Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 156/ШШ2017/00172

 

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 156/ШШ2017/00172

Хэнтий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 156/2017/00040

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж,  тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ...................... тоотод оршин суух, Г.У. /РД: ....../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ........................... тоотод оршин суух, Г.Б. /РД: ............./-д холбогдох,

 

"зээлийн гэрээний үүрэг 2 500 000  төгрөг гаргуулах” тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.У., хариуцагч Г.Б., хариуцагчийн өмгөөлөгч Б.Б., гэрч  С.Б., А.Б., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Б. нар оролцов. 

                                                                                              

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Г. нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр би банкнаас цалингийн зээл хийж, 12 сая төгрөг зээлж аваад байж байхад Г.Б. банкинд таараад 7 сая төгрөг зээлээч, зээлээ шахаж хийчихээд танд эргүүлээд өгье, их удлаа гэхэд 1 сар болно гэж хэлсэн. Тэгээд 7 сая төгрөгийг би банкин дотор тоолоод Г.Б. өгсөн. Би өгөхдөө хоёулаа нотариат оръё, бага хэмжээний мөнгө биш учраас гэрээ хийе гэхэд Г.Б. та ямар муухай шорон санаатай юм бэ гэсэн. Тэгээд ямар нэг гэрээ хэлцэл хийгээгүй. Хэлцэж тохирсон сарын хугацаа болоод нэг сарын дараа нэхсэн боловч Г.Б өгөх боломжгүй байна, миний мөнгө бүтээгүй гэсэн. Би анх зээл өгөхдөө сар бүр би цалингийн зээлэндээ 463.000 төгрөг төлж байгаа. Чи сар бүр талыг нь буюу 230.000 төгрөг төлж байгаарай гэж хэлж байсан. Анх зээлсэн 7 сая төгрөгөөс Г.Б. нь дансаар 3.500.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр өгсөн. Манай нөхөр Б.н данс руу 100.000 төгрөгийг 2016 оны 08 сарын 18-ны өдөр шилжүүлсэн. Бэлнээр 1.900.000 төгрөгийг 2016 оны 8 сарын  26-нд өгсөн. Үүнээс өөр мөнгө аваагүй. Дансаар болон бэлнээр өгсөн мөнгө нь нийлээд 5.500.000 төгрөг болж байгаа. Одоо 2.500.000 төгрөг Г.Б.ээс нэхэмжилж байгаа бөгөөд 500.000 төгрөгийг нь миний банкинд төлсөн хүү гэж үзэж байгаа” гэв.

Хариуцагч Г.Б., түүний өмгөөлөгч Б.Б. нар нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би анх 7 сая төгрөгийг 2016 оны 04 сарын 21-ний өдөр Г.У. цалингийн зээл хийж авсан мөнгөнөөс нь зээлсэн. Хэрвээ би цалингийн зээлийг чинь бүтээж өгвөл та надад 7 сая төгрөг зээлэх үү, эхнэр, бид хоёр байрны лизингт хамрагдах гээд банкнаас аль нэгнийхээ цалингийн зээлийг дар гэсэн шаардлага тавиад байна гэхэд Г.У. тэгье гэсэн. Тэгээд би цалингийн зээлийг нь бүтээж өгөөд Г.У. эгчээс 7 сая төгрөг зээлсэн. Анх ярихдаа хүү өгнө гэж тохироогүй. Би удаахгүй өгнө гэдгээ хэлсэн. Мөнгө зээлж байх үед Г.У. эгч гэрээ байгуулъя, нотариат оръё гэж огт хэлээгүй. Би зээл 7 сая төгрөгөөс 2016 оны 08 сарын 02-ны өдөр өөрийн эхнэр  О.н данснаас Г.У. 5....данс руу 300.000 төгрөг шилжүүлсэн. Энэ талаар баримтаа шүүхийн хэлэлцүүлэг эхлэхэд шинээр өгсөн. Мөн өдөр нь нэмж 163.000 төгрөгийг шилжүүлсэн. 2016 оны 08 дугаар сарын 18-нд Б.н Төрийн банкны 25200000054084 данс руу 100.000 төгрөг шилжүүлсэн. 10 сарын 21-нд мөн Б.н Хаан банкны данс руу 3.500.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд дансаар нийт 4.063.000 төгрөг шилжүүлсэн. Бэлнээр 1.900.000 төгрөгийг, 1 сая төгрөгийг манай эгч Уянгад 08 сарын 21-нд өгсөн. 900.000 төгрөгийг тэр өдрөө үдээс хойш нь бэлнээр өгсөн. 8 сарын эхээр 380.000 төгрөгийг бэлнээр Г.У., Г.Б. хоёрыг охинтойгоо Аймгийн захиргааны зүүн талд явж байхад нь өгсөн. Энэ үед Б. гэдэг залуу надтай хамт явж байсан бөгөөд би гялс мөнгийг нь өгчихөөд ирье гээд машинаас буусан. 7 сард У нөхөр Баярбилэгт ХААН банкин дотор 735.000 төгрөгийг бэлнээр тоолж өгсөн. Ингээд дансаар болон бэлнээр өгсөн мөнгө нийлээд 7.078.000 төгрөг болж байна.  Тийм учраас одоо төлөх мөнгө байхгүй гэж үзэж байна” гэв.

Гэрч А.Б. нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:

“2016 оны 8 сард Г.Б. над дээр ирээд, хүнд мөнгө аваачиж өгөх ёстой гээд бид хоёр машинтай явж 1 дүгээр сургуулийн баруун талын Баамын байрны хажуу талын уурын зуухны тэнд машинаа тавьчихаад, Б. мөнгөө тоолоод аваад буусан. Би тэр үед хамт машинд нь байсан юм. Б.г У.д мөнгөө өгч байхад нь машин дотор би хараад сууж байсан. Б. машин дотор миний хажууд 380.000 төгрөг тоолоод, аваад буусан. Б. ах эхнэр, охинтойгоо гурвуулаа явж байсан” гэв

Гэрч С.Б. нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:

“Нэхэмжлэгч Г.У. миний гэр бүлийн хүн, Б.г танина. Баатарсүрэн дансаар 3.500.000 төгрөгийг нэг удаа, дахиад 100.000 төгрөгийг нэг удаа шилжүүлсэн.  Би Баатарсүрэнгээс бэлнээр 1.900.000 төгрөг л авсан. Өөр мөнгө аваагүй. Надад 735 000 төгрөгийг өгнө гэж байсан боловч өгөөгүй байна. 08 сарын 02-нд Баатарсүрэн 300.000 төгрөг өгч байсан шиг санаж байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан /хх 3, 4, 5, 12, 13, 14, 16/ бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Г.Б.с нэхэмжлэгч Г.У. нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 2 500 000 төгрөг шаардаж байна.  

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч Г.У. нь хариуцагчаас дансаар                 /163 000+300 000/ 463 000 төгрөг, бэлнээр 300 000 төгрөг, бүгд 763 000 төгрөг авсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэмжээгээр багасгасан болно.

Нэхэмжлэгч Г.У. нь 2016 оны 04 дүгээр сарын 21 өдөр ХААН банкнаас  жилийн 22.8 хувийн хүүтэйгээр 12 000 000 төгрөг зээлсэн, үүнээсээ хариуцагч Г.Б.д мөн өдрөө 7 000 000 төгрөг зээлүүлсэн, банкнаас авсан зээлийн мөнгөнөөс зээлж байгаа гэдгийг Г.Б. мэдэж байсан зэрэг нь зохигчдын шүүх хуралдаан дээр гаргаж буй тайлбар, 2016 оны 04 дүгээр сарын 21 өдрийн ЗГ201642617891 дугаартай барьцаат зээлийн гэрээ /хх 14-16/ зэргээр нотлогдож байна. Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ амаар байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Зохигчид зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар нэхэмжлэгч нь зээлийн хүү шаардах эрхгүй ба зээлийн хүү төлөхгүй гэх хариуцагч талын тайлбар буруу биш байна.

Гэвч Г.У. нь зээлийн гэрээнд заасны дагуу өөрийн болон Г.Б.йн зээлсэн нийт 12 000 000 төгрөгийн зээлийн хүүгийн төлбөрийг цалингаасаа суутгуулж, 2016 оны 04 дүгээр сараас 2016 оны 10 дугаар сарыг хүртэл хугацаанд зээлийн хүүд нийт 1 146 225 төгрөгийг төлсөн болох нь ХААН банкны 2017 оны        02 дугаар сарын 21 өдрийн 01/189 дугаартай тодорхойлолтоор /хх 13/ нотлогдож байна.  

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д “үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заажээ. 

Нэхэмжлэгч Г.У. нь Г.Б.н зээлсэн 7 000 000 төгрөгийн хүүг өөрийн цалингаасаа суутгуулж хохирсон гэж үзэж нэхэмжилж байгаа нь хуулийн дээрх заалттай нийцэж байгаа бөгөөд Г.Б.н төлөх ёстой байсан хүүгийн хэмжээгээр нэхэмжлэгчид алдагдал, хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хариуцагч нь 2016 оны 08 дугаар сарын 01 өдөр бэлнээр 300 000 төгрөг,            8 дугаар сарын 2 өдөр дансаар 463 000 төгрөг, 8 дугаар сарын 18 өдөр дансаар      100 000 төгрөг, 8 дугаар сарын 20 өдөр бэлнээр 1 900 000 төгрө, 10 дугаар сарын     21 өдөр дансаар 3 500 000 төгрөгийг, нийт бэлнээр 2 200 000 /хоёр сая хоёр/ төгрөг, дансаар  4 063 000 төгрөг, бүгд 6 263 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн нь хэрэгт цугларсан Төрийн банкны орлогын мэдүүлэг, ХААН банкны орлогын мэдүүлэг, М.О., Г.Б. нарын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх  /, гэрч М.Б., С.Б.г нарын мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/ болон зохигчдын тайлбараар нотлогдсон ба зохигчид энэ талаар маргаангүй байна.    

Иймд зээлийн үлдэгдэд төлбөр /7 000 000 - 6 263 000/ 737 000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгч Г.У. нь Иргэний хуулийн дагуу шаардах эрхтэй.

Г.Б. нь 7 000 000 төгрөгийг 102 хоног, 6 700 000 төгрөгийг 1 хоног,      6 237 000 төгрөгийг 16 хоног, 6 100 000 төгрөгийг 2 хоног, 4 337 000 төгрөгийг 62 хоног тус тус ашигласан нь зээлийг Г.У.д буцаан төлж байсан баримтуудаар болон зохигчдын тайлбараар тогтоогдсон тул дээрх хугацааны хүүг банкны жилийн 22.8 хувийн хүүгээр тооцож хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна. Түүнчлэн зээлийн үлдэгдэл 737 000 төгрөгийг буцааж төлөөгүй ашиглаж байгаа тул энэ зээлийн хүүг мөн хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

Зээлийг ашигласан хугацааны хүү 406 076 төгрөг, зээлийн үлдэгдэл 737 000 төгрөг, нийт 1 143 076 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас /2 500 000-763 000-1 143 076/ 593 924 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.3, 227.4-д заасныг баримтлан хариуцагч Г.Б.с 1 143 076 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.У.д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 593 924 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1,    56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 31 984 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг тус тус дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                        Э.АРИУНАА