Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 777

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2019/00777

 

 

 

 

 “АЧБ ” УТҮГ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2019/00318 дугаар шийдвэртэй  “АЧБ ” УТҮГ-ын нэхэмжлэлтэй “ИЭЧГ ” ХХК-д холбогдох, газрын төлбөр 37 973 600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З, түүний өмгөөлөгч М.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: “АХЧБ ” УТҮГ нь “ИЭЧГ ” ХХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу 2009 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 63 дугаар Эрх олгох тухай, 2009 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай 64 дугаар захирамжаар чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт 5 га газрыг худалдаа үйлчилгээ, агуулах, тээвэр зууч, үйлдвэрийн барилга байгууламж-ийн зориулалтаар эзэмших эрх олгосон. Энэхүү захирамжуудыг үндэслэн 2009 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 09/75 дугаар Газар эзэмшүүлэх гэрээ-г, 2009 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 106 дугаартай АХЧБ ийн хөрөнгө оруулалтын гэрээг тус тус байгуулсан. Гэвч 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр А/19 дугаартай захирамжаар Газар эзэмшүүлэх болон хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж чөлөөт бүс дэх хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ олгосон өдрөөс хойш 1 жилийн хугацаанд гэрээнд заасан үндсэн үйлчилгээг эхлүүлээгүй, хөрөнгө оруулалтын гэрээнд заасан үе шатны хөрөнгө оруулалт хийгээгүй, газрын төлбөрийг зохих хуваарийн дагуу хугацаандаа төлөөгүй, чөлөөт бүсийн захирагчийн ажлын албанаас тавьж буй шаардлагыг удаа дараа биелүүлээгүй, хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. “АЧБ ” УТҮГ нь аж ахуйн нэгжийн газрын төлбөрөөр улсын төсвийн тодорхой хэсгийг бүрдүүлдэг. Захирагчийн ажлын албаны зүгээс газрын төлбөр төлүүлэх, мөн чөлөөт бүсэд хөрөнгө оруулалтын ажлыг эхлүүлэх талаар удаа дараа шаардсан албан бичиг мэдэгдлийг тухай бүр хүргүүлж байсан. Иймд гэрээний үүргийг хангуулахын тулд “ИЭЧГ ” ХХК-иас Газар эзэмшүүлэх гэрээ-ний 3.5-д Газрын төлбөрийг газрын ашигт чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх, 4.3-т Газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан аж ахуйн нэгж, байгууллага эрхийн гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн нэг жилийн хугацаанд бүс дотор үйл ажиллагаа эхлээгүй, зохих хуваарийн дагуу газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, ... тухайн хугацаанд төлсөн газрын төлбөрийг буцаан олгохгүй гэж тус тус заасны газрын төлбөрийн хуваарийн дагуу 2010 онд 3 640 000 төгрөг, 2011 онд 8 400 000 төгрөг, 2012 онд 8 400 000 төгрөг, 2013 онд 8 400 000 төгрөг, 2014 онд 4 200 000 төгрөг, 2015 онд 4 933 600 төгрөгийг тус тус төлөөгүй бөгөөд нийт 37 973 600 төгрөгийн төлбөрийг гаргуулж манай байгууллагыг газрын төлбөрийн хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүхэд гаргасан тайлбартаа: Тус компани нь 2009 онд хуучнаар “ВИГ ” ХХК нэртэй байхдаа АХЧБ ийн захирагчийн 2009 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 63 дугаар Эрх олгох тухай, мөн тус өдрийн 64 дүгээр Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай захирамжид тус тус үндэслэн АХЧБ тэй 2009 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 09/75 дугаартай Газар эзэмшүүлэх гэрээ, 2009 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 106 дугаартай АХЧБ ийн Хөрөнгө оруулалтын гэрээ-г тус тус байгуулж, 33 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан. Дээрх Газар эзэмшүүлэх гэрээний дагуу АЧБ эд 5 га газрыг Худалдаа үйлчилгээ, агуулах, тээвэр зууч, үйлдвэрийн барилга байгууламж-ийн зориулалтаар эзэмшиж, ашиглаж байсан. 2014 онд АХЧБ ийн ажлын албатай гэрээ дүгнэснээс хойш, тус чөлөөт бүсийн захирагчийн 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/93 дугаар Эрх олгох тухай захирамж, мөн тус өдрийн А/94 дугаар Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай захирамжуудыг тус тус үндэслэн газар эзэмшүүлэх гэрээгээ өөрчлөн шинэчилж, АХЧБ ийн нутаг дэвсгэрт эзэмших газрын хэмжээг 13000.6 м.кв буюу 1.3 га болгон бууруулсан. Өөрөөр хэлбэл, гэрээ байгуулснаас хойш 5 га бус 1.3 га газар эзэмшсэн болгон өөрчилж, гэрээ дүгнэхээс өмнө эзэмшиж байсан газрын хэмжээ багассан. Газрын хэмжээ багассан учир төлбөрийн хэмжээ буурч, талууд төлбөр тооцоогоо нийлж акт үйлдсэн. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт болох АХЧБ ийн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01/236 тоот Шаардлага хүргүүлэх тухай албан бичигт манай компанийн 2014 оны газрын шинэчилсэн гэрээний дагуу 2013 оны төлөгдөөгүй үлдэгдэл газрын төлбөр 3 466 400 төгрөг байгааг мэдэгдсэнийх нь дагуу хариуцагч энэхүү үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж газрын төлбөрийн өргүй болсон. Гэтэл нэхэмжлэгч үндэслэлгүйгээр 37 973 600 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Үүнээс гадна Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заасан. Гэтэл нэхэмжлэгч “АЧБ ” УТҮГ нь шаардлага гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан хойно буюу шаардлага гаргах эрхээ алдсаны дараагаар 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ийнхүү гэрээний үүрэг хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. “АЧБ ” УТҮГ нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх үүссэн үеэс хойш манай компанид холбогдуулан шүүхэд ямар нэг байдлаар нэхэмжлэл, шаардлага гаргаж байсан удаагүй болно. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй бөгөөд шаардах эрх хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, Чөлөөт бүсийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3 дахь заалтыг баримтлан хариуцагч “ИЭЧГ ” ХХК-иас 37 973 600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “АЧБ ” УТҮГ-т олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ИЭЧГ ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 347 818 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э , түүний өмгөөлөгч М.М нар давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй. Анхан шатны шүүхээс “... нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн мэдэгдэл, түүнд хавсаргасан хавсралт баримтуудаар газар эзэмшүүлэх гэрээнд өөрчлөлт оруулж, 1.3 га болгон баталгаажуулсан гэж үзэх боломжгүй” хэмээн үндэслэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Гэтэл хэрэгт авагдаж, шүүх хуралдаан дээр шинжлэн судлагдсан баримтууд болох 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “Нэгж талбарын эргэлтийн цэгүүдийг газарт бэхлүүлэх мэдэгдэл”, “АЧБ ” УТҮГ-ын захирагчийн 2014 оны 7 дугаар сарын 10- ны өдрийн А/94 дугаар “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” захирамж, “АЧБ ” УТҮГ-ын 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 01/139 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийн хавсралт, “АЧБ ” УТҮГ-ын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01/236 тоот “Шаардлага хүргүүлэх тухай” албан бичиг, АЧБ ийн захирагчийн ажлын албаны 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Газрын хэмжээ багасгасан аж ахуй нэгжүүдийн газрын төлбөр төлөх тухай судалгаа”, “АЧБ ” УТҮГ-ын 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 01/175 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгийн хавсралт зэрэг баримтуудаар талууд анх байгуулсан гэрээнд заасан 5 га газрын хэмжээг 1.3 га болгон өөрчилж, гэрээ дүгнэхээс өмнө эзэмшиж байсан газрын хэмжээг багасгасан болох нь тогтоогддог. Улмаар газрын хэмжээ багассан учир төлбөрийн хэмжээ буурч, талууд төлбөр тооцоогоо нийлж акт үйлдсэн. Гэтэл шүүхээс хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий дээрх баримтуудыг үнэлэлгүйгээр, хэргийн чухал нөхцөл байдлыг тогтоолгүйгээр үндэслэлгүй шийдвэр гаргасан.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт болох “АЧБ ” УТҮГ-ын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01/236 тоот “Шаардлага хүргүүлэх тухай" албан бичигт манай компанийн 2014 оны газрын шинэчилсэн гэрээний дагуу 2013 оны төлөгдөөгүй үлдэгдэл газрын төлбөр 3 466 400 төгрөг байгааг мэдэгдсэнийх нь дагуу хариуцагч энэхүү үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж газрын төлбөрийн өргүй болсон бөгөөд уг төлбөр төлсөн баримт мөн хэрэгт авагдсан атал шүүхээс энэ талаар огт дүгнэлт хийгээгүй нь учир дутагдалтай. Анхан шатны шүүх хуралдаан дээр ч мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч газрын хэмжээг багасгаж гэрээг шинэчилсэн талаар тайлбарласан ч энэхүү тайлбар, үйл баримтыг үнэлэхгүйгээр гэрээг шинэчлэн байгуулаагүй гэдгээр энэхүү хэргийг хэт нэг талыг буюу төрийн байгууллагын талд шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгч “АЧБ ” УТҮГ нь 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хариуцагчид гэрээ цуцлах мэдэгдэл /хх-ийн 37 дугаар тал/ өгч гэрээ цуцлагдсан байхад шүүх энэхүү баримтад ач холбогдол өгөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь авч үзээгүй хууль зөрчсөн.

Анхан шатны шүүхээс “... нэхэмжлэгчээс АХЧБ эд газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай захирамж гарах хүртэл хугацаанд хариуцагчийг тухайн газрын төлбөрийг төлөх үүргээс чөлөөлөгдөхөөргүй байна” хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй юм. “АЧБ ” УТҮГ-ын захирагчийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/19 дугаартай “Чөлөөт бүсэд газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжаар “... чөлөөт бүс дэх хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ олгосон өдрөөс хойш 1 жилийн хугацаанд гэрээнд заасан үндсэн үйлчилгээг эхлүүлээгүй, хөрөнгө оруулалтын гэрээнд заасан үе шатны хөрөнгө оруулалт хийгээгүй, газрын төлбөрийг зохих хугацаанд нь төлөөгүй, газар эзэмшүүлэгчээс газар эзэмшихтэй холбогдуулан тавьсан шаардлагыг удаа дараа биелүүлээгүй” үндэслэлээр хариуцагчтай байгуулсан газар эзэмшүүлэх болон хөрөнгө оруулалтын гэрээг цуцалж, бүртгэлийн болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Гэтэл үүнээс өмнө буюу дээрх үндэслэл бүрдсэн үе болох 2011 онд нэхэмжлэгч нь уг эрхээ хэрэгжүүлэх боломж нээлттэй байсан атал уг эрхээ хэрэгжүүлэлгүй байсаар 2018 онд эрхээ хэрэгжүүлээгүй хугацааны буюу 2011-2015 оны газрын төлбөрийг шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

Өмнө дурдсанчлан, нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт болох АХЧБ ийн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01/236 тоот “Шаардлага хүргүүлэх тухай” албан бичигт “ИЭЧГ ” ХХК-ийн 2014 оны газрын шинэчилсэн гэрээний дагуу 2013 оны төлөгдөөгүй үлдэгдэл газрын төлбөр 3 466 400 төгрөгийг шилжүүлж, төлбөр тооцоо дууссан байдаг бөгөөд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжилж буй үнийн дүнгээс төлөгдсөн төлбөр болох 3 466 400 төгрөг хасагдах ёстой байтал нэхэмжлэлийн үнийн дүн болох 37 973 600 төгрөгийг бүхэлд нь хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн явдал нь хэт нэг талыг барьсан шинжтэй, үндэслэлгүй шийдвэр байгаад хариуцагч тал гомдолтой.

Түүнчлэн, нэхэмжлэгчийн зүгээс газар эзэмшүүлэх гэрээний үүрэг болох 37 973 600 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байдаг бөгөөд энэхүү гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагаа шаардах эрх үүссэн үеэс 3 жилийн дотор хэрэгжүүлэх нь хуульд нийцэх юм. Талууд газар эзэмшүүлэх гэрээг 2009 оны 7 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан ба нэхэмжлэгч анх 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд дээрх хугацаанд энэ асуудлаар шүүхэд хандаж байгаагүй нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдсон атал газар эзэмшүүлэх гэрээний төлбөрийн талаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж дүгнэсэн нь буруу юм.

Чөлөөт бүсийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасны дагуу худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зориулалттай газар эзэмшиж  байсан тул нэхэмжлэгч нь 2010-2015 онуудын газрын төлбөрийг шаардах эрхгүй юм. Шүүх энэ хэрэгт хамааралтай дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч “АЧБ ” УТҮГ нь хариуцагч “ИЭЧГ ” ХХК-д холбогдуулан газрын төлбөрт 37 973 600 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

“АХЧБ ” УТҮГ нь 2009 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 63 дугаар Эрх олгох тухай, 64 дугаар Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай захирамжаар “ИЭЧГ ” ХХК-д 5 га газрыг худалдаа үйлчилгээ, агуулах, тээвэр зууч, үйлдвэрийн барилга байгууламжийн зориулалтаар чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт газар эзэмших эрх олгосон. Энэхүү захирамжуудыг үндэслэн 2009 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 09/75 дугаар Газар эзэмшүүлэх гэрээ, 2009 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 106 дугаартай АХЧБ ийн хөрөнгө оруулалтын гэрээг тус тус байгуулсан үйл баримт хэрэгт авагдсан гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон. /хх-ийн 12-20 дугаар тал/

Хариуцагч нь дээрх гэрээг байгуулах үед “ВИГ ” ХХК гэх нэртэй байсан ба 2010 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс “ИЭЧГ ” ХХК болгон өөрчилжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар  хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйн улмаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн буруу байна.

Нэхэмжлэгч нь эзэмшил газрын хэмжээг 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр А/94 дугаар захирамжаар 1.3 га болгон өөрчилж, газрын төлбөрийг 2 400 000 төгрөг болохоор тогтоосон нь хэргийн баримтаар нотлогдсон. /хх-ийн 28 дугаар тал/

Талууд 2009 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 09/75 дугаар газар эзэмшүүлэх гэрээний 2.7-д газрын төлбөрийг нэг жилд 8 400 000 төгрөг байхаар тохиролцсон байснаа дээрх байдлаар багасган өөрчилсөн байна. /хх-ийн 14-15 дугаар тал/

Нэхэмжлэгч байгууллагаас хариуцагч талд 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр  01/236 тоот албан бичиг явуулсан нь хэргийн 35-36 дугаар талд авагдсан. Уг албан бичиг нь 2009 оноос 2013 оны хоорондох газрын төлбөрийн тооцоолол хийгдсэн, 2013 оны төлбөрийн үлдэгдэл 3 466 400  төгрөгийг төлөхийг шаардсан агуулгатай байна. Үүний дагуу хариуцагч байгууллага 3 466 400  төгрөг төлжээ.

Эдгээрээс дүгнэхэд хариуцагч байгууллага 2014, 2015 оны төлбөрийг төлөөгүй, энэ хугацааны төлбөрийг төлөх үүрэгтэй. Иймд нэхэмжлэгчийн газрын хэмжээг өөрчлөн  тогтоосон  захирамжийг үндэслэн газрын төлбөрийг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд 5 га газрын хэмжээгээр, 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оныг дуусах хүртэл хугацаанд 1.3 га газрын хэмжээгээр тооцоолон, хариуцагчаас 9 880 000 / 6 760 000+3 120 000 / төгрөг гаргуулах үндэслэлтэй.

АЧБ ийн  захирагчийн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн А/19 дугаар захирамжийн 3 дахь заалтаар хариуцагч 1.3 га газар эзэмших эрхтэй болохыг өөрчлөн тогтоосоныг хүчингүй болгосон, уг захирамж нь гарсан өдрөөс хэрэгжих учраас нэхэмжлэгчийн “... газрын төлбөрийг бүх хугацаанд 5 га газраар тооцно ...” гэх шаардлага, тайлбар үндэслэлгүй болно. /хх-ийн 41 дүгээр тал/

Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар хийсэн дүгнэлт Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 , Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт нийцсэн тул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн энэ талаарх гомдлыг хангах боломжгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй  гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2019/00318 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “37 973 600” гэснийг “9 880 000” гэж, “олгосугай” гэсний дараа “нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28 093 600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын  “347 818” гэснийг “173 030” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 347 820 төгрөгийг  шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.МӨНХЗУЛ

                

                               ШҮҮГЧИД                                    Ш.ОЮУНХАНД

 

                                                                                    Б.НАРМАНДАХ