2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1740

 

  2024        07          07                                    2025/ШЦТ/1740

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Г.Ууганбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,

улсын яллагч Г.Гармаа /томилолтоор/,

шүүгдэгч А.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн А.М-д холбогдох эрүүгийн “2511000390319” дугаартай хэргийг 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч А.М нь 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр .... УБЛ улсын дугаартай Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр 17 дугаар сургуулийн автобусны буудал дээр “машин шахлаа” гэх шалтгаанаар .... УАА улсын дугаартай Xiamen маркийн автобусны жолооч талын салхивчны шил рүү түлхүүр шидэж хагалан 800,000 төгрөгийн хохирол учруулж “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.М нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа маргахгүй, хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч А.М-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

 

 

Эрүүгийн 2511000390319 дугаартай хэргээс:

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 10-12)

            “....” ОНӨААТҮГ-ийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний 1/”-” дугаартай хууль ёсны төлөөлөгч томилох тухай албан бичиг, .... УАА улсын дугаартай тээврийн гэрчилгээний хуулбар (хх-ийн 52-53)

Хууль ёсны төлөөлөгч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-18/

Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-18/

 "Дамно үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ЧД2-24-616 дугаартай “...Xiamen маркийн автобусны жолооч талын зүүн салхивчны урт 80,7 см, өргөн 43 см шилний үнэ 800,000 төгрөг...” (хх-ийн 23-26)

Шүүгдэгч А.М-ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 43-50/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч А.М-д холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй.

  1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.М нь 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр .... УБЛ улсын дугаартай Тоёота Акуа тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр .. дугаар сургуулийн автобусны буудал дээр “машин шахлаа” гэх шалтгаанаар .... УАА улсын дугаартай Xiamen маркийн автобусны жолооч талын салхивчны шил рүү түлхүүр шидэж хагалан 800,000 төгрөгийн хохирол учруулж “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийг үйлдсэн болох нь:

            Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 10-12)

            “....” ОНӨААТҮГ-ийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний 1/”-” дугаартай хууль ёсны төлөөлөгч томилох тухай албан бичиг, .... УАА улсын дугаартай тээврийн гэрчилгээний хуулбар (хх-ийн 52-53)

Хууль ёсны төлөөлөгч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Б.Б нь .... УАА улсын дугаартай улаан өнгийн автобусыг жолоодоод шугамд явж байсан бөгөөд 18 цагийн үед Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 17-ийн гэрлэн дохион дээр Акуа машины жолоочтой маргасан. Тухайн автобус нь 2022 билүү 2023 онд Хятад улсад үйлдвэрлэгдэж орж ирсэн ба Xiamen XML маркийн улаан өнгөтэй автобус бөгөөд жолооч талын салхивчны шил хагарч цуурсан. Тухайн салхивчны шил нь байгууллагын техникийн комиссын актаар 1,600,000 төгрөг болж байгаа бөгөөд уг шилийг тогтооход 10 ширхэг силикон хэрэг болсон. 1силиконы үнэ 13,500 төгрөг нийт 1,730,500 төгрөгийн зардал гараад байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/

Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Би 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 18 цаг 40 минутын үед Чингэлтэй эцсээс Ард кино театр орох чиглэлд ажлаа хийгээд 23 чиглэлийн .... УАА улсын дугаартай автобустай зорчигч тээвэрлэж явж байгаад 17-ын гэрлэн дохио дээр дөхөж ирэхэд хажуу талын туслах замаас .... УБЛ улсын дугаартай цагаан өнгийн Акуа маркийн машинтай хүн ширүүн орж ирэхээр нь би тоормос гишгэсэн. Тэр үед автобусанд сууж явсан зорчигч нар уурласан болохоор би гэрлэн дохион дээр ирээд нөгөө акуа машины жолоочид “би зорчигч тээвэрлэж явж байна дохиогоо өгөөд зөөлөн яваач” гэж хэлээд цонхоо хаасан. Тэгээд уулзвар өнгөрөөд автобусны буудал дээр зогсоод хүнээ буулгаж байхад нөгөө Акуа машин хажууд ирж зогсоод жолооч нь цонхоороо цухуйгаад миний жолоодож явсан автобусны жолооч талын цонхыг хагалчхаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/

             "Дамно үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ЧД2-24-616 дугаартай “...Xiamen маркийн автобусны жолооч талын зүүн салхивчны урт 80,7 см, өргөн 43 см шилний үнэ 800,000 төгрөг...” (хх-ийн 23-26) болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэв.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хувьд гэмт хэрэг үйлдэгчийн хууль бус идэвхтэй, санаатай үйлдлийн улмаас эд хөрөнгөд бага хэмжээнээс дээш хохирол учирч, хохирол хор уршиг бодитоор тодорхойлогдох материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг.

Хохирол, хор уршгийн хэмжээг үнэлгээний болон эдийн засгийн мэргэжлийн байгууллага тодорхойлох бөгөөд А.М-д холбогдох хэрэгт хохирогчийн автобусанд учирсан хохирлыг хөрөнгийн үнэлгээний “Дамно үнэлгээ” ХХК 800,000 төгрөгөөр тогтоосон нь хууль зөрчөөгүйн дээр уг үнэлгээг бодитой гэж үзнэ.

Мөрдөн шалгах ажиллагааны явц, үр дүнг нэгтгэн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн үндэслэл бүхий болсон байх тул шүүгдэгч А.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд зүйл устгаж, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:

Энэ хэргийн улмаас хохирогч "....” ОНӨААТҮГ-т 800.000 төгрөгийн хохирол учирсан. Хавтаст хэргийн 59 дүгээр талд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-ийн “төлбөр бүрэн барагдуулсан тул цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт/ байх тул шүүгдэгч А.М-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч А.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох  ял оногдуулах саналыг гаргасан болно.

Шүүгдэгч А.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэн тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.

Учир нь гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн, шүүгдэгчийн хувьд гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо төлж барагдуулсан, сурч боловсорч байгаа хувийн байдал болон мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн зэрэг байдлуудыг тус тус харгалзан шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

3. Бусад асуудлын талаар.

            Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр шүүгдэгч А.М-ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч А.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.УУГАНБААТАР