| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2018/02278/И |
| Дугаар | 101/ШШ2018/01973 |
| Огноо | 2018-06-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 101/ШШ2018/01973
| 2018 оны 06 сарын 05 өдөр | Дугаар 101/ШШ2018/01973 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 0 дүгээр хороо, Самбуугийн гудамж, Засгийн газрын 00 дүгээр байр 0 давхар 0 тоотод байрлах, А чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б ХХК /Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Их тойруу 0/0, Б байранд байрлах, холбогдох,
Гэрээний үүрэгт 840.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мягмарнаран нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
А худалдааны чөлөөт бүс нь 2008 оны 02 дугаар сард Б ХХК-ний гаргасан хүсэлтийн дагуу чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт газар эзэмших эрх олгож улмаар 2008 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 25 дугаартай Эрх олгох тухай, 2008 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай 32 дугаартай захирамжаар 1 га газрыг Худалдаа, үйлчилгээний цогцолборын барилга байгууламж-ийн зориулалтаар баталгаажуулсан захирамжийг тус тус гаргасан.
Энэхүү захирамжуудыг үндэслэн 2008 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 08/18 дугаартай Газар эзэмшүүлэх гэрээ, 2008 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 48 дугаартай А худалдааны чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтын гэрээг тус тус байгуулсан.
Гэвч 2012 оны 03 дугаар сарын 13-ны өдөр А/16 дугаартай захирамжаар хөрөнгө оруулалтын үйл ажиллагаагаа зогсоох хүсэлт гаргасан" үндэслэлээр хөрөнгө оруулалтын болон газар эзэмшүүлэх гэрээг цуцалсан.
А чөлөөт бүс нь /2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Чөлөөт бүсийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/-аар худалдааны гэдгийг хассан/ аж ахуйн нэгжийн газрын төлбөрөөр улсын төсвийн тодорхой хэсгийг бүрдүүлдэг бөгөөд 2017 оны 12 сарын байдлаар аж ахуйн нэгжүүдийн газрын төлбөрөөс нийт 756.789.400 төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх өр үүсээд байна.
Газар эзэмшүүлэх гэрээний дагуу Б ХХК нь 15 жилийн хугацаанд хуульд заасан хөнгөлөлтийг эдэлснээр 25.200.000 төгрөг төлөх байсан, гэрээ цуцлах хүртэлх хугацаанд 3.920.000 төгрөг төлсөн.
Б ХХК-иас Газар эзэмшүүлэх гэрээ-ний 3.5-д Газрын төлбөрийг газрын ашигт чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх, 4.3-д Газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан аж ахуйн нэгж, байгууллага эрхийн гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн нэг жилийн хугацаанд бүс дотор үйл ажиллагаа эхлээгүй, зохих хуваарийн дагуу газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, ... тухайн хугацаанд төлсөн газрын төлбөрийг буцаан олгохгүй гэж тус тус заасны газрын төлбөрийн хуваарийн дагуу 2009 онд 280.000 төгрөг, 2010 онд 560.000 төгрөг, нийт 840.000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байна.
Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө, 35 дугаар зүйлийн 35.3.3-д газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй гэж заасан.
Түүнээс гадна нэхэмжлэгч нь Чөлөөт бүсийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3-д зааснаар газрын төлбөрийн улсын төсөвт төвлөрүүлэх үүрэгтэй.
Газрын төлбөр Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.12-д заасны дагуу татварт хамаарах бөгөөд уг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй. Гэрээг дүгнэсэн, газрыг хүлээн авсан талаарх баримт байхгүй.
Иймд Б ХХК-иас Газар эзэмшүүлэх гэрээ-ний дагуу төлөгдөөгүй газрын төлбөр болох 840.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Б ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
А чөлөөт бүс нь 2008 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай 32 дугаар захирамжаар Б ХХК-д 1 га газар эзэмших эрхийг баталгаажуулсан. Энэхүү захирамжийг үндэслэн 2008 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 08/18 дугаартай Газар эзэмшүүлэх гэрээ талуудын хооронд байгуулагдсан.
Гэтэл 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдөр АУ16 дугаартай А чөлөөт бүсийн захирагчийн захирамжаар 08/18 дугаартай Газар эзэмшүүлэх гэрээ-г цуцалсан.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2 дахь хэсэгт үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил гэж заасан.
Газар эзэмшүүлэх гэрээг цуцалсан өдөр буюу 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс гэрээний дагуу газрын төлбөрийг шаардах эрх үүссэн бөгөөд А чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр дууссан тул газрын төлбөрийг шаардах эрхгүй гэж үзэж байна.
Газрын төлбөрийг татвар гэж үзэж байгаа бол талуудын хооронд өөр харилцаа үүсэх байсан. Зохигчийн хооронд газар эзэмших, эзэмшүүлэх гэрээ байгуулагдсан, үүний дагуу тодорхой төлбөрийг төлсөн зэргээс Иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэж байна.
Татварын Ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил гэж заасан байх бөгөөд энэ хугацаа газар эзэмших гэрээнд үйлчлэхгүй. Газрын төлбөр төлөх нь хуулийн дагуу үүссэн үүрэг гэж үзэж байна.
Газрын төлбөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлд төлбөр төлөгчид хүлээлгэх хариуцлагыг Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд заасантай нийцүүлэн газар эзэмших, ашиглуулах тухай гэрээнд тусгахаар заасан. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан газар эзэмших гэрээнд тохиролцсон зүйл байхгүй.
Иймд Б ХХК-иас Газар эзэмшүүлэх гэрээ-ний дагуу төлөгдөөгүй газрын төлбөр болох 840.000 төгрөгийг гаргуулах тухай А чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан газар эзэмших гэрээний дагуу газрын төлбөрт 840.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч А чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба-ны нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч А чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба, хариуцагч Б ХХК-ийн хооронд 2008 оны 02 дугаар сарын 27-ны өдөр №48 тоот А худалдааны чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтын гэрээ, 2008 оны 02 дугаар сарын 28-ны өдөр №08/18 тоот Газар эзэмшүүлэх гэрээ тус тус байгуулагдсан байх бөгөөд гэрээний дагуу Б ХХК-д 2008 оны 02 дугаар сарын 27-ны өдөр №52 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогджээ.
/хх-ийн 9-14 дүгээр тал/
Талуудын хооронд байгуулагдсан №08/18 тоот газар эзэмшүүлэх гэрээгээр Б ХХК нь А Худалдааны чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт 1 га газрыг худалдаа үйлчилгээний цогцолбор зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших, 1 га газрын нэгж үнэ 2.400.000 төгрөг, гэрээний хугацааны газрын төлбөрийн хэмжээ 36.000.000 төгрөг, газрын төлбөрийн хөнгөлөлт 10.800.000 төгрөг, хөнгөлөлт хассан төлбөрийн хэмжээ 25.200.000 төгрөг, нэг жилд төлөх төлбөрийн хэмжээ 1.680.000 төгрөг байх, гэрээгээр тохиролцсон газрын төлбөрийг 2008 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хугацаанд нь төлөх үүргийг хүлээсэн байна.
/хх-ийн 6 дугаар тал/
А Худалдааны чөлөөт бүсийн Захирагчийн 2012 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/16 тоот Хөрөнгө оруулалтын болон газар эзэмшүүлэх гэрээг цуцлах тухай захирамжаар Б ХХК нь хөрөнгө оруулалтын үйл ажиллагаагаа зогсоох хүсэлтийг 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр №60/12 тоот албан бичгээр ирүүлснийг үндэслэн түүнтэй байгуулсан 2008 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн №48 тоот Хөрөнгө оруулалтын гэрээ, 2008 оны 02 дугаар 28-ны өдрийн №08/18 тоот Газар эзэмшүүлэх гэрээ-г тус тус цуцалжээ.
/хх-ийн 15 дугаар тал/
Зохигч нь талуудын хооронд газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдсан, уг гэрээг цуцалсан, гэрээ байгуулагдсан 2008 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс гэрээ цуцалсан 2012 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд газрын төлбөрт 3.920.000 төгрөг төлсөн, үүнээс 2009 онд 280.000 төгрөг, 2010 онд 560.000 төгрөг, нийт 840.000 төгрөг төлөгдөөгүй гэдэгтэй тус тус маргаагүй болно.
Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д: Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ногдуулах газрын төлбөрийн хувь хэмжээг тогтоож, сум, дүүргийн Засаг даргатай байгуулах газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай гэрээнд тусгуулан уг гэрээг бүртгэнэ,
9.2-т: Газрын төлбөр төлөгч нь газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд өөрөөр заагаагүй бол жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно гэж тус тус заасны нэхэмжлэгч А чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба нь газрын төлбөрийг шаардах эрхтэй, хариуцагч Б ХХК нь газрын төлбөрийг төлөх үүрэгтэй байна.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч Б ХХК нь газар эзэмшүүлэх гэрээний дагуу 2008 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2012 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд А чөлөөт бүсэд газар эзэмшүүлэх гэрээний дагуу газар эзэмшсэн, гэрээг хугацаанаас өмнө цуцалсан тул гэрээ цуцлагдах хүртэлх хугацааны төлбөрийг дутуу төлсөн болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй.
Хариуцагч Б ХХК нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-д заасан үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д: Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэж заасан байх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан газар эзэмшүүлэх гэрээ цуцлагдсан 2012 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс хойш тоолоход нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч Б ХХК-иас газар эзэмшүүлэх гэрээний хугацаанд эзэмшиж байсан газрын 2009 оны төлбөрийн үлдэгдэл 280.000 төгрөг, 2010 оны үлдэгдэл 560.000 төгрөг, нийт 840.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанд олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т заасныг баримтлан хариуцагч Б ХХК-иас 840.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 24.710 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д , , 14 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д , 7 14 .
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ