Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2017/ШЦТ120

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч В.Дэлгэрмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Доржготов,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох 201705000156 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 07 сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, 1989 оны 08 сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Баянцагаан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, дасгалжуулагч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2-54-б6 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч ******* нь 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн төвийн гадаа хохирогч*******той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа 2-3 удаа цохиж, улмаар баруун гар луу нь өшиглөж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч*******ын мөрдөн байцаалтан өгсөн: ... Би 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Хөх толгойн цаана байх 2,7 дугаар багийн байрны үүдний шатан дээр сууж байсан чинь дотроос нь нэг залуу гарч ирээд чи муу манайхаас өөр юу авсан гээд учир зүггүй нүдээд эхэлсэн. Энэ үед миний баруун гарын шуу руу өшиглөчихсөн. Тэгээд маргааш нь өвдөөд байхаар нь зургийг нь авахуулсан чинь хугарсан байсан. Түүнийг ******* гэдэг гэсэн. Би согтуу явж байгаад хашаанд нь ороод байшингийнх нь цонхыг хагалаад гэрт нь орчихсон байгаад баригдчихсан юм ... Би энэ айлын гэрийн цонхийг хагалж орсноос болоод ийм байдалд хүрсэн болохоор би энэ залууд гомдол санал гаргахгүй. Ер нь бол гар хугарсан гипс тавиулж эмчилгээ хийлгэсэн. Би энэ хүнд гэрийнх нь эд зүйлийг төлж өгч чадаагүй болохоор дээрээс нь ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл үнэндээ байхгүй. Цаашид гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Одоо гар гайгүй эдгэх шинжтэй, гипстэй байгаа ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 17/,

Гэрч *******ийн мөрдөн байцаалтан өгсөн: ... Тэгээд удаагүй эргээд над руу утсаар яриад ах нь гараа гэмтээсэн гэхээр нь би дагуулаад эмнэлэг дээр ирж үзүүлээд Ганзориг эмчийн өрөөнд оруулсан. Гэтэл Мөнхтулга хэсгийн байцаагч утсаар яриад Ганболдыг асуугаад наадах чинь өчигдөр *******г гар гэмтээчихсэн гээд байсан зүгээр үү гэж асуухаар нь энэ *******д зодуулсан талаар мэдсэн. Тэгээд гартаа гипс боолгоод гараад ирэхээр нь ******* чинь зодсон юм уу гэсэн чинь гар луу өшиглөөд гар ингэчихсэн юм гэж хэлсэн хэлсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24/,

Гэрч Б.Мөнхтулгийн мөрдөн байцаалтан өгсөн: ... Тэр үед би Ганболдыг гадаа гараад сууж бай гэж хэлээд *******тай уулзаж тайлбар аваад ярьж байгаад гаргасан чинь гадаа гараад Ганболдын гарлуу нь өшиглөчихөөд явсан байсан. Тухайн үед Ганболд нь манай өрөөнд орж ирээд энэ гарсан залуу эвдсэн зүйлээ төлж өг гэхээр нь одоо боломжгүй, яваандаа болох байх гэсэн чинь гарлуу өшиглөөд гар хачин болгочихоод явчихлаа гээд байхаар нь чи маргааш үзүүлж харуулаад ир, гайгүй байлгүй дээ гээд явуулсан. Гэтэл маргааш үдээс хойш нь баруун гараа боочихсон нэг савхан яс хугарсан байна гээд ирсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30/,

Шүүгдэгч *******н мөрдөн байцаалтан өгсөн: ... Би гадаа гараад ирсэн чинь энэ Ганболд гадна үүдэнд сууж байхаар нь та яаж байгаа юм, би таньд өргүй, бидний хооронд ямар нэгэн асуудал байхгүй биз дээ гэсэн чинь тэгж байгаад яваандаа хоёулаа болох байлгүй дээ, ах нь төлбөрийн чадваргүй гээд намайг үл тоомсорлоод байхаар нь би уур хүрээд чи мөрөөрөө амьдарч байгаа хүмүүст битгий гай болоод бай, би чамд өргүй биз дээ гээд нүүрэнд нь хэд алгадаж аваад дараа нь хэд хэдэн удаа цохиж аваад ганц нэг удаа өшиглөж авчихаад машиндаа суугаад гэрлүүгээ явсан ... маргааш нь хэсгийн байцаагч над руу утсаар яриад чи гадаа Ганболдыг зодчихсон юм уу, өөрийг чинь явсны дараа Ганболд эргэж орж ирээд гадаа намайг зодоод гар гэмтээчихлээ гээд байхаар нь би үзүүлж харуулаад ир гээд явуулсан чинь гарныхаа зургийг авахуулаад хугарсан байна гээд ирлээ гэж ярьсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-41/,

Баянхонгор  аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 192 тоот шинжээчийн ...*******ын биед баруун богтос ясны дунд 1/3 хэсгийн талд хугарал гэмтэл тогтоогдлоо. ... Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх- ийн 33/ зэрэг болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд дүгнэхэд шүүгдэгч ******* нь 2017 оны 04 сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн төвийн гадаа гэрийнх нь эд зүйлийг хулгайлсан*******ын баруун гарлуу нь хөлөөрөө өшиглөж баруун богтос ясны дунд ясыг хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь хэрэгт авагдсан дээрх үйл баримтын тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч*******, гэрч *******, З.Мөнхтулга, шүүгдэгч ******* нарын мэдүүлэг, *******н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсаныг тогтоосон Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 сарын 10-ны өдрийн 192 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Прокуророос *******н дээрх үйлдэл холбогдолийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба уг хуулиар гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдал дордож байх тул түүний үйлдэлийг шинэ Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар өөрчлөн зүйлчилж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч******* нь гэмт хэргийн улмаас гаргах гомдол санал нэхэмжлэх зүйлгүй тухайгаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлж энэ талаархи хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч *******г учруулсан хохирлыг сайн дураараа төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******н TSL маркийн телевизорыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг рентген зургийг хохирогч*******од буцаан олгож, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч *******д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 болгон өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч ******* овогт ******* *******г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 240 цагийн цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* нь 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******н TSL маркийн телевизорыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг рентген зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч*******од буцаан олгосугай.

8. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.           

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА