| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2019/01079/И |
| Дугаар | 101/ШШ2019/01463 |
| Огноо | 2019-05-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 101/ШШ2019/01463
2019 оны 05 сарын 20 өдөр Дугаар 101/ШШ2019/01463 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: хххххххххххх тоотод оршин суух, Д-н Гийн /РД: ххххххххх/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: хххххххххххх тоотод оршин суух, М-н Ад /РД:ххххххххххх холбогдох
8.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Аривжих,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинжаргал,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Билэгсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Аривжих шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Д.Г нь 2015 оноос Салбарт трейд ХХК-д борлуулагчаар ажилласан ба 2016 оны 6 дугаар сард ажлаасаа гарсан. Ажиллаж байх үедээ 2015 оны 2 дугаар сард компанийнхаа захирал М.Атай харилцан тохиролцож 0000улсын дугаартай, приус 20 маркийн авто машиныг нь 8.000.000 төгрөгөөр худалдан авахаар амаар тохирсон.
Тухайн үед М.А нь Д.Гт урамшуулалт цалин 2.000.000 төгрөг олгоно, үүнийгээ машины үнэд суутгана гэснийг тооцоод нийт 8.000.000 төгрөг төлсөн гэж үзэж байгаа.
Д.Г нь сар бүр цалингаасаа 500.000 төгрөг, эхнэр Н.Цэнгэлмаа нь 100.000 төгрөг суутгуулж машиныхаа үнийг төлөхөөр тохирсон байсан. 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 1.038.000 төгрөгийг төлснөөр машины үнэ 8.000.000 төгрөгийг төлж дууссан гэж үзэж байгаа. Иймд машины үнэд төлсөн 8.000.000 төгрөгийг М.Агаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч М.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д.Гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Д.Гийг 2.500.000 төгрөг өгөөд машинаа ав гэсэн боловч үгүй гэсэн.
М.А нь Салбарт трейд ХХК-ийн захирал биш бөгөөд тус компанид менежерээр ажилладаг бөгөөд тус компанийн өмчлөлийн 0000улсын дугаартай, тоёота приус 20 маркийн машин нь түүний нэр дээр байсан. Д.Г нь 2016 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд тус компанид ажиллахаар тохирсон ч 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ажлаасаа гарсан.
Нэхэмжлэгч Д.Г нь 2012 онд Энхдөлгөөндалай ХХК буюу одоогийн Салбарт трейд ХХК-д жолоочоор ажилд орсон ба 2015 оны 2 дугаар сард Салбарт трейд ХХК-ийн захирал М.Цэрэндэжидтэй 0000улсын дугаартай приус 20 маркийн авто машиныг 8.000.000 төгрөгөөр худалдаж авахаар төлбөрийг өөрийн цалингаас суутгуулахаар тохиролцож машиныг эзэмшилдээ шилжүүлэн авч байсан. Ингээд 2015 оны 2 дугаар сараас эхлэн цалингаас нь суутгал хийж эхэлсэн.
Дээрхи үйл баримт нь нэхэмжлэгч Д.Гийн 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Энхдөлгөөндалай ХХК-иас 0000улсын дугаартай, приус 20 маркийн авто машиныг 8.000.000 төгрөгөөр 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдөр зээлээр авсан. Машины төлбөрийг 2016 оны 5 дугаар сард төлж барагдуулах болно гэсэн баримт, мөн түүний Салбарт трейд ХХК-д борлуулагч хийдэг гэх зэрэг тайлбараар тогтоогдоно. Үүнээс үзэхэд Д.Г, М.А нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй.
Харин Д.Г нь Салбарт трейд ХХК-д ажилладаг, сарын цалингаасаа машины үнэ суутгуулж байсан зэрэг баримтаас үзэхэд Д.Г нь дээрхи машины төлбөрт шилжүүлсэн мөнгийг Салбарт трейд ХХК-иас нэхэмжлэх ёстой. Иймд Д.Гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч М.Ад холбогдуулан 8.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Д.Г нь 2015 оны 2 дугаар сард Салбарт трейд ХХК-ийн захирал гэх М.Агаас түүний эзэмшлийн 0000улсын дугаартай, тоёота приус 20 маркийн авто машиныг 8.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, сар бүрийн цалингаас 500.000 төгрөг, эхнэр Н.Цэнгэлмаа 100.000 төгрөг тус тус суутгуулан, мөн урамшуулалд өгөхөөр амласан 2.000.000 төгрөгийг нэмж тооцон 2016 оны 6 дугаар сард машины үнийг төлж дууссан. Машиныг буцаан өгсөн тул машины үнэд төлсөн 8.000.000 төгрөгөө гаргуулна гэж,
Хариуцагч М.А нь Би Салбарт трейд ХХК-д менежерээр ажилладаг. Компанийн өмчлөлийн 0000улсын дугаартай, тоёота приус 20 маркийн машин миний нэр дээр байдаг. Д.Г 2015 оны 2 дугаар сард Салбарт трейд ХХК-ийн захирал М.Цэрэндэжидтэй уг машиныг 8.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч төлбөрийг цалингаасаа суутгуулан машиныг эзэмшилдээ авсан. Би хариуцагч биш гэж тус тус маргаж байна.
0000улсын дугаартай, тоёота приус 20 маркийн авто машины өмчлөгч М.А болох нь авто машины тээврийн хэрэгсэл эзэмшигчийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон ба нэхэмжлэгч Д.Г нь 2015 оны 2 дугаар сард уг авто машиныг 8.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч тухайн цаг үеэс авто машиныг өөрийн эзэмшилдээ шилжүүлэн авсан талаар талууд хэн аль нь тайлбарлаж байна.
/ХХ-ийн 5, 15, 23-27 дугаар тал/
Нэхэмжлэгч Д.Г нь Салбарт трейд ХХК /Энхдөлгөөндалай ХХК/-д 2012 оноос 2016 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд борлуулагч ажлыг эрхэлсэн бөгөөд авто машиныг өмчлөгч болох М.Ад шүүхэд хэрэг хянагдах явцад хүлээлгэн өгсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон ба зохигчид энэ талаар маргаагүй болно.
Нэхэмжлэгч Д.Г нь 0000улсын дугаартай авто машины үнийг төлөх зорилгоор 2015 оны 2 дугаар сараас өөрийн цалингаас болон эхнэр Н.Цэнгэлмаагийн цалингаас тодорхой хэмжээний мөнгийг суутгуулан нийт 6.000.000 төгрөгийг машины үнэд төлсөн нь талуудын 2019 оны 4 дүгээр сарын 24, 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдрүүдийн шүүх хуралдаануудад өгсөн тайлбарууд болон Салбарт трейд ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдлоо.
/ХХ-ийн 23-26 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ шаардлагыг нотолж буй үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь машины үнэд урамшуулалд авах байсан 2.000.000 төгрөгийг тооцсон гэх боловч тэрээр энэ талаархи баримтаа ирүүлээгүй, энэ нь нотлогдоогүй болно.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заажээ.
Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй ... бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс уг эд хөрөнгийг буцаан шаардах эрхтэй.
Хөрөнгө олж авсан этгээд гэж маргааны зүйл болох эд хөрөнгө эзэмшилд нь байгаа этгээдийг, үүрэг гүйцэтгэгч гэж уг эд хөрөнгийг шилжүүлсэн этгээдийг хэлэх ба үүрэг үүсээгүй гэдэг нь тэдний хооронд гэрээний болон хуульд заасан үүргийн харилцаа үүсээгүй байхыг хэлнэ.
Хариуцагч М.А нь авто машиныг компанийн өмчлөлийнх гэж байх боловч авто машины түүний өмчлөлд бүртгэлтэй, тэрээр машиныг өөрийн эзэмшилд хүлээн авсан, мөн хариуцагч талын удаа дараагийн шүүх хуралдаануудад өгсөн тайлбаруудаас үзэхэд тэрээр авто машины үнийг төлөх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч Д.Г нь авто машины үнэд шилжүүлэн өгсөн мөнгөө хариуцагч М.Агаас буцаан шаардах эрхтэй байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч М.Агаас 6.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Гт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2.000.000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч М.Агаас 6.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Гт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2.000.000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Гын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 142.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Агаас 110.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Гт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН