Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2021/ДШМ/20

 

С.Мөнхзолбоо, Э.Жаргалбадрах нарт

холбогдох  эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч, ерөнхий шүүгч          Д.Буянжаргал

                                          Шүүгчид                                      Г.Давааренчин                                  

                                                                                      Б.Эрдэнэхишиг                                   

                                

                                    Оролцогчид                        

                                            Прокурор                                     Г.Энхмаа

                                              Шүүгдэгчийн өмгөөлөгч              Г.Амартүвшин

                                              Шүүгдэгчийн өмгөөлөгч              М.Гансүх

                                              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцов.

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоолыг эс  зөвшөөрч  бичсэн шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн давж заалдсан гомдол, дээд шатны прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар Тангууд овогт Энхжаргалын Жаргалбадрахад, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Мэргэн овогт Сүрэндоржийн Мөнхзолбоо нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1931004350136 дугаартай, 175/2020/0188/Э индекстэй 4 хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Газар зохион байгуулагч, инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын тамгын газрын даамал ажилтай байсан, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр баг Залаатын 4-07 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Тангууд овогт Энхжаргалын Жаргалбадрах /РД:МЭ90101513/

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа ногоо тарьдаг, ам бүл 2 хүүгийн хамт Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян Өлзийт баг 1 дүгээр хороолол 1-4 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Мэргэн овогт Сүрэндоржийн Мөнхзолбоо /РД:ТЛ88091572/;

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Жаргалбадрах нь тус аймгийн Шаамар сумын газрын даамлаар ажиллаж байх хугацаандаа ...сумын Засаг даргын “Газар эзэмшүүлэх тухай” захирамж гараагүй байхад Засаг даргын тамгын газрын архив, бичиг хэргийн ажилтан Н.Дугармаагаас албан бичгийн А/99 дугаарыг хадгалуулан, тухайн шийдвэрийг үндэслэж, 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 000613375 дугаар бүхий “Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г иргэн С.Мөнхзолбоогийн ашиг сонирхлын үүднээс түүний нэр дээр Шаамар сумын 2 дугаар баг, Өндөр хайлааст гэх газарт 14 га газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг гаргасан;

-улмаар Ч.Бат-Эрдэнээр дамжуулан С.Мөнхзолбоод 000613375 дугаар бүхий Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг өгч, 3,000,000 /гурван сая/ төгрөгийн “Хахууль авсан” гэх;

 

Шүүгдэгч С.Мөнхзолбоо нь “...Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг дэвсгэр Өндөр хайлааст гэх газарт 14 га газар эзэмшихээр тус аймгийн Зүүнбүрэн сумын газрын даамлаар ажиллаж байсан Ч.Бат-Эрдэнэ, Шаамар сумын газрын даамал Э.Жаргалбадрах нарт 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт 9,000,000 /есөн сая/ төгрөгийг хахууль өгөн, Шаамар сумын газрын даамал Э.Жаргалбадрахаар 000613375 дугаар бүхий “Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийг гэрчилгээ”-г гаргуулан авч, “Хахууль өгсөн” гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Анхан шатны шүүх С.Мөнхзолбоо, Э.Жаргалбадрах нарт  холбогдох хэргийг 2021 оны 03 дугаар сарын 17-ны  өдөр хянан хэлэлцээд 34 дугаартай шийтгэх тогтоолоор:

“1.2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан  шүүгдэгч Тангууд овогт Энхжаргалын Жаргалбадрахад 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

-2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгч Мэргэн овогт Сүрэндоржийн Мөнхзолбоод 2002 оны Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тангууд овогт Энхжаргалын Жаргалбадрахыг “Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар дамжуулан хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Мэргэн овогт Сүрэндоржийн Мөнхзолбоог “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Жаргалбадрахад нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мөнхзолбоод нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Жаргалбадрах, С.Мөнхзолбоо нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Жаргалбадрах, С.Мөнхзолбоо нарт оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг тэдэнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тооцсугай.

6.Шүүгдэгч Э.Жаргалбадрах, С.Мөнхзолбоо нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай...” гэж, дээрхи шийдвэрийг эс зөвшөөрвөл эрх бүхий этгээд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс Э.Жаргалбадрахыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь:

1.Э.Жаргалбадрах нь энэ гэмт хэргийн субъектийн шинжийг хангахгүй болох нь дараахь байдлаар тогтоогдоно. Анхан шатны шүүхээс дүгнэхдээ: Хээл хахууль авах гэмт хэрэг нь хахууль авагч тал нь өөртөө ашиг олох, өгөгч тал нь ажил хэргээ бүтээх гэсэн авах, өгөх хоёр талын ашиг сонирхлын үүднээс асуудлыг шийдвэрлүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нийгмийн шударга ёсыг зөрчсөн байдаг, Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль авах" гэмт хэргийн субьектыг “Нийтийн албан тушаалтан” гэж тодорхойлсон бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт заасны дагуу төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компаний эрх бүхий албан тушаалтныг нийтийн албан тушаалтанд хамааруулан ойлгоно. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Төрийн албан хаагч” гэж төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг ойлгоно” гэж тус тус хуульчилсан тул шүүгдэгч Э.Жаргалбадрах нь хахууль авах гэмт хэргийн субьектийн шинжийг хангасан гэжээ.

Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, ...хахууль авсан” байхыг хуульчилсан ба Шаамар сумын газрын даамал ажилтай байсан Э.Жаргалбадрах нь албаны ямар чиг үүргийг хэрэгжүүлсэн, эсвэл хэрэгжүүлэхийн тулд бусдаас хахууль авсан гэдгийг үндсэндээ тогтоож чадаагүй.

Өөрөөр хэлбэл С.Мөнхзолбоод газар эзэмшүүлэх тухай захирамжийг Шаамар сумын засаг дарга М.Баярбаатар гаргасныг үндэслэн 000613375 дугаартай “Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г Шаамар сумын газрын даамлаар ажиллаж байсан Э.Жаргалбадрах олгосон нь баримтаар тогтоогдох ба энэ нь Монгол улсын Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д зааснаар “...газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Задаг дарга гаргана", мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 1-д заасан “газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ" гэх хуулийн заалтыг зөрчөөгүй болохыг шүүх анхаарч үзсэнгүй. Иймд бусдад газар эзэмшүүлэх эрх олгосон шийдвэр гаргасан жинхэнэ албан тушаалтныг хэрэгт хамааралгүй гэж тусгаарлан авч үлдэн тухайн шийдвэрийг биелүүлсэн албан тушаалтан нь хуулийн хариуцлага хүлээх нь шударга ёсны зарчимд үл нийцнэ.

2.Э.Жаргалбадрахыг хахууль авсан гэж шүүх дараахь байдлаар дүгнэсэн нь үндэслэлгүй байна. С.Мөнхзолбоо нь төрийн албан хаагч газрын даамал Ц.Бат-Эрдэнээр дамжуулан эрх мэдэл бүхий төрийн албан хаагч Шаамар сумын газрын даамал Э.Жаргалбадрахад хээл хахууль өгсөн гэжээ.

Хэрэгт цугларсан мэдүүлгийн нотлох баримтаар Э.Жаргалбадрах нь Ц.Бат-Эрдэнээс 2.8 сая төгрөгийг зээлэн авсан ба зээлийг буцаан төлөхдөө Ц.Бат-Эрдэний хэлсний дагуу С.Мөнхзолбоогийн банкин дахь харилцах дансанд шилжүүлснийг Э.Жаргалбадрах нь С.Мөнхзолбоогоос хээл хахууль авсан гэх таамгаар буруутгасныг зөвшөөрөх боломжгүй юм.

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...Э.Жаргалбадрах нь шүүхийн хэлэлцүүлэгт би Ц.Бат-Эрдэнээс 2.800.000 төгрөг зээлж аваад түүнийг С.Мөнхзолбоогийн данс руу хийсэн”, С.Мөнхзолбоогийн “...Ч.Бат-Эрдэнэ надад бичиг баримт гэдэг зүйл хэлээгүй, асуудалгүй чиний нэр дээр шилжүүлээд өгч болно гэсэн”, гэрч Ц.Бат-Эрдэний “...С.Мөнхзолбоогоос 9.000.000 төгрөг зээлж авсан, ...Контейнер худалдаж авах зорилгоор авсан” гэх мэдүүлгээр Э.Жаргалбадрах нь хахууль авсан нь тогтоогдож, эдгээр нь харилцан шалтгаант холбоотой байна гэж дүгнэсэн нь Э.Жаргалбадрах нь С.Мөнхзолбоогоос хахууль авсныг нотлох бус дээрх нэр бүхий хүмүүсийн хооронд зээлийн маргаантай холбоотой үйл баримт болж өнгөрснийг нотолж байна.

3.Жаргалбадрахын хувьд С.Мөнхзолбоог таньж мэдэхгүй, мөнгө өгөх авах талаар яриа хэлцэл, өгүүлэмж өрнөөгүй болох нь хангалттай нотлогдох ба мөнгө өгсөн, авсан асуудлын талаар Ц.Бат-Эрдэнэ, С.Мөнхзолбоо нарыг нүүрэлдүүлэн байцаахдаа харилцан эсрэг сонирхол бүхий хэргийн оролцогч нарын нэгийг өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг ноцтой зөрчиж мэдүүлэг авч, хэргийн бодит байдлыг тогтоох бус мөрдөн шалгах ажиллагаа хэт талыг барьж явагдсан болохыг харуулж байна.  Түүнчлэн шүүхийн шийтгэх тогтоолд Ч.Бат-Эрдэнэ, Ц.Бат-Эрдэнэ гэх зэргээр өөр өөр хүмүүсийн талаар дурьдсан нь ойлгомжгүй байгааг дурьдах нь зүйтэй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан баримтуудаас үзэхэд С.Мөнхзолбоод газар эзэмших эрх олгосон захирамж гаргасан, ингэхдээ бусдаас шан харамж нэхэж үүнийг хандив нэрээр халхавчилсан Шаамар сумын Засаг дарга М.Баярбаатарын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосноос гадна Э.Жаргалбадрах, С.Мөнхзолбоо нарын хоорондын хээл хахууль өгсөн, авсан үйлдлийг зуучилсан гэх гэмт хэрэгт холбогдон шалгагдсан Ц.Бат-Эрдэнэ холбогдох үйлдлийг прокуророос хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, мөн Ц.Бат-Эрдэнийн гэрчээр өгсөн мэдүүлэгт хээл, хахууль өгсөн, авсан үйлдлийн талаар нотолсон мэдүүлэг байхгүй зэргийг шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарч үзээгүй байна.

Хээл, хахууль өгөх, авахад зуучилсан гэх Ц.Бат-Эрдэнийн үйлдлийг прокуророос хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Учир нь дээрх үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулинд хуульчлаагүй боловч мөн хуулийн 22.4, 22.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хамтран оролцогчоор татах хууль зүйн үндэслэлтэй байсан болно.

Эцэст нь анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно гэх ойлгомжгүй дүгнэлт хийснийг дурьдах зүйтэй ба Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 34 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцааж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдал бүрэн тогтоогдоогүй, хэрэгт дурьдагдсан үйл баримтууд нь прокурорын яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлттэй зөрүүтэй байгааг анхаарч үзээгүй байна. Дурьдвал:

1.Прокурорын 2020 оны 07-р сарын 06-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд... Зүүнбүрэн сумын газрын даамлаар ажиллаж байсан Ч.Бат-Эрдэнэ, Шаамар сумын Газрын даамал Э.Жаргалбадрах нарт 2016 оны 06-р сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт 9.000.000 төгрөгийн хахууль өгч Шаамар сумын газрын даамлаар хуурамч гэрчилгээ гаргуулан авсан.

Прокурорын 2020 оны 09-р сарын 08-ны өдрийн “Яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолд. ...Зүүнбүрэн сумын газрын даамлаар ажиллаж байсан.

Ч.Бат-Эрдэнэ, Шаамар сумын Газрын даамал Э.Жаргалбадрах нарт 2016 оны 06-р сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт 9.000.000 төгрөгийн хахууль өгч Шаамар сумын газрын даамлаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулан авсан...

Прокурорын яллах дүгнэлтийн 2.3 дах хэсэгт..Яллагдагч С.Мөнхзолбоо нь ...Зүүнбүрэн сумын газрын даамлаар ажиллаж байсан Ч.Бат-Эрдэнэ, Шаамар сумын Газрын даамал Э.Жаргалбадрах нарт 2016 оны 06-р сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт 9.000.000 төгрөгийн хахууль өгсөн.. гэмт хэргийг үйлдсэн гэсэн байна.

 

Гэтэл дээрх тогтоолууд болон яллах дүгнэлтэнд хахууль хамт авсан гэж дурьдагдсан Ч.Бат-Эрдэнэ нь хаачсан талаар тодорхойгүй байна.

Өөрөөр хэлбэл С.Мөнхзолбоо нь энэ хэргийг гол зохион байгуулсан Ч.Бат-Эрдэнээр зуучлуулж бусдад хахууль өгсөн гэдэг үг, өгүүлбэр яллах дүгнэлтэнд дурьдагдаагүй, шүүх энэ асуудлаар шийтгэх тогтоолдоо ч дүгнэлт хийгээгүй, прокурор ч шүүх хуралдаанд тайлбар хийгээгүй байгааг зэргийг анхаарч үзнэ үү.

2.С.Мөнхзолбоо    нь энэ хэргийн холбогдогч Э.Жаргалбадрах гэдэг хүнийг огт танихгүй ба тухайн үед Зүүнбүрэн сумын газрын даамал Ч.Бат-Эрдэнэ нь “манай суманд зарах газар байна , худалдаж авах уу” гэдэг санал тавьсны үүднээс 9.000.000 төгрөгийг түүнд уг газрыг худалдаж авахаар өгсөн, түүнээс бус Ч.Бат-Эрдэнээр зуучлуулан С.Мөнхзолбоод мөнгө өгөөрэй гэсэн зүйл байхгүй. Ч.Бат-Эрдэнэ гэдэг хүн энэ хэргийг анхнаасаа зохион байгуулж С.Мөнхзолбоог албан тушаалын байдлаа ашиглан төөрөгдөлд оруулж залилан мэхэлж хохироосон гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хахууль өгөх” гэмт хэргийг эсрэг талын субъект буюу хахууль авагч тал нь албан тушаалын хувьд төрийн нэрийн өмнөөс шийдвэр гаргах эрхтэй, гаргасан шийдвэрийн хариуцлагын өөрөө хүлээх үүрэгтэй байхыг шаардана.

Гэтэл сумын газрын даамал нь ажил байрны тодорхойлолтонд зааснаар бусдад газар олгох, эзэмшүүлэх эрхтэй албан тушаалтан биш байгаа нь Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг дарга Баярбаатарын “...тухайн 14 га бүхий газар эзэмших гэрчилгээ болон захирамж дээр би 2016 оны 06-р сарын 10-ны өдөр гарын үсэг зурсан, захирамж хуулийн дагуу гарсан...” гэх мэдүүлгээр нотлогдож байна.

4.Шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт...Э.Жаргалбадрахыг “Нийтийн албан тушаалтан” учраас ...гэмт хэргийн субьектийн шинжийг хангасан гэж үзнэ.. гэсэн утга бүхий дүгнэлт байгаа нь ойлгомжгүй байна. ...Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дах хэсэгт заасны дагуу төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компаний эрх бүхий албан тушаалтныг нийтийн албан тушаалтанд хамааруулан ойлгоно... гэсэн заалт байгаа. Хэрвээ Э.Жаргалбадрахыг нийтийн албан тушаалтан гэж үзэж байгаа юм бол хэргийн зүйлчлэлийн асуудал өөрчлөгдөх асуудал байгаа учраас ойлгомжгүй байдпаар тайлбарласан байна.

5.Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Ч.Бат-Эрдэнийн мэдүүлэг нь өмнө нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн өөрийнх нь мэдүүлэг, хавтаст хэргийн 21-р хуудсанд авагдсан Э.Жаргалбадрахын ...Ч.Бат-Эрдэнэ надтай холбогдоод “С.Мөнхзолбоо нь 2 иргэнээс газар авсан юм, тэгсэн хилийн цэсийн шинэчлэлээр танай сум руу орсон байна, эндээс хувийн хэрэг, захирамжийг нь хүчингүй болгоё гээд 2 иргэний хүчингүй болгож байсан захирамжийг явуулж байсан”.. гэх илт зөрүүтэй байгаа нь энэ хэрэгт С.Мөнхзолбоо нь авлига өгч байгаагаа мэдсэн эсэх, гэмт хэрэгт санаатай байдлаар нэгдсэн эсэхэд эргэлзээ төрч байна. Энэ асуудлыг дахин шалгах шаардлагатай гэж үзэж байна.

6.Мөн нэгэнт миний үйлчлүүлэгч С.Мөнхзолбоог шүүхээс гэм буруутай гэж үзэж ял, шийтгэлийн асуудлыг шийдвэрлэх үедээ хөнгөрүүлэх нөхцөл байдлыг авч үзээгүй байна.

Шийтгэх тогтоолд шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар дүгнэхдээ шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна...гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

Учир нь эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 -д заасан ...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.6 дахь хэсэг.. нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн эсэх, мөн гэмт хэргийн улмаас учирсан нийгмийн аюулын шинж, чанар хор уршиг, хохирол байхгүй, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг хөнгөрүүлж үзэх шалтгаан, нөхцөлүүдэд дүгнэлт хийгээгүй байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03-р сарын 17-ны өдрийн 2021/ШТ/34 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж гаргасан гомдлын хүрээнд асуудлыг шалгаж өгнө үү...” гэв.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор дээд шатны прокурор эсэргүүцэлдээ: “....Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, хэргийг шийдвэрлэсэн байх тул дээрх шийдвэрийг эс зөвшөөрч байна. Тодруулбал:

1.Шүүгдэгч Э.Жаргалбадрах нь тус аймгийн Шаамар сумын Засаг даргын Тамгын газарт газрын даамлаар ажиллаж байсан нь төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалтанд хамаарагдаж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус зааснаар нийтийн албан тушаалтан байна.

Тус аймгийн прокурорын газраас шүүгдэгч Э.Жаргалбадрахын үйлдсэн гэмт хэрэг нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Гэтэл шүүхээс Э.Жаргалбадрахад холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөхдөө Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, үндэслэлгүй шийдвэр гарган, улмаар шүүгдэгчид ял завшуулах нөхцлийг бүрдүүлжээ.

2.Шүүгдэгч С.Мөнхзолбоогийн хувьд 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчлөхдөө шүүхээс эрүүгийн хариуцлагыг харьцуулах замаар үнэлэлт дүгнэлтийг өгч зүйлчлэлийг өөрчилсөн боловч 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрх хасах ял нэмэгдсэн нь эрх зүйн байдалд нөлөөлөх эсэхэд дүгнэлт хийгээгүй.

Хэрэв С.Мөнхзолбоогийн үйлдсэн гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг өөрчилсөн нь эрх зүйн байдал дээрдсэн, шүүхээс хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг буцаан хэрэглэх нөхцөл байдал үүсч, С.Мөнхзолбоогийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад хамаарагдаж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдож байх тул тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив..” гэсэн байх ба давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор эсэргүүцлийг дэмжиж оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар Э.Жаргалбадрахад, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Мөнхзолбоо нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд Э.Жаргалбадрахыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дугаар зүйлийн 1, С.Мөнхзолбоог 2015 оны Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус гэм буруутайд тооцож, тэдгээрийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ял оногдуулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж шийдвэрлэсэн байна.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн давж заалдах гомдол болон дээд шатны прокурорын эсэргүүцлийн дагуу С.Мөнхзолбоо, Э.Жаргалбадрах нарт холбогдох эрүүгийн 1931004350136 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь  хянавал:

Шүүгдэгч Э.Жаргалбадрах, С.Мөнхзолбоо нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн, яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлт нь утга агуулгын хувьд зөрүүтэй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж яллагдагчаар татагдвал зохих этгээдүүдэд холбогдох хэргийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул хэргийг Прокурорт буцааж холбогдох ажиллагааг хийлгэсний үндсэн дээр гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв. Үүнд:

1.Прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 31 тоот яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тогтоолд “...Яллагдагч С.Мөнхзолбоог 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ...Зүүнбүрэн сумын газрын даамал Ч.Бат-Эрдэнэ, Шаамар сумын газрын даамал Э.Жаргалбадрах нарт 9.000.000 төгрөгийн хахууль өгсөн..., гэж, мөн яллах дүгнэлтэд дээрх байдлаар үйл баримтыг дүгнэн оруулж ирсэн атлаа Прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 07 тоот тогтоолоор Ч.Бат-Эрдэнэд холбогдох хэргийг хээл хахууль өгөхөд зуучлах гэмт хэргийн шинжтэй гэж дүгнээд уг хөнгөн хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Хээл хахуульд зуучлах гэмт хэрэг нь хахууль өгөгчийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэхийн тулд хахууль болгон өгч байгаа мөнгөн хөрөнгө, эд зүйлийг авч албан тушаалын эрх мэдлийг хахууль өгөгчийн ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх, эсхүл албаны эрхээ хэрэгжүүлэхгүй байлгах эс үйлдэхүйгээр илэрдэг ба мөнгөн хөрөнгө, эд зүйлийг бүрэн хүлээлгэн өгөх идэвхтэй үйлдлээр илрэх бөгөөд өгөгч, авагч талууд түүнийг зуучлагчийн үүрэг гүйцэтгэснийг бүрэн ойлгох ёстой.

Түүнчлэн яллагдагч Ч.Бат-Эрдэнэ нь тухайн үед Зүүнбүрэн сумын газрын даамлаар ажиллаж байх үедээ газар тариалан эрхлэгч С.Мөнхзолбоог танилын холбоотой  болсон ба түүнд ногоо тарих газар шаардлагатай болсныг мэдсэнээр газар олж өгөх, түүний дагуу ашиг хонжоо олох сэдэл санаа бий болж, Шаамар сумын газрын даамал Э.Жаргалбадрахад энэ байдлаа ойлгуулан тэдний нэгдмэл санаа зорилго бий болсон байна.

Мөн С.Мөнхзолбоо нь Ч.Бат-Эрдэнийг газрын даамал гэдэг албан тушаалын байдалд нь итгэж мөнгөн хөрөнгөө шилжүүлж байгаа байдлуудыг нягтлан үзэлгүйгээр зүйлчлэлийг хийж хэргийг хөнгөн хэргийн ангилалд багтааж байгаа нь учир дутагдалтай болсон ба яллагдагч Ч.Бат-Эрдэнийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хээл хахууль авах, зуучлах, албан тушаалаа хэтрүүлэх, урвуулах, албан тушаалын байдлаа ашиглаж залилах зэрэг ойролцоо төрлийн гэмт хэргүүдийг харьцуулан нягталж эрх зүйн дүгнэлт хийсний үндсэнд зохих зүйлчлэлийн асуудлыг шийдвэрлэх, Э.Жаргалбадрах нь Ч.Бат-Эрдэнээр дамжуулан 3.000.000 төгрөгийг хээл хахуулийн журмаар авсан, аль эсхүл хувийн журмаар зээлдэж авсан эсэх зэрэг байдлыг нарийвчлан тогтоож, Эрүүгийн хуулийн шударга ёсны болон хууль ёсны зарчмыг хэрэгжүүлэх нь зүйд нийцнэ.

Шүүгдэгч Э.Жаргалбадрахын тухайд Монгол улсын Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д зааснаар “...газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Задаг дарга гаргана", мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 1-д заасан “газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэх хуулийн заалтыг зохих ёсоор хэрэгжүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогджээ.

Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д “Багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн, тариалангийн газрыг газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан Засгийн газраас тогтоосон журмын дагуу давуу эрхээр эзэмшүүлж болно. Нэг иргэнд давуу эрхээр эзэмшүүлэх тариалангийн газрын хэмжээ нь үр тарианы зориулалтаар 100 га хүртэл, төмс, хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл байна” гэж,

Мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д “...энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж тус тус заасан байна.

Иргэн С.Мөнхзолбоод хуулийн дагуу 05 га газрыг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг үндэслэн сумын Засаг дарга захирамж гарган олгох ёстой бөгөөд энэ ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй, сумын засаг дарга 14га газрыг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэргүйгээр, дуудлага худалдаа, төсөл шалгаруулалтын зарчмыг хэрэгжүүлэхгүйгээр тодорхой хэмжээний хандив авсны үндсэнд цаг хугацааны хувьд зөрүүтэй байдлаар нөхөн захирамж гаргаж газар олгосон ба дээрх үйлдэлд эрх зүйн дүгнэлт өгөлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон ба энэхүү үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийж шийдвэрлэх нь зүйтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 1.3, 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1.Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасугай.

 

2.Шүүгдэгч Э.Жаргалбадрах, С.Мөнхзолбоо нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн  үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                       ШҮҮГЧИД                                    Г.ДАВААРЕНЧИН

                                                                                 Б.ЭРДЭНЭХИШИГ