| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2022/02746/и |
| Дугаар | 102/ШШ2022/02895 |
| Огноо | 2022-08-22 |
| Маргааны төрөл | Аялал жуучлал, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 102/ШШ2022/02895
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Баянзүрх дүүрэг ... тоотод оршин суух, регистр ..., Т... овогт Ц...ын Энхтулга,
Хариуцагч:Баянгол дүүрэг, ... тоотод байрлах, регистр ..., Г... Академи НҮТББ,
Нэхэмжлэлийн шаардлага:6 482 400 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Ц.Э..., хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Э... нь хариуцагч Г... академи НҮТББ-д холбогдуулан 6 482 400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Би Г... академи НҮТББ-ын Америкийн Нэгдсэн Улс руу аяллын хөлөг онгоцон дээр ажилд зуучилна гэсэн зарын дагуу очиж уулзахад, 14 хоног сургалтанд суугаад сарын дотор явна гэсэн мэдээлэл өгсөн.Улмаар 2019 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр тус төвийг төлөөлж С.Н...тэй АНУ руу хөлөг онгоцонд ажилд зуучлах гэрээ байгуулан 5000 ам доллар тушаасан.Гэтэл үүнээс хойш өнөөдрийг хүртэл АНУ руу ямарч ажилд зуучилж явуулаагүй бөгөөд төлбөрөө буцаан авч чадахгүй байна.Уг нь гэрээний дагуу сургалтанд суусан 2000 ам доллараа суутгуулаад үлдэгдэл төлбөр болох 3000 ам долларыг буцаан нэхсэн юм. Удаа дараа хэл ам хийн нэхэж 2020 онд 600 ам долларыг буцаан авснаас хойш өнөөдрийг хүртэл үлдэгдэл ямарч төлбөр буцааж өгөөгүй.Иймд нийт үлдэгдэл болох 2400.00 х 2701 төгрөг (тухайн өдрийн долларын ханш) = 6,482,400 төгрөгийг гаргуулна гэв.
Хариуцагч хариу тайлбартаа:Г... Академи ТББ нь 2019 оны 7 дугаар сараас эхлэн БНСУ-д байрлах C... Company-ийн монгол төлөөлөгч Б.Д..тэй холбоо тогтоож, Cruise аялалын хөлөг онгоц дээр ажиллах хүч зуучлах хөтөлбөрийг сонирхсон билээ.
Дээрх компаниудыг судлан үдэхэд Малайз улсад байрлах M... Асаdеmу компанитай хамтарч ажиллах гэрээтэй нь үнэн болох нь батлагдсан бөгөөд тэдний хамтран ажилладаг M...Асаdеmу нь Cruise аялалын хөлөг онгоцонд ажиллаххүчийг сурган бэлтгэх эрхтэй компани байсан.
Тиймээс манай компани 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн Круз аяллын хөлөг онгоцонд ажиллах хөтөлбөрийн шалгуурт нийцэх хүмүүсийг олж, анхан шатны ярилцлагад бэлдэх зорилгоор C... Center компанийн Монгол дах Маркетингийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болж, D...компанитай хамтран ажиллах туршилтын гэрээ байгуулсан.Уг үүргийнхээ дагуу тус компанийн Монгол төлөөлөгч Б.Д...тэй хамтран аяллын хөлөг онгоц дээр ажиллах хүсэлтэй Англи хэлтэй хүмүүсийг бүртгэж эхэлсэн үүний дунд Ц.Э... байсан бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр анхан шатны ажлын ярилцлагад тэнцэн 2 дугаар шатны ажлын түргэвчилсэн сургалтад хамрагдахаар Малайз улс руу явахаар болсон.Ц.Э... нь гэрээний дагуу 2 дугаар шатны ажлын ярилцлага бодон сургалтад явахын өмнө 5000 ам долларыг C....Center компанийн данс руу 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шилжүүлсэн.
Ц.Э... нь 2019 оны 11 дүгээр сарын 24-нд 7 Хоногийн Cruise аялалын сан онгоцны ажилчдын сургалт болон 2 дугаар шатны ажлын ярилцлагад орохоор Малайз улсыг зорьсон.Малайз улсад очоод хөтөлбөрт амжилттай хамрагдаж Р... аялалын хөлөг онгоц дээр G...d албан тушаалд тэнцэж 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ажлын гэрээ болон бусад бүрдүүлэх шаардлагатай бичиг баримт материалын жагсаалтыг хүлээн авсан.
Гэвч Ц.Э... нь 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өөрийн ээж болох Д.Б... нь өвчтэй хагалгаанд орох шаардлагатай байгаа тул ажиллахаар явах боломжгүй гэсэн бөгөөд төлсөн төлбөрөө буцааж авах хүсэлтэй тухайгаа манайд хэлсэн.Тухайн үед манай компани нь түүний яагаад явах боломжгүй болсон талаар тайлбарласан албан и-мэйлыг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр C... Center болон D... компани руу тус тус хүргүүлсэн.
Гэвч C....Center нь Ц.Э...д Ажлын ярилцлаганд тэнцсэн, хөдөлмөрийн гэрээгээ хүлээн авсан тул төлбөрийг буцааж олгох боломжгүй" тухай тайлбараа и-мэйл бичсэн гэсэн.Гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу уг тайлбар и-мэйлыг C... A...Center шууд Ц.Э...д бичсэн бөгөөд манай компани руу хариу ирээгүй, бид ямартай ч үлдэгдэл төлбөрийг өгөх боломжгүй юм байна гэдгийг ойлгосон.
Уг и-мэйлийг хүлээн авсны дараа Ц.Э... манай байгууллага дээр ирж удаа дараа хэл ам хийсэн.Гэвч манайх зуучлалын хөлстэй холбоотой асуудалд оролцох эрхгүй бөгөөд төлбөр болох 5000$ нь шууд C...Center-ийн данс руу шилжсэн.
Зөвхөн маркетингийн чиглэлээр хамтран ажилладаг гэрээтэй тухай удаа дараа Ц.Э...д тайлбарлан Монгол төлөөлөгч болох Б.Д...тэй холбогдохыг зөвлөн өөрсдийн зүгээс ч мөн Б.Д...тэй холбогдож байгаагаа хэлсэн.
Ц.Э...ыг ирэх бүрт бид D... компанийн Монгол төлөөлөгч Б.Д... болон Б.Д...-н эзэмшлийн Cruise аяллын хөлөг онгоцонд ажилтан зуучлах зорилгоор шинээр байгуулагдсан Монгол дах салбар Д... ХХК-тай холбогдож байсан.
Мөн Б.Д....гийг Монголд ирэх үед /2020 оны 4 дүгээр сарын 14/ манай байгууллагын гүйцэтгэх захирал Г.Б... нь Ц.Э...г дагуулан очиж биечлэн уулзсан.Уг уулзалтаар Г.Б... нь өөрсдийн компаний байр суурийг илэрхийлэн Ц.Э... болон Б.Д... нарыг харилцан тохиролцохыг хүссэн боловч тодорхои үр дүнд хүрээгүй.Гэсэн хэдий ч "Бид хоорондоо учир зүйгээ ололцоно" гэж хэлээд Ц.Э... болон Б.Д... нар холбогдох утас, фэйсбүүк чат, и-мэйл хаяг зэргийг солилцож цаашдаа өөрсдөө хоорондоо харилцаж эхлэсэн.
D... компани нь Ц.Э...г ажлын ярилцлагад тэнцсэний дараа манай байгууллагад Маркетингийн үйлчилгээний төлбөрт 300$ шилжүүлсэн.Манай байгууллага D... компаниас авсан маркетингийн үйлчилгээний төлбөр болох 300$-г Ц.Э...д буцааж өгөх шаардлага байгаагүй.Гэхдээ Ц.Э..., Б.Д... нартай уулзсан уулзалт үр дүнд хүрээгүй тул манай байгууллага үүсээд байгаа нөхцөл байдал, ээжийнх нь бие муу зэргийг үндэслэж арга буюу дээрх үйлчилгээний төлбөр болох 300$-г Ц.Э...д буцааж өгсөн.
Уг төлбөрийг шилжүүлэхдээ Ц.Э...тай харилцан тохиролцох гэрээ хийсэн бөгөөд Ц.Э...тай холбоотой уг хэрэгт манай байгууллага ахин оролцохгүй, оролцох үндэслэл байхгүй гэдгээ тайлбарлаж гэрээ байгуулан 300$-той тэнцэх хэмжээний төгрөгийг /840,600 төгрөг/ Ц.Э...-н Хаан банкны ... тоот дансанд 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр шилжүүлсэн.Ц.Э... ч хүлээн зөвшөөрч үлдсэн төлбөрийн асуудлыг Daeun компанийн Монгол ажилтан Б.Д...ээс нэхэмжлэхээ амласан.Үүгээр Ц.Э...тай холбоотой манай байгууллагын харилцаа дууссан гэж үзэж байгаа.
Манай байгууллага нь дараах шалтгааны улмаас Ц.Э...ын гаргасан нэхэмжлэлд хамааралгүй гэж үзэж байна.Үүнд:
Ц.Э...ын төлсөн төлбөр болох 5000$-ийг манай байгууллага аваагүй, шууд C....Center-ийн данс руу шилжүүлсэн, Ц.Э... нь 1 болон 2 дугаар ажлын ярилцлаганд тэнцээд ажлын гэрээгээ хүлээн авсан боловч өөрөө явахаас татгалзсан, Ц.Э... нь манай байгууллагатай харилцан тохиролцох гэрээ байгуулан цаашид уг асуудалд манай байгууллагыг холбогдуулахгүй гэдгээ мэдэгдэн 300 ам долларын үйлчилгээний шимтгэлийг өөрийн данс руугаа авсан.
Мөн Ц.Э... нь гомдолтой гэж үзэж байгаа бол C....Center-ийн Монгол дах салбар Д... ХХК-д хандан нэхэмжлэл гаргах шаардлагатай гэж үзэж байна гэв.
Нэхэмжлэгчээс Иргэний үнэмлэхний хуулбар, C... Center компани аутсорсинг гэрээний хуулбар /хх 5-10/, Хас банкны гадаад гуйвуулгын маягт, валют арилжааны маягт, кассын орлого, зарлагын маягтыг /хх11-12/, хариуцагчаас хариуцагч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, харилцан тохиролцох гэрээг шүүхэд өгсөн.
/хх 23-35 дугаарт авагдсан хариуцагч байгууллагаас ирүүлсэн баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгэр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно/
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:
Хариуцагч байгууллагаас анх надад танилцуулахдаа сарын 3000 ам долларын цалинтай гэсэн боловч сарын 700 ам долларын цалинтай байсан, мөн ажиллах нөхцөл нь хариуцагч байгууллагын надад өгсөн мэдээлэлтэй зөрж байсан, эднийх юм асуухаар мэддэггүй, ямар ч мэдээлэлгүй байдаг.Би 300 ам долларыг авахын тул харилцан тохиролцох гэрээг байгуулсан, иймд 6 482 400 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.
Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.Үүнд:Манайх Ц.Э...ас 5000 ам доллар аваагүй, зөвхөн зуучилсан, мөн Ц.Э...тай харилцан тохиролцох гэрээ байгуулсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн C... Center компани аутсорсинг гэрээ, Хас банкны гадаад гуйвуулгын маягт, валют арилжааны маягт, кассын орлого, зарлагын маягт, Харилцан тохиролцох гэрээ, талуудын тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Зохигчийн хооронд 2019 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр зуучлалын гэрээ байгуулагдсан байна.
Талуудын маргааны зүйл нь Ц.Э... дээрх гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт төлсөн 5000 ам доллароос гэрээний дагуу Малайз улсад сургалтанд суусан 2000 ам долларыг суутгуулаад үлдэгдэл төлбөр болох 3000 ам доллароос 600 ам долларыг буцаан авсан тул үлдэгдэл болох 2400 ам доллар х 2701 төгрөг = 6 482 400 төгрөгийг гаргуулна гэснийг хариуцагч тал эс зөвшөөрч маргаж байна.
Зохигчийн хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д зааснаар зуучлалын гэрээний харилцаа үүссэн байна.
Тухайлбал:Нэхэмжлэгчийн авах цалингийн хэмжээ, ажиллах нөхцлийн мэдээлэл зэрэг нь гэрээнд тодорхой тусгагдаагүй байх бөгөөд ямар ч мэдээлэлгүй гэх үндэслэлүүдийг дурдаж байгаа нь гэрээнээс татгалзах үндэслэл болохгүй гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4-т зааснаар нөхцөл байдал өөрчлөгдсөн, 221 дүгээр зүйлд зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байгаа, 225 дугаар зүйлийн 225.1-т зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй гэж үзэх боломжгүй байна.
Нөгөө талаар нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагатай 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр харилцан тохиролцох хэлцэл хийж, талуудын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр хийгдсэн гэрээг дуусгавар болгосон байгааг уг гэрээ цуцлагдсан гэж үзэхээр байна.
Дээрх үндэслэлээр Ц.Энхтулгын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118 668 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т заасныг баримтлан Г... Академи НҮТББ-аас 6 482 400 /зургаан сая дөрвөн зуун наян хоёр мянга дөрвөн зуун/ төгрөг гаргуулах тухай Ц.Э...ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118 668 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН