох С ийн тахил дээр зул өргөхөөр очсон юм. Э.Ш  нь С ийн охин ба би тэдний гэрт очоод эгчийнхээ тахил дээр зул өргөчхөөд авчирсан 1 шил виногоо Э.Ш  болон эхнэр М  нарын хамт хувааж уусан. Тэгээд би ганцаараа тамхи татах гэж гараад 1 цаг орчим болсон. Яагаад тэгж удсан бэ гэхээр манай бага хүү Э , Э.Шинэсолын охидууд болох И , А гийн хамт гадаа тоглож байсан ба би тэрийг нь харж суугаад цаг орчим болсон юм. Тэр хоёрыг харж байхдаа би 330 граммын Хараа архи ганцаараа уучхаад буцаад Э.Ш ын гэрт орсон. Гэрт нь эргээд ороход Э.Ш , М хоёр нэлээд согтуу М нь тасарчихсан, буйданг нь дэрлээд унтаж байсан. Харин Э.Ш  нь над руу агсраад Д гийн муу шээс гэх зэргээр хараагаад байсан. Мөн миний авчирч эгчийнхээ тахил дээр байсан архийг уучихсан болохоор нь миний уур хүрээд тэр архиных нь шилээр толгойнд нь цохиод хагалчихсан юм. Э.Ш  цус гарсан хэсгээ гараараа дарж байгаад газар сууж байгаад над руу хөлөөрөө жийх гэж байгаад зурагтаа унагаагаад хагалчихсан. Харин зөөврийн компьютер огт байгаагүй. Тэгээд манай охин О  намайг аваад тухайн гэрээс гарсан. Би гадаа тоглож байсан хүүгээ дуудаад бид хоёр такси бариад гэр лүүгээ харьсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 103 дугаар тал/,

-Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн: “...Бүгд миний буруу...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/ болон бусад бичгийн нотлох баримтууд болно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Д.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр ... тоотод хохирогч Э.Ш той маргаан үүсгэж, улмаар архины шилэн савыг ашиглан хохирогчийн толгой, баруун гарын бугуй хэсэг рүү цохиж хагалан, хохирогчийн биед духны зүүн дээд хэсэгт 4,0 см урттай босоо, баруун шууны дотор доод хэсэгт 4,0 см, 2,0 см, 1,0 см урттай хөндлөн 3 ширхэг мэс заслын оёдол бүхий шархнууд, оочны зүүн талд 2,5хЗ,0 см, баруун завьжинд 3,5х2,0см хөхөлбөр өнгийн цус хуралтууд, зүүн ташаанд 3,0х0,2см, 2,0х0,1см хүрэн улаан өнгийн зулгаралтууд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч, өмгөөлөгчөөс нэхэмжилсэн нотлох баримтуудаас хуулийн шаардлага хангасан хохирогчийн өмгөөлөгчийн үйлчилгээ авсан төлбөрт зориулж бусдад шилжүүлсэн 1,500,000 төгрөгийн шилжүүлгийн баримт нотлох баримтаар гарган өнөөдрийн шүүх хуралдаанд өгсөн. Иймд шүүгдэгчээс 1,500,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулах нь зүйтэй байна. Хохирогч эмчилгээтэй холбоотой 755,868 төгрөгийг нэхэмжилсэн, гэмт халдлагад өртсөний улмаас эд хөрөнгөд учирсан хохирол, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосонтой холбоотой мөнгөн дүнг энэ удаагийн шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжгүй буюу нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Шүүхийн шинжилгээний байгууллагаас шинжээчийн хувьд сэтгэцэд учирсантай холбоотой хор уршгийн зэрэглэлийг шинжээч дүгнэлт гаргах боломжгүй гэсэн албан бичгийг ирүүлсэн. Эдгээр нэхэмжилж буй хохиролтой холбоотой нэхэмжлэлийг иргэний журмаар баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг хохирогчид нээлттэй үлдээх саналтай байна. Шүүгдэгч Д.Г нь Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлыг мөрдөн шалгах ажиллагаанд төлсөн тул шүүхийн шийдвэр тусгах саналтай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал хэрэгт байхгүй тул шийтгэх тогтоолд дурдуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг;

 

Хохирогчийн өмгөөлөгч Л.Мөнхтөрөөс: “...Би шүүхийн шатнаас өмгөөлөгчөөр оролцсон. Өмнө нь хохирогч өмгөөлөгчгүй хууль зүйн туслалцаа аваагүй явж байсан. Хурал дээр хохирогчийн тухайд өөрөө олон хүүхэд хариуцдаг багшаар ажилладаг. Ангид байх 30 хүүхдийн эрх ашиг сонирхол, амь нас энэ хүний хариуцлага дээр байдаг тул ажлын нөхцөл байдал боломжгүй байсан талаар мөрдөгчид, өнөөдөр шүүх хуралдаанд хэлсэн. Өмгөөлөгч авах шийдвэр гаргаж хурал хойшилсны дараа хэргийн материалтай танилцаж надтай уулзсан байдаг. Хэрэгт авагдсан баримтууд шүүгдэгч талын хүмүүс байна. Шүүгдэгчийн эхнэрийн мэдүүлэг, охины мэдүүлэг байна. Манай талын хоёр хүний мэдүүлэг алга болсон. Эвдрэлтэй холбоотой материалын зураг, баримтууд байхгүй байна гэдэг. Хэргийн материалтай танилцахад эдгээр зүйлс байгаагүй. Хохирогчтой уулзахад хуралд ямар хүсэлт гаргах эрхтэй вэ гэхээр эмчилгээний зардлыг төлүүлэх эрхтэй. Ийм баримтаа бүрдүүлэх ёстой гэж ярьсан. Хохирогч тухайн үед зурагт эвдэрсэн зураг өгсөн нь үндэслэлтэй. Зурагт эвдэрсэн гэж зураг авагдаагүй бол шинжээч зурагтыг үнэлээд сууж байхгүй. Байцаагч руу ярьсан бөгөөд хэргээс алга болсон байна гээд байцаагчаас асуухад зурагтын зүйлсийг шинжээч томилсон тогтоолтой хамт Дамно компанид өгсөн, дүгнэлтийн ард зураг алга уу гэж асуусан. Зурагтын үнэлгээ 1,340,000 төгрөг, компьютер 250,000 төгрөг буюу компьютерыг тухайн үед цагдаа хураан авсан буюу үзлэг хийсэн тэмдэглэл байгаа. Шинжээчийн дүгнэлтээр хохирол барагдуулах боломжтой буюу шүүгдэгч хохирлыг төлье гэж байна. Мөрдөн шалгах ажиллагаа маш хариуцлагагүй явагдсан. Энэ хүн хууль эрх зүйн мэдлэггүй байж болно. Нэхэмжлэх зүйл нь хохиролтой холбоотой зүйлийг гаргуулах талаар ярина. Та эмчилгээний баримтыг аваад ирнэ гэж яриагүй. Тийм ч учраас хохирлын баримтууд нь тухайн үед баримтжуулаад устгаад байсан. Ийм учраас шүүгдэгч 755,868 төгрөгийг төлье, миний хохирлоос эм авсан тул төлье гэх байдал, е-баримтаас авсан баримтуудыг гарган өгсөн тул хохирлыг шүүх шийдэж өгнө үү. Хуулбар хэдий ч цахимаас авсан тул нотлох баримтын хэмжээнд үнэлж 755,868 төгрөгийг гаргуулах, шинжээчийн дүгнэлтийг үндэслэж зурагтын төлбөр, нийт 3,805,868 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү. Шүүгдэгч нь гэм буруутай байна гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагаа хариуцлагагүй буруу явсан нь энэ хүн хууль мэдэхгүй, бусдын эд хөрөнгө устгах гэмтээх гэмт хэрэгт байгаа. Миний эд зүйлийг устгасан, нөүтбүүк асахаа больчихлоо гэдэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан тусдаа бие даасан гэмт хэрэг буюу бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэрэг байсан. Прокурор шалгаад тогтоогдоогүй гэх боловч энэ үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон тогтоол байхгүй. Сэтгэцийн эмчид үзүүл, шүүх эмнэлгээс буцсан гэж байгаа боловч шинжээч томилсон тогтоолыг хэргийн материалаас хараагүй. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн, сэтгэцийн эмч томилсон тогтоолыг би хараагүй. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс сэтгэцийн дүгнэлт гаргах боломжгүй гэж буцаасан зүйл олж харсангүй. Шинжээч дуудсан, очсон, үзүүлсэн нь гэмтэлтэй холбоотой зүйл ярьж байгаа боловч сэтгэцэд учирсан хохирлын талаар алга. Сэтгэцэд учирсан хор уршиг тогтоох зэрэглэлийн 2-р зэрэглэлээр сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулж өгнө үү. Өмнөх хурал дээр сандраад буруу ярьсан, буруу зүйл ярьсан гэж хэлж байсан. Хэрэг дээр хэргийн материалыг мөрдөн байцаалт дуусахад танилцуулаад яагаад уншуулаагүй вэ? ...Байцаагчийг буруутгах хэцүү, Дамно компанийн шинжээчийг буруутгах хэцүү. Өнөөдөр шүүгдэгч хохиролтой маргаагүй, өөр зурагтыг авч ирж өгөөгүй тул хохирлыг гаргаж өгнө үү. Ганцаараа 4 хүүхэд өсгөөд явдаг бөгөөд одоо том хүүхэд нь их сургуульд орсон байна. Гэм буруугийн хохирол тооцогдож гардаг тул гаргаж өгнө үү. Шүүгдэгч гэм буруутай байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Д.Г нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Эрх зүйн дүгнэлт:

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 9911 дугаартай дүгнэлтээр хохирогч Э.Ш ын биед учирсан гэмтэл нь “хөнгөн” зэргийн гэмтэл гэж тогтоогдсон байх бөгөөд энэ нь хууль зүйн хувьд “хүний эрүүл мэндэд” хөнгөн хохирол учруулсан, эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг хөндсөн гэж үзнэ.

Шүүгдэгч Д.Г нь хохирогч Э.Ш ын биед нь халдаж байгаа үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, шинжээчийн дүгнэлтэд дурдсан хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Өөрөөр хэлбэл шүүхээс тогтоосон үйл баримт болох шүүгдэгч Д.Г нь хохирогч Э.Ш той маргалдаж, биед нь “...дух, баруун шуунд шарх, ооч, баруун завьжинд цус хуралт, зүүн ташаанд зулгаралт...” гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байх тул түүнийг “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Улсын яллагчийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Э.Ш ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Д.Г нь хохирогчийн нэхэмжилсэн 3,805,700 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын санд 206,440 төгрөгийг тус тус төлж барагдуулсан тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Харин хохирогч Э.Ш  нь тус гэмт хэргийн улмаас өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Талуудын дүгнэлт:

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Д.Г т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг;

 

Хохирогчийн өмгөөлөгч Л.Мөнхтөрөөс: “...Хоригдсон хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялд дүйцүүлэн тооцож өгнө үү. Нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй...” гэсэн дүгнэлтийг;

                       

            Шүүгдэгч Д.Г аас: “...Маргаашаас ажиллах санал ирчихсэн бөгөөд би тогооч хийдэг тул ажлын улирал эхэлсэн байгаа. Торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Д.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Г ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 82 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75 дугаар тал/, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 83 дугаар тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 84 дүгээр тал/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 85 дугаар тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 86 дугаар тал/, Авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 87 дугаар тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 31 дүгээр тал/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, түүний хувийн байдлыг тодорхойлов.

 

Шүүгдэгч Д.Г т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн...”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүхээс шүүгдэгч Д.Г т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г ын 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд цагдан хоригдсон 10 хоногийн нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 150,000 төгрөгийг түүнд оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгийн торгох ялаас хасаж, биечлэн эдлэх торгох ялын хэмжээг 650,000 төгрөгөөр тогтоож;

Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Г нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болохыг тэмдэглэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Г ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г ын 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд цагдан хоригдсон 10 /арав/ хоногийн нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 150,000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийг түүнд оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялаас хасаж, биечлэн эдлэх торгох ялын хэмжээг 650,000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г т оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 /ер/ хоногийн хугацаанд  төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5. Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.Ш  нь тус гэмт хэргийн улмаас өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Г т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТСАЙХАН