Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2017/ШЦТ/114

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Д.Эрдэнэсоёл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мэндээ,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 07 сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч ******* нь 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг “Хясаа худаг” гэх газраас шар өнгийн таглаатай сав бүхий химийн хорт бодис болох мөнгөн усыг олж улмаар 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг “Хясаа худаг” гэх газраас Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2-2-11 тоот хүртэл хууль бусаар тээвэрлэсэн, 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2-2-11 тоотод байх өөрийн гэртээ хууль бусаар хадгалсан гэмт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

Иргэний нэхэмжлэгч *******гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Мөнгөн ус нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд хортой, агаарт дэгдэн амьсгалын замаар хүнийг хордуулдаг хортой бодис юм. Мөнгөн усыг Монгол Улсын хэмжээнд ашиглахыг хориглосон химийн хорт бодисын жагсаалтанд орсон бодис юм ... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-43/,

Гэрч *******ы мөрдөн байцаалтанд өгсөн: ... Тэгээд Мөнхсайханыг ажлаасаа иртэл нь би тэдний 3 нялх хүүхдийг нь гэрт нь харж байдаг юм. тэгээд 2017 оны 05 дугаар сарын 09-ны өдөр *******ын гэрт нь хүүхдүүдийг нь хараад байж байсан чинь цагдаагаас яваа хүн гэж өөрийгөө танилцуулсан хүн ирээд эгчээ танайд нэг юм шалгаатахуу гэсэн тэгэхээр нь би юу шалгах гэж байгаа юм бэ гэсэн чинь угаалтуураа та нэг онгойлгоод үзүүлээтэхээч гэхээр нь би угаалтуурынхаа хаалгыг онгойлгоод үзүүлсэн чиь угаалтуурын дотор нь шар өнгийн дугуй савтай зүйл, 2 ширхэг ундааны савыг тайрсан саванд хийсэн юмнууд байсан тэгээд тэрийг авч үзсэн юм. Би тэр айлд хүхдүүдийг нь хараад л байдаг болохоохоос биш гэрийн юмнуудыг үзээд байдаггүй, би тэр угаалтуурт тэр шар ангийн дугуй савтай зүйлийг хэн аваачиж хийсэн, тэндээ хийгээд хир их удаж байгааг би мэдэхгүй байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45/,

Гэрч *******гийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... би одоо санахад 2017 оны 04 дүгээр сарын дунд үед ******* нь үгийн далимд л би хээрээс савтай мөнгөн ус олсон гэж хэлж байгаа сонсогдсон. Хаанаас олсон, ямар савтай байсан, ямар хэмжээтэй мөнгөн ус олсон талаараа ерөөсөө хэлээгүй. Би ч тэр үедээ анхаарч тоогоогүй, лавлаж асуугаагүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51/,

Гэрч мөрдөн байцаалтанд өгсөн: ... Би 2017 оны 05 дугаар сарын 09-ны өдөр Баянхогнор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн 2-2-11 тоот хашаанд байх гэрт химийн хорт бодис болох мөнгөн ус хадгалагдаж байна гэх мэдээлэл авч очиж шалгахад уг гэрт байх угаалтууранд шар өнгийн савтай зүйл байсан тул энэ талаар шалгуулахаар Цагдаагийн газарт мэдэгдсэн юм. Намайг уг тоотод очиход Өлзийсайхан гэх эмэгтэй байсан ба би очоод өөрийн албан тушаал нэрээ танилцуулж мэдээлэл шалгах шаардлагатай байгааг хэлж угаалтуурын тагийг өөрөө нээж харуулахыг хүсэхэд өөрөө нээж харуулсан ба уг угаалтуурын дотор нь шар өнгийн дугуй савтай зүйл байсан би яг өөрөө тэр зүйлийн тагийг нь нээж үзээгүй ээ. Тэгээд шалгуулахаар Цагдаагийн газарт дуудлага өгч шалгуулсан юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53/,

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Цагаан цахирын уурхай дээр ажиллахаар очсон байхдаа Цагаан цахирын хойхно талд байдаг "Хясаа худаг" гэдэг газарт ганцаараа аргал түүж явж байгаад хээр газраас нэг шар өнгийн дугуй савтай юм газар хэвтэж байхаар нь би аваад үзсэн чинь усан дотор хийсэн мөнгөн ус шиг байхаар нь би авсан, тэгээд тэрийг өөртөө байлгаж байгаад 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр аймгийн төвд гэртээ ирэхдээ авчраад гэрийнхээ угаалтуурын дотор нь хийгээд орхичихсон юм, өөр зүйл болоогүй. Би Цагаан цахирын уурхай дээр байнга, тогтмол ажилладаггүй очоод нэг хэд хоног ажиллаад эргэж гэртээ ирдэг болохоор байнгын хамтарч ажилладаг хүн байхгүй, би 2017 оны 04 дүгээр сард Цагаан цахирын уурхай дээр очиход тэнд ганцаараа ажиллаж байсан болохоор тэрийг хэн нэгэнд үзүүлээгүй харин тзр үед тэнд ажиллаж байсан Одхүү гэх хүнд л хэлсэн чинь тэр нэг их тоогоогүй. Тэгээд би тэр мөнгөн усыг олоод 2 хоног хадгалж байгаад 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр аймагт ирэхдээ гэртээ авчираад Цагаан цахир дээр өмссөн хувцасаа угаахдаа хармаанаас нь аваад угаалтуурт хийчихсэн юм. Тэр Цагаан цахираас ирсэн машин нь нэг жижиг л машин байсан, улсын дугаар, жолоочийг нь би мэдэхгүй, нэг танихгүй эрэгтэй хүн л байсан, одоо тэр машиныг хаана байгаа, жолоочийг нь хэн гэдгийг нь би мэдэхгүй ээ. Би өөрөө машин тэрэггүй болохоор замын унаанд дайгдаж яваад л ирэхдээ ч гэсэн замын унаанд дайгдаад ирчихдэг юм, Цагаан цахирлуу энд тэндээс машин тэрэг зөндөө л явж байдаг юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 74-75, 78-80/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 4-14/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зураг /хх-ийн 20-29/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 32/,

Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /хх-ийн 33-35/,

Баянхонгор аймгийн МХГазрын Хими, нян судлалын нэгдсэн лабораторийн шинжилгээний дүн /шинжээчийн дүгнэлт хх-ийн 58-65/ зэрэг болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд дүгнэхэд шүүгдэгч ******* нь 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг “Хясаа худаг” гэх газраас шар өнгийн таглаатай сав бүхий химийн хорт, аюултай бодис болох мөнгөн усыг олж улмаар 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг “Хясаа худаг” гэх газраас Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2-2-11 тоот хүртэл хууль бусаар тээвэрлэсэн, 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2-2-11 тоотод байх өөрийн гэртээ хууль бусаар хадгалсан болох нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч ******* /хх-ийн 41-43/, гэрч ******* /хх-ийн 50-51/, Г.Алтанбагана /хх-ийн 52-53/, шүүгдэгч ******* /хх-ийн 74-75, 78-80/ нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 4-14/, эд зүйл хураан авсан тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зураг /хх-ийн 20-29/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 32/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /хх-ийн 33-35/, Баянхонгор аймгийн МХГазрын Хими, нян судлалын нэгдсэн лабораторийн шинжилгээний дүн /шинжээчийн дүгнэлт /хх-ийн 59/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч *******ыг химийн хорт, аюултай бодис болох мөнгөн усыг хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******ын химийн хорт, аюултай бодис буюу мөнгөн усыг хадгалсан, тээвэрлэсэн гэм буруутай үйлдэлийн улмаас бусдын эрүүл мэнд болон байгаль орчинд хор уршиг, хохирол учраагүй, хэргийн газрын үзлэгээр дээж авсан объектуудад /газрын хөрс, шороо, чулуунд/ хийсэн Баянхонгор аймгийн Мэргэжпийн хяналтын газрын Хими, нян судлалын нэгдсэн лабораторийн 2017 оны 05 сарын 16-ны өдрийн шинжилгээний дүнгээр тухайн обектуудад мөнгөн ус илрээгүй гэх дүгнэлтүүд хэргийн 59-65 дугаар хуудсанд авагдсан байх тул экологи-эдийн засгийн хохирол тооцсон шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Шүүгдэгч *******ын үйлдсэн химийн хорт, аюултай бодис болох мөнгөн усыг хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэрэгт ангилагдаж байгаа бөгөөд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар үүрэг хүлээлгэхгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ын суурин компьтерийг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хадгалагдаж байгаа шорооны дээж 5 ширхэг, шар өнгийн савтай химийн хорт, аюултай бодис болох мөнгөн ус зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар шүүгдэгч *******ын засрал, хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ын суурин компьтерийг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хадгалагдаж байгаа шорооны дээж 5 ширхэг, шар өнгийн савтай химийн хорт, аюултай бодис болох мөнгөн ус зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус Шүүхийн тамгын газарт даалгасугай.

6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.            

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА