Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2019/00044

 

бу

 

 

2018 оны 12 сарын 25 өдөр Дугаар 101/ШШ2019/00044 Улаанбаатар хот

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: "А" Сууц Өмчлөгчдийн холбоо-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: З.Т-д холбогдох,

Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 548.709 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б,

Хариуцагч З.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч "А" СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, В.Ц нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 байр, 0 тоотод оршин суух иргэн З.Т нь 2017 оны 4 дүгээр сар, 2017 оны 6-12 дугаар сар, 2018 оны 1-9 дүгээр саруудын цэвэрлэгээ нэг сарын 5.000 төгрөг, дундын өмчийн цахилгааны төлбөр нэг сарын 3.500 төгрөг, лифт нэг сарын 8.000 төгрөг, харуул хамгаалалтын төлбөр нэг сарын 6.000 төгрөг, орон сууцны дундын халаалтын төлбөр, орон сууц ашиглалтын төлбөрийг удаа дараа төлөөгүй "А" СӨХ-нд нийт 548.709 төгрөгийн хохирол учруулсан.

Сууц өмчлөгчдийн холбоо нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардлаас санхүүжиж, уг зардлаас үйлчлэгчийн цалин хөлсийг тавьж олгодог.

Дээрх зардлын хэмжээг бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн, хэрэгт байгаа баримтаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.

Иймд З.Т-өөс орон сууц ашиглалт, цэвэрлэгээ 17 сарын 85.000 төгрөг, дундын өмчийн цахилгааны төлбөр 17 сарын 59.500 төгрөг, лифт 17 сарын 136.000 төгрөг, харуул хамгаалалтын төлбөр 17 сарын 102.000 төгрөг, хог 17 сарын 34.000 төгрөг, орон сууц дундын өмч ашиглалт засвар үйлчилгээний төлбөр 132.209 төгрөг, нийт 548.709 төгрөгийг гаргуулж "А" СӨХ-г хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч З.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Баянзүрх дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэр 0 дугаар хорооллын  "А" дүгээр байрны 0 тоотод оршин суух З.Т миний бие "А" СӨХ-ны нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авсан ба уг СӨХ-ны мөнгийг төлөхгүй байгаа шалтгаанаа тайлбарлах нь:

Миний бие нь нэг удаа СӨХ-ны мөнгийг төлсөн боловч уг СӨХ нь НӨАТ төлдөггүй, Улсад НӨАТ төлдөггүй мөртлөө алдангийн хувь нь хэтэрхий их байдаг ба тухайн СӨХ-оог байгуулахад РФ ХХК-ны ажилчид орох гэж байгааг мэдээд дэмжих тал дээр нэг ч удаа гарын үсэг зураагүй тул дахин төлөөгүй нь дараах шалтгаануудтай болно. Үүнд:

1. Тухайн СӨХ-г байгуулах хуралд удаа дараа оролцож байсан ч тухай бүр үр дүнд хүрч байгаагүй ба СӨХ байгуулахад дэмжиж гарын үсэг зурсан удаа байхгүй. Тэр дэмжсэн иргэдийн бүртгэл ба гарын үсэг гээд байгаа цааснууд нь яг хуралд (СӨХ байгуулах) зориулаагүй, тухайн үед байр сонгож авж байх үеийн иргэдийн жагсаалтыг эсвэл хурлын зар дуулгаж гарын үсэг авч байсан жагсаалт болно. Яг хурлаар тухайн СӨХ-г байгуулахыг дэмжиж гарын үсэг зурсан иргэдийн жагсаалт бол биш, зүгээр л овжиноор дээрх хоёр жагсаалтын аль нэгийг хуулбарлаад хурлын тэмдэглэл гэдэг юман даа нийлүүлсэн байна. Миний бие нь хариуцлагатай юман дээр гарын үсгээ заавал ташуу зурдаг.

Иймд, уг байрны ашиглалтын албаны ажилчин албан хаагчид тухайн СӨХ-оог давуу байдлаа ашиглан өөрсдийн эрх ашигтаа нийцүүлэн (тодорхой хэлбэл РФ ХХК) байгуулсан гэж харж байгаа.

2. Тухайн СӨХ нь орц тус бүрийн 2 лифтний төлбөрт 8.000 төгрөг авдаг ч 1 лифт нь огт ажилладаггүй. Зарим орцны (5 дугаар орц) лифт нь бүр хоёулаа ихэнх тохиолдолд ажилладаггүй шиг байгаа юм.

Миний мэдэхээс зарим нэг орцондоо 2 лифттэй СӨХ-үүд лифтнүүдээ бүгдийг нь ажиллуулдаг. Нэгд нь засвар үйлчилгээ хийж байхад нөгөөдөх нь ажиллаж л байдаг. Үүнийг нь, оршин суугчдынхаа эрх ашгийг нь хүндэтгэн үздэг СӨХ байдаг л юм байна гэж бодогддогийг хэлэх нь зөв болов УУ.

3. Харуул хамгаалалт нь маш муу ажилладаг. Ямарваа нэг юм болоход хариуцлага огт хүлээдэггүй, камераа ажиллуулж чаддаггүй, бичлэг үзэх гэхээр гаргаж чаддаггүй юм уу эсвэл мэдлэггүй хүмүүс юм уу?, өдий болтол би бээр ойлгохгүй л явж байгаа.

Миний машины арын цонхыг нь хөшөөд шилийг нь унагасан байсныг харуулд хэлээд бичлэгийг нь үзэх гэтэл гаргаж өгч чадаагүй (видео бичлэгийг СD-р хүргэв).

Мөн бас нэг машины арын цонхыг хагалсан байсныг харуулд хэлсэн гэж байгаа. Хариуцлага хүлээгээгүй гэсэн (зургийг нь СD-д орууллаа).

Тухайн үед камер нь зөвхөн эвдэрхий 2 машиныг л хардаг, өөр машин хардаггүй, хөдөлдөггүй байсан.

Харуулууд нь машин дээрээс элдэв юм цацдаг айлуудыг мэддэггүй юм уу эсвэл мэдсэн ч огт хэлдэггүй. Хүмүүс машинаа мөнгө төлж угаалгадаг ч сардаа тийм ч олон удаа угаалгаад байх аргагүй байдаг.

Харуулууд 360.000 төгрөгийн цалин авдаг гээд байгаа харуул хамгаалалтын бусад мөнгийг СӨХ нь хаашаа хийдгийг миний бие мэдэхгүй.

Харуулууд нь орцон дахь гал унтраах системийн хаалганы хагарсан шил, алга болсон камер зэрэгт хяналт тавьдаггүй, тухайн СӨХ хариуцлага хүлээлгэдэггүй юм шиг байгаа юм (уг СӨХ нь өөр зориулалтаар байгуулагдсан болов уу).

4. Харуул хамгаалалт, домофон системтэй мөртлөө кодтой цоож тавиулсныг ойлгоогүй. Ядаж нөгөө кодтой цоож нь зүгээр татахад л онгойдог. (СD-д бичлэгийг оруулсан болно).

Домофон систем нь яаж ажилладаг талаар сайн мэдэхгүй. Ямар ч байсан орцныхоо үүдийг гэрээсээ харж болдог ч гаднаас яаж дууддагийг мэдэхгүй (байрны түлхүүрээ авч байх үедээ асууж байсан ч мэдэх хүн байхгүй гэсэн хариу авч байсан).

5. Нэгээс хоёр сард зэвтэй ус (доод тал нь 250 литр) заавал гардаг. Зэвтэй усаар хувцас хэрэглэл угаахгүй учраас мөнгийг нь төлөөд л, зэвтэй усыг нь асгаад л амьдарч байна даа (зэвтэй усны хамгийн сүүлийн үеийн бичлэгийг СD-д оруулав).

6. Орцнуудын хогийг ачиж явдаг машин нь хогоо шууд ачаад явахгүйгээр орцны үүдэнд хог хаягдлаа татаж асгаж байгаад ангилан ялгах ажиллагаа явуулаад зогсчихдог. Ялангуяа зуны цагт үнэр, ялаа нь маш их хэцүү байдаг (СD-д бичлэгийг нь оруулсан болно).

7. Байрны доорх автомашины зогсоолд дээрээсээ ус гоождог, доороосоо ус нэвчдэг ундаргатай гэж байгаа. Доод зогсоолд үргэлж ордог оршин суугчид хэл ам одоо болтол хийгээд л байдаг юм байна лээ.

Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дүгээр байр, 0 тоот хаягт байршилтай, 51.85 м.кв талбай бүхий, орон сууцны өмчлөгч нь З.Т юм.

"А" Сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 548.709 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас орцны цэвэрлэгээ сайн хийгддэг учраас цэвэрлэгээний 85.000 төгрөг, 2 лифттэй боловч 1 лифт нь ажилладагүй тул 136.000 төгрөгийн тал хувь болох 68.000 төгрөг, хогны мөнгө 34.000 төгрөг, нийт 187.000 төгрөгийг зөвшөөрнө. Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардлыг хэзээ, хэрхэн яаж тогтоосон болох нь тодорхойгүй байгаа тул үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч "А" СӨХ нь хариуцагч З.Т-д холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 548.709 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас дараах үндэслэлээр зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

"А" Сууц өмчлөгчдийн холбоог 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэж, №265 тоот гэрчилгээ олгосноос үзэхэд уг орон сууцны өмчлөгчид нэгдэн холбоог байгуулсан, ийнхүү байгуулагдсанаар тус сууц өмчлөгчдийн холбоо нь Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороололд байрлах, 0 дүгээр байрны сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилготой гэж үзнэ.

 

/хх-ийн 5 дугаар тал/

Хариуцагч З.Т нь нэхэмжлэлийн шаардлагаас цэвэрлэгээ 85.000 төгрөг, лифт 68.000 төгрөг, хогны 34.000 төгрөг, нийт 187.000 төгрөгийг зөвшөөрч, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардлыг хэзээ, хэрхэн яаж тогтоосон болох нь тодорхойгүй тул үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгч "А" Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч З.Т-өөс дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 2017 оны 4 дүгээр сарын 32.277 төгрөг, 2017 оны 06 дугаар сараас 12 дугаар сарыг дуусталх хугацаанд 225.939 төгрөг, 2018 оны 01 дүгээр сараас 09 дүгээр сарыг дуусталх хугацаанд 290.493 төгрөг, нийт 17 сарын хугацааны 548.709 төгрөгийг нэхэмжилжээ.

/хх-ийн 3 дугаар тал/

 

Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дүгээр байр, 0 тоот хаягт байршилтай, 51.85 м.кв талбай бүхий, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч З.Т болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд үүнтэй зохигч маргаагүй.

 

Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2, 148.2.3, Сууц Өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.2, 13.2.3, 16 дугаар зүйлийн 16.4, 16.5-д тус тус зааснаас үзэхэд дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ, уг зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд орон сууцны өмчлөгч нь тогтоосон хэмжээгээр оролцох, бүх гишүүдийн болон удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй болохыг тодорхойлсон.

 

Нэхэмжлэгч нь орон сууцны нэг өмчлөгчөөс сард хогны 2000 төгрөг, цэвэрлэгээний 5000 төгрөг, харуул хамгаалалтын 6000 төгрөг, дундын өмчлөлийн цахилгааны 3500 төгрөг, лифтний 8000 төгрөг, дундын өмчлөлийн ашиглалт, засвар, үйлчилгээний м.кв тутамд 150 төгрөгөөр тус тус тооцож дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын хэмжээг тогтоосонтой холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэгт авагдсан баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан болно.

 

Үүнээс үзэхэд "А" Сууц өмчлөгчдийн холбоо нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.5-д тус тус заасны дагуу дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлыг шийдвэрлэсэнтэй холбоотой хурлын шийдвэрийг шүүхэд ирүүлээгүй нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тус байрны оршин суугч бүх гишүүдийн болон тус Сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн хүчин төгөлдөр хурлын шийдвэрийн үндсэн дээр дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлыг хэзээ, ямар хурлын шийдвэрээр тогтоосон болох нь тодорхойгүй, ийнхүү тогтоосон байдал нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

 

Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлын хэмжээний талаар хариуцагч З.Т маргаж байх тул түүнээс 2017 оны 4 сар, 2017 оны 6-12 дугаар сар, 2018 оны 1-9 сарыг дуусталх хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардалд 548.709 төгрөгөөс хариуцагчийн зөвшөөрсөн цэвэрлэгээний 85.000 төгрөг, лифтний 68.000 төгрөг, хогны 34.000 төгрөг, нийт 187.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 361.709 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болголоо.

 

Иймд хариуцагч З.Т-өөс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 187.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "А" Сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 361.709 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч "А" Сууц өмчлөгчдийн холбоо нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардал тогтоосон хурлын шийдвэрийг шүүхэд ирүүлээгүйгээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дүгээр байр, 0 тоот хаягт байршилтай, орон сууцны өмчлөгч З.Т-ийн хувьд цаашид дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох, бүх гишүүдийн болон удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг биелүүлэх талаарх хуулиар ногдуулсан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэдгийг дурдах нь зүйтэй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116,118-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар хариуцагч З.Тгөөс дундын өмчлөлийн зүйлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбоотой зардалд 187.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "А" Сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 361.709 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч З.Т-өөс улсын тэмдэгтийн хураамжид 6260 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "А" Сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ