Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2021/ДШМ/21

 

Э.Өлзийсайханд холбогдох  

эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч, ерөнхий шүүгч          Д.Буянжаргал

                                          Шүүгчид                                      Б.Эрдэнэхишиг                                                                      

                                                                                      Г.Давааренчин

                                

                                    Оролцогчид                        

                                            Прокурор                                     Д.Шинэбал /цахим/

                                              Хохирогч                                         Э.Отгонжаргал /цахим/

                                              Хохирогчийн өмгөөлөгч              Ж.Энхжаргал /цахим/

                                              Хохирогчийн өмгөөлөгч              Г.Амартүвшин

                                              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцуулан, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолыг эс  зөвшөөрч  бичсэн хохирогч Э.Отгонжаргалын давж заалдсан гомдлын дагуу Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Анчин аав овогт Энх-Амгалангийн Өлзийсайханд холбогдох эрүүгийн 19320012200190 дугаартай, 4 хавтас  хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, халх, 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрчим хүчний инженер мэргэжилтэй, "Өөдлөн дэвших Мандал" ХХК-ний захирал ажилтай, Сэпэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг, Сүүл толгойн 2-55 тоотод оршин суух, Улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Анчин аав овогт Энх-Амгалангийн Өлзийсайхан /РД:УК91011730/,

 

Холбогдсон хэргийн талаар: Э.Өлзийсайхан нь 2015 онд Э.Отгонжаргалтай Сэлэнгэ аймгийн Мандал суманд авто ломбардын үйл ажиллагаа явуулах талаар харилцан тохирч 122.528.350 төгрөгийг авч, улмаар эргүүлэн төлөлгүй завшсан. 2015 онд хохирогч Э.Отгонжаргалтай харилцан тохирч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүний шилжүүлсэн 50.000.000 төгрөгөөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг Тост өргөө байрны В блокны 1-1, Тост өргөө 3 дугаар байрны В зоорины давхрын 36м2 талбайтай авто зогсоол зэрэг 2 объектыг худалдан авч, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан улмаар А.Пагмадулам, Б.Отгончимэг нарт худалдаж, залилсан" гэх гэмт хэргүүд тус тус холбогджээ.

 

Анхан шатны шүүх Э.Өлзийсайханд холбогдох хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд 08 дугаартай шийтгэх тогтоолоор:

“1.Анчин аав овогт Энх-Амгалангийн Өлзийсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Бусдын итгэмжпэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж их хэмжээний хохирол учруулсан" гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “хуурч, эсхүл бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Э.Өлзийсайханыг 10000 /арван мянга/ нэгж буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Э.Өлзийсайханыг 10000 /арван мянга/ нэгж буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Өлзийсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 10000000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 10000000 төгрөгөөр торгох ялыг нэмж, нэгтгэн нийт 20000000 /хорин сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Э.Өлзийсайханыг уг торгох ялыг 36 /гучин зургаа/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Э.Өлзийсайханаас 166528350 /нэг зуун жаран зургаан сая таван зуун хорин найман мянга гурван зуун тавин/ төгрөг гаргуулж, хохирогч Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 16-р хороо 16-р хорооллын 16-05 тоотод оршин суух, РД:МА84061108, утас:99086227/ Харчу овогт Эрдэнээгийн Отгонжаргалд олгосугай.

6.Энэ хэрэгт Э.Өлзийсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, эд мөрийн баримт болон бичиг баримт хураагдан ирээгүйг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 28 дугаартай прокурорын тогтоолоор битүүмжилсэн хөрөнгө болох Даваасүрэнгийн Шинэчимэгийн эзэмшлийн Г-1307000235 дугаартай Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дүгээр баг Сүүл толгойн 10-1001 тоотод байх 104 м2, 36 м2 талбайтай хувийн сууц, гражийн зориулалттай эд хөрөнгө, 2020 оны 08 дугаар сарын 10-ны 32 дугаартай прокурорын тогтоолоор Б.Отгончимэгийн эзэмшлийн Ү-1307007795 дугаартай Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Ширхэнцэг Тост-өргөө 3 дугаар байр В зоорины давхарт 32м2 талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 2020 оны 07 дугаар сарын 30-ны 30 дугаартай прокурорын тогтоолоор А.Пагмадуламын эзэмшлийн Ү-1307007529 дугаартай бүртгэлийн гэрчилгээтэй Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Ширхэнцэг Тост-өргөө 7 дугаар байр В блокийн 1-1 тоотод байх 34.11 м2 талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг хүчингүй болгосугай.

8.Шүүгдэгч Э.Өлзийсайханд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй...” гэж, дээрхи шийдвэрийг эс зөвшөөрвөл эрх бүхий этгээд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Э.Отгонжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2015 оны эхээр нөхөр Г.Батзоригийн эгч АНУ-д байдаг учир эгчээрээ АНУ-н банкнаас зээл авахуулан байр авах гээд байж байтал хамаатаны дүү Д.Шинэчимэг нөхөр Э.Өлзийсайхантай хамт ирж та энэ мөнгийг ингэж шууд байр авч байхаар нэг эргүүлээд өсгөөд хүүг ашиглая гэж хэлээд Мандал суманд авто ломбард ажиллуулая гэхээр нь би дүү нартаа итгэж хамтарч ажилахаар болж бие биеэндээ итгэлцэж би Э.Өлийсайхан руу цувруулан 172.000.0000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл эхний үед хүү гэж надруу хэдэн төгрөг буцааж шилжүүлж байгаад мөн үйл ажиллагаа явуулах байр авах шаардлагатай гээд би очиж байрны авах талаар хүмүүстэй уулзаад Мандал сумандаа байртай болохоор ярьж тохирч байр авахаар гэрээ хийж мөнгө төгрөгийг шилжүүлсэн.

Гэтэл Э.Өлзийсайхан ажил муу байна гээд сүүлдээ мөнгөө шилжүүлэхээ больсон. Тухайн үед миний бие муу байсан учир гадаад явж эмчлүүлээд хяналт жаахан муутай байсан. Ингээд цаг хугацаа яваад байсан би мөнгө нэхэж бидний хооронд маргаан гарч асуудлыг судалхад миний гэрээ байгуулан авсан байрны бичиг баримтыг өөрийн нэр дээрээ шилжүүлсэн байсан тэр байраа дур мэдэн зарсан атлаа байр зарагдаагүй гэж худал яриад явсан байсан. Миний мөнгөөр авсан байр, авто машины зогсоолыг өөр хүнд дур мэдэн гарж түүнийг зараагүй мэтээр нууж далдаж яваад хэргийн явцад илэрсэн болно. Би өнөөдөр хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зүйлийн дахин энд дурьдмааргүй байна.

Гагцхүү шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж хохирогч миний эрх ашгийг хамгаалахгүйгээр асуудлыг нэг талаас харж шийдсэнд гомдолтой байна. Э.Өлзийсайханд оногдуулсан ялын хувьд ч миний хохирлыг төлж барагдуулж чадахгүй байгаа хүн 20 сая төгрөгийн торгуулийг төлж барагдуулах уу гэдэгт ч миний хувьд эргэлзээ төрсөн. Хамгийн гол нь би өнөөдөр хохирлоо төлүүлж авах л гол асуудал маань байна.   

Шүүх Эрүүгийн хуулийн 7.5-р зүйлийн 1, 7.5-р зүйлийн 5-д зааснаар хэлцлийг хүчингүйд тооцож хөрөнгө орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлж болохоор заасан байхад шүүх үүнийг харгалзан үзэж хэрэглэхгүйгээр хэргийг шийдсэн гомдолтой байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р баг, Тост өргөө 3-р байрны В блокийн 1-1 тоот, А.Пагмадуламд зарагдаж үл хөдлөх нь шилжсэн, мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р баг, Тост өргөө 3-р байр, В зоорины давхарын 36 м2 авто зогсоол Б.Отгончимэгт зарагдаж үл хөдлөх нь шилжсэн. Эдгээр хөрөнгөнүүдийг бусдын өмчлөлд шилжсэн хэлцэлийг хүчингүйд тооцож, хөрөнгийг хураан авч хохирлыг төлүүлж өгнө үү хэмээн энэхүү гомдолоо гаргаж байна. Иймд хэргийг хянан үзэж миний гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хохирогч Э.Отгонжаргалын өмгөөлөгч Г.Амартүвшин давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Гомдлын үндэслэлийн хувьд бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5-д зааснаар хэлцлийг хүчингүйд тооцож хөрөнгө орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлж болохоор заасан байхад шүүх үүнийг харгалзан үзэж хэрэглэхгүйгээр хэргийг шийдсэн гомдолтой байна гэсэн. Шүүх хөрөнгийг хураан авч хохирлыг барагдуулах боломжтой байсан гэдэг. Энэ хэрэгт хохирогч А.Пагмадулам гэмт хэрэг үйлдсэн болохыг мэдсээр байж авсан байх үндэслэлтэй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл улсын бүртгэлийн лавлагаа гарсан. Уг лавлагаа нь 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Э.Өлзийсайханы нэр дээр бүртгэлтэй байж байгаад 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр А.Пагмадуламын нэр дээр шилжсэн байдаг.

Эрүүгийн хариуцлагын хувьд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хувийн байдлаас шалтгаалан хөнгөрүүлж, хүндрүүлэх байдлыг харгалзаж үзнэ. Гэтэл анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн гэж хөнгөрүүлж, аль аль гэмт хэргийнхээ хохирлыг төлөхгүй байгаа хүнд 3 жилийн хугацаагаар торгох ял ногдуулсан. Энэ 3 жилийн хугацаанд хохирогчийг хохироосоор байх уу? энэ нь эрүүгийн хуулийн зарчимтай нийцэхгүй байна. 2015 оноос хойш 6 жилийн хугацаанд хохирогч сэтгэлзүй, хөрөнгө, бие махбод зэргээр маш их хохирсон. Зөвхөн АНУ-с зээлсэн зээл нь хүүтэйгээ долларын ханшийн зөрүүгээр 360,000,000 төгрөг болчихсон. Э.Өлзийсайхан огт хохирлыг барагдуулахгүй байгаагаа “хүмүүс зээлээ буцааж өгөхгүй байна” гэдэг бол хавтаст хэрэгт авагдсан баримтаар ломбарднаас авсан хүмүүс бүгд хүүтэйгээ хамт мөнгөө өгчихсөн байдаг. Тийм ч учраас санхүүгийн алдагдалд орсон гэж үзэж болохгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш өнөөдрийг хүртэл 4 сарын хугацаанд Э.Өлзийсайхан хохирлоо төлөхийг огт хүсээгүй, гэмшсэн сэтгэл ч алга. Хүнийг хохироосон хэр нь 2020 онд лизингээр машин авч унасан байгаа. Залилах гэдэг гэмт хэрэг л өөрөө хүндрүүлэх нөхцөл юм. Тиймээс шалгах асуудлыг шалгаж, хуулийн дагуу ял хариуцлагыг хүлээлгэх саналтай байна гэв.

 

Хохирогч  Б.Отгончимэг давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Отгончимэг миний бие нь хохирогч Э.Отгонжаргалын гаргасан гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Манайх “Тост – Өргөө” хотхонд амьдардаг ба машины зогсоол зарна гэсэн зар яваад байхаар нь Э.Өлзийсайхан гэх залуутай утсаар яриад 36 м2 талбай бүхий автомашины зогсоолын зориулалттай объектыг 8,000,000 ( 8 сая ) төгрөгөөр худалдаж авсан.

Энэ объектыг авахдаа хууль журмынх нь дагуу худалдах, худалдан авах гэрээ хийж, нотариатаар ороод үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлж, гэрчилгээг өөрийнхөө нэр дээр авсан юм. ...Гэтэл цагдаагийн байгууллага хууль ёсны өмчлөгч миний эд хөрөнгөнд халдаж битүүмжилсэн. Надад ямар нэгэн хохирол байхгүй байхад хүчээр хохирогчоор тогтоож гарын үсэг зуруулсан зэрэгт гомдолтой байна. Ер нь яаж ч бодсон Э.Өлзийсайхан нь А.Пагмадулам бид хоёрыг залилж мэхэлсэн, төөрөгдөлд оруулсан, итгэл эвдсэн үйлдэл байхгүй гэж боддог.

Иймд хууль ёсны өмчлөгч миний эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосон шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

Хохирогч  А.Пагмадулам давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: А.Пагмадулам миний бие Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 01 сарын 27-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолыг хуулийн дагуу үндэслэлтэй гарсан шийдвэр гэж үзэж байна. 2018 оны хавар Мандал сумын захын узелээр зарлагдсан үл хөдлөх хөрөнгө зарна гэсэн зарын дагуу би Өлзийсайхан гэдэг залуутай очиж уулзахад өөрийнх нь нэр дээр өмчлөх эрхийн бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ үзүүлсэн. Би энэ гэрчилгээгээр Өлзийсайханы өмч хөрөнгө мөн юм байна гэсний үндсэн дээр уг объектыг 46,000,000 төгрөгөөр худалдаж авсан юм. Би энэ бүхнийг хуулийн дагуу хийгдсэн гэрээ, хэлцэл гэж үзэж байна.

Гэтэл 2020 онд цагдаагаас дуудаж намайг хохирогчоор байцааж, миний худалдаж авсан объектыг битүүмжилнэ гэхээр нь би зөвшөөрөөгүй, би хохирсон зүйл байхгүй, бүх зүйл хуулийн дагуу хийгдсэн тул би хохирогч биш гэж хэлэхэд хулээж аваагүй, эцэст нь шүүх дээр очиж үнэн зөв шийдэгдсэн. ...Шүүх хуралд хохирогч Э.Отгонжаргал мэдүүлэхдээ тухайн 2 объектын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Өлзийсайхан өөрийнхөө нэр дээр гаргуулсан тухайгаа надад хэлсэн, намайг өвчтэй зовлонтой байхад нааш цааш нь явуулаад яахав гээд өөрийнхөө нэр дээр гаргуулсан байх гэх зэргээр ярьсан. Төрөл садан хүмүүсийн хоорондын асуудлаас болж хуулийн дагуу худалдаж авсан эд хөрөнгөөрөө хохирох ёсгүй гэж би үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

Хохирогч Б.Отгончимэг, А.Пагмадулам нарын өмгөөлөгч Ж.Энхжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хэрэгт хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа  хангалттай, бүрэн гүйцэд хийгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн нотолсон бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон хохирол болох 172.528.350 /нэг зуун далан хоёр сая таван зуун хорин найман мянга гурван зуун тавин/ төгрөгөө эрүүгийн хэрэг хянан шйидвэрлэх ажиллагааны явцад 6.000.000 /зургаан сая/ төгрөгийг хохирогч Э.Отгонжаргалд дансаар шилжүүлэн төлсөн, үлдэгдэл хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувиин байдал зэргииг тал бурээс нь нотлож, хэн нэгний хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн зүйл байхгүй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүгч, прокурор болон мөрдөгч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасны дагуу үнэлсэн байна. Сум дундын шүүх нь Эрүүгиин хуулииг буруу хэрэглээгүй, Эрүүгиин хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, шийтгэх тогтоол нь тодорхой,  ойлгомжтой, хууль ёсны бөгөөд зүйн үндэслэлтэй байна.

Иймд хохирогч Э.Отгонжаргалаас “Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р баг, Тост өргөө 3-р байрны В блокийн 1-1 тоот, А.Пагмадуламд зарагдаж үл хөдлөх нь шилжсэн, мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р баг, Тост өргөө 3-р байр, В зоорины давхарын 36 м2 авто зогсоол Б.Отгончимэгт зарагдаж үл хөдлөх нь шилжсэн. Эдгээр хөрөнгөнүүдийг бусдын өмчлөлд шилжсэн хэлцэлийг хүчингүйд тооцож, хөрөнгийг хураан авч хохирлыг төлүүлж өгнө үү...” гэсэн гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр тайлбар гаргаж байна гэв.

 

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Хохирогч нарын өмгөөлөгч нарын ярьсныг сонслоо. Миний хувьд давж заалдах шатны шүүхэд тайлбарыг бичгээр хүргүүлсэн байгаа. Прокурорын хувьд мөрдөн шалгах ажиллагаа хангалттай хийгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон гэж үзэж байна. Хавтаст хэрэгт нотлох баримтаар тогтоогдсон 172,520,350 төгрөгөөс шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд 6,000,000 төгрөг хохирогчид төлсөн, үлдэгдэл хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тал бүрээс дүгнэсэн. Хэрэгт цугларсан нотлох баримтыг шүүгч, прокурор, мөрдөгч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15, 16 дугаар зүйлд заасанчлан тал бүрээс бүрэн гүйцэт, нягт нямбай хянаж үзэн өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэсэн байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хууль ноцтой зөрчөөгүй, шийтгэх тогтоол тодорхой ойлгомжтой, хууль ёсны үндэслэлтэй байна гэж үзэж байх тул Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 8 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Э.Өлзийсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд түүнийг дээрх гэмт хэргүүдэд гэм буруутайд тооцож, тус бүр 10000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгож, уг торгох ялыг нэмж нэгтгэн 20.000.000 торгох,  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэсэн байна.

 

Хохирогч Э.Отгонжаргалын давж заалдах гомдлын дагуу Э.Өлзийсайханд холбогдох эрүүгийн 19320012200190 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

  Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Өлзийсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан залилах гэмт хэргийг, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2-т заасан завших гэмт хэргийг тус тус хүндрүүлэх нөхцөлтэйгөөр үйлдсэн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх ба тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал  тогтоогдоогүй, мөн хуулийн  1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох  үүргээ мөрдөгч, прокурор  биелүүлээгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Э.Өлзийсайхан хохирогч Э.Отгонжаргал нар нь урьдаас бие биенээ таньж мэддэг байсан байх ба 2015 оны эхээр Сэлэнгэ аймгийн Мандал суманд барьцаалан зээлдэх газар /авто ломбард/ ажиллуулахаар харилцан тохирч үйл ажиллагаа явуулахад зориулах мөнгийг хохирогч Э.Отгонжаргал гаргаж барьцаалан зээлдүүлэх газрын үйл ажиллагааг шүүгдэгч Э.Өлзийсайхан хариуцан ажиллуулахаар харилцан тохиролцож улмаар хохирогч Э.Отгонжаргалаас 2015 оны 01 сарын 19-ний өдрөөс эхлэн  хамтын үйл ажиллагаанд  зарцуулах мөнгийг шүүгдэгч Э.Өлзийсайханд шилжүүлжээ.

Шүүгдэгч Э.Өлзийсайхан нь 2015 оны 02 сард  нэг гишүүнтэй “Өөдлөн Дэвших Мандал” ХХКомпанийг шинээр үүсгэн байгуулж үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлээ  барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа гэж тодорхойлон хуулийн этгээдийг  улсын эрхийн бүртгэлд бүртгүүлэн хохирогч Э.Отгонжаргалаас шилжүүлсэн мөнгөөр  иргэдэд зээл олгож компаний  үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна.  

“Өөдлөн Дэвших Мандал” ХХКомпаний  үйл ажиллагааг Э.Өлзийсайхан  удирдан явуулж,  олсон  орлогоос хохирогч Э.Отгонжаргалд мөнгийг буцаан төлөх талаар харилцан тохиролцсон” гэж хэргийн оролцогчид тайлбарлажээ.

Уг тохиролцооны дагуу Э.Өлзийсайхан нь орлогоосоо мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүйн улмаас тэдгээрийн хооронд зөрчил үүсэж, улмаар хохирогч Э.Отгонжаргал нь цагдаагийн газарт гомдол гаргаснаар 2019 оны 07 сарын 01-ний өдөр шүүгдэгч Э.Өлзийсайханд  хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар дээрхи үйл баримтууд тогтоогдсон.

            Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн гомдлын дагуу шүүгдэгч Э.Өлзийсайханд холбогдох хэргийг тодорхой хэмжээнд шалгасан боловч түүний гэмт үйлдлийг  бүрэн тогтоогоогүй, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг гарсан хугацаа, гэмт хэргийн хор уршиг, хохирлын хэмжээ, шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрийг  нарийвчлан тогтоогоогүй байна.

             Шүүгдэгч Э.Өлзийсайхан нь  анхнаасаа Э.Отгонжаргалыг  хууран мэхэлж мөнгийг нь авахын тулд хохирогчтой хамтран ажиллах  хэлцлийг дүр үзүүлэн хийсэн үү өөрөөр хэлбэл  тухайн хамтран ажиллах хэлцэл нь гэмт хэрэг үйлдэх арга нь байсан уу,  эсхүл хамтран ажиллах гэрээний дагуу ажиллах явцад үйл ажиллагаанд нь эрсдэл үүсэж алдагдалд орсноор хохирогчид хэлцлийн дагуу мөнгө шилжүүлж чадахгүй байдалд хүрсэн үү гэдэг нь тодорхойгүй, мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн үйлдэл, сэдэлт зорилгыг шалгаж тогтоогоогүй байна.

            Хэрэгт авагдсан баримтаар хохирогч Э.Отгонжаргалаас шүүгдэгчийн ХААН банк дахь дансанд 2015 оны 01 сарын 19-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хооронд бие биедээ мөнгө шилжүүлсэн тухай баримтууд авагдсан байх ба гэмт хэрэг гарсан хугацааг хохирогчоос анх мөнгө шилжүүлсэн үеэс тоолж байна уу эсвэл үйл ажиллагааны орлогоос хохирогчид мөнгө  шилжүүлээгүй үеэс тоолж байгаа юу гэдэг нь тодорхойгүй, Прокурорын яллах дүгнэлтэд  шүүгдэгчийг   2015 онд  гэмт хэрэг үйлдсэн гэж  гэмт хэрэг гарсан хугацааг ерөнхий байдлаар тогтоосон нь  үндэслэлгүй болжээ.    

            Гэмт хэрэг гарсан хугацааг тогтоох нь хэргийн хөөн хэлэлцэх хугацааг  тоолоход болон хууль хэрэглээний чухал ач холбогдолтой тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн буюу гэмт хэрэг гарсан хугацааг нарийвчлан тогтоох нь зүйтэй юм.

           

            Шүүгдэгч Э.Өлзийсайхан нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг гарах болсон шалтгаанаа хохирогчтой байгуулсан хамтран ажиллах хэлцлийн дагуу  зээлийн үйл ажиллагаа явуулах зорилгоор компани байгуулж үйл ажиллагаа явуулж байгаад зээлдэгч нар зээлээ эргэн төлөх үүргээ биелүүлээгүйгээс эрсдэлд орсон гэж мэдүүлдэг.

             Хэрэгт  “Өөдлөн Дэвших Мандал” ХХК нь тодорхой иргэдэд зээл олгох үйл ажиллагаа явуулсан  тухай иргэдтэй байгуулсан зээлийн гэрээнүүд авагдсан байх ба тус компанитай байгуулсан зээлийн гэрээнийхээ дагуу иргэд үүргээ тодорхой хэмжээгээр биелүүлсэн тухай баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог тул тус компанийг  тодорхой ашиг олсон гэж үзэхээр байна.

             Гэтэл мөрдөн байцаалтын шатанд  “Өөдлөн Дэвших Мандал” ХХК нь  эрх бүхий байгууллагаас зээлийн  үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй эсэх, зээлийн үйл ажиллагаа явуулж ашиг орлого олсон эсэх, татвар төлсөн эсэх, тус компани нь одоо үйл ажиллагаа явуулж байгаа эсэх, компаний хөрөнгийн болон дансны  талаарх мэдээлэл зэргийг огт шалгаагүй байна.

 

            Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ мөрдөгч, прокурор биелүүлээгүй гэж үзлээ.  

Мөн тус хэргийн хохирлыг хэрхэн тооцсон, шүүгдэгч Э.Өлзийсайхан нь хохирогч Э.Отгонжаргалаас шилжүүлсэн мөнгийг хэрхэн захиран зарцуулсан болон  шүүгдэгчийн  орлого, эд хөрөнгийн байдал түүний бусдад худалдсан хоёр  үл хөдлөх хөрөнгийн төлбөрт авсан гэх автомашинууд одоо байгаа эсэхийг шалгаагүй, хохирогч, шүүгдэгч нар нь хамтран ажиллах хэлцлийнхээ дагуу тодорхой үйл ажиллагаа явуулсан гэж үзвэл тухайн үйл ажиллагаа явуулахад  гаргасан  гэх зардлыг  хохиролд оруулан тооцох эсэх талаар огт дүгнэлт хийгээгүй,  гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг мөрдөн байцаалтын шатанд нарийвчлан тогтоогоогүй, Прокурор яллах дүгнэлтдээ хохиролтой холбоотой талаар дүгнэлт хийгээгүй, хохирлын тооцоог үндэслэл бүхий баримтаар тооцон гаргаагүй байх тул  гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ нарийвчлан тогтоогдоогүй гэж үзнэ.

 

            Прокуророос шүүгдэгч Э.Өлзийсайханыг 2015 онд Э.Отгонжаргалтай харилцан тохирч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүний шилжүүлсэн 50.000.000 төгрөгөөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг Тост өргөө байрны В блокны 1-1, Тост өргөө 3 дугаар байрны В зоорины давхрын 36м2 талбайтай авто зогсоол зэрэг 2 объектыг худалдан авч, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан улмаар А.Пагмадулам, Б.Отгончимэг нарт худалдаж Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан залилах гэмт хэргийг үйлдсэнээр яллах дүгнэлт үйлдсэн байх ба хэрэгт иргэн А.Пагмадулам, Б.Отгончимэг нарыг хохирогчоор тогтоож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ.  

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ гэж тодорхойлсон.

            Шүүгдэгч Э.Өлзийсайхан нь хохирогч Э.Отгонжаргалын үл хөдлөх хөрөнгө худалдах авахаар шилжүүлсэн мөнгөөр  2 объектыг  худалдан авч, улсын бүртгэлд үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлснээр тус  хөрөнгүүдийн өмчлөгч болсон байх ба өөрийн өмчлөлд бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгүүдийг иргэн А.Пагмадулам, Б.Отгончимэг нарт тус тус  худалдах худалдан авах гэрээгээр  худалдсан үйл баримт тогтоогддог.

            Гэтэл Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Иргэний хуулийн холбогдох заалтуудын хүрээнд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн  өмчлөгчөөр хохирогч  Э.Отгонжаргал албан ёсоор тогтоогдоогүй нөхцөлд иргэн А.Пагмадулам, Б.Отгончимэг нарыг энэ хэрэгт хохирогчоор тогтоож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь ойлгомжгүй болжээ.

 

            Иймд нотолбол зохих байдал  тогтоогдоогүй, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзлээ.

            Давж заалдах шатны шүүхээс  хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцааж байгаа тул хэргийн шийдэл болон хохирогчийн давж заалдах гомдолд дүгнэлт хийгээгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг  прокурорт буцаасугай.

 

            2.Шүүгдэгч Э.Өлзийсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн  үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                       ШҮҮГЧИД                                   Б.ЭРДЭНЭХИШИГ

                                                                                 Г.ДАВААРЕНЧИН